| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0063/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Ч.Э
Хохирогч С.Шижирбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сарангоо
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар: Г.Батбаяр, О.Оюунчимэг нарыг оролцуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сарангоогийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Чонохүүгийн Э холбогдох эрүүгийн 1929000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Шар довын 3-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөх овогт Чонохүүгийн Э /РД:КМ75092510/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв шар довын 3-1 тоотод түүний охин Э.Наранзулыг зодож, шоголсон гэх шалтгаанаар насанд хүрээгүй С.Шижирбаярыг гэрийн унь модоор зодсоны улмаас баруун шууны богтос ясны доод талд хугарал, хүзүүний зулгаралт, эрүү доор, 2 өгзөгний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Насанд хүрээгүй хохирогч С.Шижирбаярын мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
Гэрч Р.Оргодол-Тогтохын өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Гэрч Ч.Сарангоогийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 250 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,
Ч.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Ч.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих, дэглэмийн нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв шар довын 3-1 тоотод түүний охин Э.Наранзулыг зодож, шоголсон гэх шалтгаанаар насанд хүрээгүй С.Шижирбаярыг гэрийн унь модоор зодсоны улмаас баруун шууны богтос ясны доод талд хугарал, хүзүүний зулгаралт, эрүү доор, 2 өгзөгний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
- Насанд хүрээгүй хохирогч С.Шижирбаярын өгсөн: “...би айгаад Шонх гээд ахын араар орж нуугдсан тэгсэн Э ах миний эрүүнээс өргөөд заамдаад яирээл гарсан. Тэгээд машиндаа суулгаад цагдаагийн гадаа очсон. Тэгээд цагдаагийн байрлуу орчихоод эргээд хаалттай байна гэж гарч ирээд машиндаа суугаад намайг гэртээ авч очсон. Тэгээд намайг гэрийнхээ грашруу оруулсан тэгээд уньны хугархай мод аваад бөгсрүү 2 удаа цохьсон тэгээд гаднаас Наранзулын ээж орж ирэхэд Э ах “чи яасан их хүүхэд зоддог юм” гээд миний бөгсрүү уньны хугархай модоороо 3 удаа цохьсон. Тэгээд намайг гэрт хүргэж өгөөд манай ээжтэй уулзаад юм ярьсан юу ярьсан талаар мэдэхгүй байна..., “...Тэгээд орой ээж ажлаасаа ирээд хичээлдээ яагаад яваагүй талаар асуухад гар бөгс өвдөөд байгаа талаар хэлсэн тэгээд эмнэлэгт очиж гарны зураг авхуулж эмчид үзүүлж боолт хийлгээд цагдаад хандсан...”, “Миний бөгсрүү цохихоор нь би гараараа хаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
Гэрч Р.Оргодол-Тогтохын өгсөн: “...манай нөхөр Э Шижирбаярыг машиндаа суулгаад хашаандаа орж ирсэн тэгээд Э Шижирбаярыг грашруу дагуулаад орсон би араас нь яваад орсон тэгсэн Э Шижирбаярыг яагаад хүүхэд зодсон юм гээд өгзөгрүү нь уньны хугархай модоор нэг удаа цохьсон тэгээд би айлын хүүхэд зодож болохгүй гэрт нь аваачаад ээжид нь хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн тэгээд Э Шижирбаярыг дагуулж грашаас гараад машиндаа суулгаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Гэрч Ч.Сарангоогийн өгсөн: “...Тэгээд 15 цаг өнгөрч байхад Э манай хүүхэд Шижирбаярыг дагуулаад гэрт орж ирсэн. Тухайн үед хүү Шижирбаяр уйлсан байдалтай нүүр нь улайсан байсан байдалтай байсан. Тэгээд Э надад хандан танай хүү манай охиныг шоглоод байна гэж нэг удаа хэлж байсан. Чи Шижирбаярт хэлээгүй юм уу? гэж хэлсэн. Би үнэхээр уур хүрээд болсонгүй Шижирбаярыг уньны хугархай модоор нэг цохьсон ахиад шоглоод байвал цагдаагийн байгууллагад хандана гэж хэлээд хүү Шижирбаярыг унадаг дугуйнд хүргэж өгнө гээд хамт гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 250 дугаартай: ... “С.Шижирбаярын биед баруун шууны богтос ясны доод 1/3 далд хугарал, хүзүүний зулгаралт, эрүү доор, 2 өгзөгний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,
Ч.Эын яллагдагчаар өгсөн: “...Би Шижирбаяраас өөрийн хийсэн үйлдэлд харамсаж байгаа гэмтэл учруулж зодож айлгасан явдалд уучлалт гуйхаар гэрт нь очиход ээж нь уулзуулахгүй байгаа ээжтэй нь уулзаад уучлалт гуйж эмчилгээний болон учирсан хохирлыг төлж барагдуулмаар байгаа талаар хэлж хэд хэдэн удаа санаачлага гаргасан боловч үгүй хуулийн байгууллагаар шийдүүлнэ гээд надтай уулзахгүй байгаа цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулхаа илэрхийлж байна. Өөрийн холбогдсон хэрэгт харамсаж гэмшиж байна. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс дахин дахин уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сарангоогийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр болох 242,820 төгрөгийн баримт гаргаж өгсөн ч шүүгдэгч Ч.Э нь өөрийн гэм буруугаа ухамсарлан хүүхдийн эмчилгээ, өсөлт хүмүүжил, хичээл сурлагад нь зориулж 6,000,000 төгрөгийг өгөхөө илэрхийлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сарангоо хүлээн зөвшөөрч тохиролцсон тул төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ч.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 1 жил 6 сарын хорих ял оногдуулахыг санал болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас улмаас учруулсан хохиролоо шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулахаар гаргасан прокурорын саналд тодорхой саналгүй гэсэн учир ялаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөх овогт Чонохүүгийн Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Эыг ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 6.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА