| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2016/00277/И |
| Дугаар | 146/ШШ2016/00270 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2016/00270
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Булган аймаг, Рашаант сум, 3 дугаар баг, 8 дугаар гудамж, 04 тоотод оршин суух, ЙЕ61042109 дугаарын регистртэй, Эмээл овгийн Бат-Очирын Осоржингийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Осоржин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Осоржин нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Осоржин миний бие нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1981 оны 1 сараас 1990 оныг дуустал малчнаар “Улаан туг” бригадад ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” бригадад 1981 оны 01 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Осоржин ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Осоржин нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №205 дугаартай архивын лавлагаа, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.Осоржинд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Ламзав, О.Бийвэл, Д.Чимэддавга нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг тогтоох боломжгүй байна. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Б.Осоржингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Эмээл овгийн Бат-Очирын Осоржинг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Осоржингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ц.ДАГИЙМАА