Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1312

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 06                     Дугаар 1312                                        Улаанбаатар хот

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04387 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

Байрны мөнгөн дээр үндэслэлгүйгээр авсан 33 901.4 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХХХ дүүрэг ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, "ХХХ" хотхон ХХХХХХ тоотод оршин суудаг бөгөөд тус хотхоныг барьсан "ХХХ" ХХК-иас СӨХ байгуулагдаагүй байхад ямар ч үндэслэлгүйгээр сар бүр байрны мөнгөн дээр буюу өрхийн хувийн хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгөн дээр нэмж 14 000 төгрөгийг хурааж авсан.

2015 оны 11 дүгээр сарын усны мөнгө гэж 12 318 төгрөг, дулааны мөнгө 20 773 төгрөг, цахилгааны мөнгө 19 330 төгрөгийг тус тус төлсөн байхад нэмж надаас 14 000 төгрөгийг СӨХ байгуулагдаагүй 2015 оны 11 дүгээр сард байрны төлбөртэй хамт авсан, дээрх мөнгийн тус компанийн "Хаан банк" дахь 017272482 дугаар бүхий дансанд тушаасан. Миний бие СӨХ байгуулагдаагүй байхад өөрийн өмчлөлийн орон сууцанд хэрэглэсэн хэрэглээнийхээ ус, дулаан, цахилгааны мөнгийг өгөхөөс өөр ямар ч төлбөр төлөх үүрэг хууль, гэрээгээ үйлдээгүй болно. Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын өрхийн хэрэглээнийхээ ус, цахилгаан, дулааны мөнгийг бүрэн төлсөн хэдий ч мөн л 14 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч иргэн ХХ намайг хохироосон байх тул "ХХХ" ХХК-иас 1015 оны 11,12 дугаар сард нэмж авсан 28 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16 145 төгрөгөөр нэмэгдүүлсэн энэ нь 2015 оны 11 сард цахилгааны мөнгөн дээр 1702 төгрөг, 12 сард 9 656 төгрөг, халуун усыг 1632.4 төгрөгөөр бус 1636.4 төгрөгөөр бодож 12 төгрөг илүү авсан, хүйтэн усыг 528 төгрөгөөр бодохоос 550 төгрөгөөр бодож 10 төгрөг нийт 1 908 төгрөг илүү авсан. Шүүх хуралдаан дээр 2015 оны 11,12 сарын цахилгааны төлбөр нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчаас 33 901 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ХХХ" ХХК-д холбогдуулан 2015 оны 1,12 сарын цахилгааны мөнгөн дээр илүү авсан    8 702 төгрөг, 9 656 төгрөг, 2015 оны 11, 12 сарын усны мөнгөн дээр илүү авсан 2 030 төгрөг,    5 757 төгрөг нийт 26 145 төгрөгийг, 2015 оны 11,12 сард үндэслэлгүйгээр нэмж байрны мөнгөн дээр авсан 14 000 буюу нийт 28 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь тэр хорооллын дахин төлөвлөлтийн "Е" хэсэгчилсэн тайлбар буюу ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны ХХ дүгээр хороололд 10 000 орчим хүн амьдрах 2 448 айлын сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014, 2015 онд 64 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан барилгын компани юм. Нэхэмжлэл гаргасан ХХ-ын хувьд 2015 оны 10 сард ашиглалтанд орсон В-р байранд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Байр хүлээлцсэн акт"-ыг үйлдэж орон сууцандаа орсон. Нэхэмжлэгчийн 1-р шаардлага буюу 2015 оны 11-р сарын цахилгааны мөнгөн, 702 төгрөг, 12-р сарын цахилгааны мөнгөн дээр 9 656 төгрөг илүү авсан тухайд Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №199 тоот "Тариф батлах тогтоолын 2-р хавсралтаар "Айл өрхөд борлуулах цахилгааны тариф"-ыг баталсан. Уг хавсралтад зааснаар энгийн тоолууртай айлуудын хувьд "сарын нийт хэрэглээний 150 квт.ц хүртлэх хэрэглээг 98.40 төгрөгөөр, сарын нийт хэрэглээний 51 квт.ц болон түүнээс дээших хэрэглээг 118.20 төгрөгөөр" тооцохоор заасан. Уг тогтоолын дагуу манай компани нь айл өрхөөс энгийн тоолуурын тарифын дунджаар (98.40+118.20/2) буюу 108 төгрөгөөр цахилгааны төлбөрийг тооцсон. Хэрэглэгч ХХ-ын хувьд цахилгааны 11,12 сарын хэрэглээ нь 151 квт.ц-с их байсан С 118.20 төгрөгөөр бодох байсан хэдий ч тарифын дундаж 108 төгрөгөөр бодсон.

2015 оны 11,12-р сарын усны мөнгөн дээр илүү авсан 2.030 төгрөг, 5,757 5 нийт 26 145 төгрөгийг гаргуулах асуудлын тухайд "Манай компани нь хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт хийцүүлэх зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23 тоот тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотод амьдарч байгаа тоолууртай айлын 1 м.куб цэвэр усны үнийг 0.50 төгрөгөөр буюу /мЗ*1000-500 төгрөг/ 500 төгрөг, НӨАТ-тэй дүн 550 төгрөгөөр тооцсон, мөн бохир усны үнийг 0.31 төгрөгөөр /мЗ-1000-310/ НӨАТ-тэй дүн 341 төгрөгөөр тооцсон. Иймд хүйтэн ус болон бохир усны төлбөрийг 528 төгрөгөөр бодохоос 550 төгрөгөөр бодож 110 төгрөг илүү авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Халуун усны тарифын хувьд компанийн нягтлан бодогчийн буруутай үйлдлээс 1 632.4 төгрөгөөр бодох байсныг 1636.4 төгрөгөөр бодож 1 мЗ тутамд 4 төгрөг нэхэмжлэгч ХХ-ын 11, 12, 1,2 сарын нийт хэрэглээ 12 мЗ халуун усанд нийт 48 төгрөгийг илүү тооцсон байна. Уг илүү бодсон төлбөрийг 3 сарын халуун усны төлбөрөөс хасаж тооцох боломжтой.

2015 оны 11,12 сард үндэслэлгүйгээр нэмж байрны мөнгөн дээр авсан төгрөг нийт      28 000 төгрөгийг гаргуулах асуудлын тухайд Иргэний хууль болон Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оршин суугч бүр оролцох үүрэгтэй. "ХХХ" ХХК нь 2015 оны 12 сараас орон сууцандаа орсон айл ашиглалтын мөнгө гэж 14000 төгрөгийг татсан бөгөөд уг мөнгө нь 88а,б,в байрны тог, цэвэрлэгээ, харуул хамгаалалтад зарцуулагдсан болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар ХХ-ын “ХХХ” ХХК-д холбогдох 33 901 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 7.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар уйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "ХХХХХ" нэртэй СӨХ нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээгээ авсан бөгөөд ХХ миний бие 2016 оны 03 дугаар сараас эхлэн суурь хураамж гэсэн нэртэйгээр мөнгө авлаа гэж нэхэмжлээгүй, харин өмнөх оны буюу СӨХ-ийн гэрчилгээ гарахаас 3 сарын өмнөх буюу 2015 оны 11 сард суурь хураамж гэж авсан 14.000 төгрөг, мөн оны 12 дугаар сард авсан 14.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн атал хэрэгт авагдсан баримтад үндэслэж шийдвэр гаргаагүй, СӨХ-ийн гэрчилгээ гарсан, харин өнөөдрийг хүртэл тамга байхгүй буюу аваагүй, мөн СӨХ-ийн гэх нэг ч данс байхгүй, мөн өнөөдрийг хүртэл албан ёсоор орон сууцны конторт цахилгаанаа хүлээлгэж өгч дуусаагүй байгаа, мөн оршин суугчдад орон сууцыг хүлээлгэн өгсөн акт үйлдэгдээгүй буюу СӨХ үнэн чанартаа хууль ёсоор байгуулагдаж дуусаагүй байгаа. Иймдээ ч иргэн ХХ надаас суурь хураамж гэж 2015 оны 11, 12 сард нийт 28.000 төгрөг авахдаа "ХХХ" ХХК нь өөрсдийнхөө компанийхаа 5017272482 дансанд мөнгийг авсан байдаг. СӨХ байгуулагдсан байсан бол СӨХ-ийн дансанд 28.000 төгрөг орсон байх ёстой байсныг анхаарч үзнэ үү. Хэрэгт "ХХХ" ХХК-ийн дансанд мөнгө орсон бичгийн баримт хэрэгт байгаа болно. "ХХХ" ХХК-иас нэхэмжлэлийг гардаж аваад өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэгчээс усны мөнгө илүү авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг атал шүүх энэнд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. ХХ миний бие шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл нь 3 хоногтоо гараагүй нь тэмдэглэл нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3-т заасныг зөрчсөн бөгөөд мөн миний бие тэмдэглэлд өөрчлөлт оруулах санал хүсэлт гаргасан боловч шүүгчийн туслах нь "Шүүгч өвтэй байгаа шийдвэрлэх хүн байхгүй" гэсэн хариу өгсөн нь нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчсөн процессийн алдаа гарсан. Хариуцагчаас хэрэгт өгсөн харуул хамгаалалтын гэрээ зэрэг маш олон төрлийн гэрээ гаргаж өгсөн бөгөөд гаргаж өгсөн бүх   гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй бүгд хуулбар байгааг анхаар үзнэ үү.

Дээрх баримтуудыг шүүгч нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй. Тус байрны оршин суугчдын сонгосон төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл хүчингүй болсон бөгөөд шүүгч хэн нь үл мэдэх гарын үсэгтэй хурлын тэмдэглэлийг мөн л нотлох баримтын шаардлага хангаагүй байхад нотлох баримтаар үнэлсэн.

Хариуцагч хариу тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлэгт усны мөнгө илүү авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг, 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар уйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө" гэж заасан. Гэтэл 88 дугаар байрны СӨХ гэрчилгээ авснаас бус яг хууль ёсны дагуу байгуулагдаж дуусаагүй байгаа. СӨХ-ийн мөнгө гэж нэг ч өрх айл мөнгө хураалгасан удаа байдаггүй, СӨХ нэг ч өрхөөс СӨХ-ийн мөнгө гэж авч байгаагаагүй, захирлаа дөнгөж 2016 оны 03 сард ТУЗ томилоод одоогоор данс нээх, тамга авах ажлууд хийгдэхээр бичиг баримтын төсөл нь явж байгааг анхаарч үзнэ үү. Хууль болон гэрээгээр "ХХХ" ХХК-ийн өмнө хүлээсэн ямарваа нэгэн үүрэг байхгүй. Гол нь оршин суугч ХХ миний ард 432 айл өрхийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд бүх оршин суугчид шүүх яаж шийдвэрлэхийг, үнэн мөнийг хүлээн сууж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан байрны мөнгөн дээр үндэслэлгүйгээр нэмэж авсан 33 901.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, уг мөнгө нь байрны хог, цэвэрлэгээ, харуул хамгаалалтад зарцуулагдсан гэж маргажээ.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн зохицуулалыг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй    болгосон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн оршин сууж буй орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь холбогдох хуульд заасан журмаар байгуулагдсан эсэх, улмаар хариуцагч компани нь оршин суугчдаас 28 000 төгрөгийг ашиглалтын зардлын хэмжээ тогтоох, хураан авах эрхтэй эсэх нь тогтоогдоогүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны ашиглалттай холбогдох зардлыг өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр байхад шүүх хариуцагч компани нь хог, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардлыг авах эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх, хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин    шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                          М.НАРАНЦЭЦЭГ