| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/05889/и |
| Дугаар | 181/ШШ2016/00038 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2016/00038
2016 оны 06 сарын 10 өдөр Дугаар 181/ШШ2016/00038 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 15 дугаар байранд байрлах, “Андууд-2” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, 15 дугаар байрны 5 тоотод оршин суух, Онон овогт Доржпүрэвийн Мандах /РД:УУ64111437/-д холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 250,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Оршин суугч Д.Мандах нь 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуусталх 33 сарын хугацаанд СӨХ-д төлөх сарын 7,580 төгрөгийн төлбөрөө төлөхгүй нийт 250,140 төгрөгийн өр үүсгээд байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хэдийгээр Мандахынх уг орон сууцаа 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хулалдаж авсан байх боловч ийнхүү худалдан авахдаа тухайн орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүргээ гүйцэтгээгүй тул зардал төлөх үүрэгтэй.
Би энэ СӨХ-ийн даргын ажлыг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс гүйцэтгэж ирсэн. Намайг байх хугацаанд Мандахынхаас нэг ч хүн ирж уулзаагүй, өдөр болгон л би байж л байдаг. Уулзаж, лавлах боломж байсан боловч огт уулзаагүй.
Иймд Мандахаас СӨХ-ийн төлбөрт 250,140 төгрөгийг гаргуулж сууц өмчлөгчийн холбоог хохиролгүй болгож өгнө үү.
Хэрэв шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх юм бол уг шийдвэрээ бариад буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нь нээлттэй тул шүүхэд хандана биз гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх энэ байрыг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр худалдаж авсан. Худалдан авах үедээ Төрийн банкин дээр очиж ямар нэг төлбөр байгаа эсэхийг лавлахад 80,000 гаруй төгрөгийн төлбөр байгаа гэсэн. Үүнийг худалдагч талд хэлэхэд төлчихлөө гэж надад хариу хэлсэн. Би дараа нь Төрийн банкнаас асуухад одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж амаар хариу өгсөн. Би байрныхаа СӨХ-д очиж уулзахад хуучин захирал гэх хүн нь би ажлаа өгсөн, удахгүй шинэ хүн томилогдоно, тэгэхээр уулз гэсэн. Би түүнээс хойш огт уулзаагүй, байнгын ажиллагаагүй СӨХ болохоор таарахгүй юм билээ.
Намайг лавлах үүргээ биелүүлээгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би асуусан, Төрийн банк албан бичиг өгөөгүй, харин СӨХ тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байсан учир уулзаж чадаагүй.
Манай СӨХ ажлаа олигтой хийдэггүй, орц гэж балгас, цэвэрлэгээ муу, ийм байж биднээс мөнгө нэхэмжлээд байгаа юм.
Манайх өөрийн амьдарсан хугацаа буюу 2016 оны 2, 3, 4 сарын СӨХ-ийн төлбөрөө төлнө, өмнөх айлын төлбөрийг төлөхгүй, шударга ёсонд нийцэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Андууд 2” СӨХ нь хариуцагч Д.Мандахаас 2013 оны 8 сараас 2016 оны 5 сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардалд 240,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр уг орон сууцыг худалдаж авсан гэх үндэслэлээр 2016 оны 2, 3, 4 сарын төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Д.Мандах нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 15 дугаар байрны 5 тоотод байрлах орон сууцны өмчлөгч болох нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 000464746 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, “Андууд 2” СӨХ тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 55 тоот гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтад маргаагүй.
Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Хариуцагч Д.Мандах энэ үүргийн дагуу орон сууцыг худалдан авсан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс хойшхи хугацааны зардлыг төлөхийг зөвшөөрсөн, харин үүнээс өмнөх хугацааны зардлыг орон сууцыг худалдан авах үед ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй гэж Төрийн банк мэдэгдсэн, бид өмчлөгч биш байсан гэх үндэслэлээр төлөхгүй гэж маргасан байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан магадлах үүргээ хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж мэтгэлцэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагч талын татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч “Андууд 2” СӨХ-оог 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх зардлыг хариуцагч Д.Мандахаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 250,140 төгрөгийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор Төрийн банкны 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн харилцагчийн төлбөрийн баримтыг гаргасан боловч тухайн баримтаар орон сууц өмчлөгч нь 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны сар бүрийн 7,580 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдох боловч 2014 оны 8 сараас 2016 оны 4 сарыг дуусталх хугацааны зардал төлөгдөөгүй үйл баримт тогтоогдохгүй, тодорхойгүй байна.
Иймд энэхүү баримтад үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй тул нэхэмжлэлээс тогтоогдсон хугацааны 90,960 төгрөг /2013.08-2014.07, нийт 12 сар/, хариуцагчийн зөвшөөрсөн хугацааны 22,740 төгрөг /2016.02-2016.04, нийт 3 сар/-т холбогдох нийт 113,700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр Д.Мандахаас 113,700 төгрөг гаргуулж “Андууд 2” СӨХ-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар Д.Мандахаас 113,700 төгрөгийг гаргуулан “Андууд 2” СӨХ-д олгож, “Андууд 2” СӨХ-ны нэхэмжлэлээс үлдэх 136,440 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Андууд 2” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,430 төгрөгөөс 8,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 3,276 төгрөгийг, хариуцагч Д.Мандахаас 4,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Андууд 2” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА