| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2023/00543/И |
| Дугаар | 203/МА2025/00005 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 203/МА2025/00005
2025 оны 01 сарын 13 өдөр Дугаар 203/МА2025/00005 Даланзадгад сум
Ц.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаар шийдвэртэй,
Ц.*******ын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8446804 төгрөг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 1999 онд *******т статистик, бага эмчээр анх ажилд ороод 2002 оноос эхлэн хүний нөөцийн хангалтын мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн.
Ажлаас чөлөөлөгдсөний дараа ажил олгогч Эрүүл мэндийн газраас та буцаад хүний нөөцийн мэргэжилтний ажлыг үргэлжлүүлэн хийгээч гэх санал тавьсныг хүлээн авч харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.
Тухайн ажил үүргийг гүйцэтгэж байтал Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг надад гардуулан өгөлгүй байсаар байгаад 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.*******аас гардан авсан.
Тушаал гарсан цаг хугацаанаас хойш тушаалаа гардан авч танилцах хүртэл хугацаанд тушаалын үндэслэл, яагаад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нөхцөлийг асууж лавлан уулзах гэхээр Б.******* дарга уулздаггүй, утсаа авдаггүй байсан.
Тушаалыг миний хувьд хууль зүйн үндэслэлээ зөв баримтлан гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болох нөхцөлүүдийг тодорхойлон зааж тохиролцсон ба гэрээгээр тохиролцсон зүйлүүдийн аль нэгийг тушаалдаа тусгаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтуудын аль нэгийг үндэслэл болгон тушаалд заагаагүй нь тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Цаашлаад миний хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал ахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгайлан хуульчилсны дагуу би ажиллаж хөдөлмөрлөж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох тохиолдолд тус хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой байсан.
Иймд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгон, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 8 446 804 төгрөгийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү. Цаашид нэхэмжлэлийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацааны цалинг тухай бүр нэмэгдүүлэн нэхэмжилнэ гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.******* нь *******т төрийн захиргааны албан тушаалын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтад зааснаар ажлаас чөлөөлөгдсөн.
Ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан түр хугацаагаар томилогдсон.
Уг тушаал нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд тус хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.
Мөн нэхэмжлэгч Ц.******* нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг хүргүүлсэн.
Захиалгын дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан Г.*******ыг Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Өмнөговь аймаг Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 20 дугаартай тогтоолын хамт ирүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтнийг түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан Ц.*******ыг ажлаас чөлөөлж, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн Г.*******ыг Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон.
Төрийн захиргааны албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар томилдоггүй бөгөөд зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсгийн дагуу сул орон тоог нөхөх тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулж Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн нэр дэвшүүлэх тухай тогтоолын дагуу томилдог. Иймд Ц.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга болоод нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эрх зүйн дүгнэлтийг хийхдээ үгүйсгэсэн няцаагаагүй, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй.
А. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаартай шийдвэр (Шийдвэр)-ийн Үндэслэх хэсэгт /шийдвэрийн 8 дугаар тал/ нэхэмжлэгч шаардах эрхээ:....Б/19 тоот тушаал нь хууль эрх зүйн үндэслэлгүй, тэтгэвэрт тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал дахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаар ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн дагуу ажиллаж байсан тул дээрх хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой, ...намайг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр авсан, ....хоёр ялгаатай орон тоо гэж тайлбарласан гэх зүйлийг дурдсан бий.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч тушаалын үндэслэл болсон зүйлийнхээ талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлийг хуралдаан дээр өмгөөлөгч бид хамтдаа маргаж мэтгэлцсэн боловч маргаж буй үйл баримтад ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй юм. Хавтаст хэргийн 5-9 дүгээр талд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан баримт авагдсан. Тус хөдөлмөрийн гэрээгээр 2 тал гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д ажлын байрны нэршил: Хүний нөөцийн мэргэжилтэн, 1.5 дахь заалт хөдөлмөрийн гэрээний хугацаа:...хугацаа бичээгүй, 3 дугаар зүйлийн 3.1-т Ажилтантай тохиролцож зайлшгүй шаардлагаар ....энэхүү гэрээг цуцлах, дуусгавар болгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж тус тус харилцан тодорхойлдог. Эдгээр гэрээний заалтын хүрээнд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан хуульчилсан байхад шүүх Ц.*******ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах болсон нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиа баримталсан эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан, эрх зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүй.
Б. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ материаллаг эрхийг бий болгож байгаа нотлох баримтын уялдаа холбоог бодитой үнэлээгүй. Хавтаст хэрэгт хэргийн зохигч нараас Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гарган өгсөн нотлох баримтуудыг агуулгын ач холбогдол нь нэхэмжлэлийн шаардлагад хэр уялдсан, хариуцагч талын шүүхэд гаргасан нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хэрхэн үгүйсгэж чадаж байгаа эсэх талаас бодитой үнэлээгүйд гомдолтой.
Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдсан байдаг боловч тодорхойлох хэсэгт тусгаж дурдсан нэхэмжлэгчээс талаас гаргасан баримтууд, хариуцагч талаас гарган өгсөн баримтуудыг шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн дүгнэлт хийхдээ аль ч нотлох үнэлээгүй, үнэлсэн эсэх нь тодорхой бус болох нь шийдвэрийн 7-10 дугаар талд бичигдсэн бичвэрүүдээс харагдана.
Өмгөөлөгчийн зүгээс Ц.*******ыг ажил албан тушаал эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйл, 80 дугаар зүйл, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасан заалтууд нь уг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар тайлбараа гаргасан.
Шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд хэд хэдэн зүйл заалтыг шинээр батлан мөрдүүлж эхэлсэн. Үүний нэгээхэн хэсэг болох Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын үйлчлэх эрэмбэ болоод уг актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх, цаашлаад ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг мөн шинээр зохицуулсан ба ахмад настны хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход тус хуулийн 80 дугаар зүйл заалтыг баримтлах эрх зүйн зохицуулалтыг хуульчлан өгсөн онцлог заалтууд бий.
Хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа материаллаг эрхийг үүсгэж буй үйл баримтыг шүүхээс үнэлээд байгаа боловч уг үйл баримт нь тушаалын баримталсан үйл баримттай тэс өөр утга агуулгатай байгааг шүүхээс зөвтгөн эрх зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий болоогүй.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 онд аймгийн засаг даргын захирамж гарч Эрүүл мэндийн газар орон нутагт үйл ажиллагаа явуулах ерөнхий чиглэл, бутэц, орон тоогоо батлуулж байсан. 2019 оны төрийн албаны салбар зөвлөлийн 287 дугаар тогтоолоор 16 орон тоог төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоогоор баталж, ажлын байрны тодорхойлолтыг хавсралтаар гаргасан байдаг. Ингээд Эрүүл мэндийн газрын баталсан 43 орон тооны үлдсэн 27 орон тоо нь төрийн үйлчилгээний туслах албан тушаалаар тогтоосон. Энэ тушаалыг баримталж Эрүүл мэндийн газар оны эхний 01 дугаартай тушаалыг гаргахдаа нэгдүгээр хавсралт дээр албан тушаалынхаа ангиллуудыг бичдэг. Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдал, бодлого хариуцсан мэргэжилтэн ТЗ-ээр, эмийн үйилчилгээ хариуцсан мэргэжилтэн ТҮМ-ээр явдаг гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баримтлаагүй зүйл дээр тушаалаас өөр зүйл хэсгийг хамаатуулж шийдвэрлээд байгаа учраас бид нар энэ баримталсан зүйл хэсэг чинь буруу байна гэж маргаад байхад өөр хуулийн зүйл заалтыг үндэслэж маргааныг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог учир эрх зүйн дүгнэлтийг зөв хийгээгүй буюу хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй. Буруу хуулийн зүйл заалтыг баримтлаад байна. Үүнийг шийдээд өгнө үү гээд байхад шүүхээс хамаагүй хуулийн зүйл заалтаар энэ хүнийг халсан нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлээд байна. Энэ хүн хуулиа зөв баримтлаад та ажлаас чөлөөлчихөө, залуу хүмүүс ажиллах гээд байна. Та ахмад настны хөдөлмөр эрхлэлтээр явж байгаа учраас өөрөө өргөдлөө өгөөд хөдөлмөр эрхлэлтийнхээ харилцааг цуцалчихаа гэвэл Ц.******* нь ажлаа өгөхөд ер нь бэлэн.
Хамгийн гол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий явагдаж уу гэдгийг шүүхээр тогтоолгох гол зорилготой. Өмгөөлөгч миний хэлсэн болон гомдолд дурдагдсан зүйлүүдийг шүүгч та бүхэн тал бүрээс нь анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь манай байгууллагад ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгоод төрийн албанаас чөлөөлөгдсөн. Тухайн үед Ковидын тухай хууль үйлчилж байсан учраас эрхэлж байсан албан тушаал дээр нь эргүүлэн томилохдоо хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр томилсон.
Манай байгууллагад хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг албан тушаал огт байхгүй. Манай Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог аймгийн засаг дарга баталдаг.
Аймгийн засаг даргын баталсан орон тоон дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг албан тушаал байхгүй. Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэсэн төрийн захиргааны албан тушаал байгаа.
Төрийн захиргааны албан тушаал дээр авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаад авчихсан учраас энэ нь анхнаасаа хууль бус томилогоо болсон. Тэгээд 2021 оны 01-ийг батлахдаа төрийн захиргааны хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоог байхгүй болгоод хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн өөр орон тоо оруулж ирээд энэ хүнийг ажилд авчихсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн маргаан таслах гурван талт хорооноос 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 376 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 10 ажлын хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү гэсэн саналтай байна.
Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сул орон тоонд нэр дэвшүүлэх тогтоолоор н.*******ыг эрүүл мэндийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр нэр дэвшүүлэх санал ирүүлсэн. Ийм санал ирүүлснээр Ц.*******тай хийсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нөхцөл байдал нь хэргийн бодит байдал байна.
Нэхэмжлэгч нь төрийн албанд ажиллах насны дээд хязгаар хүртлээ ажиллах хүсэлтээ төрийн албанд гаргаагүй. Иймд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн шийдлийн хувьд зөв шийдэгдсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Иймд гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч *******т холбогдуулан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8446804 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгч Ц.******* нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг хүргүүлсэн. Захиалгын дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан Г.*******ыг Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Иймд Ц.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь *******тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******гийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгосон байна.
Шүүхийн шийдвэрийг хянахад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрхийн дээрх төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний дараа ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосныг эс зөвшөөрч тус шүүхэд хандсан тул харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна. гэсэн шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй.
Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас ажил олгогч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага хангаагүй Ц.*******ыг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж, хугацаатай томилсныг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй гэснийг зөрчсөн гэж үзэхгүй., Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2- т заасныг үндэслэн Ц.*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй., Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа зохих зүйл заалтыг баримтлаагүй, мөн хуулийн 145 дугаар зүйлд заасан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицуулалтыг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон боловч уг хуулийн зохицуулалтууд энэхүү маргаанд хамаарахгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт хугацаатай байгуулагдсан тул уг хугацаа болсноор дуусгавар болох учиртай, хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал ба дээрх үндэслэлээр гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлгүй.
Учир нь хавтас хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.*******, иргэн Ц.******* нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд /хавтас хэргийн 5-9 дүгээр хуудас/ ажлын байрны нэрийг хүний нөөцийн мэргэжилтэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа эхлэх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, дуусах хугацааг заагаагүйгээс дүгнэхэд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан байна.
Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт хугацаатай байгуулагдсан тул уг хугацаа болсноор дуусгавар болох учиртай, хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал ба дээрх үндэслэлээр гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь хөдөлмөрийн гэрээгээр няцаагдан үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн гэрээний зургаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг /гэрээг цуцлах, дуусгавар болох нөхцөлийг заахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусгавар болгоно гэжээ.
Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгосон байхад анхан шатны шүүхээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас ажил олгогч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага хангаагүй Ц.*******ыг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж, хугацаатай томилсныг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй гэснийг зөрчсөн гэж үзэхгүй., Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг үндэслэн Ц.*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй. гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тогтоолд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн заалтыг ажил олгогч нь хэрэглээгүй байхад анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг үндэслэн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй.
Нэхэмжлэгч Ц.*******ыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогчийн санаачилгаар түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хүний нөөцийн мэргэжилтнээр хугацаагүй томилсон болох нь тогтоогдсон байхад ажил олгогч нь дахин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.
Хариуцагчийн Ц.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно., 145.2-т ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. гэж заасан заалттай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоо байдаггүй. ...Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан албан тушаалын тодорхойлолтод хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал ТЗ-5 дугаар шатлалаар цалинжина гэж тодорхой заасан. Энэ албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд төрийн албаны шалгалт өгөх, Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. гэсэн тайлбарыг гаргасан ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх атал ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь ажил олгогчоос гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдол болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.*******ыг урьд эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны Ц.*******ад өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8.446.804 төгрөгийг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай. гэж, шийдвэрийн 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гэсний өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 220299 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА