Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  вагоны слейсерь мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол ард улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар  3 жилийн хорих ялаар,  Төмөр замын  шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 168-н А-д зааснаар  2 жилийн хугацаагаар нутаг зайлуулж, 2 жил тус тус хорьж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30-р зүйлийг журамлан дээрх хорих ялуудыг хооронд нэмж бүгд 4 жилийн хорих, 2 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сар, 20 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Т овогт Э.М-д холбогдох эрүүгийн 1920001210095 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Э.М нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн хамтран амьдрагч П.Г-тэй маргалдаж улмаар түүний нүүр болон гуян тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...“ гэсэн  мэдүүлэг

Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би М-тай нэг гэрт орж хамтран амьдраад 3 жил болж байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй. Хамтран амьдарч эхэлснээс хойш хамт архи уудаг болсон. Үндсэндээ архинд орж хамраалтай болсон. Бид хоёр өдөртөө вокзал дээр тэрэг түрж хоолны мөнгөө олдог. Илүү мөнгө гарвал архи авч уудаг. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байхад Э.М намайг зодсон. Тэр үед бид хоёр хоёулаа согтуу байсан. М намайг хардаад байдаг. Тэгээд л хэрүүл хийж хардаж байгаад миний баруун хөлний гуя хоёр гарын шуу тохойн хэсэг үү өшиглөсөн. Хэд өшиглөснийг нь мэдэхгүй байна. Ахиж ингэж зодох бий гэсэн үүднээс цагдаад хандсан. М намайг зодох үед хажууд гэрч болохоор хүн байгаагүй. Бид хоёр хоёулхнаа гэртээ байсан. Урьд нь энэ удаагийнх шиг хандаж байгаагүй. Цагдаад мэдэгдэж шалгуулснаас хойш М надад гар хүрээгүй. М бид хоёр одоо ингэж яваад л хамт насыг барна. Өөр зам байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/

2019 оны 05 сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн17-18/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 17-ний өдрийн “1. П.Г-н биед баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний зовхи, баруун бугаллага, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтлүүд нь  баруун нүдний салстын цус харвалт, гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь нийлээд  Гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0268 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/

Э.М-г эрүүлжүүлсэн тухай эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 30/

Шүүгдэгч Э.М нь урьд нь 8 удаа ял шийтгүүлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 36/

УБТЗ-ын тусгай шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42/

Төмөр замын  шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 43/

Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх  тогтоолын хуулбар /хх-ийн44/

Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-47/

Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн50-53/

Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55/

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх  тогтоолын хуулбар /хх-ийн57-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Э.М нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн хамтран амьдрагч П.Г-тэй маргалдаж улмаар түүний нүүр болон гуян тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Э.М-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/, 2019 оны 05 сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 02/0268 тоот дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байх ба шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэрэг түрж өдөрт 10,000 төгрөгийн орлого олж, өдөр тутмын амьжаргаагаа залгуулдаг талаар хэрэгт тогтоогдсон байх тул прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.М-г  240 /хоёр зуун дөч/ цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг  мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц