| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2024/00215/И |
| Дугаар | 225/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 225/МА2025/00002
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 225/МА2025/00002 |
Д.Пын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00398 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Пын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.П, Б.Г нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,507,560 (хорин хоёр сая таван зуун долоон мянга таван зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.П, Б.Г нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /цахим/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 4 дүгээр сард манай нөхөр Б.Г нь найз Б.Птай уулзсан чинь эхнэр Г нь мөнгө өсгөх ажил хийж байгаа гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 Пын эхнэр Гтай утсаар холбогдож, уулзахад өгсөн мөнгийг чинь нэг сарын дараа 30 хувиар өсгөж өгнө гэж хэлсэн. Юу хийж, яаж мөнгө өсгөдөг юм бэ гэхэд нэг юм хийж байгаа, хүнд битгий яриарай гээд тодорхой зүйлийг хэлээгүй. Нөхөр Г маань Птай найз учраас би тэднийг өөрсдийн гэсэн бизнес эрхэлдэг, санхүүгийн боломжтой хүмүүс гэж боддог байсан тул мөнгийг маань өсгөж өгнө гэдэгт итгэж байсан. Тиймээс 2022.04.02-ны өдөр Б.Гын Хаан банк дахь 000 тоот данс руу 20,000,000 (хорин сая) төгрөгийг шилжүүлсэн. Ингээд сарын дараа 26 сая төгрөг төлөх ёстой байсан боловч 2022.05.05-ны өдөр 13 сая төгрөг өгсөн. Би мөнгөө дутуу хийсэн байна гэж ярихад үлдсэн мөнгийг нь маргааш шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үедээ би сард 30 хувийн хүү өгнө гэдэг нь боломжийн санагдаж байсан тул дахиад мөнгө зээлэх үү гэж асуухад өөрийнхөө хийж байгаа зүйлийг найдвартай, дахиж мөнгө өгөх бол сая шилжүүлсэн мөнгөө буцаагаад явуулчих гэж хэлсэн. Би Гаас 13,000,000 төгрөг авах байсан тул нийт мөнгөө 30,000,000 төгрөг болгоё гэж бодоод 17,000,000 төгрөгийг мөн өдрөө Гын данс руу шилжүүлсэн. Ингээд би Гыг 2022 оны 6 дугаар сарын эхээр надад 39,000,000 төгрөг өгөх ёстой гэж ойлгож байсан боловч надад өгөөгүй. Улмаар би 6 дугаар сард бараг өдөр бүр залгаж мөнгөө нэхдэг байсан боловч 2022.07.06-ны өдөр 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан.
2022 оны 8 дугаар сарын нэг өдөр Г биднийг дуудахаар нь мөнгөө өгөх гэж байгаа юм байна гэж ойлгоод очиход мөнгийг чинь нэг юм руу хийчихээд гаргаж авч чадахгүй байна. Дахиад 2000 доллар босгоод өгчихвөл 11 сарын 30 гэхэд бүх мөнгийг чинь өгнө, би өөрөө бас мөнгө босгож чадахгүй байна гэж хэлээд байсан тул дахин 6,507,560 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд дахиж мөнгө өгөөгүй болно.
...Иймд арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгөө нэхэмжилж байна. Би одоо 22,507,560 төгрөгийг хариуцагч нараас авах ёстой.
Иймд Дын П надад Батхүүгийн П, Бын Г нараас зээл 22,507,560 (хорин хоёр сая таван зуун долоон мянга таван зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би анх хариуцагч Б.Гаас 22,507,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч үүнээс хүү бодож байсан 6,000,000 төгрөгийг хасаад хариуцагчаас 16,507,560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулж байна. гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Г миний бие Н.Бэ гэх этгээдэд их хэмжээний мөнгө алдсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ий өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдөр болсон. Энэ алдсан мөнгөн дотор Б.Гийн 37,000,000 төгрөг хамт алдагдсан нь үнэн. Н.Бийг 2022 оны 10 дугаар сард Б.Г миний бие Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар хохирогчийн гомдлоо өгсөн. 1 жил гаран шалгагдаж, одоо хэрэг нь аймгийн прокурорт шилжсэн байдаг. Н.Бэ гэх этгээдэд Б.Г би болон Б.Г бид бүгд 30 хувийг өсгүүлэх зорилгоор өгөөд залилуулсан байсан. Б.Г миний бие 1 тэрбум гаруй төгрөг алдаад өдий хүртэл тэр хүнээс 100 төгрөг ч авсангүй. Адилхан бүгд хохирчихоод байсан ч би Б.Гт 27,000,000 төгрөгийг өөрөө олж өгсөн. Одоо үлдсэн 10,000,000 төгрөгийг Н.Бийн хэрэг шийдэгдэж, шүүх хурал болсны дараа Н.Бээс мөнгө авч өгөх хүсэлтэй байна. Энэ мөнгийг Н.Бэ гэх нөхөр бүгдийг авсан байтал өмнөөс нь Б.Г миний бие хүмүүсийн өр төлөөд явахад үнэндээ хэцүү байна. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн гэх 6,507,560 төгрөгийг би аваагүй, өөрсдөө Н.Бэтэй уулзаж алдсан мөнгөө, 10,000,000 төгрөгийг нь олж авна гэж алдсан байгаа юм. Энэ мөнгийг өөрсдөө тэр хүнтэй ярилцаад ийм мөнгө хийсэн байсан, надад өгөөгүй, би аваагүй, хүний өмнөөс би одоо өр төлөөд явж чадахгүй. Тиймээс Б.Г миний прокурор дээр хянагдаж байгаа Н.Бийн шүүх хурал болоод асуудал шийдэгдэх хүртэл Д.Пын энэ нэхэмжлэлийг хойшлуулж өгнө үү... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00398 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Г, Б.П нараас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Пт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,507,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Б.П нараас 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П-т олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Г, Б.П нар давж заалдах гомдолдоо: 1....Г Б.П бид нар Д.Поос ямар ч мөнгө зээлж аваагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж зээлийн гэрээг амаар хийсэн гэдэгтэй маргаагүй гэж тэмдэглэсэн нь үндэслэлгүй болно.
Иймд Д.П энэ хэргийн нэхэмжлэгч биш гэж үзэж байна.
Батхуягийн Г 2022 оны 04 дүгээр сарын 02-нд Б.Гтай утсаар холбогдож Б.Гаар дамжуулж тухайн үед Хөвсгөл аймагт бусдаас мөнгө авч өсгөж өгч байсан Н.Бэд өгч мөнгө өсгөж авахаар Б.Гын Хаан банкны 000 тоот дансанд Б.Гийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот данснаас 20,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн.
Б.Г би 2022-5-5-ны өдөр Б. Гийн Хаан банкны 000 тоот дансанд 20,000,000 сая төгрөг, 2022-6-7-нд 13,000,000 төгрөг, 2022-7-6-нд 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Б.Г нь Б.Г миний Хаан банкны 000 тоот дансанд 2022-5-6-нд 17,000,000 төгрөг шилжүүлж өгсөн.
Д.П нь надад болон миний нөхөр Б.П нарт мөнгө өгөөгүй, би ч Д.Птой мөнгө зээлж авах тухай зээлийн гэрээ амаар болон бичгээр хийгээгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авах ямар ч шаардлага байхгүй. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр бид 2 П Г хоёрт 30 хувиар тооцоод зээлж байна гэж ойлгоод хариуцагч Гын данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. Гэтэл талуудын хооронд мөнгө шилжүүлж өгч авснаа мөнгө зээлж 30 хувиар өсгөж хүү тооцож байгаа мэтээр зориуд тайлбарлаж, зээлийн гэрээнд огт хамааралгүй зүйлийг шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээг амаар хийсэн гэж хуулийг буруу тайлбарлаж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Г, Б.П нараас 10.0 сая төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Д.Птой мөнгөний талаар ямар ч харилцаа үүсгээгүй, Б.Гоос гэсэн гүйлгээний утгатай мөнгө миний дансанд шилжүүлж байсан нь Б.Г, Б.Г бид хоёрын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар батлагдаж байгаа болно.
Д.П нь Б.Гийг төлөөлөх итгэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.
2.Б.Г Б.Г бид хоёр хамтран тухайн үед Хөвсгөл аймагт бусдаас их хэмжээний мөнгө авч өсгөж өгч байсан Н.Бэд мөнгөө өгч залилуулсан бөгөөд бид энэ этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч болсон.
...Б.Г надаар дамжуулж өөрөө миний дансанд хэд хэдэн удаа мөнгө хийж авч буцааж өгч байсан боловч Б.Г би Н.Бэ гэгч этгээдэд их хэмжээний мөнгөө алдсан тэр мөнгөн дотор Б.Гийн мөнгө орсон байгаа. Үүнийг Б.Г маш сайн мэдэж байгаа, өөрөө ч тэр хүнд мөнгө өгөөд алдсан нь үнэн. Гэтэл Б.Г надад сарын 30 хувиар хүү тооцож мөнгө зээлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нотлох баримтаар батлагдаагүй болно.
Н.Бийг 2022 оны 10 дугаар сард Б.Г миний бие Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар хохирогчийн хувьд гомдол өгсөн. Б.Г миний өргөдлийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хүлээн авч 0000 дугаар эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж үргэлжлүүлэн шалгаж байна.
3.Хариуцагч Б.Г би анхан шатны шүүхэд Н.Бийн эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй байх талаар хүсэлт болон аймгийн цагдаагийн газраас баримт материал бичгийг авч хамт гаргаж өгсөн боловч шүүх авч үзэхгүйгээр иргэний хэрэг үүсгэн шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн байна.
Би хүнд өвчний улмаас Солонгос улсад эмчилгээнд явж эмчлүүлж байх үед шүүх хурал хийж шийдвэр гарсныг би мэдээгүй, 2024-04-23-ний өдрийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, шүүх хуралдаанд хариуцагч би өөрийн биеэр оролцоогүй, шүүх хурал хийснийг ч мэдээгүй оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг надад гардуулж өгөөгүй болно. Б.Г би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гаргуулахаар мэдэгдсэний дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд хүсэлт гаргаж хэргийн материалтай танилцаж шийдвэрийг 2024-10-31-нд албан ёсоор гардаж авсан болно.
4.Д.Пын нэхэмжлэлд дурдсан мөнгийг Б.П огт аваагүй, үүнд оролцоогүй болно.
...Гэтэл Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Б.П намайг ямар учраас хариуцагчаар тогтоож Д.Поос зээлж авсан нь тогтоогдож байна гэж дүгнэж 10.0 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үнэхээр гайхаж би зөвшөөрөхгүй, надад шүүхийн шийдвэрийг ч одоо хүртэл гардуулж өгөөгүй байна. Д.Пын нэхэмжлэлд дурдсан мөнгийг би хэзээ ч аваагүй, намайг хариуцагчаар татаж төлбөр хамтран хариуцуулах ямар ч нотлох баримт байхгүй. Д.Пын нэхэмжилсэн мөнгийг Г П бид нар хэзээ ч зээлж аваагүй, зээлийн гэрээний үүрэг ч бидний хооронд үүсээгүй болно.
...Иймд Б.П би Д.Пын нэхэмжлэлтэй 10.0 сая төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-04-23-ны өдрийн 155/ШШ2024/00398 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.П, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,507,560 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16,507,560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь ...Б.Г миний бие Н.Бэ гэх этгээдэд их хэмжээний мөнгө алдсан... энэ алдсан мөнгөн дотор Б.Гийн 37,000,000 төгрөг хамт алдагдсан нь үнэн... Б.Гт 27,000,000 төгрөгийг олж өгсөн. Одоо үлдсэн 10,000,000 төгрөгийг ...Н.Бийн шүүх хурал болоод асуудал шийдэгдэх хүртэл Д.Пын энэ нэхэмжлэлийг хойшлуулж өгнө үү... гэх тайлбар гаргасан байна.
3.Зохигч нь нийт 37,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагчаас 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар маргаагүй байна.
Харин хариуцагч Б.Г нэхэмжлэгч Д.Птой зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч 6,507,650 төгрөгийг өөр хүний дансанд хийсэн гэх тайлбар маргааны зүйл болжээ.
4.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.
Харин хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгох бөгөөд зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас 10,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.
5.Нэхэмжлэгч 6,507,650 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр өөр хүний данс руу шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх тул дээрх 6,507,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.
6.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагч нарын гаргасан: ...Д.П нь Б.Гийг төлөөлөх итгэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Д.Птой мөнгөний талаар ямарч харилцаа үүсгээгүй, Б.Гоос гэсэн гүйлгээний утгатай мөнгө миний дансанд шилжүүлж байсан нь Б.Г, Б.Г бид хоёрын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар батлагдаж байгаа болно... гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:
Хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 000 дугаарын данснаас хариуцагч Б.Гын 000 дугаарын данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 37,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Б.Гын 000 дугаарын данснаас гурван удаагийн гүйлгээгээр нийт 27,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба дээрх 000 дугаартай данс эзэмшигч нь Батхуягийн Г, хамтран эзэмшигч нь Дын П байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.П, Б.Г нарт холбогдуулан шаардах эрхээ тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Б.Г, Д.П нарын хэн аль нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.
Түүнчлэн хариуцагч дээрх мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн, Н.Бэд холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараа Н.Бээс мөнгө авч өгөх хүсэлтэй байна гэсэн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
7.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх боловч уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00398 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар... гэснийг ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч Б.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 /нэг зуун далан таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ