Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2016/00414

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Хы Тн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Т нь Баяннуур сумын Засаг даргын 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 61 тоот захирамжаар Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлаар томилогдсон юм. Би цаг ямагт эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн юм. Миний нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд тус сургууль аймгийн хэмжээний бага сургуулиудаас 7 удаа 3 байранд шалгарч байсан, тухайлбал: 2001, 2002, 2006 онд 1 байр, 2005, 2007, 2009 онд 2-р байр, 2004 онд 3-р байр тус тус эзэлж байв. Түүнчлэн 2014 оны аймгийн аварга шалгаруулах даамны тэмцээнд тус сургуулийн баг тамирчид 3-р байр, эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах уралдаан зарлахад 2014 онд сумаасаа 1-р байранд шалгарч байв. 2010 оноос хойш бага сургуулиудын ажлыг тухайн сумын ахлах сургуулийн амжилттай нэгтгэн дүгнэдэг болсон. Тус аймгийн газар агентлагуудаас байгууллагуудын үнэлгээ өгөхөд 2015 онд 5 байранд шалгарсан байдаг. Тус сургуульд захирлаа ажилласан хугацаанд 40 хүүхдийн дотуур байр төсөвт өртөг 12,5 сая төгрөг, гал тогооны барилга төсөвт өртөг 4,5 сая төгрөг, 180 хүүхдийн хичээлийн байр төсөвт өртөг 500,0 сая төгрөгөөр багийн бага сургуулиуд дотроос анх удаа багийн төвд орчин үеийн хоёр давхар хичээлийн байр бариулан ашиглалтад өгсөн. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн Засаг дарга Х.Д нь надад удаа дараа янз бүрийн замаар дарамт шахалт үзүүлж ямар нэгэн ялимгүй шалтаг, шалтгаанаар ажлаас халахыг удаа дараа оролдож байсан юм. Х.Т би тус сургуулийн захирлаар томилогдоод 18 дахь жилдээ ажиллаж байгаа удирдлагын бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д намайг зөвхөн үзэл бодлын хувьд хавчин гадуурхаж, ажлаас хууль бусаар чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Би ажлаа хэвийн хэмжээнд хийж байгаа юм. Би улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, урьд өмнө ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, боловсролын байгууллагын хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн төрийн жирийн албан хаагч юм. Иймд нэхэмжлэгч Х.Т намайг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баяннуур сумын Засаг даргын 61 дүгээр захирамжаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлаар томилогдсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэлээр шийтгүүлж байгаагүй. Аймгийн Засаг дарга н.Дий 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн Б/171 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг дарга захирамждаа намайг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл дурдсан байсан. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2 заасан үндэслэлийг зөрчиж байна. Мөн сургуулийн тайлан болон бусад үйл ажиллагааг хугацаанд нь тайлагнаж байсан. Сургууль хамт олны үйл ажиллагаа аймгийн хэмжээнд дэмжигдэж эхний байруудад шалгарч байсан.Нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.2015 оны газар агентлагийн үнэлгээгээр манай сургууль аймгийн хэмжээнд 5 дугаар байранд шалгарсан.180 хүүхдийн орчин үеийн хичээлийн байрыг бариулж ашиглалтад оруулсан нь сургалтын чанарт нөлөөлсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажилтныг ажлаас халахад 1 сарын өмнө мэдэгдэх ёстой гэж заасан. Гэтэл надад мэдэгдээгүй. 2015 онд бид нарт хөдөлмөрийн гэрээг тарааж өгөөд буцаагаад авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэх заалт, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан ажил олгогч, түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна, гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2016 оны 02 дугаар сарын 10-ний өдөр уг гэрээний хугацаа дуусах ёстой байсан. Аймгийн Боловсрол соёлын газрын даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэхдээ хэрхэн үнэлсэн, гэрээний аль зүйл нь дутагдалтай буюу биелүүлээгүй болох нь тодорхойгүй байна. Энэ талаар бидэнд мэдэгдсэн талаар баталгаажуулсан баримт байхгүй. Иймд нэг талыг барьж гаргасан шийдвэр гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Төсвийн тухай хуулийн дагуу аймгийн аудитын газраас Цагаан арал бага сургуулийн 2014, 2015 оны тайланд шалгалт хийгээд зөрчилгүй гэх дүгнэлтийг өгсөн гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Тн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Х.Т тус аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б/171 дугаар захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлөгдсөн билээ. Нэгдүгээрт: Хөдөлмөрийн гэрээний 4.5-д зааснаар үр дүнгийн гэрээнд заасан байгууллагын манлайллын зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудын талаар өөрөө санаачилга гарган ажиллах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан ажил үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж үр дүнгийн гэрээний биелэлтийг 70%-ийн үнэлгээнээс дээш байх үүрэг хүлээдэг юм. Уг хүлээсэн үүргийг хангалтгүй биелүүлсэн нөхцөлд Хөдөлмөрийн гэрээний 6.3-д зааснаар үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 70%-иас дээш байх үзүүлэлтийг биелүүлээгүй бол хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамрахаар заасан юм. Өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээг F буюу хангалтгүй биелүүлсэн тул аймгийн Боловсрол, соёлын газраас хариуцлага тооцуулах санал ирүүлсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн болно.

Хоёрдугаарт: Цагаан арал багийн бага сургуулийн үйл ажиллагааны талаар удаа дараа тухайн багийн иргэдээс гомдол ирдэг бөгөөд гомдлын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдамжийн дагуу ажлын хэсэг ажилласан. Уг ажлын хэсэгт Санхүүгийн хяналт, аудитын албаны ажлын хэсэг ажилласан. Уг ажлын хэсэгт Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х ажилласан бөгөөд байцаагчийн шалгалтаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.7 дахь заалтад заасныг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төсвийн зарчмыг хэрэгжүүлэн ажиллаагүйтэй шууд холбоотой гэж танилцуулсан. Түүний энэ үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.7-д заасан хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарах тул дээрх хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Боловсролын тухай хуулийн дагуу сургуулийн захирал эрхлэгч нарыг аймгийн Засаг дарга аймгийн Боловсрол соёлын газрын саналыг үндэслэн томилж чөлөөлөх эрхтэй. Сургуулийн захирал, эрхлэгч нартай аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн гэрээнд үр дүнгийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох талаар заасан. Аймгийн Боловсролын газраас жил бүр сургуулийн захирал эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнэж дүнг мэдээг аймгийн Засаг даргад ирүүлдэг. Энэ жил Цагаан арал бага сургуулийн захирлын үйл ажиллагааг хангалтгүй гэх дүгнэлт ирүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасанд хамаарч байгаа учир Х.Тг ажлаас нь чөлөөлсөн. Мөн аймгийн хяналт аудитын албанаас Цагаан арал бага сургуулийн санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд шалгалт хийхэд санхүүгийн зөрчил гаргасан энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16.5.2, 16.5.7 дахь заалтуудыг зөрчсөн гэх шалгалтын дүн мэдээг танилцуулсан. Иймд Хөдөлмөрийн гэрээнд заасан болон Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн учир Х.Тг ажлаас нь чөлөөлсөн болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Т нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Тг 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 61 дугаартай захирамжаар тус сумын Цагаан арал бага сургуулийн захирлаар томилсон байх ба Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/171 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг үндэслэн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирал Х.Т нь аймгийн Боловсрол соёлын газартай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, Санхүүгийн дотоод хяналт, аудитын албаны шалгалтаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.7 дахь заалтыг зөрчин албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.7-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагчид хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, татгалзаж байгаа нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/171 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар захирал Х.Тг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.7-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, ажилтны гаргасан зөрчил нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай.

Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 01 сарын 02-ны өдрийн дугааргүй Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Аймгийн Засаг дарга ажилтан Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирал Х.Ттай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэснийг ажил олгогч зөрчсөн байна.

Учир нь, нэхэмжлэгч Х.Т нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулж хурааж авсан гэж тайлбарласныг хариуцагч хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгсөн талаар нотолж чадаагүй болно.

Ажил олгогч, ажилтантай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээний 6.3-т үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69%-иас доош биелүүлсэн бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээндээ дурджээ.

Нэхэмжлэгч Х.Тг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Санхүүгийн дотоод хяналт, аудитын албаны шалгалтаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.7 дахь заалтыг зөрчин албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн ба Х.Ттай байгуулсан гэх 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээндээ байхгүй заалт болох 6.7 гэх заалтыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэл болгосон байна.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга болон Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын хооронд байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулж, гэрээний биелэлтийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний дотор багтаан тайлагнаж, Боловсролын газар 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор түүний биелэлтийг дүгнэхээр болж гэрээндээ хоёр тал гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ажлын хэсэг томилох тухай 13 дугаартай тушаал гаргасан ба, уг ажлын хэсгийн гишүүн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хы 2016 оны 03-р сарын 06-ны өдрийн шалгалтын ажлын танилцуулга гэх 26 дугаартай албан бичгийн сар, өдөр нь засвартай байх ба талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор дүгнэхээр байгуулсан гэрээний хугацаа өнгөрсний дараа бүрдүүлсэн, мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хы 2016 оны шалгалтын ажлын танилцуулга гэх 26 дугаартай албан бичигт шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрсэн гэх боловч энэ нь 2015 оны Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн жилийн эцсийн санхүүгийн тайланд Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Бекений хийсэн аудитад ямар нэгэн зөрчилгүй гэх аудитын гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Гэтэл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь үр дүнгийн гэрээг дүгнэх журмуудад зааснаар дүгнэсэн эсэх нь эргэлзээтэй ба Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх болон Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмуудын 6.5-д менежерийн төсвийн шууд захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн шууд захирагч түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас-нд тайлбарыг хавсарган менежерийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэсэн ба Баяннуур сумын Цагаанарал бага сургуулийн захиралд үр дүнгийн гэрээгээр авсан бүх оноо 58.1, үсгэн үнэлгээ F, ерөнхий үнэлгээ хангалтгүй биелүүлсэн талаарх илтгэх хуудсыг танилцуулж тухайн үнэлгээнд санал нийлсэн эсэх болон санал нийлээгүй асуудлыг дахин авч хэлэлцсэн талаар болон

мөн уг журмуудын 6.7-т зааснаар гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас бичиж, уг илтгэх хуудсанд талууд тус тус гарын үсгээ зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэсэн ба Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсанд талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр болсон илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгч чадаагүй болно.

Уг журмуудын 6.8-т илтгэх хуудсыг 3 хувь үйлдэж, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна гэж журамд тодорхой заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 01 сарын 25-ний өдрийн Сумдын 2015 оны ажлыг агентлагуудаас дүгнэсэн үнэлгээнийталаарх нотлох баримтаар Боловсролын газар-Баяннуур сумын боловсролын салбар нь эхний 5 дугаар байранд, мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын бага сургууль нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төсөл-ийн сургуулийн тэтгэлэгт шалгарч 2000 ам.долларын Батламжаар, мөн Баяннуур сумын Засаг даргын тодорхойлолт, 2015 оны Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитыг Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Бекений хийсэн ямар нэгэн зөрчил гэх аудитын гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар Баяннуур сумын Цагаанарал бага сургуулийн ажил нь сайн үнэлгээгээр үнэлэгдэж байсан байхад хариуцагч талаас гаргаж өгсөн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын Үнэлгээ батлах тухай 03 дугаартай тушаал гаргаж, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын Боловсрол, соёлын газрын даргатай байгуулсан 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний үнэлгээг нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба уг хавсралтад 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэж өгсөн оноо, үнэлгээ гэх хүснэгтийн 15 дугаарт Баяннуур сумын Цагаан арал бага сургууль авсан бүх оноо 58.1, үсгэн үнэлгээ F, ерөнхий үнэлгээ хангалтгүй, Баян-Өлгий аймгийн БСГ-ын Мэргэжил арга зүйн нэгж гэж үнэлсэн нь учир дутагдалтай, үр дүнгийн гэрээг чухам яаж үнэлсэн нь, Баяннуур сумын Цагаан арал бага сургуультай нийт 31 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хийсэн байх ба энэ 31 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний чухам ямар төрөл нь хангалтгүй буюу биелэгдээгүй болох нь тодорхой бус буюу энэ талаарх нотлох баримт байхгүй байхад аймгийн Засаг дарга Баяннуур сумын Цагаан арал бага сургууль нь үр дүнгийн гэрээгээр ямар үндэслэлээр хангалтгүй үнэлгээ авсан талаар тодруулахгүйгээр Боловсрол, соёлын газрын даргын хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар уламжилж байна гэсэн албан бичгийн дагуу шууд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Тг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргаас , 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоос, 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Ховд сумын 11 жилийн сургуулийн захиргаанаас, 2008 оны 03 дугаар сарын 22-ний, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдийн аймгийн Боловсрол, соёлын газрын даргаас, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн НӨХӨР ХХК-ний захирлаас, мөн өдрийн Баяннуур сумын ИТХ-ын даргаас, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тус сумын хүн эмнэлгийн эрхлэгчээс, мөн өдрийн тус сумын засаг дарга болон ИТХ-ын дарга, тус сумын Соёлын төвийн эрхлэгч, Бүрэн дунд сургуулийн хамт олноос, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тус сумын Бүрэн дунд сургуулийн хамт олноос, 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газраас, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тус сумын Засаг дарга болон Эрүүл мэндийн эрхлэгч нараас тус тус олгож байсан өргөмжлөл, аймгийн Аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн аудитын гэрчилгээ, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Боловсрол соёлын газрын даргаас олгосон Гэрчилгээ,аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 474, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 302, 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 189 , мөн оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар албан бичгүүд, Баян-өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын Нэмэгдэл олгох тухай 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаар, мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18, 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23, 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 04 дугаартай тушаалууд,аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1-01/273 дугаартай албан бичиг, уг албан бичигт хариу явуулсан Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 02 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтууд нь энэхүү маргаанд хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Тг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ