Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 110

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 1814006580151 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт                                                                                                              

Монгол улсын иргэн, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын,  Ж.Л

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Аийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ж.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн

Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зах дээр очсон. Тэгэхэд Г.Ц Д.Атэй маргалдаж байсан. Тэгээд би тэднийг “больцгоо” гэсэн чинь Д.А нь та нар намайг гадуурхаад байгаа юм уу гэж уурлаад Д.А бид хоёр маргаад хамт хоёр машины дундуур орсон. Д.А бид 2 маргаад 2 машины дундуур ороод би түүнийг түлхсэн чинь Д.А газар унахдаа портер машины тэвш буюу порчиг мөргөөд газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь уруул нь сэтэрч цус гарсан байсан. Тэгэхээр нь Г.О бид хоёр Д.Аийг аваад эмнэлэг рүү очиж оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 /

Хохирогч Д.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зах дээр нүүрс зарах гээд өөрийнхөө машинтай зогсоол дээр зогсож байсан ... Г.Цийн машины кабин дотроос нэг банди гарч ирээд шууд миний шанаа руу гараараа цохисон ... Тэгээд босоод ирэхэд уруул сэтэрсэн байсан. Би тэрийг нь ч мэдээгүй байсан.. Г.Ц бид 2 тэгээд салаад би эмнэлэг явсан ... Ж.Л намайг хоёр машины дунд ороод түлхээд унагаасан. Би унахдаа машины порчигний хажууг уруулаар мөргөөд унасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 52-53/,

Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн

Тэгэхээр нь зөрүүлээд Д.Аийн мөр хавьцаа нь гараараа цохисон. Бид хоёр барилцаж аваад буцаад салсан. Тэгээд байж байгаад Д.А дахиад намайг машиныхаа урд байхад бариад авсан. Би түүнтэй барилцаж байхад Ж.Л гэдэг залуу хүрч ирээд “больцгоо” гээд салгах гээд биднийг салгасан. Тэгж байтал Д.А тэнд байсан Ж.Л, Г.О, Дондог, Б.Даасүрэн зэрэг зөндөө хүмүүс рүү та нар намайг олуулаа дээрлэхлээ гэж байсан. Ж.Л Д.Аийн хүзүүнээс барьж аваад 2 портерын дундуур ороод яаж цохисныг нь мэдэхгүй Д.Аийг цохисон чинь Д.Аийн уруул нь сэтэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Гэрч Р.Дын мөрдөн байцаалтад өгсөн

би өөр тийшээ явж байгаад эргээд очиход Д.А уруул нь сэтэрсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

Тухайн өдөр би зах дээр ирсэн чинь Д.Аийн уруулнаас цус гарсан байсан. Тэгээд Ж.Л Ойдов хоёр Д.Аийг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Тэд нар миний дэргэд зодолдоогүй. Сүүлд нь Ж.Л Ойдов хоёроос асуухад Г.Цтай Д.А нь маргаж зодолдохоор нь Ж.Л салгахад Д.А уурлаад түлхэхээр нь зөрүүлээд түлхсэн чинь Д.А унаад машин мөргөж уруулаа сэтэрсэн гэж Ж.Л надад хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Г.Оын мөрдөн байцаалтад өгсөн

Г.Ц Д.А хоёр маргалдаад заамдалцаад байгаа харагдсан. Би наанаас нь очоод юу болоод байгаа юм гэхэд Д.А над руу дайраад та нар нийлж намайг зодох юм уу найз нарыгаа дуудна гээд утсаар ярьсан. Д.Аийн дэргэд Ж.Л болон нүүрснийхэн үлдсэн. Г.Цаас юунаас болсоныг нь асуучихаад буцаад очиход Д.А цус нөжтэйгээ холилдсон зогсож байхаар нь би эмнэлэг авч явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 686 дугаартай

1. Д.Аийн биед баруун зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11 /, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 39-40/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 48-51/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 75 /, шүүгдэгч Ж.Лгийн хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019.04.12-ны өдрийн №3/2080 тоот тодорхойлолт / хх-ийн 58 /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 / эвлэрлийн гэрээ /хх-ийн 76 /,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Аийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ж.Лгийн ... би түүнийг түлхсэн чинь Д.А газар унахдаа портер машины тэвш буюу порчиг мөргөөд газар унасан босоод ирсэн чинь уруул нь сэтэрч цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44

Хохирогч Д.Аийн … Ж.Л машины дунд ороод түлхээд унагаасан. Би унахдаа машины порчигний хажууг уруулаар мөргөөд унасан, уруул сэтэрсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 52-53/,

Гэрч Г.Цийн ... Д.Аийг Ж.Лг дагуулаад портер машины дундуур орсон чинь Д.Аийн уруул нь сэтэрсэн байдалтай гарч ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Гэрч Р.Дын ...Д.Аийн уруул сэтэрсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

Б.Дгийн ... Д.Аийн уруулнаас цус гарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Г.Оын ... Д.А цус нөжтэйгээ холилдсон зогсож байхаар нь би эмнэлэг авч явж оёо тавиулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 686 дугаартай “... Д.Аийн биед баруун зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/ зэрэг бичгийн нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоодож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ж.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Лг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Л нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.А нь Ж.Лгийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Л нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Л нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Аийн... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 26, 76//, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Лг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Лгийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ж.Лд буцаан олгож , шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ж.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Буурал овогт  Ж.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Лг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Лд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ж.Ламхүүгийн эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ж.Лд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Лд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.