Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: А.Д, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алтанцэцэгийн Дт холбогдох эрүүгийн 1909018440575 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Юнен” ХХК-д ачааны автомашины жолооч ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар ......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ............ регистерийн дугаартай, Боржигон овогт Алтанцэцэгийн Д.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч А.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ану Хонгор” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч А.Билгүүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “битий намайг өдөөд байгаарай” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа

хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван найман насанд хүрээгүй хохирогч А.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 22-26/, яллагдагч А.Дийн мэдүүлэг /хх-ийн 3-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5247 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, А.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-45/, хохирогч А.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт /хх-ийн 49-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Ану Хонгор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим иргэн А.Билгүүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

арван найман насанд хүрээгүй хохирогч А.Билгүүний /хх-ийн 22-26/: “...2019 оны 04 дүгээр сарын 27-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ану Хонгор” нэртэй дэлгүүр орчихоод гараад иртэл танихгүй ах дуудаад надаас “Яку гээд хүнийг таних уу” гээд асуухаар нь “танина” гэж хэлсэн. Гэтэл “тэр пизда хаана байна” гээд намайг заамдаад авсан юм. Би айгаад буцаад дэлгүүр рүү гүйгээд ортол араас дагаж орж ирээд над руу хараад “аятайхан байгаарай пизда минь” гээд дайраад байсан. Дэлгүүрийн худалдагч ах намайг өмөөрсөн. Тэгээд би Яку ах руу утсаар ярьсан чинь “ажил дээр байна” гэхээр нь би тухайн ахыг очиж уулзуулах гээд дагуулаад явж байтал “та нар намайг бөөнөөрөө польдох гэж байна уу” гээд гараараа зүүн уруул хэсэгт нэг удаа цохиод авсан. Миний уруул дотор язарсан, шүд маань өвдөөд байна...” гэх мэдүүлгээр,

 

            А.Дийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...Надтай барьцалдаад авахаар нь уг залуугийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод авсан. Гэтэл надаас салахаар нь шууд цаашаа яваад гэртээ очоод байж байтал манай гэрт удалгүй цагдаа нар ирээд намайг бариад эрүүлжүүлэхэд хийсэн юм. Би А.Билгүүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

А.Билгүүний биед “дээд уруулын зулгаралт, дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5247 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан А.Дийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч А.Дийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч А.Билгүүн нь “хохирлын мөнгө болох 75.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч А.Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ