| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 145/2024/00310/И |
| Дугаар | 204/МА2025/00004 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 204/МА2025/00004
2025 оны 01 сарын 22 204/МА2025/00004
Т ХК -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 146/ШШ2024/00285 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т ХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ШШГГ нээлттэй, хаалттай хорих анги холбогдох,
Хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Л /цахимаар/, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
2. Т ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1488 тоот албан бичиг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын хөрөнгийн үнэлгээчин Г.О-ын үнэлгээний тайланд дурдсан төлбөр төлөгч Г.Г, Г.Б, “Д” ХХК нарын хөрөнгийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагынхаа үндэслэлийг...Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх”, 8.3.9-д “Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл” гэсэн шаардлагуудыг хангаагүй... гэж тайлбарласан.
Хариуцагч ШШГГ нээлттэй, хаалттай хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Л...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хууль журмын дагуу явагдсан. Шийдвэр гүйцэтгэх албатай гэрээтэй байгуулсан мэргэжлийн үнэлгээчин үнэлгээ хийсэн. Хөрөнгийн үнэлгээчний үнэлгээнд шийдвэр гүйцэтгэгч оролцож үнэлэх хууль зүйн зохицуулалт, боломж байхгүй. Хараат бусаар үнэлгээ гаргадаг үнэлгээчин байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.
3. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээчин Г.О нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн үнэлгээний төлөв байдал /байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м/зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн үнэлгээ хамгийн өндөр байх зах зээлийн хандлагаар тооцоололд илүү ач холбогдол өгч, үнэ цэнийг тогтоосон нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, үнэлэгдэж буй эд хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар үнэ цэнийг тодорхойлж, дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өвөрхангай аймгийн ШШГГ нээлттэй, хаалттай хорих ангийн төлбөр төлөгч Г.Г, Г.Б, “Д” ХХК нарын хөрөнгийг үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй.
Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
4. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 146/ШШ2025/00285 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.. гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгч Т ХК -аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 146/ШШ2024/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ