Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/00158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04933 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гарааж худалдах, худалдах авах гэрээг цуцалж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлах 60 автомашины гараашаас 9 тоот гараашийг *******оос 9,000,000 төгрөгөөр худалдан авч, газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Тус 60 гарааж нь зөвшөөрөлтэй баригдсан гэж ойлгож байсан.

Гэвч нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь бусад гараажны өмчлөгч иргэдийн хамт нийслэлийн Засаг даргын захирамжийн ...60 автомашины гараашуудаас 8, 9, 10, 11 дүгээр тоот гараашт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Уг маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх гараашийн доорх газрын эзэмших эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн гэж үзэхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гарааш эрхийн доголдолтой болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар хэдийн тогтоогдож, гараашгүй болсон тул Иргэний хуулийн 25******* зүйлийн 254.1-т заасан журмын дагуу гарааж худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөр 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2020 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* байрны хажууд байрлах 9 тоот автомашины тоосгон гараашийг 17,000,000 төгрөгийн үнээр худалдаалах тухай зар тавихад нэхэмжлэгч *******ын нөхөр гэх иргэн түүнтэй холбогдож тухайн гараашийг үзэх үед тухайн гараашийг Чингэлтэй дүүргийн Газрын албанаас гарааш эзэмшигч нартай байгуулсан Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж, ашигладаг, эрх бүхий байгууллагын газар эзэмшүүлэх захирамжгүй болохоор газар эзэмших гэрчилгээгүй гэдгийг үнэн зөвөөр нь хэлсэн байдаг. Энэ үйл баримтыг тодруулахаар нь *******ын хамт Чингэлтэй дүүргийн Газрын албан дээр очиж ******* хороог хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж тодруулсан.

Өөрөөр хэлбэл, түүний эхнэр гэх ******* нар нь уг гараашны газар нь эзэмших эрхгүй, эрхийн гэрчилгээгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсэн учир тухайн үеийн тоосгон гараашуудыг худалдаж байсан зах зээлийн үнэлгээнээс доогуур ханшаар худалдан авах санал тавьсныг хариуцагч зөвшөөрч, 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарааж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ******* энэ өдөр 2009 оноос 2020 он хүртэлх хугацааны газар ашигласны төлбөрт 95,040 төгрөгийг газрын албанд төлж, төлбөрийн баримт, Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ, Газрын төлбөр тогтоосон акт зэрэг холбогдох бүх баримтуудыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн байдаг.

Иймээс нэхэмжлэгч нь анхнаасаа эрхийн доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсэн, хариуцагч тэдэнд энэ байдлыг нь үнэн зөвөөр нь хэлсээр байхад худалдан авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 25******* зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гарааж худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч ******* гараашаа худалдахдаа Нийслэлийн Засаг даргын 1998 оны 0******* сарын 07-ны өдрийн Гараашуудыг журамлах тухай А-122 дугаартай захирамжийн дагуу зөвшөөрөлтэй баригдсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дугаар магадлалууд байдаг. Угаасаа гэрчилгээ авах шаардлагагүй, дүүргийн газрын албанаас актаар төлбөр тогтоосны дагуу төлбөрөө төлөөд явахад болно гэж ойлгуулсан. Эдгээр баримт, материалууд, хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд итгэж гараашийг худалдан авсан.

Гэтэл шүүх гарааш өмчлөх эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэдгийг мэдэж байсан гэж дүгнэхдээ дээрх нийслэлийн Засаг даргын 1998 оны А-122 дугаар захирамж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 46******* шийдвэр, Захиргааний хэргийн давж заалах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн үндэслэлээ болгосон баримтуудыг үнэлээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй. Ингэснээр зөвхөн хариуцагчийн тайлбар, нэг талын баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь дүгнэж үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Мөн 2022 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гараад газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гараашийг ашиглаж буй хүмүүсийн гараашийг нураана гэдгийг ******* мэдэх боломжгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эрсдэл худалдан авагч талд шилжсэн.Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр худалдагч тал газрын төлбөрийг төлж дуусгах үүрийг хүлээсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах, үүнтэй холбоотой асуудал шийдвэрлүүлэх үүргийг хүлээлгээгүй. Яагаад гэвэл энэ зүйлийг боломжгүй зүйл гэдгийг Чингэлтэй дүүргийн газрын албанд очиж мэдсэний үндсэнд нэхэмжлэгч худалдаж авч байгаа учраас гэрээгээр энэ талаар тохироогүй. Энэ талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт дурдсан байдаг. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гарааш худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******той худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* орон сууцны баруун талд байрлах 60 автомашины гараашийн 9 тоот гаражийг 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 5/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн боловч гэрээний зүйлийн эрхийн доголдлын талаар үндэслэл бүхий дүгнээгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Нийслэлийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 тоот захирамжаар талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 9 тоот болон бусад гараашийг газрын зөрчилтэй гэсэн үндэслэлээр буулгах шийдвэр гаргасан, нэхэмжлэгч нь уг үндэслэлээр хариуцагчийг эрхийн доголдолтой гарааш худалдсан гэж маргаж байна.

 

Улмаар нэхэмжлэгч ******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэр бүхий хүмүүсийн хамт энэхүү захирамжаас өөрт хамаарах хэсэг болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 0******* сарын 13-ны өдрийн МЗХ2022/09-035 тоот дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 6-22/

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Тодруулбал, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан.

 

Зохигч нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд гараашийн чанарын талаар тухайлан тохироогүй байх тул худалдагч ******* нь энэ хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зааснаар зориулалтын дагуу ашиглах боломжтой гараашийг худалдан авагч *******ад худалдах үүрэг хүлээнэ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гараашийг худалдах, худалдан авах гэрээг *******ын өмнөөс байгуулах ажлыг зохион байгуулсан гэх гэрч ын мэдүүлгээс үзвэл зохигч нар анхнаасаа дээрх гараашийн дэвсгэр газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй болохыг мэдэж байсан байна. /х.х-ийн 71-74/

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж байх цаг хугацаанд худалдагч ******* нь 9 тоот гараашийн дэвсгэр газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаагүй, хэдийгээр тэрээр 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан боловч энэ нь түүнд эзэмших эрх олгосон шийдвэр биш тул тухайн гараашийн дэвсгэр газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон гэж үзэх боломжгүй юм.

 

7. Мөн зохигч нарын тайлбар, гэрч ын мэдүүлгээр хариуцагч ******* нь уг гараашийн дэвсгэр газрын тухайн үеийн нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч *******ад өөрт байгаа бүх мэдээллийг өгсөн байхын сацуу тэдгээрийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд гарааш болон түүний газартай холбоотой бусадтай байгуулсан гэрээ, хэлэлцээр хэрэгжээгүй болох талаар тухайлан дурджээ.

 

Энэ тохиолдолд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ад гараашийг байгаа байдлаар нь худалдсан гэж үзэх бөгөөд гараашийн дэвсгэр газар нь төрийн эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй гэдгийг нэхэмжлэгч нь мэдэж байсан байх тул Иргэний хуулийн 25******* зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гараашийг худалдан авсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ад тус гараашийн дэвсгэр газрын эзэмших эрхийг худалдаагүй учир талуудын хэн аль нь эрхийн доголдолтой гэж маргах эрхгүй.

 

8. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан.

 

Нэгэнт худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь гараашийг хүлээн авсан, түүнийг эзэмшиж, ашиглаж байх явцад төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр буулгахаар шийдвэрлэсэн нь худалдан авагчийн хүлээх эрсдэл тул үүнийг худалдагч тал хүлээхгүй.

 

9. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР