| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 145/2024/00531/И |
| Дугаар | 204/МА2025/00003 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 204/МА2025/00003
2025 оны 01 сарын 16 204/МА2025/00003
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00566 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Л , М.Х нарт холбогдох,
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж, 47,984,750 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 20,335,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Г.Л , М.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг, хариуцагч Г.Л , М.Х , хариуцагч нарын өмгөөлөгч М.Дамбийням, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би 2019 оноос 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хариуцагч Г.Л , М.Х нарт нийт 82,460,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн. Зээлийн хугацаанд үндсэн зээлээс 37,460,000 төгрөгийн хасалт хийгдэж, зээлийн алданги, хүүнд 45,092,500 төгрөгийн төлбөр хийгдсэн. Үлдэгдэл 45,000,000 төгрөг, хүү 2,600,000 төгрөг, алданги 384,750 төгрөг, нийт 47,984,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүн дээр 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хүү, алдангийг тооцож нийт 68,320,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Анх 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ..... улсын дугаартай Портер маркийн машиныг барьцаалсан. Хариуцагч нарын хүсэл зоригийн дагуу буюу өөрсдөө хүсэлт гаргаж түүнийг хүлээж авснаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, ..... улсын дугаартай Н маркийн машин болон 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр ..... улсын дугаартай Тоёото ..... маркийн авто машиныг тус тус барьцаалж нийт 45,000,000 төгрөг өгсөн. Ингэж өгөхдөө бид зээлийн гол нөхцөлийг харилцан тохиролцож, тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурж зээл олгосон. Тус зээлийн гол нөхцөл нь зээлийн хүүг урьдчилж авна, зээлийг болох хугацаанаас 2-3 хоногийн өмнө утсаар буюу биеэр мэдэгдэнэ, мөн зээлийн үүргийг гүйцэтгээгүй зээл болон хүүг төлөөгүй хоног тутмын торгууль болох хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцно гэсэн эдгээр нөхцөлүүдийг урьдал болгож гэрээ хийж байсан.
Одоо 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлдэгч нараас хүү болон алдангийг тооцоогүй явж байгаа. Би нэг их их хэмжээний мөнгөнд эргэлдүүлдэггүй. 40,000,000-50,000,000 төгрөгийн дотор эргэлддэг. Би байгаа бүх мөнгөө хариуцагч нарт өгсөн. Тухайн үед би чамд бүх мөнгөө өгч байгаа шүү, чи миний итгэлийг алдаж болохгүй шүү, цаг хугацаанд нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгөө хүүтэй нь өгч байгаарай, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болно шүү гэж хэлж, гэрээний гол нөхцөлөө харилцан тохирсон. Энэ гэрээг баримт бичгийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. Мөн хэрэгт баримт материалууд, зээлийн гэрээ болон банкны харилцах данс, М.Х гийн ..... гэсэн данс руу олгосон талаарх нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Тооцоо нийлсэн актыг 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Г.Л той хийсэн. Энэ актыг нийлэхдээ маш нарийн чанд хийсэн. Өөрийн хийсэн тэмдэглэлийн дагуу хөтөлж, М.Х гийн данс руу хийсэн мөнгөтэй тулгаж хийж байсан.
Тухайн үед тооцоо нийлсэн актыг хийж байхад 46,155,000 төгрөг үлдлээ гэхэд Г.Л хүлээн зөвшөөрч, энэ байдлыг нөхөр М.Х д утсаар мэдэгдсэн. Тэгээд М.Х зөвшөөрсөн тул би зээлдэгч Г.Л той тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурж тооцоо нийлсэн актыг хоёр хувь үлдсэн байгаа. Би өөрийнхөө хувийг хэрэгт хавсаргасан байгаа. Үлдсэн нэг хувь нь зээлдэгч нарт байгаа байх. Энэ дотор би тооцооны алдаанаас болоод алданги болон 8 дугаар сарын 08-ны өдөр авах байсан хүүгээ оруулаагүй. Тэр нь 2,600,000 төгрөг болон хүү байгаа. Энэний 1,750,000 төгрөгийг би оруулахаа мартчихсан байсан. Тухайн үедээ энэ хүмүүс надаас өөрсдийн хувийн хэрэгцээндээ болон ажил амьдралдаа зарцуулах хүсэлтэйгээ илэрхийлж мөнгө зээлж авсан. Ийм учраас энэ хүмүүст өгсөн мөнгөө хурдан авмаар байна. Тухайн үедээ энэ хүмүүсийн ажил хэргийг бүтээж өгсөн.
Энэ 8 дугаар сараас хойш миний ажил зогссон. Тийм учраас хариуцагч нараас 68,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч М.Х гийн төлсөн гээд байгаа 2,040,000 төгрөгийг би тооцоондоо оруулаагүй юм шиг байна. Миний дансанд орсон гэсэн баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцъё. Би хүүхдийн цэцэрлэгт очиж хүүхэд айлгаж сүрдүүлээгүй, харин тэр цагдаад хандсан асуудал бол мөнгөө авч чадахгүй байгаа тул өөртөө туслахаар цагдаад хандсан, хуульд ч заасан байдаг гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн тайлбарын агуулга: Хариуцагч нарын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нар нь үндсэн зээл дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Харин алданги төлөх боломжгүй, алдангийг илүү тооцсон гэсэн тайлбар гаргасан ч яагаад илүү тооцсон гэсэн нарийн тооцоогоо хариуцагч тал гаргаагүй. Харин миний үйлчлүүлэгчийн бүх гэрээ, бичиг баримт, гарын үсэг тэмдэглэлүүд нь бүгд байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь зээл авсан тал үүргийнхээ гүйцэтгэлийг хангах ёстой. Үүргийн гүйцэтгэлийг ямар хэлбэрээр авсан тэр хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй байдаг.
Миний үйлчлүүлэгч асуудалд уян хатан хандаж, гэрээгээ сунгаж, барьцаанд тавьсан машинаа шилжүүлж өгнө гэчихээд баримт бичгийг нь одоо хүртэл шилжүүлээгүй. Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажих үүднээс битүүмжлэх хүсэлт шүүхэд тавьсан. Шүүхээс хариуцагч нар машин тэргээрээ ажил үүргээ гүйцэтгэвэл төлбөр нь түргэн төлөгдөх юм байна гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг нэг удаа хүлээж аваагүй. Энэ бүгдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн тайлбарын агуулга: 2017 оноос хойш хоорондоо харилцан тохиролцоод итгэлцэл дээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд авсан зээлээ өгөх хугацаанд нь өгөөд явдаг байсан. Хамгийн гол нь хүүгийн асуудал дээр хоорондоо харилцан тохиролцож гэрээгээ хийдэг. Хариуцагч нар өөрсдөө улирлын чанартай ажил хийдэг тул хүүг нь урьдчилж өгөхийг зөвшөөрдөг байсан. Тэгээд зээлийн гэрээг талуудын хүсэл зорилгын дагуу зээлийн гэрээг тухайн цаг хугацаанд хийж байсан зэрэг ийм нөхцөл байдлууд байдаг. Тэгээд энэ нийт хийсэн гэрээнүүдийн хувьд зээлийн гэрээнүүдийг тухай бүрд нь талуудад мэдэгдсэн, хэргийн үйл баримтаар тогтоогддог.
Хамгийн сүүлд хавтаст хэргийн 100 дугаар хуудсан дээр байгаа тооцоо нийлсэн акт байж байгаа. Хариуцагч Г.Л нь М.Х гоос итгэмжлэлээр оролцоод үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар зээлийн гэрээтэй тулгалт хийж, хоёр тал тооцоо нийлсэн акт дээр 41,000,000 төгрөг дээр ямар нэгэн маргаан байхгүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг төлөх ёстой. Энэ нь хоног тутамдаа гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан байгаа. Тэгэхлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан боловч тухайн тээврийн хэрэгслийг эдгээр хүмүүсийн нэр дээр шилжүүлье бид нар өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаад мөнгө төгрөгөө олоод өгөөд байна аа гэсэн. Үүний дагуу барьцааны гэрээ байгуулсан боловч тэр машины хууль ёсны эзэмшигч хариуцагч нар өөрсдөө боловч эзэмшигчээр тогтоогдсон нэр дээр нь шилжигдээд орсон хөрөнгийг өөр хүнд хүртэл захиран зарцуулсан асуудал байдаг.
Ийм үйл баримтуудаар хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн асуудлууд байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан. Талууд тооцоо нийлсэн акт дээр маргаан байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангахдаа эхний ээлжинд хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан, тэр зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дээрээс нь хүү алдангиа хоног тутмаар гэж Иргэний хуульд заачихсан байгаа учраас хариуцагч нараас нийт 68,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
4. Хариуцагч Г.Л ын татгалзал, тайлбарын агуулга: Манайх 2017 оноос эхэлж анх зээл авч эхэлсэн. Гэхдээ нэхэмжлэл дээр 2019 оноос гэж явж байгаа. Манайх хугацаа хэтэрсэн хүү, алдангийг хангалттай төлсөн. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байсан. Тэгээд 9 дүгээр сард нь манай түрээс буухгүй байгаа учраас удаахгүй өгнө гэж хэлээд байсан.
Манайд ажил явдал гараад хөдөө явсан хойгуур манай хүүгийн цэцэрлэг дээр нэхэмжлэгч ирж ахын чинь сургууль хаана юм, танайх хаана байдаг юм гэж асууж хүүхдийг сүрдүүлсэн байсан. Мөнгөний маргаан дээр хүүхэд оролцуулж болохгүй байх. Түүнээс хойш манай хоёр хүүхэд халуураад бие нь өвдөөд унасан. Манайх хугацаа хэтрүүлдэг байсан ч хугацаа хэтэрсний алдангийнхаа 100 төгрөг ч дутаалгүй төлдөг л байсан. Энэ удаад олон сар төлөөгүй явчихсан болохоор хуулиараа шийдвэрлүүлэх гэж байгааг ойлгож байна.
Манайх үндсэн зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Барьцаалбар өөрийнх нь нэр дээр байгаа. Сүүлийн хурлын дараа манай нөхрийг машин авчихлаа гэж цагдаад өгчихсөн байсан. Манай нөхрийг хашаанаас машин авч явсан гэж нэр төрд нь халдсан гэж үзэж байна гэжээ.
5. Хариуцагч М.Х гийн татгалзал, тайлбарын агуулга: Эхнэрийнхээ ярьсантай адил тайлбартай байна. Гэхдээ хүү, алданги дээр жоохон маргаантай байна. 9 дүгээр сарын 30-ны өдөр 47,000,000 төгрөг нэхэмжилсэн. Тэр 47,000,000 төгрөгөөр би 2,040,000 төгрөгийг 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Өмнө 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг өдрийн 50,000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээлсэн. Тэрийг 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 8 сая гаран төгрөг төлсөн. Төлөхдөө 2,900,000 төгрөгөөр нэг удаа, 1,000,000 төгрөгөөр 3 удаа, сүүлд 2,040,000 төгрөгийг төлсөн байгаа. Тэгсэн энэ 2,040,000 төгрөгийг өгөөгүй гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй. Харин 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сарын хугацаанд 20 сая гаран төгрөгийг нэхэмжлээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дуусаад надаас хүү авах байсан гээд байгаа. Хүүгээ урьдчилаад авчихдаг байсан. Тийм болохоор авах үндэслэлгүй. Харин би 2,040,000 төгрөгийг төлсөн гэжээ.
6. Хариуцагч нарын өмгөөлөгч М.Дамбийнямын тайлбарын агуулга: Талууд 2017 оноос хойш 2024 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд зээлдэг, зээлдүүлэгчийн харилцаатай байсан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс мөнгө зээлдэг байсан ба нэхэмжлэгч Б.О хариуцагч нарт мөнгө зээлэхдээ тэдгээрийн өмчлөлийн хоёр тээврийн хэрэгслийг барьцаалан зээл олгодог. Нэхэмжлэлийн шаардлагаа ч мөн адил барьцааны зүйлээр үр дүн гүйцэтгэл хангуулах гэдэг талаар нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Их Хурлаас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль нь үйлчлэхгүй гэж заасан байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн хооронд байгуулагдаад байгаа гэрээ нь нэг удаагийн шинжтэй биш, олон удаагийн мөнгө зээлэх асуудал үүссэн. Хоёрдугаарт, ашиг олох зорилготой биш. Учир нь хариуцагч нарт нэхэмжлэгч нь мөнгө зээлэхдээ хүү, алданги тооцдог байсан. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд эрхэлнэ, 4.2-д Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж тус тус заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн талаар баримт авагдаагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хэлэхэд мөн тус хуулийн буюу Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Тиймээс энэ хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчиж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байгаа. Дараагийн заалт болох 19 дүгээр зүйлийн 19.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гээд 19.1.8-д анз хэрэглэх буюу алданги авах эрхгүй гэж заагаад өгчихсөн байна. Энэ хууль нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Улмаар хууль хүчин төгөлдөр хэрэгжсэн өдрөөс буюу 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 3-4 зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байгаа. Тиймээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар гэрээний дагуу нэхэмжлээд байгаа хүү, алдангийн асуудлыг тооцох боломжгүй учраас хүү, алдангийг дээрх хуульд нийцүүлэн хариуцагч талд хариуцуулахгүй байж өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Г.Л , М.Х нараас 45,638,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,641,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Л , М.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 386,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
8. Хариуцагч Г.Л , М.Х нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Б.О-ийн 68,320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас 20,641,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож биднээс 45,638,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.О тэй 40,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан.
2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээ цуцлагдсан. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Б.О д нийтдээ 28,360,000 төгрөгийн хүү өгсөн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль баталсан. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан. Гэтэл Б.О нь ашиг олох зорилготой, байнгын үйл ажиллагаа явуулдаг этгээд юм. Б.О нь 2024 оны 7 дугаар сард мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан байдаг.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т нэг удаагийн шинжтэй эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00566 дугаар шийдвэрт өөрчлөл оруулж, хүүнд өгсөн 28,360,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын давж заалдах гомдолдоо дурдсан асуудал хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Г.Л , М.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 45,000,000 төгрөг дээр маргаан байхгүй гэдгээ анхны нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд шүүх хурал дуустал зөвшөөрч, маргаангүй гэж хэлсэн атлаа давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүйг нотолж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж нэхэмжлэгч би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлага болох 20,335,500 төгрөгийг хариуцагч нараас гаруулах боломжтой гэж үзэж байна.
Нэхэмжлэгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг яаралтай зарлаж өгнө үү. Хариуцагч нар нь авсан зээлээ төлөхгүй байгаагаас өнөөдөр нэхэмжлэгч би эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр тул төлбөрийн хугацаа авах гэж заль мэх гаргаж байгаа хариуцаг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин зээлийн хүүгийн төлбөрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд үндсэн зээлийн хүүгээ 20 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн заалт байдаг юм билээ. Бид хууль сайн мэдэхгүй учраас үүнийг мэдээгүй. Тэгээд хүүг нэхэмжилсэн байгаа гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Талуудын хооронд 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Нэг жилийн дараа зээлийн гэрээ цуцлагдсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүд нийтдээ 28,360,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд тус Иргэний хуулийн 281, 282.1 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Нэг удаагийн шинжээр ашиг олох зорилгоор талууд харилцан тохиролцож хүү тооцож болно гэж заасан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4.2-т зааснаар байнгын ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь эрх бүхий этгээдийн үндсэн дээр бүртгүүлнэ гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч Оюун-Эрдэнэ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөл авсан байдаг. Гэрээ нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. Хууль 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрхгүй байхдаа зээлийн үйл ажиллагаа явуулж зээл олгосон. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар зээлийн хүүгийн дээд хэмжээг 4,5-аас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн хүүг 5 хувиар тогтоосон байдаг. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-т мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнгын ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийг байгуулж зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-т зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглоно гэж заасан учраас энэ зохицуулалтаар нэхэмжлэгч нь хамгийн сүүлд олгогдсон зээлийн гэрээнээс хүү авах боломжгүй. Иймд хариуцагч нарын гаргаад байгаа үндсэн зээлийн хүүг багасгаж үндсэн зээлээс тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Нэхэмжлэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : Би 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хариуцагч нарт 5 хувийн хүүтэй 3-н сарын хугацаатай 2,500,000 төгрөгийг ..... улсын дугаартай суудлын П машиныг барьцаалж зээл олгож эхэлсэн. Бидний зээлийн харилцаа 2019 оны 5 дугаар сараас эхэлсэн. Хариуцагч тал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой байсан гэж ярьж байгаад гомдолтой байна. Яагаад гэвэл Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй. Надад нэг жилийн хугацаанд 28,360,000 төгрөг өгсөн гэсэн. Мөн энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлж тусгай зөвшөөрөл авсан байна гэсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шинэ хууль энэ зээлд хамаарахгүй гэж бодож байна. Аливаа нэг хууль гарахаар эхлээд Улсын Их Хуралд төсөл барьдаг. Төсөл нь хэрэгжиж баталдаг. Баталсны дараа тэдэн сараас тэднээс гэж шийдвэр гарч дагаж мөрдөх хугацаа гэж байгаа. Энэ хугацаа нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс практикт хэрэгжсэн гэж би ойлгодог. Зээлийн хүү Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно гэсэн. Зээлдэгч энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т заасан Хариуцагч зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана гэж заасан. Зээлийн хүүг барьцаатай, барьцаагүй гэсэн 2 хэлбэрээр тогтоодог. Тухайн үед зах зээлийн жишиг зээлийн хүү гадуур 10, 15 хувийн хүүтэй байсан. Би өөрийгөө боломжийн 5 хувийн хүү тогтоосон гэж боддог. Зээлдэгч нар буцаагаад надаас хүү авна гээд гомдол гаргасан байгааг ойлгохгүй байна. Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол зээл авах эрхээ алдана гэж заасан байдаг. Зээлийн гэрээг бичгээр хийсэн. Хуульд зээлдэгч нар надаас буцаагаад хүү шаардах эрх байхгүй. Зээл шаардах эрхгүй гэсэн хуулийн заалт байдаг болохоос биш хариуцагч нарын зөвшөөрөөд төлсөн зээлийг эргүүлж үндсэн зээлээс хасах хуулийн заалт байхгүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль гарахаас өмнөх зээлийн гэрээ байгуулсан учраас хуучин хуулийн хүрээнд авч үзэх ёстой. Зээлийн салшгүй нэг хэсэг зээл 1 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон байгаа нийт 25,000,000 төгрөгийн зээл нь энэ хуулийг гарахаас өмнө байгуулагдсан гэрээ юм. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байгуулагдсан гэрээ байхгүй. Энэ 68,000,000 төгрөг бол хуучин хуулийн хүрээнд яригдах асуудал байгаа. Би тусгай зөвшөөрлөө авсан байсан. Гэвч 40,000,000 төгрөгөө өгчхөөд надад эдийн засгийн хувьд хүндрэлтэй, эрүүл мэндийн хувьд асуудалтай үйл ажиллагаа маань тасалдсан. Би 50,000,000 төгрөг дотор л эргэлддэг байгаа. Эдгээр хүмүүс намайг гүтгэж байна. Гэрээний биелэлтийг дүгнэхэд энэ хуулийг гарахаас өмнө шинээр зээлийн гэрээ хийгдэж цаашдаа үйл ажиллагаа үргэлжилсэн гэж үзвэл би санаа нийлэхгүй байна. Би хариуцагч нартай 2019 онд байгуулсан зээлийн гэрээнийхээ биелэлтийг дүгнээгүй. Шинээр гэрээ байгуулж олгосон баримт нотолгоо, банкны харилцах байхгүй. Хариуцагч нар хуучин зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гүйцэтгээгүй эргэн төлөх харилцах дансанд хийсэн нотлох баримт байхгүй. Тийм болохоор гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нар нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж мөнгө авчхаад дараа нь надад шударга бусаар хандаж байгаа нь сонин санагдаж байна. Би зээлийн хүүгээс хасуулах 28,360,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00566 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч Г.Л , М.Х нар нь авсан зээлээ хүлээн зөвшөөрч байна. Зээлсэн 45,000,000 төгрөгт ямар нэгэн маргаан байхгүй гэдгээ нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд ч хэлдэг. Харин нэмэгдүүлсэн шаардлага 20,360,000 төгрөг, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн хүүг төлнө гэсэн тайлбар гаргаж байсан. Гэтэл өнөөдөр харилцан тохиролцож хүү, үндсэн зээлээ төлсөн мөртлөө илүү төлсөн 28,360,000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн. Энэ 28,360,000 төгрөгөө нэхэмжлэх баримт тооцоо байхгүй байгаа. Иймд хариуцагч нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00566 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр хүчин төгөлдөр бус гэсэн хор хохирлын талаар яригдаагүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр гэрээ гэж заасан. Тэгэхээр аль аль нь хүлээн зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжилж байгаа дүн нь хуулийн үндэслэлгүй. Зээлийн гэрээ хүчингүй болчхоод үр дагаврыг ярьж байгаа бол өөр хэрэг. Гэрээ хүчин төгөлдөр байхад би хүү алданги төлсөн гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй шаардлага юм. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 20,641,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг барьцаалан зээлдүүлэх шинэ хууль гарсантай холбогдуулж тайлбарласан. Нэхэмжлэгч хуулийн шаардлага нь тийм яахав гэж шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж давж заалдах гомдол гаргаагүй. Гэтэл танайх гаргахгүй бол би гаргана гэж байгаа юм шиг гэрээг хүчин төгөлдөр байхад гэрээний үүргээ биелүүлэхгүй гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00566 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч Б.О хариуцагч Г.Л , М.Х нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөг, хүү 2,600,000 төгрөг, алданги 384,750 төгрөг, нийт 47,984,750 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 20,335,500 төгрөгөөр нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу фидуцийн гэрээний талуудын байр суурийг тодруулаагүйгээс нэхэмжлэлийн хүрээнд бүрэн шийдвэрлээгүй, фидуцийн гэрээний талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан байна.
Зээлийн гэрээний үүргийн дагуу барьцаа хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах талуудын хооронд гэрээ байгуулагдсан байж болох хэдий ч фидуцийн зүйлээр зээлийн үүргийг хангасан эсэх, фидуцийн гэрээний зүйл нь зээлдэгчид бодитойгоор шилжсэн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.О барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээ, түүний дагуу хийсэн зээлийн тооцооллын хүрээнд талууд мэтгэлцсэн атал анхан шатны шүүх зээлийн гэрээ, түүний нөхцөл, үүргийн биелэлттэй талаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, үүнтэй холбоотой Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Гэтэл шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, шүүх хуралдаанд талууд фидуцийн гэрээний талаар мэтгэлцээгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад давж заалдах шатны шүүхээс энэ тухай дүгнэлт хийх замаар шүүхийн алдааг зөвтгөж залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв .
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагч нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч М.Х гоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Л , М.Х нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ