| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0580/э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: Г.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Галбадрахын Тд холбогдох эрүүгийн 1909016860557 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хай Дрийм” ХХК-д манаач ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 65 гудамж, 1б тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, одоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 704А тоотод түр оршин суух, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 344 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар болон өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 9 сар 23 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар болон өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ................ регистерийн дугаартай, Боржигон овогтой Галбадрахын Т.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 704А тоотыг хөлслөн суудаг хохирогч Ц.Нинаг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Нинагийн мэдүүлэг /хх-ийн 13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5204 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, яллагдагч Г.Тгийн мэдүүлэг /хх-ийн 4-7/, хохирогч Ц.Нинагийн хүсэлт /хх-ийн 54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 704А тоотод иргэн Ц.Нинаг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ц.Нинагийн /хх-ийн 13-14/: “... гэртээ байж байхад миний амьдардаг байшинд өрөө хөлсөлдөг нэг залуу халамцуу орж ирээд намайг багалзуурдаад, би эсэргүүцэл үзүүлээд орилж хашгирсан. Тэгээд би “чи яасан даварсан амьтан бэ, хүн дээрэлхээд” гэтэл тэр залуу миний толгойг орны толгой руу мөргүүлсэн, хөл гар хөхөрсөн, толгой хавдсан, хоолойноос багалзуурдсан, намайг гэртээ ганцаараа байхад ганцаараа орж ирсэн, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр
Г.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-7/: “...гадагшаа гараад өөрийн машины хажуугаар явж байсан чинь машины хамар дээр нэг пивор зүйлийн хагархай байсан. Би “та нар машины цонх хагаллаа, хагархай зурагтаа зам дээрээс холдуул” гэхэд Нина гэгч гарч ирээд “чи муу архичин дуугай бай” гэхээр нь би цааш
нүүр рүү нь түлхтэл Нина цаашаа унаад босож ирээд миний нүүр хэсэг руу нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад салахгүй байсан бөгөөд би цааш түлхээд намайг хайруулын тавгаар цохисон. Тэгээд надтай ноцолдоод, би цамцнаас нь зууртал цамцнаасаа мултраад гараад ирсэн. Би “зайл муу чавганц минь” гэж хэлээд ор руу нь түлхэж унагаагаад гараад явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Нинагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
Ц.Нинагийн биед “тархи доргилт, дух, баруун чамархай, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, нурууны цус хуралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зулгаралт” бүхий хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эдгэж буй шинэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5204 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Тгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.Тгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ц.Нина нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Тг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Галбадрахын Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ