| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/03589/и |
| Дугаар | 181/ШШ2016/00247 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2016/00247
2016 оны 07 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2016/00247 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, 61-р байр 13 тоотод оршин суух, Шангас овогт Дэржээгийн Цэвээнжав /РД:ЧП53101413/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ товер 12 давхарт байрлах, Албан журмын даатгагчдын холбоо /РД:8061866/-нд холбогдох,
Ажлаас чөлөөлсөн тогтоол хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэвээнжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Цэвээнжав би Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж ирлээ.
Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол гарган нэхэмжлэгч Д.Цэвээнжав намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, Үндсэн хуулийн 16 зүйлд заасан хөдөлмөрлөх цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан юм.
Уг асуудлаар 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан бөгөөд танай шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01/771 дугаартай шийдвэрээр Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн тогтоогдсон билээ.
Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Цэвээнжав намайг ажилд эргүүлэн тогтоогоод 10 минутын дараа тухайн хурал дээрээс 05 дугаар тогтоол гарган ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олж мэдлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01/771 дугаартай шийдвэрээр Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт хамаарахгүй талаар дурьдсан байдаг.
Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд надтай ажил хүлээлцэж, хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр 10 минутын дотор ажилд томилж, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Д.Цэвээнжавын нэхэмжлэлтэй Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох зохицуулалтыг тусгасан ба Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цэвээнжавийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтаар чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд ажилтны саналыг харгалздаггүй бөгеөд Д.Цэвээнжав нь 61 настай байсан тул ажил олгогч өөрийн санаачилгаар чөлөөлөхөд хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.
Д.Цэвээнжавыг 101/ШШ2016/01771 тоот шүүхийн шийдвэрээр ажилд томилсон хэдий ч Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээс тэтгэврийн насанд хүрсэн хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэсэн санал гарсан ба энэ дагуу санал хураалтаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан болно. Хэрэв хуульд заасан насанд хүрснээс хойш ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж болохгүй ажилтны саналыг заавал харгалзах ёстой бол Хөдөлмөрийн тухай хуульд Төрийн албаны тухай хуулиар заасантай адил насны дээд хязгаарыг тогтоох ёстой байсан. Гэвч ийм зохицуулалт байхгүй бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар гэрээг цуцлахаар заасан нь ажилтанд эрх олгосон зохицуулалт гэж үзэж байна.
Иймд Д.Цэвээнжавын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, тэрчлэн талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвээнжав нь хариуцагч Албан журмын даатгагчдын холбоонд холбогдуулан удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай “гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгсөн байна.
Хариуцагч нь төрийн бус байгууллага бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 2-ийн 1 дэх хэсэг болон Албан журмын даатгагчдын холбооны дүрмийн 6.10.1, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд зааснаар удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нарын аль аль нь тухайн холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байх тул шүүх 2016 оны 4 дүгээр сарын 18-ны удирдах зөвлөлийн дарга Э.Батболдоос олгосон итгэмжлэлээр Э.Дөлбаярыг хариуцагчийг төлөөлж оролцох эрхтэй гэж үзсэн.
Энэ үүднээсээ шүүх Э.Дөлбаярт нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар гаргах зэрэг ажиллагааг хийсэн.
Тэрчлэн шүүх гүйцэтгэх захирлаар төлөөлүүлэх хариуцагчийн эрхийг хангаж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг гүйцэтгэх захирал Х.Норовын хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлтээр хойшлуулсан.
Гэвч хариуцагч тал энэ хугацаанд өмгөөлөгч авсан эсэх тодорхойгүй, хариуцагчийн төлөөлөгч Х.Норов хэргийн материалтай танилцсан эсэх ойлгомжгүй, товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг тэгш олгосон байхад хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох замаар энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 4 тоот тогтоолоор Д.Цэвээнжавыг гүйцэтгэх захирлын ажилд томилж, 5 тоот тогтоолоор Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/669 тоот албан бичигт үндэслэн түүнийг мөн өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Шүүх Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 5 тоот тогтоолыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.
Тодруулбал, Д.Цэвээнжавыг Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1771 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөл нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 4 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон атлаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргээ хэвийн явуулах боломжоор хангаагүй, хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэлгүйгээр мөн өдрийн дараалласан тогтоолоор ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Тэрчлэн нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан тэтгэвэр авах 60 насанд хүрсэн боловч түүний хүсэлтээр Албан журмын даатгагчдын холбоо 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор мөн өдрөөс Д.Цэвээнжавыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилон ажиллуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэгэнт хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхэлж буй ахмад настныг 60 нас хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д нийцэхгүй гэж үзнэ.
Иймд Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 5 тоот тогтоолыг хүчингүй болгож, Д.Цэвээнжавыг Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь сард 2,500,000 төгрөгийн цалинтай нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1771 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул түүний ажилгүй байсан 3 сар 18 хоног /2016.03.07-2016.07.04/-ийн цалинтай тэнцэх олговорт 9,593,023 төгрөг /(2,500,000х3)+(2,500,000/21.5x18)/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Д.Цэвээнжавын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Албан журмын даатгагчдын холбоонд даалгах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 5 тоот тогтоолыг хүчингүй болгож, Д.Цэвээнжавыг Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Албан журмын даатгагчдын холбооноос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,593,023 төгрөгийг гаргуулж Д.Цэвээнжавд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Цэвээнжавын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Албан журмын даатгагчдын холбооны удирдлагад үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Цэвээнжав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Албан журмын даатгагчдын холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 168,438 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА