Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 204/МА2025/00002     

 

 

 

 

 

 2025           01             16                                               204/МА2025/00002                       

 

Д.Д , Д.Х  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д , Д.Х   нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Т -д   холбогдох,

Гэм хорын хохирол нийт 21,721,298 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтоож сар бүр гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч П.Т-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А , хариуцагч П.Т, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Х  Ө  аймгийн Ц  суурьшлын бүсэд байрлах “Б” ХХК-д 2019 оны сүүлчээр үйлчлэгчээр орж ажилласан.

            2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгаас ажилдаа очихоор жолооч П.Т ийн .... маркийн .... тээврийн хэрэгслээр явсан. Гэтэл жолооч П.Т  2023 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 06 цагт Ө  аймгийн Х сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр буюу “О” ХХК-иас Г хилийн боомт орох чиглэлийн Баяжмал тээврийн авто замын 6 дахь километрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 23.9 “дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч... гэсэн заалтуудыг зөрчин осол гаргасан.

            Энэ ослын улмаас Д.Х гийн зулай дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, гавлыг дух хоёр талын чамархайн яс, баруун ухархайн гадна ханын хугарал, тархины баруун дух, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт 1, 2 ,3, 4 дүгээр хавирга, сээрний 1, 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, 2 талын уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэн, умдгийн баруун дээд салааны хугарал, нүүр, хэвлийн ар хана, баруун цавь хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүүр цээжинд зулгаралт зэрэг амь насанд аюултай хүнд зэргээр гэмтсэн удаан хугацаанд хүний асаргаанд өвчин зовуурь ихтэй зовж байна.

            Д.Х  гэмтлийн улмаас хэрэг шалгах ажиллагаанд биечлэн оролцох ямар ч боломжгүй учир төрсөн эцэг Д.Д-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

            П.Т     Ө  аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор жолоодох эрхийг 3 жил хасах, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил тэнсэх ял оногдуулж нэхэмжилсэн хохирлын 24,000,000 төгрөгөөс 4,780,939 төгрөгийг П.Т-ээс гаргуулж Д.Д т олгож, бусад хэсгийг хэрэгсэхгүй болон хэлэлцэхгүй орхисон байна.

            Д.Х гийн хувьд олон тооны хүнд гэмтэлтэй учир хүний асрамжид байдаг. Маш их эмчилгээтэй боловч мөнгөний боломжгүй, бага насны 3 хүүхэдтэй амьдрал маш хүнд байна. Д.Х г осолд орсноос хойш байгууллага нь 2023 оны 6, 7, 8 дугаар саруудын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлж өгсөн. 2023 оны 9 дүгээр сараас цалин, шимтгэл бодогдоогүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Д.Х сард 1,800,000 төгрөгийн цалинтай байсан.

            Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 02 дугаар 07-ны өдрийн 629,051 дугаар шийдвэрээр ослоос гавал хүнхрээ ясны хугарал гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон, халамжаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 2024 оны 02 дугаар сард 246,552 төгрөг, 3 сараас сар бүр 375,000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар ажил олгогч “Б” ХХК-иас ирүүлсэн Д.Х гийн авсан цалингийн жагсаалтаар 2023 оны 6 дугаар сард цалин 378,425 төгрөг авсан. 7, 8 саруудад цалин аваагүй ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна.

            Иймд 2023 оны 7, 8 дугаар сарын цалин 3,600,000 төгрөг, 6 сарын цалингийн зөрүү /1,091,275-378,425/ 712,850 төрөг болж нийт 4,312,850 төгрөг, мөн 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2024 оны 01 дүгээр сарын цалин бүтнээр 9,000,000 төгрөг, 2024 оны 02-07 дугаар сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон /660,000 төгрөг/ халамжийн тэтгэвэр 2024 оны 02 дугаар сард 246,552 төгрөг авсан, 3 сараас сар бүр 375,000 төгрөгийн тэтгэвэр авсан тул 2024 оны 02 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийн зөрүү 660,000-246,552=413,448 төгрөг, 2024 оны 03-09 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийн зөрүү 660,000-375,000=285,000 төгрөг 7 сарын зөрүү 1,995,000 төгрөг /4,312,850+9,000,000+413,448+1,995,000/ нийт 15,721,298 төгрөгийг П.Т-ээс гаргуулж, мөн хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдсон төлбөрийг сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү.

            Мөн Д.Д  Ө аймгийн Ц суурьшлын бүсэд байрлах “О” ХХК-д 2021 оноос харуулаар орж одоог хүртэл ажиллаж байна. Охиноо осолд орсон үеэс байнга сахиж эмчилгээнд оруулж ажилдаа явж чадахгүй цалин орлого эм тариа, бензин шатахууны зардал, асаргааны хөлс зэрэг маш их зардал гаргасан. Сүүлдээ охины эмчилгээг хийлгэх мөнгөгүй болж хүнд хөлс өгч хүүхдээ харуулан ажилдаа орсон. Д.Д  2023 оны 6, 7, 8, 9 дугаар саруудад огт ажиллаагүй охиноо 04 сар харсан тул түүний ажилгүй байсан хугацааны цалин 6,000,000 төгрөгийг хариуцагч П.Т-ээс гаргуулж Д.Д т олгож өгнө үү гэв.

            3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  Миний бие гэм буруугаа бүрэн хүлээж ял шийтгүүлж оногдсон ялаа одоо эдэлж байна. Д.Х-д шүүх хуралдаанаас өмнө буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 250,000 төгрөгөөр нэг хонь, бэлэн мөнгө 6,150,000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх хурлаас намайг 4,780,939 төгрөг төлөхөөр тогтоосон. Энэ мөнгөнөөс би 3,000,000 төгрөг төлсөн. Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/ЗЗ шийтгэх тогтоолоор Д.Х г төлөөлж Д.Д-ын нэхэмжилж байгаа мөнгөнөөс 6,105,915 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Д, Д.Х нарын цалингийн зөрүү гэж нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

            Авто ослын улмаас хүний эрүүл мэнд гэмтэж, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгааг ойлгож байна. Тэгэхдээ нэхэмжлэлийн утгатай танилцахад үндэслэлгүй зүйл олон байна. Хохирогч Д.Х  нь аль нэг байгууллагад хөдөлмөр эрхэлж байсан бол ажил үүргээ гүйцэтгэж байгаад хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд үндсэн цалингийн 45 хувиар хөдөлмөрийн чадвар алдсын тэтгэвэр тогтоох ёстой төдийгүй, Д.Х г ажиллуулж байсан байгууллага 36 хүртэл сарын цалинтай тэнцэх нөхөн олговор олгох хуулийн зохицуулалттай. Д.Х д халамжийн тэтгэвэр тогтоосон байна. Аливаа хүн аль нэг байгууллагад ажиллаж байсныг нотлох нь ажилд орсон, гарсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдох ёстой байхад дээрх баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа тул цалингийн зөрүү гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Надад холбогдох гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хүн нь Д.Д  биш. Одоо би гурван сартай нялх хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөө бүгдийг борлуулж энэ хүмүүсийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулж байгаа. Гэтэл болсон явдлыг далимдуулж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа Д.Д, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Т-ээс 15,721,298 төгрөг гаргуулан Д.Х-д, 6,000,000 төгрөг гаргуулан Д.Д-т тус тус олгож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х гийн хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон чадвар алдсаны тэтгэмжийн зөрүүг П.Т ээс сар бүр гаргуулан Д.Х-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 266,556 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагч П.Т-ийн давж заалдах гомдлын агуулга: Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор П.Т намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ... нэг жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д т нэг хонь, 6,150,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Д.Д-ын нэхэмжлэлээс 6,105,915 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх тогтоолоор хохирогч Б.Хандмаагийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.

Харин Д.Д  бол гэмт хэргийн хохирогч биш. Тэрээр Д.Д-д учирсан гэмтлийг ашиглан үндэслэлгүй хөрөнгөжих гэж олон сая төгрөгийг Д.Д-ийн нэрийг ашиглан надаас нэхэмжилж байгааг анхан шатны шүүх хүлээн авсан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар урьд өмнө уг асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй хэргийг шүүх дахин хэлэлцэхгүй байх зохицуулалттай. Надад ял шийтгэл оногдуулсан Ө  аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Б.Хандмаад зөвхөн сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж Д.Д тай холбоотой хохирлыг эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00447 дугаар шийдвэрээр П.Т  надаас 15,721,298 төгрөг гаргуулж, Д.Х д, 6,000,000 төгрөг гаргуулж Д.Д-т олгохоор тогтоосныг хуулийн үндэслэлгүй. Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Д.Х д зөвхөн сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байхад, Д.Х , Д.Д  нарт эмчилгээний бус зардал төлөхөөр тогтоож байгааг би үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлдсэн гэмт хэргийн хохирогч бол Б.Хандмаа, байхад Д.Х  гэх хүнд төлбөр төлөх, зөвхөн шүүх хуралдаанд хохирогчийг төлөөлж оролцсон Д.Д т төлбөр төл гэж байгаа Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00447 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч П.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бүгдийг бичсэн байгаа. Нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь анхан шатын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний хувьд давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл өмнө нь гарсан шүүхийн шийдвэртэй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмнө нь шүүхийн шийдвэртэй байхад уг асуудлыг дахин хэлэлцэхгүй гэсэн агуулга бичигдсэн байна. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэх боломжгүй. П.Т  -д холбогдох эрүүгийн хэргийг Ө  аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолоор хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь эмчилгээний болон замын зардал байгаа. Мөн шийтгэх тогтоолд хэлэлцэхгүй орхисон болон хэрэгсэхгүй болгосон зүйл байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өмгөөлөгчийн зардал, Д.Д  гэдэг хүнтэй хамтран амьдардаг П гэдэг хүний хүний цалин мөнгө болон хэсэг хугацаанд Д.Х-г хүнээр хөлсөлж харуулдаг байсан цалинг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолд эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилж болно гэж тусгасан. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийтгэх тогтоолд заагаагүй бусад зүйлийг нэхэмжилж болохгүй, хязгаарладаг гэж буруу ойлгоод байна. Нэхэмжлэгч нь рашаан сувилал, асаргаа сувилгаа, ажилгүй байсан хугацааны цалин, дутуу авсан цалин зэргийг нэхэмжлэх эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч нь сэтгэцэд учирсан хохирлын мөнгө нэхэмжлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар 5 дугаар зэрэгт хамаарахаар тогтоогдсон. Хэрвээ сэтгэцэд учирсан хохирлын мөнгө гэж нэхэмжлэх юм бол доод тал нь 98,000,000 төгрөгийн хохирол гаргахаар байсан. Нэхэмжлэгч группт орсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 660,000 төгрөгөөс 375,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл зөрүүг нэхэмжилсэн. Мөн Д.Д  гэдэг хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүн биш, мөнгийг нэхэмжлэх субьект биш гэж хэлдэг. Нэхэмжлэгч Д.Х нь багаасаа өнчирсөн, аав Д.Д-тайгаа хамт амьдардаг. Хүнд гэмтэл авч аавынхаа асаргаанд байгаа. Нэхэмжлэгч Д.Х-г халамжлах нөхөр байхгүй, 3-н хүүхэдтэй, аав Д.Д-аас өөр харах хүн байхгүй.  Тухайн гэмтлээс болж нэхэмжлэгчийн аарцаг нь задарч шээс, баас нь задгай болсон. Иймээс аав Д.Д  нь байгууллагаасаа хүүхдээ асрах гэж цалинтай чөлөө авсан тушаал нь хэрэгт байгаа.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00447 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Д.Х  гэж байхад Б.Хандмаа гэж зөрүүтэй байгаа юм. Д.Д  нь өөртөө хамааралгүй мөнгийг нэхэмжлэх гэж баримтыг бүрдүүлсэн байгаа нь хуульд нийцэхгүй. Иргэний хэрэг нь хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Д.Д-ын нэхэмжилсэн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Яагаад гэвэл баримт байхгүй, ямар нэгэн задаргаа байхгүй байсан. Ажил хийгээгүй хүн нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж байхгүй. Харин сайн дурын даатгал гэж төлсөн байх ёстой. Үүнийг Д.Х  төлөх ёстой болохоос биш Д.Д  төлнө гэсэн зүйл Ө  аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолд байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Д.Х , Д.Д  нар П.Т-д холбогдуулан гэм хорын хохирол нийт 21,721,298 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг П.Т  эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 01-03, 144, 145, 41, 148/

2. П.Т  зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Х гийн амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, шүүхийн шийтгэх тогтоолоор түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, Д.Х-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 6 сараар тогтоон, дахин мөн хувь болон хугацаагаар сунгасан, хөдөлмөрийн гэрээний дагуу сарын 1,800,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан, дээрх зам тээврийн ослын улмаас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа /хх-ийн 63-65, 19-28, 09, 136,125-130, 07, 10, 92, 94/, Д.Д нь Д.Х-гийн төрсөн эцэг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээний дагуу сарын 1,500,000 төгрөгийн цалинтай харуулын ажил хийдэг, дээрх зам тээврийн ослын улмаас Д.Х-г эмчлүүлэх шалтгаанаар 04 сарын хугацаанд цалингүй чөлөө авч, 2023 оны 6, 7, 8, 9 дүгээр сард цалин аваагүй /хх-ийн 18, 61, 117-123, 74, 115, 17/ үйл баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

Харин “Б” ХХК-ийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмжийг хоёр сараар тооцон Д.Х д нэг удаа 3,600,000 төгрөг олгохоор шийдвэрлэн, мөн өдөр Д.Д т шилжүүлэн олгосон /хх-ийн 129-131/ үйл баримтыг анхан шатны шүүх үнэлгээгүйгээс Д.Х гийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгийг хасаж тооцоогүй алдааг давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрлэх боломжтой байна.

3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан боловч Д.Х , Д.Д  нарын нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд бус зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээдүүдийн хувьд П.Т-ээс гэм хорын хохирол гэж дутуу авсан цалин, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөр шаардсан байх тул анхан шатны шүүх дээрх үйл баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь оновчтой болжээ.

4. Д.Х  2023 оны 6 дугаар сард 712,850 төгрөг /1,091,275-378,425/, 2023 оны 7, 8 сард 3,600,000 төгрөг /1,800,000*2/, 2024 оны 02 дугаар сард 413,448 төгрөг /660,000-246,552/, 2024 оны 3-9 сард 1,995,000 төгрөг /660,000-375,000=285,000*7/, нийт 6,721,298 төгрөг /712,850+3,600,000+413,448+1,995,000/-ийн цалин дутуу авсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 13/-од 2023 оны 7, 8 сард цалин 550,000 төгрөг гэсэн байх боловч энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, Д.Х  цалин аваагүй нь цалингийн жагсаалт болон Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн депозит дансны хуулгаар нотлогдсон. /хх-ийн 129, 14, 15/

Мөн дээрх зам тээврийн осолтой шалтгаантай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Д.Х өөрийн хүсэлтээр дуусгавар болгож, 2024 оны 02 дугаар сард халамжийн тэтгэвэр тогтоолгосон байх тул 2024 оны 02 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэврийн зөрүүгээр дутуу авсан цалинг тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.

Харин 2023 оны 9 дүгээр сард Д.Х  3,600,000 төгрөгийн тэтгэмж авсан /хх-ийн 129-131/ боловч 2023 оны 9 дүгээр сард цалин аваагүй гэдэг үндэслэлээр 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар дуустал нийт 9,000,000 төгрөг /1,800,000*5/-ийн цалин дутуу авсан гэж нэхэмжилсэн байх тул энэ хугацааны дутуу авсан цалинг 5,400,000 төгрөг /9,000,000-3,600,000/ болгон залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд П.Т ээс 12,121,298 төгрөг гаргуулан Д.Х д олгож, 3,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

5. Д.Д  хөдөлмөрийн гэрээний дагуу сарын 1,500,000 төгрөгийн цалинтай харуулын ажил хийдэг, дээрх зам тээврийн ослын улмаас төрсөн охин Д.Х г эмчлүүлэх шалтгаанаар 04 сарын хугацаанд цалингүй чөлөө авч, 2023 оны 6, 7, 8, 9 дүгээр сард цалин аваагүй /НДШ төлөгдөөгүй/, 2023 оны 10 дугаар сараас үргэлжлүүлэн ажилласан үйл баримтууд /хх-ийн /-ыг анхан шатны шүүх зөв тогтоож, П.Т-ээс 6,000,000 төгрөг гаргуулан Д.Д-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Ө  аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор П.Т-ээс эм тарианы 3,552,686 төгрөг, бензиний 1,228,253 төгрөг, нийт 4,780,939 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д т олгож, Д.Х гийн дутуу авсан цалин 5,400,000 төгрөг, Д.Д ын эд хөрөнгөд учирсан хохирол буюу аваагүй цалин 4,500,000 төгрөг, хүн хөлслөн сарын 700,000 төгрөгөөр 3 сар Д.Х г харуулсан 2,100,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Д.Д ын эхнэр Б.Пагмасүрэнгийн цалин, өмгөөлөгчийн хөлс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй учраас Д.Х г зөвхөн сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын баримт бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэсэн байхад эмчилгээний бус зардал гаргуулахаар шийдвэрлэсэн, Д.Д ын нэхэмжлэлийг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл тогтоогдсон гэх агуулга бүхий П.Т ийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Мөн Д.Д  нь П.Т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй боловч П.Т ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор төрсөн охин Д.Х г эмчлүүлэхээр дөрвөн сарын цалингүй чөлөө авч эд хөрөнгөөр хохироосон нь тогтоогдсон тул Д.Д ыг хохирогч биш гэх агуулга бүхий давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулж дээрх дүгнэлтийг шүүхээс өгч буйг дурдав.

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй тул П.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,556 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00447 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Т-ээс 12,121,298 төгрөг гаргуулан Д.Х д, 6,000,000 төгрөг гаргуулан Д.Д т тус тус олгож, 3,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж, “266,556” гэснийг “208,891” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа П.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,556 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ