Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 69

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

   Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

   Улсын яллагч: Д.Ганчимэг,

   Шүүгдэгч: Ю.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байчууд овогт Юндэндоржийн Мд холбогдох эрүүгийн 1929000810055 дугаартай  хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ю.М нь 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Цагаан хад” гэх газарт иргэн С.Дашнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.М мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дашнямтай 2 сарын 13-ны өдөр урдаас гарч ирээд оочир дээр жоохон маргалдсан .” гэв.

С.Дашнямын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-18-р хуудас/,

Гэрч Б.Гантөмөрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Ц.Тэмүжингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 542 дугаартай  дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,

Яллагдагч Ю.Мөнхтулгын өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

Яллагдагч Ю.М хохирогч С.Дашням нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 145-146-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ю.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Ю.М нь 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Цагаан хад” гэх газарт иргэн С.Дашнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь.

- С.Дашнямын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Би Ю.Мас “түлхүүр гаргаад ир” гэж хэлээд нэг удаа түлхээд автал Ю.М эргэж хараад намайг нүүрлүү нэг удаа цохиод авсан. Би зөрүүлээд Ю.Мөнхтулгыг нэг удаа толгойн тус газарт нь цохиход Ю.М намайг түлхэж унагаагаад миний шүдрүү өшиглөөд авсан. Миний амнаас цус холилдоод шүд унасан. Би Ю.Мд уурлаад “чи миний шүд өшиглөөд унагачихлаа” гэж хэлтэл Ю.М “чи өөрөөсөө болж зодуулсан гээд байсан...” мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-18-р хуудас/,

Гэрч Б.Гантөмөрийн өгсөн: “....2019 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 06:30 цаг өнгөрч байхад ... С.Дашням надаас “ус байна уу” гээд асуугаад босоод ирсэн. Тэгтэл С.Дашнямын хамар амнаас нь цус гарсан, үүдэн шүд нь унасан, уруул ам нь хавдсан байсан. Би С.Дашнямаас “яагаад уруул ам чинь хавдаад, шүд чинь унасан юм бэ? гэж асуухад “намайг нэг цуваанд явдаг Ю.М зодсон” гэж хэлж байсан...”мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Д.Ганзоригийн өгсөн: “...Би Ю.Мтай очиж уулзахад “С.Дашням чинь миний үгэнд орохгүй байсан. Тэгээд би зодсон юм” гэж хэлж байсан…” мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Ц.Тэмүжингийн өгсөн: “...Ю.М надад “бид нар хамт уусан орой С.Дашнямыг амраах гэж байхад намайг цохиод байхаар нь би буцаагаад цохисон”гэж хэлж байсан...” мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн /+/ 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,

Ю.Мөнхтулгын яллагдагчаар өгсөн: “...С.Дашням надаас паск, машины түлхүүр нэхээд миний толгойруу цохиод авахаар нь би С.Дашнямыг нэг удаа нүүрэн тус газарт нь цохиод нэг удаа түлхээд автал унахдаа нүүрс тээврийн машины урд дугуйны төмөр обуд нүүрээрээ мөргөөд унасан ... С.Дашнямыг надаас өөр хүн гар хүрч зодож цохисон зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

- Шүүгдэгч Ю.Мас хохирол төлбөрт 860,000 төгрөг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэнийг дурдах нь зүйтэй.    

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ю.М түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Ю.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байчууд овогт Юндэндоржийн Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мөнхтулгыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ю.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ю.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА