| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0298/э |
| Дугаар | 583 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 20.10.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 583
2019 06 13 2019/ШЦТ/583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Б.Мөнгөншагай;
шүүгдэгч: М.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхмандахын Мд холбогдох эрүүгийн 1803007970427 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 20 гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....................... регистерийн дугаартай, Боржигон овогт Мөнхмандахын М.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.М нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 36 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлон” хийдийн зүүн урд замд “Тоуота-Соrollа Sраcio” маркийн 46-90 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Дангаасүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял оногдуулна уу гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12/, хохирогч С.Дангаасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 21-23/, гэрч С.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч С.Нямаагийн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч А.Оюунбаярын мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч Б.Мөнхзолбоогийн мэдүүлэг /хх-ийн 35-36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11462 дугаартай дүгнэлт /хх-ийн 49/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 897 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-54/, тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 716 дугаартай дүгнэлт /хх-ийн 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 36 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлон” хийдийн зүүн урд замд “Тоуота-Согоllа Sраcio” маркийн 4690 УНО дугаартай тээврийн хэрэгслийг жолооодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Дангаасүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
мөрдөгчөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12/,
хохирогч С.Дангаасүрэнгийн /хх-ийн 21-23/: “... 3 дугаар сургуулийн орчимд автомашинд мөргүүлсэн. Автомашины 4 дугуй миний дээгүүр гарсан... Эмэгтэй жолооч байсан... “ гэх мэдүүлгээр,
гэрч А.Оюунбаярын /хх-ийн 33-34/: “... Сургууль руугаа явж байтал уулзварын урд талд явган хүний зам дээр нэг эмэгтэй “үхлээ ш дээ яанаа, би хүн алчихлаа” гээд орилоод байсан. Би юу болсон юм бол гээд тэр эмэгтэй дээр очиход явган хүний гарцан дээр саарал өнгийн суудлын автомашин зогссон, доогуур нь нэг хүн орчихсон байсан. Уг автомашины баруун хойд дугуй брожурын завсар хүний толгой ил гарсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Мөнхзолбоогийн /хх-ийн 35-36/: “... эмэгтэй хүн орилоод байхаар нь цонхоор хартал уулзварт явган хүний гарцан дээр саарал өнгийн суудлын автомашин зогссон хойд /баруун/ дугуйны дотор талд нь хүний толгой цухуйсан, жолооч нь бололтой эмэгтэй автомашины баруун урд хаалганы гадна талд зогссон, орилоод, уйлаад байсан. Би явган зорчигч автомашинд мөргүүлэхийг хараагүй...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11462 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд /хх-ийн 49/: “С.Дангаасүрэнгийн биед баруун 2-7-р, зүүн 2-8-р хавирганы хоёрлосон далд хугарал, цээжний баруун хөндийн дэх шингэн хуралдалт, хэвлий, хоёр тохой, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэж дүгнэснээр,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 897 дугаартай /хх-ийн 51-54/: “...С.Дангаасүрэн нь зам тээврийн осолд орох үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Тухайн үедээ С.Дангаасүрэн нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна. С.Дангаасүрэн нь өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн, харсан, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Дангаасүрэн нь өөрийн сэтгэцийн түвшинд хэрэг бүртгэлийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг тусган ойлгох чадвартай байна. С.Дангаасүрэнгийн дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно...” гэх дүгнэлтээр /хх 51-54/,
Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 716 дугаартай /хх-ийн 56/: “...Тоуоtа-Согоllа маркийн 46-90 УНО улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Дангаасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх техникийн шинжээчийн дүгнэлтээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, техникийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүнд гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно
Шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүнд гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч М.Мийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч С.Дангаасүрэн нь “өөрт учирсан хохиролд 5.708.450 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч С.Дангаасүрэн нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогчийн эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан тул шүүгдэгч М.Мд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах эрх хасах ял оногдуулав.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхмандахын Мийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Мд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах эрх хасах ял оногдуулсугай.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч С.Дангаасүрэн нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг /Си Ди/-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ