| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0067/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Шүүгдэгч: О.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эзнээ овогт Очирын От холбогдох 1929000900049 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 16-63 ӨМҮ улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.Идэрзолбоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Чимэд-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-15-р хуудас/,
Хохирогч Т.Чимэд-Очирын: “...Би найз Идэрзолбоогийн хамт тоглоомын төв орж биллъярд тоглох гээд явж байсан юм. Тухайн үед Идэрзолбоо тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тэгээд бид хоёрын урдаас нэг машин ирж яваа харагдсан, харанхуй байсан болохоор ямар тээврийн хэрэгсэл байсан талаар харж чадаагүй, бид хоёр зүүнээс баруун тийш чиглээд явж байсан юм. Бид хоёрын урдаас ирж явсан машин зүүн хойшоо чиглээд явсан бид хоёр баруун гар талаа бариад хойгуур нь орох гэтэл тэр машин дохио өгөлгүй хойшоо эргэх үйлдэл хийж миний сууж явсан мотоциклийн ард талыг мөргөөд бид хоёр онхолдсон. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад намайг эмнэлэг авч явсан. Миний биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/,
Хохирогч Ц.Идэрзолбоогийн: “...Бид 2 Ханбогд сумын төвийн айлуудын зүүн захын айлуудын нүүрний эгнээний урдуур “Эпирок” ХХК-ийн араар зүүнээс баруун чиглэлд явж байхад өөдөөс нэг машин гэрлээ асаасан байдалтай ирж байсан. Тэр үед гадаа харанхуй байсан. Тэгээд нөгөө машин өөдөөс яваад байхаар нь би замын баруун гар талруугаа шахаад зөрөх гэсэн чинь нөгөө машин зүүн гар талруугаа эргэх үедээ бид нарыг ирж мөргөсөн...”, “...Уг ослоос болж миний нурууны ясны сэртэн хугарсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай: “Т.Чимэд-Очирын биед тархины доргилт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцралт, уланд 7*5 см хөх өнгийн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 40-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай: “Ц.Идэрзолбоогийн биед тархи доргилт, бүсэлхийн 4 дүгээр нугалмын сэлтэрсэн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 38-р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-н 48-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-н 52-54-р хуудас/,
О.Оын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед өөрийн 16-63 ӨМҮ улсын дугаартай авто машинаа жолоодож гэрээсээ гараад Мэндээ гэдэг айлд хүүхэд хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ баруунаас зүүн хойшоо чиглээд явж байсан. Тэгээд сумын төвийн зүүн хэсэгт “Эпирок” ХХК-ийн хойд замаар баруунаас зүүн хойшоо чиглэлд явж байхад зүүн зүгээс мотоциклтой 2 хүн гарч ирээд миний машины урдуур ороод мөргөлдсөн. Тэгээд би машинаа зогсоогоод бууж очиход мотоцикл жолоодож явсан хүн нь үсрээд босоод ирсэн. Ард нь сууж явсан хүн нь хөлөө тээглүүлчихсэн байсан. Тэгээд цагдаа дуудахад тэр мотоциклоо татаж босгосон. Цагдаа нар нь араар нь сууж явсан хүнийг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хх-н 60-61-р хуудас/,
О.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 63-66 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 16-63 ӨМҮ улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.Идэрзолбоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/, Т.Чимэд-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч Ц.Идэрзолбоогийн мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/,
- Хохирогч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт /хх-н 38-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт /хх-н 40-р хуудас/,
- Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-н 48-р хуудас/,
- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “а/ Ханбогд сумын төвд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болсон зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон зам тээврийн ослын схем зурагт осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд тормозны мөр үүсээгүй нь харагдаж байна. Иймд зам тээврийн осол болох үед тухайн тээврийн хэрэгслүүд ямар хурдтай явсныг тогтоох боломжгүй. б/ тухайн зам тээврийн осол нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед зам тээврийн осол болсон гэх ба материалд авагдсан 4 кадр фото зураг нь өдрийн цагаар бэхжүүлэн авагдсан зураг байна. Уг 4 кадр зурагт буусан тээврийн хэрэгслүүдийн мөр нь осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн мөр гэж үзэх боломжгүй, тухайн фото зурагт ямар нэгэн тайлбар байхгүй тул уг асуултад хариулах боломжгүй байна. в/ Тухайн нөхцөлд 16-63 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсэгт заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. г/ Хавтаст хэрэгт осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн фото зураг болон тээврйн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай баримт материалд байхгүй тул тээврйн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлээр ослыг тодорхойлох боломжгүй. д/ гэрч О.Оын мэдүүлэгт “Тэгтэл миний урд талаар орж ирээд ард талын дугуйгаар миний машины зүүн талын урд талын гүпер мөргөөд ойчсон юм.” Т.Чимэд-Очирын мэдүүлэгт: “Тэр машин дохио өгөлгүй хойшоо эргээд миний сууж явсан мотоциклын хойд хэсгийг мөргөсөн”, Ц.Идэрзолбоогийн: “Яг тэр үед би тэр машинтай зөрөх таараад тэр машин миний ява маркийн тээврийн хэрэгслийн ар хэсгийг нь мөргөсөн” гэх мэдүүлгүүд өгсөн нь 16-63 ӨМҮ улсын дугаартай авто машины жолооч О.О нь дүгнэлтийг 3 дахь хариултад дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зөрж өнгөрсөн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөсөн гэж үзэхээр байна. ё/ Тоёота Алион маркийн 16-63 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсэгт заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгааныг бүрдүүлсэн байна.” гэх дүгнэлт /хх-н 52-54-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч О.Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Идэрзолбоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/, Т.Чимэд-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хүний биед хийсэн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт: “...Ц.Идэрзолбоогийн биед тархи доргилт, бүсэлхийн 4 дүгээр нугалмын сэлтэрсэн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-н 38-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хүний биед хийсэн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт: Т.Чимэд-Очирын биед тархины доргилт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцралт, уланд 7*5 см хөх өнгийн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 40-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн хохирогч Ц.Идэрзолбоо, Т.Чимэд-Очир нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 29-30, 34-35 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж шүүгдэгч О.От 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Идэрзолбоо, Т.Чимэд-Очир нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эзнээ овогт Очирын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.От 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Идэрзолбоо, Т.Чимэд-Очир нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН