| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2019/0066/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мид холбогдох 1929001350053 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт найз хүүхэн Б.Анхтуяаг хардсаны улмаас Л.Цэрэнтогтохыг зодож, тархи доргилт, зүүн хацарны яс хугарал, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, нүүрний хэсгийг нэлэнхийд нь хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 10-нд Анхтуяа бид 2 жижиг машин тус тусдаа унаж Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд уур омгоосоо болж ийм зүйл хийсэн. Хохирогч Л.Цэрэнтогтоход 1 700 000 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн байгаа гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Цэрэнтогтохын мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Ганчулууны мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Анхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 14-ний өдрийн №292 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,
- Шүүгдэгч Г.Мийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,
-Хохирогч Л.Цэрэнтогтоход хохирол төлбөрт 1 200 000 төгрөг төлсөн банкны хуулга /хх-ийн 49-50-р хуудас/,
- Хохирогч Л.Цэрэнтогтохын хохирлын баримтууд /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт найз хүүхэн Б.Анхтуяаг хардсаны улмаас Л.Цэрэнтогтохыг зодож, тархи доргилт, зүүн хацарны яс хугарал, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, нүүрний хэсгийг нэлэнхийд нь хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Л.Цэрэнтогтохын: “...намайг Г.М нэг удаа толгойгоороо мөргөөд, гараа атгаж байгаад миний нүүрэн тус газарт ойролцоогоор 10-аад удаа цохиод байсан. Би Мид зодуулж байхдаа ухраад шороон зам хааж тавьсан боржур налаад зогсож байтал миний нүүр рүү 2 удаа өшиглөөд зодож байхад Мийн машинд сууж байсан залуу ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
- гэрч Б.Ганчулууны: “...Тэгтэл М нэг залууг нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд байж байтал эхнэр болох Анхтуяа нь машинаа бариад явсан. Би найз М дээр очоод одоо боль арай хэтэрхий зодож байгаа юм биш үү гээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
- гэрч Б.Анхтуяагийн: “...Цэрэнтогтохыг буугаад ирэнгүүт манай найз залуу М гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд би айгаад машинаа бариад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 14-ний өдрийн №292 дугаартай шинжээчийн: “...Л.Цэрэнтогтохын биед тархи доргилт, зүүн хацар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод зовхи, хүзүүний зүүн талын цус хуралт, баруун доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, нүүрний хэсгийг нэлэнхийд нь хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Л.Цэрэнтогтох нь нотлох баримтаар 107 250 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч Г.М нь хохиролд 1 700 000 төгрөг төлсөн, одоо түүнийг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт Ганболдын Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 1 700 000 төгрөг төлсөн, одоо бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА