Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00339

 

 

 

 

 

 

 

 

  

 

2016 оны 07 сарын 18 өдөр     Дугаар 181/ШШ2016/00339         Улаанбаатар хот        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой, 7-37 тоотод оршин суух, Авгачууд овогт Улаанхүүгийн Мөнхбаатар /РД:ЕЙ79011416/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Гранд оффис төвийн 2 тоотод байрлах, “Соёмбо Даатгал” ХХК /РД:2117509/-д холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаатай байсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр намайг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдөр, 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан нь баримтаар тогтоогдож байгаа.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хьюндай эмнэлгийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт байгаа. Үүнд: У.Мөнхбаатар нь одоо ч гэсэн физик эмчилгээ хийлгэж байгаа гэсэн байгаа. Би хөлөө гэмтээн явж чадахгүй эмчилгээ хийлгэж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах бололцоо байгаагүй, ингээд эмчилгээ дуусаж явж болно гэж эмч зөвлөсний дагуу 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Ингээд миний бие У.Мөнхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж энэхүү нэмэлт тайлбарыг хийж байна.

Би “Соёмбо Даатгал” ХХК-д ажиллаж байгаа бөгөөд үүнээс нөхөн төлбөрийн албаны Шуурхай албаны ажилтнаар 5 жил ажиллаж байгаа болно.

Ингээд ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөлөө хүндээр гэмтээж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өвдөгний үений мэс засалд орсон юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үедээ эмнэлгийн магадалгаа, листүүдийг тухай бүр “Соёмбо Даатгал” ХХК-д аваачиж өгч байсан.

Гэтэл надад урьдчилан мэдэгдэлгүй 2015 оны 12 дугаар саөрын 24-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөлт орж нөхөн төлбөрийн Шуурхай албыг татан буулгасан гэж хэлсэн. Би дээрх ажил олгогчийн шийдвэрийг дараах 2 үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Үүнд:

Нэгдүгээрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтад зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байх үед ажилтны ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл “Соёмбо Даатгал” ХХК дээрх хуулийн зүйл, заалтыг харгалзан үзэлгүй намайг хүндээр гэмтэл авч, эмчилгээ хийлгэж байх үед эмнэлгийн магадалгаа, листтэй байсаар байтал хууль зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна.

Би нийтдээ 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаа, листтэй байсан бөгөөд эдгээрийг бүгдийг “Соёмбо Даатгал” ХХК-д аваачиж өгдөг байсан тийм ч учраас дээрх баримтуудыг нотлох баримтаар хариуцагч талаас гаргаж өгсөн болно.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “Ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан атал надад ингэж мэдэгдэлгүйгээр шууд ажлаас халсанд гомдолтой байгаа. Уг нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 17 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх” “45 хоногийн өмнө мэдэгдэх”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан “ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зуруулж, баталгаажуулна.” гэж заасан атал “Соёмбо Даатгал” ХХК дээрх хууль, тогтоомжийг зөрчиж надад урьдчилан мэдэгдэлгүй ажлаас шууд халсанд гомдолтой байна.

Хэдийгээр ажлаас халсан үндэслэлээ компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж Шуурхай албыг татан буулгаж орон тоо хассан гэж тухайн үед хүний нөөцийн менежер надад тайлбарлаж байсан боловч энэ талаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, тогтоол гарсан эсэхийг мэдэгдээгүй, үзүүлээгүй бөгөөд надтай яг адил албан тушаалд ажиллаж байсан н.Баяндүүрэн гэдэг залуу одоо хүртэл хуучин хийж байсан ажлаа хийгээд явж байгаа.

Компанийн тухай хуулиар аливаа компанийн доторх бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, орон тоо татан буулгах асуудлыг гүйцэтгэх захирал шийдэхгүй төлөөлөн удирдах зөвлөл нь шийдэж байх ёстой. Гэтэл энэ талаар шийдвэр тогтоол гараагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүнийг ажлаас халж болохгүй гэж бодож байна.

“Соёмбо Даатгал” ХХК нь надад шуурхай алба татан буугдсан гэж хэлж байгаа боловч тэнд ажиллаж байгаа ажилтнуудыг ажлаас нь халж, орон тоог нь цомхтго гэсэн албан ёсны шийдвэр тушаал үзүүлээгүй бөгөөд ийм албан ёсны тушаал шийдвэр гараагүй болно.

Иймд намайг “Соёмбо Даатгал” ХХК-д ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өнөөдрийн шүүх хурал болж байгаа өдрийг хүртэл хугацаагаар нөхөн тооцон гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Нэг. Иргэн У.Мөнхбаатар нь тус дүүргийн шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. У.Мөнхбаатар нь “Соёмбо Даатгал” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/02/442 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал болон түүний хуулбарыг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан. Тушаалыг гардаж авсан нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Соёмбо Даатгал” ХХК-ийн архивын 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн огноотой, хуулбар үнэн тамгатай захирлын тушаалын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Энэхүү хугацаанаас тооцоход нэхэмжлэгч У.Мөнхбаатар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацаа дуусгавар болсноос хойш 68 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.4 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч У.Мөнхаатар нь дээрх хуулийн нөхцөл шаардлагыг зөрчиж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.

Хоёр. Нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа эрүүл мэндийн аргагүй байдал, хөлний хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан гэдэг.

Монгол Улсын Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааны нэгийг “гомдол гаргах хугацааны дотор гомдол гаргах боломжгүй байсныг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Гэтэл нэхэмжлэгч У.Мөнхбаатар нь эрүүл мэндийн аргагүй байдал, хөлний хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан гэх хугацаандаа “Соёмбо Даатгал” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тушаалын эх хувийг, мөн сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалын хуулбар хувийг гардан авах, компанийн эзэмшлийн 94018880 тоот утасны дугаарыг өөрийн нэр дээр авах хүсэлтийг захиргаанд гаргаж, нэр шилжүүлэх ажиллагааг хийх, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажил хүлээлцэх, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, цалин тэтгэмжийн тооцоог хийх, нийгмийн даатгалын дэвтрээ авах зэрэг ажиллагааг У.Мөнхбаатар өөрийн биеэр гүйцэтгэж дуусгасан. Мөн 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар саруудад компанийн байранд удаа дараа ирж, ажилтнуудтай уулзаж байснаар нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй нөхцөл байсан гэх зүйл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх хууль тогтоомж, холбогдох баримтыг харгалзан үзэж, У.Мөнхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, тэрчлэн талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Мөнхбаатар нь хариуцагч “Соёмбо Даатгал” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Соёмбо Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/02/442 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.6.4, 7.6.8-д заасныг удирдлага болгон 2016 оны бүтэц, зохион байгуулалтыг баталж, орон тоо хассантай холбогдуулан нөхөн төлбөрийн хэлтсийн шуурхай албаны ажилтан У.Мөнхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

 

У.Мөнхбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Хьюндай эмнэлэгт хөлний үеийн мэс ажилбар хийлгэж, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон дээрх тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

Тэрээр эмнэлгийн чөлөөтэй байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцсон, 2015 оны 12 дугаар сарын 24, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрүүдэд эмнэлгийн хуудас /лист/-ыг “Соёмбо Даатгал” ХХК-д өөрөө хүргэж өгсөн, эмнэлгийн чөлөө дууссанаас хойш 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Тоёота Марк 2” маркийн 00-52 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа бохирын шугамын бетонон таг мөргөсөн осол гаргаж, улмаар даатгалын нөхөн төлбөрийн баримтыг мөн өдрөө “Соёмбо Даатгал” ХХК-д өөрөө бүрдүүлэн гаргаж өгч байжээ.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасны дагуу ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргасан ажилтны гомдлыг, эсхүл хуульд заасан энэ хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шалтгааныг нотлосон баримтад үндэслэн уг хугацааг сэргээн тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж, хугацаа сэргээсэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх журамтай.

 

Тодруулбал, шүүх ажилтны гомдлын үндэслэлийг хянахаас өмнө хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол эхлээд сэргээн тогтоох үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэж, хугацааг сэргээсэн тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэдэг.

 

Нэхэмжлэгч У.Мөнхбаатарын тухайд 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан тул энэ хугацааг хүндэтгэх шалтгаанд тооцож, гомдол гаргах хугацааг мөн өдрөөс сэргээвэл 2016 оны 2 дугаар сарын 11-ний дотор шүүхэд хандах эрхтэй байсан.

 

Гэвч энэ хугацаанд гомдлоо гаргаагүй, шүүх 2016 оны 2 дугаар сарын 11-ээс хойш түүнийг гомдол гаргах боломжгүй гэж үзэх хүндэтгэх шалтгаанд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй, холбогдох нотлох баримтгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т заасан хугацааг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд шүүх “Соёмбо Даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай У.Мөнхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул гүйцэтгэх захирлын тушаал хуульд нийцсэн эсэх хийгээд маргааны үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “Соёмбо Даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай У.Мөнхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА