Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 204/МА2025/00001

 

   2025 оны   01 сарын    09-ний өдөр                        204/МА2025/00001                        Өвөрхангай аймаг

 

 

А.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Орон сууц худалдан авах төлбөрийн тавин хувь болох 30,000,000 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн дутуу төлөгдсөн 41,127,600 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Б.Б-той 2006 онд гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Н, 2009 оны 02 дугаар сарын 13-ны хүү Б.Н нарыг төрүүлсэн.

Ингээд хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2014 онд гэрлэлтэй цуцлуулан хоёр хүүхдийнхээ хамт өрх толгойлон бусдын байрыг түрээслэн амьдарч байна.

Гэтэл хүүхдүүд том болж одоо өөрийн орон байртай болох шаардлага тулгарсан бөгөөд Өвөрхангай аймагт нэг өрөө орон сууц 60,000,000 төгрөгөөс дээш үнэтэй байна.

Б.Б нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш хоёр хүүхдийнхээ асаргаа, ахуй амьдралд ямар ч туслалцаа үзүүлэлгүй эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байна. Би *** суманд нэг өрөө байр 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан учир байрныхаа 50 хувь болох 30,000,000 төгрөгийг Б.Б-оос гаргуулна.

Мөн охин Б.Н, хүү Б.Н нарыг өөрийнхөө асрамжид авч өнөөдрийг хүртэл ганцаараа тэжээн тэтгэж, өсгөж өндийлгөж хичээл сургуульд нь хэвийн явуулдаг.

Харин Б.Б хүүхдийн тэтгэлэгт зориулж 6,000,000 төгрөг төлөөд хүүхдийн тэтгэлгээ хаалгасан. Гэхдээ цаашид хүүхдүүдээ харж үзэж тэтгэж явна гэж амлалт өгсөн тул би зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг дахин нэхээгүй.

Хүүхдүүд том болж, хувцас сурах бичгийн үнэ нэмэгдэж, сургалтын төлбөр төлөх шаардлага бий болсноос гадна одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа тул арга буюу Б.Б-д хандахад туслаагүй. Гэхдээ би 100 хувь байр авч өг гэж хэлээгүй. Би 50 хувийг нь аргалаад болгосон. Шүүхийн шийдвэр гэхгүйгээр хүүхдийн тэтгэлэг өгч байна гэж удаа дараа гуйхад нь хүүхдүүддээ худлаа хэлэхгүй байх гээд хаасан.

Иймд 2014-2024 он хүртэл хүүхдүүдийнхээ тэтгэлэгт төлөх ёстой 47,127,600 төгрөгөөс төлсөн 6,000,000 төгрөгийг хасаж 41,127,600 төгрөгийг /охин Б.Н-д 24,978,000 төгрөг, хүү Б.Н-д 22,159,600 төгрөгийг/ Б.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: А.Н, Б.Б нар 2014 онд гэрлэлтээ цуцлуулан, хоёр хүүхдийг ээжийн асрамжид үлдээж эцэг Б.Б-оор тэжээн тэтгүүлэх шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэлгийг төлж байгаад 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр талууд харилцан тохиролцоод Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүхийн шийдвэр хүлээж аваад 5,000,000 төгрөг төлсөн баримтыг тухайн баримтад хавсаргаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар нэгэнт хүүхдийн тэтгэлгийг хаасан тохиолдолд дахин гомдол гаргах эрхгүй талаар харилцан тохиролцсон. Тиймээс нэхэмжилж байгаа 41,127,600 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Мөн 2014 онд гэрлэлтээ цуцлуулахдаа ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байгаагүй. Талууд тус тусын амьдарлаа хөөгөөд 10 жил болсон. Тиймээс байрны урьдчилгаа 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй.

Хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ заалт нь огт хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй тохиолдолд тухайн цаг хугацаагаар нөхөн төлөлт тооцож тухайн тогтоосон амьжиргааны жил жилийн түвшингээр нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр Б.Б-оос хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан А.Н надад олгохоор шийдвэрлэсэн, Б.Б бид хоёр харилцан тохиролцож 5,000,000 төгрөгөөр хааж дуусгавар болгохоор тохиролцсон. Гүйцэтгэх хуудсыг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт болон иргэний үнэмлэхийн хуулбартай баримт хэргийн материалд хавсаргасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос хүүхдийн тэтгэлгийн дутуу төлсөн 21,554,200 төгрөг, орон сууцны үнийн 50 хувь болох 30,000,000 төгрөг, нийт 51,554,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 19,573,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 415,721 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.4-т тус тус зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлээд хоорондоо тохироод хүүхдийн тэтгэлгийг хаасан тохиолдолд дахин гомдол гаргах эрхгүй гэж хуульчилсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж илт хууль бус шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 онд гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан байхгүй зөвхөн хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэл орж ирж шийдүүлсэн үйл баримт байдаг анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг тайлбарлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хууль бус шийдвэр гарсан гэж гомдол гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулах үедээ өмч хөрөнгийн талаар маргаагүй боловч амьдралын тулгуур болж байсан аав нь нас барж, хоёр хүүхэд өсөж том болон амьдралын чухал хэрэгцээ болох орон байр, хүүхдүүдийнхээ хэрэглээний бусад зүйлийг ганц өөрийн цалингаар хангах боломжгүй болоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах болсноо тайлбарласан.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00445 дугаар шийдвэрээр хариуцагчаас хүүхдүүдийн тэтгэлгийн дутуу төлсөн 21,554,200 төгрөг, орон сууцны үнийн 50 хувь буюу 30,000,000 төгрөг, нийт 51,554,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх хүүхдийн тэтгэлгийн дутуу төлсөн 19,573,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж дүгнэж байна. Энэ мөнгө бол Б.Б заавал төлөх ёстой мөнгө.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч А.Н нь гэрлэлт цуцлуулахдаа өмчийн маргаангүй гэсэн, хүүхдийнхээ тэтгэлгийг сайн дураараа зогсоосон учир дахин шүүхэд хандах эрхгүй гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хүүхдийнхээ тэтгэлгийг шууд бэлнээр өгч байна гэсэн Б.Б-ын саналыг зөвшөөрсөн болохоос биш хүүхдүүддээ тэтгэлэг авахгүй гэсэн асуудал байхгүй. Учир нь гэрлэлт цуцлуулснаар эцэг хүн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй байх хуулийн зохицуулалттай байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ыг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэггүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын талаар заасан хэм хэмжээнд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10-р сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00445 дугаар шийдвэр нийцэж байгаа гэж үзэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун барагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч бусад иргэнд холбогдуулах нэхэмжлэлийн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан. Энэ үндэслэлийг хэрэглэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хааж дуусгавар болгосон байдаг.

Тэтгэлэг төлөх, тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон ийм үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах саналаа харилцан тохиролцож гарын үсэг зурж, хүсэлт гаргасан. Мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь 2014 онд гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаангүй байсан. Зөвхөн хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл 10-н жилийн дараа гэнэт гэрлэлт цуцлагдсан байхад хүүхдээрээ л холбоотой болохоос биш хүүхдийн тэтгэлэг авч, орон байр, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангаж үүргээ биелүүлэх байтал А.Н-ын орон сууцны үнийн тал 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00445 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үйл баримтыг өмгөөлөгчийн хувьд А.Н-ын нэгэн адил зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Монгол Улс Хүүхдийн эрхийн олон улсын конвенцод нэгдэж орсон. Энэ конвенцоор шүүхийн тогтоолоор хориглоогүйгээс бусад хүүхэдтэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлж байх үүрэгтэй. Оролцогч байгууллагууд хүүхдийн эрхийг дээдэлж ажиллах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гомдолд байхгүй гэж бодож байна. Зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан.

А.Н шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон болохоос биш хүүхдийн тэтгэлгийг зогсоох зөвшөөрөл өгсөн зүйл биш. Эцэг, эх хүүхдээ 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй. Харин анхан шатны шүүх төлбөрийг тооцсон явдал бодит байдалтай нийцэхгүй байсан ч эцэг хүн байна ойлгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүлээгээд авбал би давж заалдах гомдол гаргахгүй гэж байсан. Гэтэл давж заалдах гомдол гаргасан байсан. Давж заалдах гомдол гаргах гэхээр хугацаа дууссан байсан учраас гаргаагүй. Гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаангүй байсан гэж хэлж байна. Цаг үеийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа. Тухайн үед А.Н хоёр хүүхэдтэйгээ эцэг, эх дээрээ ирсэн. Эхээс хоёулаа байдаг. Удалгүй дүү нь нас биед хүрч орон гэрээ авсан гэдэг. Тэр цагаас хойш А.Н хоёр хүүхэдтэйгээ өнөөг хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа. Гэтэл Б.Б хоёр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага 100 хувь дууссан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзэж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгов.

1. А.Н нь Б.Б-д холбогдуулан орон сууц худалдан авах төлбөрийн тавин хувь болох 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлгийн дутуу төлөгдсөн 41,127,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн, нийт 71,127,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 01, 47, 48, 22, 52/

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах байдлаар хангаагүй байна. Үүнд:

2.1 А.Н орон сууц худалдан авах төлбөрийн тавин хувь болох 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “хоёр хүүхдийн хамт байр түрээслэн амьдарч байгаа тул хүүхдүүд том болж орон сууцтай болох шаардлага тулгарч байна” гэж тодорхойлон, “***” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 24/22 тоот “*** сумын *** дугаар баг, *** айл *** орон сууцны 37.56 м.кв нэг өрөө байрыг 60,096,000 төгрөгөөр захиалсан” гэх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх “...зохигчийн дундаас төрсөн охин Б.Н, хүү Б.Н нар өөрийн өмчлөлийн орон байргүйн улмаас тэдний өөрийн өмчлөлийн гэрт тав тухтай, айх аюулгүй, эрүүл амьдрах эрх ашиг сонирхол нь ноцтойгоор зөрчигдөж байх тул хариуцагч Б.Б-оос ... нэг өрөө байрыг худалдаж авахаар захиалсан төлбөрийн 50 хувь болох 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгох үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-оос орон сууц худалдан авах төлбөрийн тавин хувь болох 30,000,000 төгрөг гаргуулан А.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн хүүхдийн асрах байгууллага, халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг нэг адил хамааруулна гэж тайлбарласан.

Гэтэл тэжээн тэтгүүлэгч болох охин Б.Н, хүү Б.Н нарт Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт болон Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолд заасан дээрх онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс зөвхөн хоёр хүүхдийг түрээсийн байранд амьдарч байгаа үйл баримтыг дүгнэн Б.Б-оос 30,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн ***” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 24/22 тоот “*** сумын *** дугаар баг, *** айл *** орон сууцны 37.56 м.кв нэг өрөө байрыг 60,096,000 төгрөгөөр захиалсан” гэх тодорхойлолт нь А.Н орон сууц захиалсан гэдгийг нотлохоос орон сууцны үнийг төлсөн гэдгийг нотлохгүй. Нөгөө талаас А.Н тухайн орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30,000,000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасан байх боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх 30,000,000 төгрөгийн зардлыг Б.Б-оор хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар “гарсан зардлыг хариуцуулах” хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

2.2 Анхан шатны шүүх Б.Б-ыг тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үндэслэлийн талаар “... шүүхийн шийдвэрээр тогтоосон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохигчид харилцан тохиролцож дуусгавар болгож байгаа болохоос хариуцагч Б.Б-ын төрсөн хүүхдүүдээ тэжээн тэтгэх хуульд заасан үүрэг дуусгавар болоогүй ...  тухайн тэтгэлгийг жил бүрийн 8 дугаар сард нэгтгэн сайн дураар төлж байхаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон хугацаандаа тэтгэлэг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн ...” гэж дүгнэн /хх-ийн 68, 69/ Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-оос хүүхдийн тэтгэлэгт дутуу төлсөн 21,554,200 төгрөг гаргуулан А.Н-д олгож, 19,573,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлэх эсэхийг шийдвэрлэхийн тулд эхлээд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт зааснаар тэжээн тэтгэх тухай гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухайн этгээд тэтгэлэг төлөгч болсон эсэх, дараа нь тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхийг дүгнэх ёстой.

Харин тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарласан.

Харин А.Н, Б.Б нар харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагч энэ талаар маргаагүй гэсэн үндэслэлээр “тэтгэлгийг жил бүрийн 8 дугаар сард нэгтгэн сайн дугаар төлж байхаар харилцан тохиролцсон” гэж дүгнэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх зохицуулалтад нийцэхгүй.

Тиймээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй байхад Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх боломжгүй буюу тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэх байжээ.

Мөн анхан шатны шүүх дээрх байдлаар Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар шийдвэрийн дагуу төлөгдөөгүй тэтгэлгийг Б.Б-оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талууд хүсэл зоригоо илэрхийлээд, хоорондоо тохироод хүүхдийн тэтгэлгийг хаасан тохиолдолд дахин гомдол гаргах эрхгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Гэвч энэ нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагын хувьд А.Н нь Б.Б-ыг тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр нийт 41,127,600 төгрөгийн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгээгүй. Харин орон сууц худалдан авахад туслахыг хүссэн боловч туслаагүй, энэ талаар гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхөөс татгалзсан гэсэн үндэслэлээр 2014-2024 оны хоёр хүүхдийн тэтгэлгийг нийт 47,127,600 төгрөг гэж тооцон үүнээс Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар шийдвэрийн дагуу төлөгдсөн 6,000,000 төгрөгийг хасаад 41,127,600 төгрөгийн тэтгэлэг гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 47, 66/

Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр охин Б.Н, хүү Б.Н нарыг 11 нас хүртэл нь тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тавин хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байсан нь тухайн шийдвэрийн хуулбар /хх-ийн 10-12/-аар нотлогдсон тул нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн дутуу төлөгдсөн 41,127,600 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

3. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, орон сууц худалдан авах төлбөрийн тавин хувь болох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хүүхдийн тэтгэлгийн дутуу төлөгдсөн 41,127,600 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,721 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2024/00445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууц худалдан авах төлбөрийн тавин хувь болох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн дутуу төлөгдсөн 41,127,600 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,721 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                              Н.ЭНХМАА

                                                                                  Л.НЯМДОРЖ