| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2021/00567/И |
| Дугаар | 225/МА2025/00003 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 225/МА2025/00003
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 225/МА2025/00003 |
З.Чийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2024/00947 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: З.Чийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О, Э.Бнарт холбогдох
Э.Боос бүгд 14 толгой адууны үнэ 8,900,000 төгрөг, хариуцагч Б.Огаас бүгд 13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, бүгд 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, бүгд 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА 0000 улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг бүгд 45,340,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч З.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Б.О, Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А, З.Ч бид нар 2004 онд танилцаж, үерхэж байгаад 2005 оноос хамтдаа амьдарч эхэлсэн. Бид 2007 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөн өөрийн гэсэн хашаа, байшингаа барьж дуусгаад 2008 онд албан ёсоор хурим найраа хийж өрх тусгаарласан. Бид 2005 оноос 2020 оны 4 сар хүртэл нийт 15 жил 4 сар гаруй хугацаанд хамтдаа амьдарсан. Бид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо том хүү А.Т 13 настай, дунд хүү А.Т 12 настай, бага охин А.Э 4 настай болсон. ...2013 оноос хөдөө гарч малаа маллаж эхэлсэн. Гэтэл 2019 оны 10 сараас нөхөр маань гэнэт сум орно гэж яваад олон хоногоор алга болох болсон. ...Тэрээр намайг гэртээ битгий ир, би малаа маллаад чи хүүхдүүдээ асраад боловсролтой болго гэх болсон. Нэгэнт өөр хүнд сэтгэлтэй болчихсон бол би гэрлэлтээ цуцлуулъя гэхээр нөхөр маань би гэрлэлтээ цуцлуулахгүй, салахгүй гээд бүр зугатаагаад байсан учир би түүнд боломж олгож хүлээсэн. Нөхөр маань 2020 оны 6 сарын орчимд Б.Ог гэртээ авчирч хамт амьдрах болсон ч гэсэн намайг гэрлэлтээ цуцлуулна гэхээр цуцлуулахгүй гээд эрс татгалзаад байсан. Улмаар 2021 оны 01 сард нөхөр маань малнуудаа ирээд аваарай, би ялгаад тавьчихъя гэсэн мессэж бичсэн байсан. Өвлийн хүйтэнд мал очиж авах боломжгүй байсан учир би очиж аваагүй. ...Нөхөр маань 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амиа хорлож нас барсан. Миний гэр бүлийг үймүүлж, 3 хүүхдийг минь өнчрүүлэн насан туршид нь хэзээ ч мартагдахааргүй сэтгэл зүйн хямрал, гомдол цөхрөл дунд үлдээж байгаа н.Од бид маш их гомдож байна. Улмаар би өөрийн гэр бүлийн мал, эд хөрөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрч байна.
...Иймд: 1. Хариуцагч Э.Боос азрага 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 2 толгой (нэгж үнэ 800,000 төгрөг), нийт 1,600,000 төгрөг, гүү 4 толгой (нэгж үнэж 800,000 төгрөг) нийт 3,200,000 төгрөг, даага 4 толгой (нэгж үнэ 300,000 төгрөг) хийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 1,400,000 төгрөг, бүгд 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 16 толгой адууг,
2. Хариуцагч Л.Лгээс бяруу 4 толгой (нэгж үнэ 250,000 төгрөг) нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой (нэгж үнэ 500,000 төгрөг) нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой (нэгж үнэ 800,000 төгрөг) нийт 3,200,000 төгрөг, бүгд 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхрийг,
3. Хариуцагч Б.Огаас хуц 1 толгой, үнэ 120,000, төлөг насны хонь 67 толгой (нэгж үнэ 70,000 төгрөг) нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой (нэгж үнэ 100,000 төгрөг) нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой нэгж үнэ (100,000 төгрөг), нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой (нэгж үнэ 150,000 төгрөг), нийт 4,650,000 төгрөг, нийт 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, ухна 1 толгой, үнэ 120,000 төгрөг, борлон 64 толгой (нэгж үнэ 40,000 төгрөг), нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой (нэгж үнэ 50,000 төгрөг), нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой (нэгж үнэ 100.000 төгрөг), нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой (нэгж үнэ 50,000 төгрөг), нийт 3,600,000 төгрөг нийт 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА 003 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркын мотоциклийн 1,000,000 төгрөг, бүгд 38,240,000 (гучин найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч З.Ч 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа. ...Л.Лгээс нийт 13 толгой үхэрийн үнэ 7,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Огаас гаргуулахаар хариуцагчийг өөрчилсөн. ...Иймд хариуцагч Э.Боос азрага 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 1 толгой үнэ 800,000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800,000 төгрөг/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300,000 төгрөг/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн морь 3 толгой /нэгж үнэ 700,000 төгрөг/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан морь 2 толгой /нэгж үнэ 700,000 төгрөг/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 14 толгой адууны үнэ 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Б.Огаас бяруу 4 толгой /нэгж үнэ 250,000 төгрөг /, нийт 1,000,000 төгрөг, шүдлэн үхэр 3 толгой /нэгж үнэ 500,000 төгрөг/, нийт 1,500,000 төгрөг, хязаалан үхэр 2 толгой /нэгж үнэ 700,000 төгрөг /, нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000 төгрөг/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг хонь 67 толгой /нэгж үнэ 70,000 төгрөг/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн хонь 35 толгой /нэгж үнэ 100,000 төгрөг /, нийт 3,500,000 төгрөг, эм хонь 78 толгой /нэгж үнэ 100,000 төгрөг /, нийт 7,800,000 төгрөг, эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, бүгд 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40,000 төгрөг /, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000 төгрөг /, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000 төгрөг /, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000 төгрөг /, нийт 3,600,000 төгрөг, бүгд 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА 003 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, бүгд 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч З.Чийн 2024.07.19-ний өдөр шүүхэд гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Бяруу 4 толгой, шүдлэн үхэр 3 толгой, хязаалан үхэр 2 толгой, үнээ 4 толгой нийт 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөгийг надаас гаргуулах тухайд, талийгаач Б.А бид 2 хамт амьдарч байсан ч түүнийг хэдэн толгой малтай байсныг би сайн мэддэггүй байсан. Манай үхэр сүрэг гэж тусдаа байдаггүй байсан. Тиймээс надаас үхэр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
2. 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөгийн тухайд: яг хэдэн тооны мал үлдсэнийг би сайн мэдэхгүй бөгөөд мал нь талийгаачийн нагац эгчийн нөхөр буюу Л ахынд байдаг байсан. Талийгаач оанкны зээлтэй байсан бөгөөд нас барахдаа миний малыг зарж зээлийг төлөөрэй гэсэн байдаг. Ингээд ах дүү нар нь ярилцаад Ад нарийн малыг зарж, А зээлийг нь хаасан бөгөөд эдгээр баримт хэрэгт авагдсан болно. Тиймээс энэ шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй.
3. ХӨА 003 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг гаргуулах тухайд: Би талийгаачтай хамт амьдрахдаа өөрөө ч бас хөрөнгөтэй нийлсэн. Тухайлбал өөрийн хашаа байшин, приус маркын автомашиныг зарж байсан ба тухайн мөнгөөрөө ХӨА003 дугаартай портер автомашиныг худалдан авч, мөн машиныг засч сэлбэхэд шаардлагатай сэлбэгүүдийг өөрийн мөнгөөр худалдаж авсан байдаг. Харин машины гэрчилгээг талийгаачийн нэр дээр гаргуулсан. Талийгаачийг нас барах үед би мөнгөгүй байсан тул буяны ажилд зарцуулсан мөнгийг М ахынх гаргасан бөгөөд ажил явдал болсны дараа тооцоо хийж үзээд М ахад автомашиныг нь өгсөн. Энэ талаар М ах гэрчээр мэдүүлэг өгч, холбогдох баримтуудыг ч гаргасан байдаг. Нэхэмжлэлд дурдсан тухайн авто машиныг би өөрөө худалдаж авсан, мөн одоо миний эзэмшилд байхгүй тул Чт өгөх боломжгүй.
4. Мустанг маркийн мотоциклийн үнэ 1,000,000 төгрөгийн тухайд, энэ мотоциклийг мөн л би өөрийн хашаа байшин зарсан мөнгөөр худалдаж авсан. Талийгаачийг нас барсны дараа мотоциклийг ах дүү нарт нь үлдээсэн тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь талийгаач бид 2-ыг хамт амьдарч байсныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргаад байгаа боловч өөрсдийнхөө салалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Хэдийгээр хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан боловч тэд тусдаа амьдардаг, гэр бүлийн дундын эд хөрөнгөө хуваагаад авчихсан байсан ба энэ талаар гэрчүүд нотолдог. Надад мал, эд хөрөнгө үлдсэн бол би талийгаачийн үр хүүхдүүдээс нь харамлаад булаацалдах зүйл байхгүй. Надад үнэхээр талийгаачийн надад мал, эд хөрөнгө нь байхгүй тул миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2024/00947 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан Э.Боос азарга 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 1 толгой үнэ 800,000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300,000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 14 толгой адууны үнэ нийт 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөг, хариуцагч Б.Огаас бяруу 4 толгой /нэгж үнэ 250,000/, нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой /нэгж үнэ 500,000/, нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, 13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг насны хонь 67 толгой /нэгж үнэ 70,000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, 212 толгой хониний үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40,000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА 4933 улсын дугаартай портер маркын машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, бүгд 45,340,000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч З.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжпэгчээс дутуу төлсөн 550,650 /таван зуун тавин мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч З.Ч давж заалдах гомдолдоо: ...З.Ч би шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх З.Ч миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн дүгнэлтийг харахад ойлгомжгүй, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх З.Ч миний нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгүүдийг гэрлэгчдийн дундын эд хөрөнгө мөн гэж дүгнэсэн. Гэтэл гэр бүлийн гишүүд өөрсдийн эд хөрөнгөө өв залгамжилж авах ёстой, өв залгамжлалын журмаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой байсан гэж ойлгомжгүй дүгнэлт хийж шийдээд байгааг гайхаж байна. Би яагаад өөрийн эд хөрөнгөө өөрөө өв залгамжилж авах ёстой гэж.
Би өөрийн гэр бүлийн дундын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээд өгөхгүй байгаа хариуцагч нараас эд хөрөнгөө шаардаж нэхэмжилж байгаа болохоос өвлөх эрхтэй холбоотой маргаагүй. Мөн шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд хашаа байшин, үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө байна гэж дүгнэж байгаа нь огт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй зүйл дээр дүгнэлт хийж байгааг гайхаж байна.
Өв залгамжлал, өв хүлээн авсан харилцааны талаар шүүх дүгнэлт хийсэн, гэхдээ энэ талаар шүүхийн мэтгэлцээн, нэхэмжлэлийн шаардлагад огт хэлцэгдээгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.
Өвлөх эрх, өв хүлээн авсан аваагүй талаар шүүх дүгнэх гэж байгаа бол би Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргад өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүсч хүсэлт гаргаж байсан. Нотариат дээр хүртэл хандаж хүсэлт гаргаж байсан.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлээр шаардаад байгаа эд хөрөнгийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Э.Боос 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 16 толгой адуу, хариуцагч Л.Лгээс 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхэр, хариуцагч Б.Огаас 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА003 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, мустанг маркын мотоциклийн 1,000,000 төгрөг, нийт 38,240,000 (гучин найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн үндэслээ ...Би 2004 онд Б.Атэй танилцаж, 2008 онд гэр бүлээ батлуулж албан ёсны эхнэр нөхөр болсон, хүү А.Тыг 2008 оны 10 сарын 02-ны өдөр, хүү А.Тыг 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, охин А.Эг 2017оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр баг, 27-10 тоотод оршин сууж амьдардаг байсан. 2014 онд хашаа байшингаа зарж мал аваад нөхөр, хүүхдийн хамт хөдөө мал маллахаар гарсан. Нөхөр маань хөдөө малаа маллаж, би хүүхдүүдээ сургуульд сургахаар Мөрөн суманд байх хооронд буюу Б.О нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, 2019 оны 11 сараас эхэлж манай хөдөө гэрт очиж, нөхөртэй маань амьдарч байгаад нөхөр маань амиа хорлож нас барсан. Энэ бүгд Б.Огийн буруу, миний болон хүүхдүүдийн минь амьдралаар тоглож, хүүхдүүдэд амьдын хагацал үзүүлсэн. 2020 оны мал тооллогоор тоологдсон мал, талийгаач нөхрийн эзэмшиж байсан автомашин, мотоцикль нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө. Гэтэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хариуцагч нар авчихаад өгөхгүй байгаа тул гаргуулна. гэж тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Л.Лгээс нийт 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Огаас гаргуулахаар өөрчилсөн байна.
Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мал, портер машин, мотоцикль байхгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Шүүх хариуцагч Э.Б, Б.О нар нь нэхэмжлэгч З.Чт өвлөгдөх маргаан бүхий мал, эд хөрөнгийг эзэмшилдээ хууль бусаар авсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй, зохигчийн хооронд гэм хорын эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхдөө Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, түүнийг хуульд зааснаар өвлөх, хүлээн авахаас татгалзах эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 126, 518, 520, 528 дугаар зүйлд тус тус хуульчлан тодорхойлсон.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно гэсэн тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн төрсөн, дагавар, үрчилсэн хүүхдүүдийг багтаасан ойлголт байна.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хамтран өмчлөгч нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүд байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээд хамтран өмчлөгч байх боломжгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.Ч нь Б.Атэй 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас хүү А.Т 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, хүү А.Т 2009 оны 10 дугаар сарын 17- ны өдөр, охин А.Э 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн,
Б.А нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сум, 0-р баг, Б Хө 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмших эрх авч, улмаар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өмчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, мөн 2001 онд үйлдвэрлэгдсэн, 00ХӨА улсын дугаартай, портер маркийн автомашиныг эзэмшиж, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогод 2019 онд адуу 11, үхэр 13, хонь 187, ямаа 307, бүгд 518, 2020 онд адуу 16, үхэр 13, хонь 212, ямаа 207 толгой, бүгд 448 толгой мал тоолуулж байсан байх ба тэрээр 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан үйл баримтууд нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх 7 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх 9-10 дахь тал/, газар эзэмших болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх 228-234 дахь тал/, Хөвсгөл Аймгийн Түнэл сумын архивын тасаг, малын А дансны лавлагаа болон Авто тээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх 11, 90 дахь тал/, нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх 8 дахь тал/ зэрэг баримтаар, мөн гэрлэгчид нь 2019 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарсан нь шүүх хуралдаанд гаргасан зохигч нарын тайлбараар тус тус тогтоогдсон байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Б.Агийн дээрх эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах хэдий ч Б.А нь нас барсан тул гэрлэгчдийн гэрлэлт дуусгавар болж, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдэж, өвийн зүйлийг хүлээн авах эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмын талаар зохицуулсан ба хуулийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж, 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч З.Ч эв нээгдсэнээс хойш хуульд заасан дээрх хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн нотариатч Э.Од өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаж, хүсэлтдээ зөвхөн Хөвсгөл аймгийн Т сум, 0-р баг, Б Хөх толгой 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газрыг гаргуулахаар хандсан нь маргаантай зүйлтэй холбоотой биш байна.
Нэхэмжлэгч ...манайх 14 толгой адуу, 13 толгой үхэр, 212 толгой хонь, 207 толгой ямаа болон ХӨА003 улсын дугаартай портер машин, Мустанг маркийн мотоцикльтой байсан. Энэ талийгаачийн нэр дээр тоологдсон малын А данс, тээврийн хэрэгслийн лавлагаанаас харагдана, уг мал, машин, мотоцикль зэрэг эд хөрөнгүүд нь хариуцагч нарт байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх учиртай.
Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Б, Б.О нар нь бусдын эд хөрөнгө буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч З.Чийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2024/00947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ