| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/01688/И |
| Дугаар | 210/МА2025/00157 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00157
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05858 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 91,285,000 төгрөг гаргуулж, тээврийн хэрэгслийг буцаах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-иас 2010 онд үйлдвэрлэгдсэн Mercedes benz unimog 5000 маркийн тээврийн хэрэгслийг 89,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тээврийн хэрэгслийг худалдаж аваад 198 км яваад хроп нь эвдрээд зогссон. Тээврийн хэрэгсэл зогсох үед хропын арьсан дээр нүх үүссэн байсан. Тухайн нүхний ойр орчмыг тойруулж арчилж, зүлгэж, цэвэрлэж ямар нэгэн зүйл дээрээс нь наасан хуучин мөр байсан. Бид нар тээврийн хэрэгслийг худалдаж авах үед мотор, кропыг гадна талаас нь анзаарч харахад тухайн кроп дээр үүссэн нүх, мөр байхгүй байсан.
******* ХХК-иар үзлэг, оношилгоо хийлгэхэд хропны тос үзүүлэхэд арааны шүд хугарсан хэлтэрхий гарсан. Тээврийн хэрэгсэл Улсын хилээр орж ирээд 357 км явсан үүний 198 км-ийг аав ******* харин иргэн ******* Гаалиар оруулж ирээд 159 км явсан байна.
Иймд, тээврийн хэрэгслийг буцааж, тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 89,000,000 төгрөг мөн тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөсөн болон үзлэг оношилгоонд оруулахад гарсан зардал буюу тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу ачуулахад 1,300,000 төгрөг, дуудлагаар тээврийн хэрэгслийг асаалгахад 100,000 төгрөг, байрны гаднаас ******* ХХК руу ачуулж хүргэхэд 250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо хийлгэхэд 385,000 төгрөг, тус компаниас тээврийн хэрэгслийг байрлуулах газар болох 5 шар орчим ачуулж хүргэхэд 250,000 төгрөг, нийт 91,285,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* ХХК нь Mercedes benz U2150L маркийн машиныг 2023 онд Монгол Улсад оруулж ирсэн ба холбогдох хууль дүрмийн дагуу хил гаалийн шалгалтаар оруулж, бичиг баримтыг бүрдүүлэн татвар оношилгоонд оруулан бусад импортлогч нарын адил Монгол Улсад яваагүй номер дугаар аваагүй тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан билээ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хууль бус тээврийн хэрэгсэл авсан мэт Монгол Улсын хил гаалиар бүртгэлгүй эсвэл алдаатай худал хуурмаг бичиг баримтаар орж ирсэн тээврийн хэрэгсэл авсан мэт илтэд худал шалтаг ярьж худалдан авахдаа маш нарийн шалгаж авчхаад одоо өөрсдийн буруугаас эвдрэл гэмтэл учруулчхаад буцаана гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, дараах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-нд холбогдох Mercedes benz unimog 5000 маркийн тээврийн хэрэгслийг буцааж, 91,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн аав Ерлан нь Mеrсеdеs benz unimong 5000 маркийн тээврийн хэрэгслийн унаж Улаанбаатар хотоос 200 км зайд буюу Төв аймгийн Лүн сумд явж байтал тус авто тээврийн хэрэгсэл нь гэнэт зогсож, асахгүй байсан учир яаралтай худалдагч талд мэдэгдсэн бөгөөд За та юу ч гэсэн машинаа аваад ир гэж хэлсэн болно.
Үүний дагуу авто тээврийн хэрэгслийг яаралтай ******* ХХК-нд очиж үзүүлтэл маргаан бүхий тээврийн хэрэгслийн хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт цоорхой нүх, Кропны арьс цоорсон Кропны тос юүлж үзэхэд арааны шүд хугарсан хэлтэрхий гарсан, Кроп задалж эвдэрсэн эд ангийг тодорхойлох шаардлагатай, Аккумляторын дундын холбоос засварлаж холбосон, Кропнд шинээр тос шахсан, тухайн машины арлын дугаараар Бенз сэлбэгийн системд танигдахгүй байгаагаас сэлбэгийн мэдээлэл гаргах боломжгүй гэх мэт зөндөө асуудал гарсныг хариуцагч талд удаа дараа мэдэгдэж асуудлыг шийдэж өгөхийг шаардсан боловч мэдэхгүй, шүүх, цагдаагаар ханд, бид нарын асуудал биш гэх мэт удаа дараа тайлбар гаргасан болно.
Миний бие удаа дараагийн шаардлага тавьсан боловч хариуцагчийн зүгээс тоохгүй байсан учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-т заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг нэгэнт арилгуулах боломжгүй учир гэрээг цуцлах тухай удаа дараа утсаар мэдэгдэж 254 дүгээр зүйлийн 254.2, 256 дугаар зүйлийн 256.1-т тус тус заасны дагуу өөрийн анх шилжүүлсэн үнийн дүйнгийг шаардсан болно.
Анх маргаан бүхий авто тээврийн хэрэгслийг удаа дараа очиж үзэхэд хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт цоорхой нүхийг дээрээс нь нууж бөглөсөн байхыг энгийн анхан шатны авто тээврийн хэрэгслийн мэдлэгтэй хүн хараад яаж ч мэдэх боломжгүй юм. Хамгийн гол нь дээрх доголдлуудыг маш сайн дарж нуусан байсан, хэн ч хараад анзаарах боломжгүй байсан юм.
Иймд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдэн хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 91,285,000 төгрөг гаргуулж, тээврийн хэрэгслийг буцаах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Mercedes benz unimog 5000 маркийн тээврийн хэрэгслийг 89,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гаалийн бүрдүүлэлтийн баримтыг үзвэл Mercedes benz unimog U2150 маркийн автомашин импортолсон байсан хэдий ч уг автомашин нь миний шалгаж авсан Mercedes benz unimog 5000 маркийн автомашин мөн байсан... гэсэн тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй.
Талууд гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болон үнийг нь төлсөн үйл баримтын талаар маргаангүй, харин зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой байсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Тодруулбал, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигч нар худалдах, худалдан авах гэрээний зүйлийн чанарын талаар тусгайлан тохироогүй байх тул худалдагч ******* ХХК нь энэ хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зааснаар зориулалтын дагуу ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг худалдан авагч *******т худалдах үүрэг хүлээнэ.
5. Худалдан авагч ******* нь гэрээний зүйл болох Mercedes benz unimog U2150 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн эцэг *******д өгсөн, тэрээр тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймаг руу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр жолоодон явж байхад нь Улаанбаатар хотоос 198 километрийн зайд тус тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /хроп/ эвдэрч, улмаар зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэргийн 36 дахь талд ******* ХХК-ийн үзлэгийн хуудсанд ...хропны арьс цоорсон, тос юүлж үзэхэд арааны шүд хугарсан, хэлтэрхий гарсан, хроп задалж, эвдэрсэн эд ангийг тодорхойлох шаардлагатай байна гэжээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...хурдын хайрцгийн зүүн хажуу дээд талын хэсэгт 1.7х1.4 см хэмжээтэй цоорч, хөндлөн чиглэлд гэмтэлтэй, гэмтэлтэй хэсгийн гадаргуу өнгөц зэвэрсэн, будаг 4, 5 см тойрог хэмжээтэй ховхорсон, хурдны хайрцгийн хажуу болон доод хэсэг тос мэт зүйлээр өнгөц бохирлогдсон, доод талд ил харагдах гэмтэлгүй, ... хурдны хайрцгийн цоорхой цоорхой гэмтлийн гадаргууг цэвэр алчуураар арчихад будаг ховхорсон хэсгийн гадаргууд зүлгэгдсэн ором мөртэй байгаа нь ашиглалтын явцад хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн байх үндэслэлтэй. Гэмтэл үүссэн болон засварласан цаг хугацааг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байна. /х.х-ийн 109-120/
Үүнээс үзвэл зохигч нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл Mercedes benz unimog U2150 маркийн тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /хроп/ эвдэрсэн болох нь тогтоогдсон.
6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
Тодруулбал, мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар худалдагч авагч ******* тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс эхлэн түүнд эрсдэл шилжих бөгөөд хэрэв доголдол илэрсэн бол өөрт нь эрсдэл шилжихээс өмнө тухайн доголдлыг байсан гэдгийг нотлох, энэ талаарх гомдлоо баталгаат хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол уг эд хөрөнгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргах эрхтэй.
7. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд худалдах, худалдан авах гэрээний зүйлд баталгаат хугацаа тогтоогоогүй ба нэхэмжлэгч ******* нь гэрээний зүйл доголдолтой гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах талаарх гомдлыг хариуцагч ******* ХХК-нд тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс хойш хуульд заасан зургаан сарын дотор гаргасан байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, талууд энэ талаар маргаангүй.
Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж зааснаар гол доголдлыг худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө анхнаасаа байсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /хроп/ гол эд ангид тооцогдох бөгөөд гол эд ангийн доголдол ийнхүү баталгаат хугацаа тогтоосон бол уг хугацааны дотор, хэрэв тогтоогоогүй бол зургаан сарын дотор илэрсэн бол худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө үүнийг байсанд тооцно.
8. Худалдан авагч ******* нь ...тээврийн хэрэгсэл гаалиар орж ирсэн мэдүүлэгт километрийн заалт нь нийт 275,711 км гэж бичигдсэн ба эвдрэл гарсны дараа 276,068 км байсан. Тээврийн хэрэгсэл улсын хилээр орж ирээд нийт 357 км замыг туулсан. Би, тээврийн хэрэгслийг худалдаж аваад 198 км замыг туулсан, хариуцагч тал 159 км замыг туулсан байна. Тэгэхээр Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл 700 гаруй км замыг туулна гэж маргасан.
Энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын хувьд худалдагч ******* ХХК нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар дундаас доошгүй чанартай тээврийн хэрэгслийг худалдан авагч *******т худалдсан гэдгээ нотлох үүрэг хүлээнэ.
9. Хэрэгт цугларсан баримтаар уг тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /хроп/ нь яагаад цоорсон, тухайн цоорхой хэзээ үүссэн, мөн үүнийг хэн, хэзээ бөглөсөн, зэврэлт үүсээд удсан эсэх талаарх үйл баримт тодорхойгүйгээс гадна худалдагч ******* ХХК нь энэхүү гэмтэл нь автомашиныг худалдан авагч *******т хүлээлгэн өгөхөөс өмнө байгаагүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна.
Хэдийгээр худалдан авагч ******* нь тухайн тээврийн хэрэгслийг үзэж шалгаж хүлээн авсан боловч үүнийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар түүнийг доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй, гол доголдлыг эрсдэл шилжихээс өмнө байгаагүй гэдгийг худалдагч ******* ХХК нь нотолно. /х.х-ийн 51/
Анхан шатны шүүх хуульд заасан нотлох үүргийн хуваарилалтын буруу тогтоосноос нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 89,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас шаардах эрхтэй бөгөөд автомашиныг буцааж өгөх үүрэг хүлээнэ.
10. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу ачуулахад 1,300,000 төгрөг, дуудлагаар тээврийн хэрэгслийг асаалгахад 100,000 төгрөг, мөн ******* ХХК руу ачуулж хүргүүлэхэд 250,000 төгрөг, үзлэг, оношилгоо хийлгэхэд 385,000 төгрөг, түүнчлэн тус компаниас тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Таван шард хүргүүлэхэд 250,000 төгрөг, нийт 2,285,000 төгрөгийн зардал гаргасан гэсэн боловч уг хохирлоо баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05858 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 89,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчид Mercedes benz unimog 5000 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* ХХК-нд хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,285,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 602,950 төгрөг гаруулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР