| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0561/э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Н.Түвшинбаяр;
хохирогч: Г.Б
шүүгдэгч: Д.У (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Дашдоржийн Ут холбогдох эрүүгийн 1809050080268 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Монголын төв угсаатны музейд төслийн менежер ажилтай, ................ оршин суух бүртгэлтэй, одоо .............................. оршин суух, урьд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзан, хэрэг хариуцах чадвартай, ШД82112714 регистерийн дугаартай, ......... У.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.У 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 41 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна “нохойгоо уясангүй” гэж шаардлага тавьсан иргэн Г.Бтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын эхээр манай нохой Бийн хүү рүү дайрсан юм шиг байна лээ. Тэр өдөр хаалга нүдээд байсан. Гараад иртэл Б хүүтэйгээ хамт намайг хэл амаар доромжлоод байсан. Доромжлоод байсан болохоор нь хэрэлдээд улмаар хоорондоо зодолдсон. Эхнэр маань гарч ирж салгасан. Би Бийн хамар руу цохьсон нь үнэн. Хамраас нь цус гарч байсан, тэгээд цагдаа ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед хүүтэйгээ явж байсан. Хүү маань ангийн хүүхэдтэйгээ уулзана гээд гадаа үлдсэн. Утай өмнө нь нохойноос нь болж маргалдаж байсан. Би гэртээ түрүүлээд ороод байж байтал хүү маань “нохойд бариулах шахлаа” гээд араас ороод ирсэн. Тэгээд Уын хашааны гадна уулзах гээд очоод хаалгыг нь нүдээд байж байтал шар иштэй сүх барьж гарч ирээд хальт цохьсон. Тэгээд сүхээ хашаа давуулж шидчихээд нүүр рүү минь цохьсон. Манай хүү салгасан. Гомдолтой байгаа бөгөөд цаашид эмчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, Д.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-6/, Д.Уын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13269 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 31-32/, Д.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-62/, шийтгэлийн хуудас /хх-ийн 74-75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.У 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 41 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна иргэн Г.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Бийн /хх-ийн 17-18/ : “...Би түрүүлээд гэртээ орсны дараа хүү маань араас орж ирээд “Уын хашааны хаалга нь онгорхой хар том нохой нь надруу дайраад хазах шахлаа” гэж хэлсэн...У өөрөө гараад ирэхээр нь би түүнд хандаж “чи хашааны хаалгаа түгжиж бай, нохойгоо уяж бай, хүүг маань хазах дөхлөө” гэж хэлтэл “муу гуйлгачдын хаан минь дандаа яахаараа хүн дээрэлхэж байдаг юм” гэж хэлээд гэр рүүгээ орчихсон. Тэгээд төд удалгүй гарч ирэхдээ том шар өнгийн модон иштэй сүүлийн үеийн сүх аваад “ална” гээд хашааныхаа хаалгаар гудманд гарч ирээд хүү бид хоёр руу дайраад миний духны зүүн урд хэсэг рүү сүхээрээ 1 удаа цохьчихоод сүхээ хашаагаа давуулж шидээд над руу гүйж ирээд намайг заамдаж аваад, харин би зөрүүлж бас заамдаж аваад бид хоёр ноцолдож байтал миний нүүр болон хамар тус газар 2 удаа цохьсон. Тэр үед
хүү Гантулга салгах гээд дундуур орж ирээд байж байсан…” гэх мэдүүлгээр,
Д.Уын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-6/: “…Прокурорын гаргасан яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, мөн өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Г.Бийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Г.Б бид 2 манай нохойноос болж маргалдсан. Улмаар би гараараа Бийн нүүрэнд 1 удаа цохисон...” гэх мэдүүлгээр
Г.Бийн биед “хамрын нурууны хугарал, хамрын таславчийн муруийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13269 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 22/,
шинжээч эмч Ц.Ганболдын /хх-ийн 31-32/: “...Д.Уын биед үүссэн духны зүүн хэсгийн 1,0х0,5 см улаан ягаан зулгаралт болон цээжний өмнөд хэсэгт үүссэн 2х1,5см, 1,5х1,0см, 1,0х1,0см талбайд улаан өнгийн цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн гуянд үүссэн зулгаралт, цус хуралт нь мөн адил гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Уын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Д.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Г.Бийн 228.000 төгрөгийг шүүгдэгч Д.Уаас гаргуулж олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хээгт зааснаар шүүгдэгч Д.Уаас 228.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бэд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ