| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0542/э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Ж.Энх-Амгалан;
шүүгдэгч: А.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Алимаагийн Дд холбогдох эрүүгийн 1909016290500 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын Гол суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар ...................... суух, урьд ял шийтгэлгүй, ............ регистерийн дугаартай, Өрлүүт овогт Алимаагийн Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч А.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Тамир” дэлгүүрийн орчимд хохирогч Б.Шинэбаяртай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь болсон асуудлын талаар ярьсан байгаа гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Шинэбаярын мэдүүлэг /хх-ийн 5-7, 8-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019
оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4360 тоот дүгнэлт /хх-ийн 17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг /хх-ийн 18-19/, А.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-38/, хохирлын баримтууд /хх-ийн 20-21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Тамир” нэртэй дэлгүүрийн орчим иргэн Б.Шинэбаяртай маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Шинэбаярын /хх-ийн 5-7, 8-10/: “...Баяраагийн гэрт очоод бид гурав “Болор” гэдэг нэртэй архи хувааж ууж байгаад Баяраа, Д хоёрт “хүүхдүүдээ өнчрүүлээд ингэж явж болдог юм уу” гэж хэлсэн чинь Д “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг зодсон... Би Дд хандаж “чи хүүхдээ боддоггүй юм уу, нөхөр хүүхдээ бодооч” гэх мэт үгнүүд хэлээд бид хоёр маргасан юм. Энэ үед Д миний үснээс зулгааж намайг газраар чирч толгой түрүүгүй зөндөө цохиод өшиглөөд байсан. Би “болиоч” гээд толгойноос цус гараад цусаа арчаад сууж байхад хүртэл намайг зодож байсан юм. ...Намайг 2-3 удаа үсдээд чирээд зөндөө олон удаа гараараа болон хөлөөрөө цохиж зодсон миний үсийг гартаа ороогоод чирээд үсийг минь зөндөө унагаасан...” гэх мэдүүлгээр,
А.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-30/: “...Архи ууж байгаад хоорондоо маргалдаад би Шинэбаярыг зодох болсон юм...” гэх мэдүүлгээр,
Б.Шинэбаярын биед “тархи доргилт, зулайн шарх, зүүн нүдний дээд доод зовхи, алимын салст, баруун бугалга, шуу, баруун хөхөнд цус хуралт, дух, зүүн хацарт зурагдсан зулгарал” бүхий мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4360 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17/,
дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ариунзулын /хх-ийн 18-19/: “...Б.Шинэбаярын биед учирсан зулайн шарх, дух, зүүн хацарын зурагдсан зулгарал гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр
хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан А.Дгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч А.Дгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Б.Шинэбаярын 110.000 төгрөгийг шүүгдэгч А.Дгээс гаргуулж олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Б.Шинэбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Өрлүүт овогт Алимаагийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хээгт зааснаар шүүгдэгч А.Дгээс 110.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Шинэбаярт олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ