| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04843/и |
| Дугаар | 4843 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 4843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхон, 204 дүгээр байр, 63 тоот хаягт оршин суух Чимэд овогт Батсүхийн Баярсайхан /рд:ЧЙ69021417/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхон, 204 дүгээр байр, 63 тоот хаягт оршин суух Пүрэвийн Мөнхтулга /рд:ЧЙ86020918/-д холбогдох
12,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагч П.Мөнхтулга, түүний өмгөөлөгч С.Галцацрал, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн хүрээ хотхонд 100.84 м,кв талбайтай үйлчилгээний талбай захиалах зорилгоор Зүүн хүрээ шилтгээн ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С1-05-0202 тоот Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулсан юм.
Тус компани үйлчилгээний талбай захиалга авах ажлыг 2012 оны 09 дүгээр сараас эхлэхэд би захиалга өгөх зорилгоор очиход компанийг төлөөлж П.Мөнхтулга гэгч залуу надтай уулзсан ба намайг үйлчилгээний талбайн захиалга өгөх гэхэд манайх 50 хувийн урьдчилгаа авдаг тул боломжгүй гэсэн хариу өгсөн.
Тухайн үед надад 100,000,000.00 төгрөг байсан бөгөөд П.Мөнхтулгаас захиалга авчих тэгэх үү гэж их удаан гуйсан, үүнээс хойш захиалгыг минь авахыг хүлээж, 3 сар мөнгөө эргүүлж чадахгүй банкинд хадгалуулж байсан. Энэ хугацаанд би хариуцагч П.Мөнхтулгатай хэд хэдэн удаа ярихад тэрээр захиалга авахгүй гэж хариу өгдөг байсан бөгөөд сүүлдээ өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө худалдах гэж буй хүн шиг аашилж, тохиролцох саналыг надад тавьсан.
Би 3 сар хүлээсэн болохоор тэвчээр алдаад за гэж хэлээд түүнтэй 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулзахад тэрээр 15,000,000.00 төгрөгийг гэрээнээс гадна надад өгчих, тэгсэн тохиолдолд таны захиалгыг авъя гэхэд нь би гэрээ хийж байгаа хүн бүр ийм хэмжээний мөнгө өгдөг байх гэж бодоод зөвшөөрсөн.
Ингээд маргааш нь буюу 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Д.Отгонжаргалын Хаан банк ХХК-ийн 5069017750 тоот данснаас П.Мөнхтулгын өгсөн 5029601720 тоот данс руу 15,000,000.00 төгрөгийг шилжүүлж мөн тэр өдөр Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан.
Тухайн үед хариуцагч П.Мөнхтулга нь компанийн эрх мэдэлтэй хүмүүстэй уулзуулахгүйгээр өөрөө шунахай сэдэлтээр намайг санаатайгаар хясан боогдуулж, надад ховор олдоцтой үйлчилгээний талбай худалдаж байгаа шүү гэх сэтгэгдэл төрүүлж, хуурч мэхлэн надаас 15,000,000.00 төгрөг авсан.
Үүнээс хойш би П.Мөнхтулгатай удаа дараа уулзаж “чи надад борлуулах талбай байхгүй ч олж өгнө гэж худал ярьж, надаас их хэмжээний мөнгө авсан байна, байхгүй гээд байсан талбай чинь одоо болтол худалдагдаагүй байна, мөнгөө буцааж авъя” гэх зэргээр нэхэл дагал болж байж 3,000,000.00 төгрөг буцааж авсан.
Одоо болохоор П.Мөнхтулга нь чаддаг юм бол шүүх, цагдаагийн байгууллагаараа яваад аваарай гэдэг юм.
Иймд, хариуцагч П.Мөнхтулгаас 12,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч П.Мөнхтулга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Зүүн хүрээ шилтгээн ХХК-нд барилгын борлуулалтын менежер ажилтай байхдаа иргэн Б.Баярсайхантай Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээ хийсэн юм.
Өнөөдрийн байдлаар энэ хүн тухайн үл хөдлөх хөрөнгөө өмчилж, өөрийн өмч болгосон бөгөөд гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж, ашиг орлого олж байна.
Б.Баярсайханыг миний зүгээс хавчиж, хяхсан зүйл байхгүй, харин ч би түүнд ашигтай талбайг харьцангуй хөнгөлөлттэй үнээр буюу 347,898,000.00 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа 100,000,000.00 төгрөгөөр захиалан авах нөхцөл бүрдүүлсэн.
Манай компанид тухайн үед 3 борлуулалтын менежер ажиллаж байсан бөгөөд Б.Баярсайхан нь өөрөө л надтай холбогдож, энэ бүгдийн эхлэлийг тавьсан. Би тухайн үед 15,000,000.00 төгрөгийг шагналын журмаар олгож байна л гэж ойлгосон.
2016 онд 3,000,000.00 төгрөгийг өгөхдөө энэ 15,000,000.00 төгрөгөөс тооцож өгөөгүй, Б.Баярсайханы эхнэр надтай таараад ах чинь групп-т орсон, бидэнд эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, туслаач гэхээр нь өгсөн.
Нэхэмжлэгчийн хувьд хүсээд байсан үйлчилгээний талбайгаа авахад нь миний бие тусалсан бөгөөд Б.Баярсайхан ч хүссэн зүйлээ авсан байдаг.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь хариуцагч П.Мөнхтулгад холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд 12,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П.Мөнхтулгын зүгээс 12,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч талаас үндэслэлгүйгээр аваагүй, Зүүн хүрээ шилтгээн ХХК-тай ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулахад нь туслалцаа үзүүлсэн, энэ мөнгө шагналын мөнгө учраас буцаан төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүхээс, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Зүүн хүрээ шилтгээн ХХК-тай Үйлчилгээний талбай захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, 101.58 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1 м,кв талбайн үнийг 3,450,000.00 төгрөгөөр тооцож, авахаар тохирчээ /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/.
Шүүхэд өгсөн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас үзвэл талууд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээний талбай захиалгаар бариулах тухай гэрээнд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 100.84 м,кв талбай болгож, 1 м,кв талбайн үнийг 3,450,000.00 төгрөг хэвээр байхаар тохирсон байна /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/.
Хариуцагч П.Мөнхтулга нь тухайн үед Зүүн хүрээ шилтгээн ХХК-нд борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан, нэхэмжлэгч Б.Баярсайхантай Үйлчилгээний талбай захиалгаар бариулах тухай гэрээг компанийн нэрийн өмнөөс байгуулсан, 15,000,000.00 төгрөгийг түүнээс хүлээн авсан гэх үйл баримтын талаар талууд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Харин хариуцагч П.Мөнхтулга нь уг компанийг төлөөлж, түүний нэрийн өмнөөс нэхэмжлэгч Б.Баярсайхантай гэрээ, хэлэлцээр байгуулахдаа шударга бус байдлаар хөрөнгөжсөн байна.
Учир нь, хариуцагч П.Мөнхтулга нь Зүүн хүрээ шилтгээн ХХК-нд борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байхдаа компаниас олгосон бүрэн эрхийн хүрээнд компанийн нэрийн өмнөөс бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулж, үл хөдлөх хөрөнгө борлуулах үйлдэл хийх ёстой боловч өөрт олгогдсон эрх хэмжээгээ буруугаар ашиглаж, бусдаас шударга бусаар хөрөнгө шилжүүлэн авсан байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, 63.3-т “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж” тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд өөрийгөө болон бусдыг төлөөлж оролцохдоо хууль болон гэрээнд заасан эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд хариуцагч П.Мөнхтулгын хувьд компанийн өмнөөс Б.Баярсайхантай гэрээ, хэлэлцээр байгуулахдаа шударга бус хандаж, гэрээ байгуулсны төлөө түүнээс мөнгө авсан нь буруу юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар зохицуулсан ба тус хуулийн 16.3-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.
Энэ нь дээр дурьдснаар иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.
Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаардана.
Гэтэл хариуцагч П.Мөнхтулга нь компанийн борлуулалтыг хариуцаж, худалдан авагч нарт компанийн бий болгосон үл хөдлөх хөрөнгийг өөрийн бус харин компанийн нэрийн өмнөөс бусдад худалдах үүрэг хүлээсэн атлаа харилцагчаас гэрээнд заагаагүй буюу гэрээний нөхцөлд тусгагдаагүй төлбөрийг хувьдаа авсан нь түүнийг тус хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Баярсайханд тухайн үед Зүүн хүрээ шилтгээн ХХК-ийн барьж буй үл хөдлөх хөрөнгөөс түүнд таалагдсан байрлалд, түүний хөрөнгө мөнгөний хэмжээнд тааруулж гэрээ, хэлэлцээр байгуулахад нь хариуцагч П.Мөнхтулга тусалсан гэх боловч үүний төлөө нэхэмжлэгч Б.Баясайханаас 15,000,000.00 төгрөг авсан нь ёс зүйн хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл биш юм /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/.
Учир нь, худалдагчаас зах зээлд өөрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийтэд худалдахаар саналын дуудлага гаргасныг хүлээн авсан худалдан авагч тал тухайн нөхцөл болон өөр нөхцөлөөр гэрээ байгуулах саналыг буцаан худалдагч талд гаргахад уг бараа, бүтээгдэхүүнийг худалдах санал гаргасан худалдагчийг төлөөлөх эрхтэй этгээд нь ийнхүү өөрчилсөн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх эсхүл хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй байсан атал өөрчилсөн нөхцөлөөр гэрээг байгуулсаныхаа төлөө худалдан авагчаас гэрээний нөхцөлд тусгагдаагүй мөнгөн төлбөрийг тухайн этгээд өөртөө авч буй нь шударга бус бөгөөд энэ тохиолдолд түүнийг худалдан авагчаас гарах ёсгүй байсан зардлаар хөрөнгөжсөн гэж үзнэ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх үүрэгтэй бөгөөд нэгэнт хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах бусад гэрээний үндсэн дээр ажиллаж буй бол өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийх ёстой зүйлээ хийснийхээ төлөө, хийх ёсгүй байсан зүйлээ хийснийхээ төлөө өөр этгээдээс төлбөр авах нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл биш, хэрэв дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөх тохиолдолд шударга бус байдал үүснэ.
Иймд, хариуцагч П.Мөнхтулгыг Б.Баярсайханаас 15,000,000.00 төгрөгийг авахдаа шударга бусаар хөрөнгөжсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэжээ.
Хариуцагч П.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч С.Галцацрал нарын зүгээс нэхэмжлэгч Б.Баярсайханд түүний ашиг сонирхол, хөрөнгийн хэмжээнд нийцсэн үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээг байгуулснаар түүнд ач холбогдол бүхий үр дүн гарсан бөгөөд үүнийхээ төлөө хариуцагч тал шагнал авсан, талуудын хооронд тодорхой үйлдэл хийх, түүний төлөө шагнал өгөх харилцаа үүссэн гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 420 дугаар зүйлд шагнал олгохоор нийтэд амлалт өгөх тухай харилцааны талаар зохицуулсан ба тус хуулийн 420.1-д зааснаар тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэжээ.
Гэвч нэхэмжлэгч Б.Баясайханы зүгээс ийнхүү Зүүн хүрээ шилтгээн ХХК-тай Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулах боломжийг бүрдүүлсэн хэн нэгэн этгээдэд шагнал олгохоор нийтэд хандсан амлалт өгсөн, үүний дагуу хариуцагч П.Мөнхтулга гэрээ, хэлэлцээр байгуулах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 410 дугаар зүйлд гэрээ, хэлэлцээрийг байгуулахад худалдагч болон худалдан авагч хоёрыг хооронд нь холбох, үүний төлөө шагнал авах зуучлалын харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч Б.Баясайхан болон хариуцагч П.Мөнхтулга нарын хооронд зуучлал, худалдааны зуучлал, худалдааны төлөөлөгчийн гэрээний харилцаа үүсч, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийг хариуцагчид 15,000,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч болсон гэхэд учир дутагдалтай байна.
Учир нь, хариуцагч П.Мөнхтулга тухайн үед худалдагч буюу ажил гүйцэтгэгч Зүүн хүрээ шилтгээн ХХК-нд харьяалагдан ажилладаг байсан, бусад ажилтны нэгэн адил ажил олгогч талын эрх ашгийн үүднээс компанийн борлуулалтыг өсгөх, хариуцах, бусад этгээдтэй компанийг төлөөлж гэрээ, хэлэлцээр байгуулах үйл ажиллагааг эрхэлдэг байсан боловч ажилтны хүлээсэн эрх, үүргээ урвуугаар ашиглаж, эрх зүйн дагуу бус үйлдлийг хийсэн нөгөө талаар тэрээр ийм зуучлах үйл ажиллагааг бие даан явуулдаг этгээд биш тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, нэхэмжлэгч Б.Баярсайханы зүгээс хариуцагчид 15,000,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй.
Нэгэнт хариуцагч П.Мөнхтулга болон нэхэмжлэгч Б.Баярсайхан нарын хооронд энэ төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч тухайн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд дээр дурьдснаар хариуцагч П.Мөнхтулга нь шударга бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Мөнхтулгаас 12,000,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 зүйлд зааснаар хариуцагч П.Мөнхтулгаас 12,000,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярсайханд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ХХК-иас 206,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Мөнхтулгаас 206,950.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.