Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2016/00415

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Б дүүрэг, ** дугаар хороо, Байгаль ордон ***-д байрлах, М ХХК /гүйцэтгэх захирал Б.Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга /Т.М, утас ******/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*************/Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэг талын санаачилгаар гэрээг цуцалснаас учирсан хохирол 10000000 /арван сая/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар тус сумын нутагт Эзэрлэг агнуурын бүс нутгийн зураглал, хилийн цэсийг баталж, 2 дугаар заалтаар бүс нутгийн менежментийг "М" ХХК-д хариуцуулж гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрсний дагуу манай компани Буянт сумын засаг даргатай Эзэрлэг агнуурын бүс нутагт Агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ-г 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс байгуулан ажиллаж байсан. Гэтэл сумын Засаг дарга Т.М дээрх гэрээг цуцалсан талаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/124 тоот албан бичгээр бидэнд мэдэгдэхдээ ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус агнуурын бүс нутгийн менежментийг "О" ХХК, Нармандах ТББ-д хариуцуулж гэрээ байгуулахыг даалгасныг үндэслэсэн тухайгаа дурджээ.Т.Мгийн энэхүү албан тоотыг судлаад манай компани уг гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа нэгэн хэлбэрээр зөрчсөн үйлдэлгүй боловч "О" ХХК-тай гэрээ байгуулсныг ойлгож, гэрээ цуцлагдсан гэж үзээд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Амьтны тухай Монгол улсын Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Сум, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу манай компани Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайланг мэргэжлийн байгууллага болох Монголын Анчдын нийгэмлэг ТББ-тай гэрээ байгуулан боловсруулуулсан болно. Энэ төлөвлөгөөний 21-р хуудсан дахь Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв /2014-2017 он/ Хүснэгт 5-д зарцуулах хөрөнгийн хэмжээ тусгагдсан бөгөөд зохих төлбөрийг Монголын Анчдын Нийгэмлэг ТББ-д төлсөн. Иймд нэг талын санаачилгаар гэрээг цуцалснаас манай компанид учирсан хохирол болох гэрээ байгуулсантайгаар холбоотой хийгдсэн, хэргийн материалд авагдсан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан зэрэг баримт бичгийг боловсруулуулах, батлуулахад зарцуулсан 10000000 /арван сая/ төгрөгийг Буянт сумын Засаг дарга Т.Мгээс гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*************шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: М ХХК нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Мтэй 2012 оны 6 дугаар сард тохиролцоод гэрээ байгуулсан байдаг. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу гэрээ байгуулаад явж байтал 5 сарын дараагаар 5 жилийн хугацаатай байгуулсан гэрээгээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан учраас цуцаллаа. Мөнгө төгрөгөө О ХХК-тай хамтарч зохицуулна, өгнө гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэхүү алба бичиг хавтаст хэрэгт авагдсан. Тэгээд бид өмнө нь 3 шатны шүүхээр явсан. 3 дахь дээр нь буюу Монгол Улсын Дээд шүүхээс нэхэмжлэлийг тодорхой болго гэсэн чиглэл өгсөн учраас бид энэ дээр ярилцаад ерөөсөө гэрээгээ цуцалж байгаа бол зөвшөөрье. Яагаад гэвэл Баян-Өлгий аймгийн орон нутгийн удирдлагууд Баян-Өлгий аймгийн компаниудаа дэмжинэ гэдэг бодлоготой юм байна. Тийм учраас бид нар хүндэтгэлтэй хандаад гэрээг цуцалсныг зөвшөөрсөн. Гэрээг цуцалснаар манай компанид гарсан хохирол гэж байгаа. Баримт бичгийг боловсруулахад тийм төгрөг гарна гэдгийг төлөвлөгөөгөөр батлагдсан байдаг. Хоёрдугаарт мэргэжлийн байгууллагаар агнуурын төлөвлөгөө, нарийвчилсан тайлан гаргуулахын тулд Байгаль орчны яамны тендерээр шалгарсан, албан ёсны эрх авсан Монголын анчдын нийгэмлэг төрийн бус байгууллагад мөн төлж тэр баримт бичгүүдийг хийлгэсэн. Гэрээг цуцлагдахаар зэрэг мөн төлж хийлгүүлсэн баримт бичигтэй зориулсан 10 сая төгрөгийг Буянт сумын Засаг даргаас гаргуулж авъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэрэгт авагдсан материалуудтай танилцаад манай талд шийдвэр гаргаж өгвөл их сайн байна гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан гэсэн хоёр том бичиг баримтыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэхэд гарсан 10 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Амьтны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор агнуурын бүс нутгийг тогтоохдоо ямар процессын дагуу явагддаг юм вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. М ХХК нь тэнд хөл тавиагүй гэж байна. М ХХК нь ерөнхий захирал Буяндэлгэр, гүйцэтгэх захирал Т нар Буянт, Бугат сумуудаар явсан зураг байгаа. Яваагүй гэж байгаа нь худлаа байх. Энэ дээр явсан. Агнуурын менежментийн төлөвлөгөөг М ХХК өөрөө хийдэг байгууллага биш. Байгаль орчны яамны сайдын баталсан журмын дагуу албан ёсоор тендерт шалгарсан агнуурын менежментийн баримт бичиг боловсруулдаг эрх бүхий байгууллага нь хийдэг. Энэ байгууллага өөрөө судалгаагаа хийгээд материал, тайлангаа гаргаад төлөвлөгөөг манайд боловсруулж өгөөд тэрний хариуд нь мөнгөө төлдөг. Ажил хийлгээд мөнгөө төлдөг систем дэлхийн нийтийн жишиг байдаг юм. 20 сая төгрөгийн баримтын хувьд бид нар 2,3 агнуурын бүс нутгийн төлбөрийг зэрэгцүүлээд мөнгөө төлсөн. Тэр дотор Эзэрлэгийн төлбөр явж байгаа гэдгийг анхны хуралдаанаас эхэлж ярьж байгаа. Үүнийг хариуцагчийн өмгөөлөгч ойлгож байгаа. Нэгэнт хариуцагчаар хуралд оролцож байгаа тул тэгж хэлээд байх шиг байна. Энэ 20 сая төгрөгийн дотор манай 10 сая төгрөг байгаа гэдгийг өнгөрсөн жил ч хэлж байлаа. Одоо ч хэлж байна. Ингээд аж ахуйн гэрээний үндсэн дээр энэ баримт бичгүүдээ хийлгээд Монголын анчдын нийгэмлэгт мөнгөө төлсөн шүү гэдгийг хэлье. Үүнгүйгээр ямар ч бүс нутаг дээр агнуурын ажил зохион байгуулагдахгүй. Энэ Эзэрлэг агнуурын бүс нутгийг тогтоосноор манай компани мөнгөө гаргаадЭзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан хийлгээд мөнгөө гаргах үндэслэл нь гэрээ байдаг гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч мэдэж байх учиртай. Гэрээ байгуулагдаад мөнгөө төлөөд юмаа хийлгээд авчихсан. Цаашид цуцлагдаж байгааг хүлээн зөвшөөрөөд О гэдэг компанийг хүндэтгээд нэгэнт цуцалж байгаа бол үүнийг зөвшөөрье. Харин гэрээ хийж явснаар бидний үйл ажиллагаа зогсонги байдал үүсээд гаргасан төлбөр, хийсэн мөнгөө танайхаас буцааж авъя гээд нэхэмжлээд байгаа юм. Тийм учраас албан ёсны баримт бичиг, хуулийн дагуу явж байгаа баримт бичиг, хууль ёсны гэрээ байгуулаад албан ёсоор төлчихсөн мөнгөө хохирол гэж тооцож Буянт сумын Засаг дарга Т.Мгээс 10 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор М ХХК-тай Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ байгуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосон ёсоор дээрх гэрээг байгуулсан юм. Гэтэл уг гэрээг дараах бий болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээр цуцалсан юм.1.М ХХК нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ өнгөрсөн хугацаанд маш хангалтгүй биелүүлсэн буюу агнуурын бүс нутагт менежмент төлөвлөгөөний дагуу хийвэл зохих ажлууд болох ангийн тоо толгой өсгөн үржүүлэх, хамгаалах, хужир мараа тарих, байгаль орчны байцаагч, ангийн отогтой хамтарч газар дээр нь бодитой ажил хийгээгүй, хүйтний улиралд биотехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан нөхцөл байдал удаа дараа илэрсэн юм. Түүнчлэн М ХХК нь сумдын агнуур зохион байгуулалтын нарийвчилсан үнэлгээ хийсээгүй, тус суманд ирээгүй, нэг ч өдөр ажиллаагүй юм. Өөрөөр хэлбэл М ХХК нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ-ний Гуравдугаар бүлгийн 4.3.2, 4.3.3, 4.3.4, 4.3.5, 4.3.6, 4.3.7, 4.3.,8, 4.3.9 дэх заалтуудыг огт биелүүлээгүй юм. М ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоол нь хүчинтэй байгаа, энэхүү тогтоолыг хүчингүй болгох буюу эс зөвшөөрч байгаа тухай компани нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандаагүй юм. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана гэсэн заалт бий. Сумын ИТХ нь сумын Засаг даргын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, нэр дэвшүүлэх, огцруулах, чөлөөлөх нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарагдах асуудал юм. Иймээс нэгэнт Буянт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс М ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахыг сумын Засаг дарга надад үүрэг болгосныг эс зөвшөөрөх боломжгүй байдал ч үүссэн юм. Гэрээг ямар үндэслэлээр цуцлах болсон нь Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан байгааг шүүх хурлын мэтгэлцээний үед дэлгэрэнгүй ярих юм.2.Буянт сумын Засаг дарга болон М ХХК-ны хооронд байгуулсан гэрээг албан ёсоор цуцалсан талаар тус компанид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр № 1\214 дүгээр бүхий албан бичгээр мэдэгдэж байсан боловч түүнээс хойш бараг нэг жилийн нүүр үзэж байхад гэрээг цуцалсан маргаантай асуудлаар Буянт сумын ИТХ-д хандаагүй нь компани нь гэрээнээс татгалзсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.3.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2015 онд тусгай зориулалтаар амьтан агнах хуваарь батлах тухай А-426 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад 4 дэх хэсгийн 13-д Буянт суманд О ХХК, Нармандах нөхөрлөлтэй хамтарч 2015 онд 2 толгой угалз агнахыг зөвшөөрсөн байдаг юм. Харин энэхүү тушаалд М ХХК-д Буянт сумын нутаг дэвсгэрээс угалз агнахыг зөвшөөрсөн заалт байхгүй юм. Тийм ч учраас сумын Засаг дарга би М ХХК-ийн ерөнхий захирал У.Буяндэлгэртэй 2015 онд гадаадын анчнаар олзворын чиглэлээр ан хийлгэх гэрээ хийгээгүй юм.4.Буянт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Агнуурын бүс нутаг тогтоох тухай 33 дугаар бүхий тогтоолоор Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийг Баян-Өлгий аймгийн О ХХК, Нармандах ТББ-д 5 жилийн хугацаатай хариуцуулан хамгаалуулах гэрээ хийж, хэрэгжилтийг хангаж, тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосон юм. Сумын ИТХ-ын 2014 оны 33 дугаар тогтоолын дагуу сумын Засаг дарга би Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөөтэй танилцаж баталгаажуулан О ХХК-тай 2015 онд тусгай зөвшөөрлөөр ан амьтан агнуулах гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба О ХХК нь Нармандах ТББ-тай хамтран Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хангалттай хэмжээнд хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл О ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн, саяхан Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2014 оны А\426 дугаар тушаалд зааснаар 2 тооны угалзыг зохих журмын дагуу агнуулсан байна. 2014 онд Монголын Анчдын нийгэмлэг нь улсын төсвийн мөнгө хөрөнгөөр аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөг хийж өгсөн юм. Түүнчлэн сумдын агнуур зохион байгуулалтын нарийвчилсан үнэлгээг М ХХК биш өөр компани хийх ёстой гэдэг нь Засгийн Газрын 2014 оны 93 дугаар тогтоолд тусгагдсан байгаа. Гэтэл М ХХК нь аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс сумдтай холбогдолтой хэсгийг хуулж, уг төлөвлөгөөнд бага зэргийн засвар хийж манай компани хийсэн гэж худлаа зүйл ярьж байгаа юм. М ХХК-ны удирдлага, мэргэжилтэн нар Буянт суманд ирж байгаагүй, нэг ч өдөр ажиллаагүй, нэг ч ажил хийгээгүй бөгөөд Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ хийсэн боловч гэрээнд заасан үүргээс нэг ч заалтыг биелүүлээгүй байтал өнөөдөр сумын Засаг даргаас 10,0 сая төгрөг нэхэмжилж байгаад гайхаж байна. Тус компанийн хохирсон гэх 10,0 сая төгрөгийг ямар байгууллагын шийдвэрээр, ямар байгууллагад, юуны учир төлсөн нь тодорхойгүй байна. Иймд дээр дурдсан бодит нөхцөл байдал буюу агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. М ХХК болон Монголын анчдын нийгэмлэгээс нэг ч хүн Буянт суманд очиж байгаагүй. Нэг ч хүн Эзэрлэг агнуурын бүс нутагт хөл тавьж байгаагүй. Амьтны тухай хуулийн дагуу М компани нь агнуурын бүс нутгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг байхгүй. Дараа нь 20 сая төгрөг төлсөн баримт явж байгаа боловч тэр 20 сая төгрөг нь аль сумын асуудал гэдэг нь тодорхой бус байгаа. Тийм учраас 10 сая төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Газар дээр нь очиж менежмент төлөвлөгөө хийнэ гэвэл олон ажил хийх ёстой. Юу ч хийгээгүй, төлөвлөгөө хийгээгүй, ан олзворын чиглэлийн гэрээ огт хийгдээгүй. Тэгээд ч өөрсдөө гэрээг цуцалсныг зөвшөөрч байгаа. Гэрээг хүчинтэйд тооцуулахаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Ийм учраас 10 сая төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Үнэхээр Буянт сумын менежментийн төлөвлөгөөг хийж, тэрний төлөө 5 сая төгрөгийг Монголын анчдын нийгэмлэг төлсөн гэсэн нотлох баримт байхгүй. 20 сая төгрөгийн баримт гэж нэг баримт байгаа. Ийм учраас Буянт сумаас энэ мөнгийг Монголын анчдын нийгэмлэг төлсөн гэсэн ямар нэгэн бичиг баримт явуулаагүй. Энэхүү 20 сая төгрөгийн баримт эргэлзээтэй баримт болж байна. Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайланг хийснээр 5 сая төгрөгийг Монголын анчдын нийгэмлэг төлсөн гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.2-т Аймгийн Засаг дарга, тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь нутаг дэвсгэртээ ерөнхий агнуур зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ гэж заасан. М компаний хийсэн гэх гэрээг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн эсэх нь тодорхой бус байгаа. Менежментийн төлөвлөгөөг хийхэд агнуур зохион байгуулалтын 22 төрлийн ажил байдаг. Бэлтгэл ажлын хүрээнд олон ажил байдаг. Хээрийн хайгуул, судалгаа хийх ажлын хүрээнд олон ажил байдаг. Энэ 22 төрлийн ажил бол бидний Улсын Дээд шүүхэд бичсэн тайлбар дээр тодорхой байгаа. Энэ 22 төрлийн ажлаас М компани болон Монголын анчдын нийгэмлэг нь нэг ч төрлийн ажлыг хийгээгүй. Нэг ч ажил хийгээгүй байж 10 сая төгрөгийг төсөвт байгууллагаас нэхэмжилж байгаа нь боломжгүй байдалд хүргэж байна. Энэ 93 дугаар тогтоол маш их зүйл байгаа. Энэ ажлуудаас нэг ч ажил хийгээгүй. Ажил хийсэн хүнд мөнгө өгнө. Хийгээгүй хүнд мөнгө өгөхгүй шүү дээ. Агнуурын бүс нутагт 22 төрлийн ажлыг хийхийн тулд нэг ч хүн ирээгүй. Нэг ч хүн хөл тавиагүй байж, нэг ч хайгуулын ажлаас хийгээгүй байж 10 сая төгрөг нэхэмжилж байгаа нь буруу юм. Хавтаст хэрэгт төлөвлөгөө явж байгаа. Энэ бол дээр үед боловсруулагдсан аймгийн ан агнуурын ерөнхий төлөвлөгөө байгаа юм. Энэ дээр бага зэргийн өөрчлөлт оруулаад тэгээд бид нар ан агнуурын төлөвлөгөөг биелүүлсэн гэж, газар дээр нь очиж ажил хийсэн гэдэг. Энэ компани улсын хэмжээнд өөр олон аймгуудтай ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг юм байна. 20 сая төгрөг гэдэг чинь Буянт сумын төлөө хийсэн ажил юм уу?. Эднийх Бугат суман дээр ийм үйл ажиллагаа явуулж байсан. Улаанхус суманд ийм ажиллагаа явуулж байсан. Нөгөө хоёр сумаас нэхэхгүй байж, зөвхөн Буянт сумаас ингэж мөнгө нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ 20 сая төгрөг бол улсын хэмжээнд гарсан Монголын анчдын нийгэмлэгт төлж байгаа нэгдсэн зардал гэж үзэж байгаа. Энэ бол Буянт суманд 5 сая төгрөг гарсныг нотлох шууд нотлох баримт биш гэж бодож байгаа. Тэгэхээр уг мөнгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай Агнуурын бүс нутаг тогтоох тухай тогтоол-оор Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийг МХХК хариуцуулж, гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг Дарга Т.Мд зөвшөөрсөн байна.

Иймээс нэхэмжлэгч М ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №07 дугаартай Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ-г хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргатай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулжээ.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай Агнуурын бүс нутаг тогтоох тухай тогтоол-оор Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийг Баян-Өлгий аймгийн О ХХК, Нармандах ТББ-д 5 жилийн хугацаатай хариуцуулан хамгаалах гэрээ хийхийг сумын Засаг даргад үүрэг болгож, энэ тогтоол гарсантай холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна. Мөн Буянт сумын Засаг дарга нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О ХХК-тай Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ байгуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор хариуцагч Буянт сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/214 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичгээр нэхэмжлэгч "М" ХХК-тай Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ-ний дагуу хамтран ажиллах боломжгүйг мэдэгдэн, гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М ХХК-нд нийт 10000000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа ба харин хариуцагч Буянт сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/214 дугаартай албан бичгээр М ХХК-нд төлөвлөгөө, тайлан боловсруулахад шаардагдах 5000000 төгрөгийг буцаан төлөх талаар тусгасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан О ХХК-нд холбогдолтой материалууд энэ хэрэгт хамааралгүй болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч М ХХК-аас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар 20 сая төгрөгийг тушаасан боловч хэнд /хаана/ ямар дансанд юуны төлөө шилжүүлсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас 5000000 төгрөг гаргуулан М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийн 94950 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан М ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5000000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас 94950 төгрөг гаргуулан "М" ХХК-д олгосугай.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК