| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/05798/И |
| Дугаар | 210/МА2025/00150 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00150
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04024 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20,770,000 төгрөгөөр гоо сайхны эмнэлэгт дээд болон доод зовхи татуулах гоо сайхны үйлчилгээ хийлгэсэн. Тухайн гоо сайхны үйлчилгээ нь үр дүн гараагүй, өмнөх засвар улам дордсон. Эрүүл мэндийн хөгжлийн газарт 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан. Гомдолд Тус эмнэлэгт гэрээгээр ажиллаж буй гоо сайхны эмч Япон Улсын иргэн ******* болон БНСУ-ын иргэн *******, нар эмнэлгийн эмчлэх зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан байхад мэс ажилбар хийсэн нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны журам шинэчлэн батлах тухай 98 дугаарыг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж, хохирлоо шүүхийн байгууллагаар хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн агуулгатай хариу ирсэн.
1.2 ******* нь хохирол 7,200,000 төгрөгт бартер, гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлэх эрх, гүүд прайзын худалдан авах хөнгөлөлтийн эрхийн бичгүүдийг өгсөн. *******гийн хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй.
Иймд *******-ийн зохих зөвшөөрөлгүй эмч нарын үйл ажиллагааны улмаас дээд, доод зовхи засуулах хагалгаа үр дүнгүй болсон тул эмнэлэгт төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* ирж, эмчид үзүүлж зөвлөгөө авч, 2 талын нүдний доод зовхины өөх авах, булчин татах мэс засалд орсон. Мэс заслын өмнө нь *******д гоо сайхны мэс засалд орсноор үүсэх үр дагавар, хүндрэл, гарч болох өөрчлөлтүүд зэргийг танилцуулж, холбогдох зөвшөөрлийг аваад зөвшөөрлийн бичигт гарын үсэг зуруулж, тус хагалгаанд орсон.
2.2 Мэс заслын үед болон дараа нь ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй. Мэс засал амжилттай болж үр дүнтэй дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч гийн дүгнэлтийн агуулга:
3.1 ******* нь амжилтгүй болсон нүдний мэс ажилбараа дахин хагалгаанд ороод засаж сайжруулахтай холбоотой төлбөрийг буцааж гаргаж өгөх нь зүйтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******-иас 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ******* нь гадаадын эмнэлгийн мэргэжилтэн буюу Япон Улсын иргэн ажиллуулахдаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам-д заасны дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр хүмүүст гоо сайхны мэс ажилбар хийж байгаа үйлдэл нь өөрөө бусдад гэм хор учруулж буй үйлдэл.
5.2 Гэтэл анхан шатны шүүхээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь буруу боловч нэхэмжлэгч нь гэм хор учирсан талаар баримтаар нотлоогүй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Манай компани нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй үргэлжилж байгаа. Нэхэмжлэгч нь манай компанийн гадаад эмчид үзүүлэн зөвлөгөө авч, 2 нүдний доод зовхины булчин татах, өөх авах мэс засалд орсон. Түүнчлэн мэс заслын өмнө гоо сайхны мэс засалд орсноор үүсэх үр дагавар, хүндрэл, гарч болох өөрчлөлтүүд зэргийг танилцуулж өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр мэс заслыг хийсэн. Тухайн зөвшөөрлийн хуудасны анхаарах зүйлийн 1-т гарах хүндрэлүүдийг дурдаж өгсөн бөгөөд эдгээрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн хэдий ч манай эмнэлгийн эмчийн зүгээс зохих үйлчилгээгээ үзүүлж, мэс засал амжилттай болсон. Хагалгаа явагдаж байх хооронд ямар нэгэн хүндрэл бэрхшээл огт гараагүй. Мэс засал хэвийн явагдаж, үр дүнтэй болсон гэж манай эмнэлгийн зүгээс үзэж байгаа.
6.2 Мэс заслын дараа нэхэмжлэгч ******* нь ирж оёдлоо авхуулсан бөгөөд тухайн үед ямар нэгэн санал, хүсэлтийг огт хэлээгүй. Манай эмнэлэг нь маргаан бүхий хагалгаанаас үүдэн нэхэмжлэгч *******д ямар нэгэн гэм хор, хохирлыг учруулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс манай эмнэлгийн үзүүлсэн үйлчилгээг үр дүнгүй болсон, гоо сайхан нь улам дордсон гэж хэлдэг боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, үндэслэлээ тодорхой болгоогүй.
Нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохиролтой холбоотой ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэм хорын хохиролд 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...*******-ийн зохих зөвшөөрөлгүй эмч нарын үйл ажиллагааны улмаас дээд, доод зовхи засуулах хагалгаа үр дүнгүй болсон тул эмнэлэгт төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөг буцаан гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийг ...Мэс засал амжилттай болж үр дүнтэй болсон. Нэхэмжлэгчид гэм хор учирсан нь нотлогдоогүй гэж үгүйсгэн маргажээ.
4. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эмчийн үзлэг, Гоо сайхны мэс засалд ороход шаардагдах тайлбар бичиг болон зөвшөөрлийн бичгийн дагуу хариуцагч *******-ийн эмч нар нь нэхэмжлэгчийн нүдний доод зовхи татах мэс засал хийсэн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ажлын хөлсөнд 11,250,000 төгрөг төлсөн, тухайн мэс заслыг хариуцагч байгууллагын ажилтан, Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 4, 5, 17/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлсон нь үндэслэлтэй.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг. Өөрөөр хэлбэл, ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан нь болон тэдгээрийн шалтгаант холбоо нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд тухайн этгээд нь ажил олгогчоос хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
6.1 Хэрэгт авагдсан баримтаар дээрх мэс заслын улмаас хариуцагчид гэм хор учирсан нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь хэдийгээр Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй гадаадын эмнэлгийн мэргэжилтнээр тухайн мэс заслыг хийлгэсэн гэм буруутай байх боловч уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хэдий хэмжээний, ямар гэм хор учирснаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь буруу боловч нэхэмжлэгч нь гэм хор учирсан талаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үнэлсэн байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04024 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН