Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/00153

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/05101 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 108,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******-тай А10-Б-79 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь *******,*******,*******,*******,*******,,, тоот орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж ашиглалтад оруулах комиссыг ажиллуулж, орон сууцны түлхүүр гардуулан өгөх, ******* нь 1 м.кв талбайн үнийг 1,366,570 төгрөгөөр тооцон, үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

******* гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцны төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 50 хувь буюу 54,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөр 50 хувь буюу 54,000,000 төгрөг, нийт 108,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд *******-д төлсөн.

1.2 Гэтэл 2024 оны 05 сарын байдлаар барилгын явц нь карказ угсралтын явцдаа буюу 8 давхарт явж байна. Одоог хүртэл уг байрыг ашиглалтад оруулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

1.3 Гэрээний 4.3-т давагдашгүй хүчин зүйлд хамаарах нөхцөлийг заасан бөгөөд үүнд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг оруулаагүй. Хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн, ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.

Иймд хариуцагчтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ээс татгалзаж, гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 108,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А10-Б-79 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдах үед Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш давагдашгүй нөхцөл байдал бий болсон учраас гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон. Иймд үүргийн зөрчилд тооцогдохгүй.

2.2 Нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрэл зураг бол барилга 8 давхар баригдаж байх үеийнх байна. Одоо 10 дугаар давхар баригдаж байгаа. Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж манай санхүүд үүссэн хүндрэл одоо арай гайгүй болж байгаа.

2.3 Гэрээний дагуу эхний 54,000,000 төгрөгийг гэрээнд тусгаснаас өөр буюу манай нэг данс руу шилжүүлсэн, дараагийн 54,000,000 төгрөгийг, тухайн өдөрт нь шилжүүлсэн боловч 44,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг гэж шилжүүлсэн.

Иймд гэрээний 4.3-т заасан давагдашгүй хүчин зүйлд Ковид-19 цар тахал хамаарах тул нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 108,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 697,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарч бүх нийтийн хөл хорио, хил гаалийн зорчих хөдөлгөөнийг хаасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хориг тогтоогдсон. Энэ хугацаанд манай компани гадаад улсаас бараа захиалга хийсэн ч дээрх хоригийн улмаас барилгын материалын эргэлт нэмэгдэж, үнийн өсөлт үүсэж компанийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж үүнээс улбаалан манай компанийн хэрэгжүүлж байсан бүх төслүүд шууд зогсож, компанид учирсан санхүүгийн хүндрэл өдийг хүртэл үргэлжилсэн байдалтай байна. Энэ нь талуудын байгуулсан гэрээний 4.3-т заасан нөхцөл байдалд хамаарахыг шүүхээс харгалзан үзээгүй, тодруулаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нийтэд илэрхий үйл баримтыг бүрэн дүгнээгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

4.2 Шүүхээс нэхэмжлэлийн гол үндэслэл болсон гэрээний нэршлийг зээлээр худалдах худалдан авах гэж ойлгон хурлыг хэлэлцүүлж байсан байх бөгөөд гэрээнд тухайн барилга нь хэдийнээ баригдаж эхэлсэн байсан нь гэрээний 1.1-т зааснаар тодорхой харагдах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь тухайн гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж томьёолж байгаа байдалд эргэлзэж буй болох талаараа шүүхэд илэрхийлсэн байдлыг огтхон ч анхаарч үзээгүй буюу, аливаа тодруулах ажиллагаа хийгээгүйгээр ийнхүү гэрээний харилцааг буруу тодорхойлсноос шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох шаардлагыг хангаагүй.

4.3 Мөн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32024/13207 тоот Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж нь ******* манай компанид бус 1,148,121.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг үндэслэсэн процессын ноцтой алдаа гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий орон сууцыг ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр орон сууц захиалгын гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан. 2021 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал арилж, хөл хорио зогссон байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууц ашиглалтад ороогүй ба нийтэд илэрхий үйл баримтын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д дүгнэсэн.

5.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасан. Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан уу эсхүл ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан уу гэдгийг давж заалдах шатны шүүх нэмэлтээр тодруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй.

5.3 Мөн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн тодорхойлох хэсэгт техникийн алдаа гаргаж ...******* нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох, 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй бичсэн байсан. Техникийн чанартай алдааг процессын ноцтой алдаа гэж үзэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд Ковид-19 цар тахал хамаарах тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А10-Б-79 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр хариуцагч ******* нь *******, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 245 айлын орон сууцны А блок барилгын 1 дүгээр орцны 10 давхрын баруун болон урд зүгт харсан цонхтой,*******,03 м.кв талбайтай,, тоот орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэд 108,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 5-10/

3.1 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 54,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 44,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, нийт 108,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 11/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, талуудын эрх, үүрэг, төлбөр төлөх нөхцөл, гэрээний зүйл болон үргэлжлэх хугацаа зэргээс үзвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, мөн тухайн орон сууцны барилга ашиглалтад орсон буюу хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ.

5.1 Гэрээний 4.3-т Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр, засгийн газрын шийдвэр, эдийн засгийн дампуурал, дайны болон онц байдал гэх мэт шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заажээ.

5.2 Хариуцагч нь дээрх үндэслэлээр гэрээ цуцлах үндэслэлгүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, гэрээний 4.3-т тусгайлан заасан давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчийн гэрээ цуцлах санал гаргасан хугацаа нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосноос хойших хугацаанд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ковид-19 цар тахал гэрээний 4.3-т заасан нөхцөл байдалд хамаарна гэх гомдлыг хангахгүй.

6. Гэрээ цуцлагдаж, дуусгавар болсноос үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар зохицуулсан. Анхан шатны шүүх гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 108,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/13207 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт ... 1,148,121 төгрөг гаргуулж өгнө үү гэж бичсэн байгаа нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/05101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН