Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

   2019       06          14                                  2019/ШЦТ/586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: З.Энхжаргал;

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодоошийн Бад холбогдох эрүүгийн 1809044070928 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин, засалчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхан тосгон, Замчид гудамжны  3-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....................регистерийн дугаартай, Итель овогт Бодоошийн Б.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 10-227 тоотод оршин суух иргэн Б.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн Монгол гэрт 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч А.Ариунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 20/, “Дамно” ХХК-

ийн 32 инчийн “ТСЛ” маркийн 1 ширхэг зурагтыг 192.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 23-24/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-227 тоотод оршин суух иргэн Б.Дэлгэрцэцэгийн амьдардаг Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ТСЛ” маркийн телевизорыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч 192.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Дэлгэрцэцэгийн /хх-ийн 17-18/: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ 2 хүүхэд, ээжийн хамт гараад 18 цаг 40 минутын үед хашааны үүдэнд ирсэн чинь хаалгыг хэрээсээр хэрээд боосон, гаднаас орох боломжгүй болгосон байсан. Гэртээ ортол гэр эмх замбараагүй, энд тэндгүй эд зүйлс цацчихсан байсан. Телевизор алдагдсан...” гэх мэдүүлгээр,

гэрч А.Ариунцэцэгийн /хх-ийн 20/: “…2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ унтаад байж байтал нөхөр Б маань “манай урд айлд нэг том зурагт байдаг бил үү” гэхээр нь би нойрмог байсан болохоор “мэдэхгүй ээ” гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд өдөр нөхөр маань “хоёуулаа хоол идье” гээд 3 дугаар сургуулийн урд байрлах нэг цайны газар ороод хамт хоол идсэн…” гэх мэдүүлгээр,

Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-33/: “…тухайн үед манай ажлын цалин буугаагүй, эхнэр маань 4 сартай жирэмсэн байсан учир идэх хоол, хүнс байхгүй учир зурагтыг нь барьцаанд тавиад цалингаа буухаар уг айлд буцааж өгнө гэж бодож байсан юм...” гэх мэдүүлгээр,

            “Дамно” ХХК-ийн 32 инчийн “ТСЛ” маркийн 1 ширхэг зурагтыг 192.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр /хх-ийн 23-24/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтууд “хохирогч нь гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Б.Бийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Б.Бийн “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Дэлгэрцэцэг нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бад хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн) нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Итель овогт Бодоошийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ 9 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ