| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0590/э |
| Дугаар | 595 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: Б.Э, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Болдын Эод холбогдох эрүүгийн 1909011410588 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын Гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ....................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...............регистерийн дугаартай, Боржигон овогт Болдын Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2 дугаар гудамжны 73 тоотод оршин суугч Р.Батбаярыг гэрт нь “бусдыг хэл амаар доромжиллоо” хэмээн улаан өнгийн хутгаар баруун өгзөг тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, хохирогч Р.Батбаярын мэдүүлэг
/хх-ийн 14-19/, гэрч Д.Ариунцацралын мэдүүлэг /хх-ийн 32-34/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Б.Батцэнгэлийн тодорхойлолт /хх-ийн 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн дүгнэлт /хх-ийн 29/, яллагдагч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 45-48/, Б.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-72/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2 дугаар гудамжны 73 тоотод “эгчийг маань хэл амаар доромжиллоо” хэмээн иргэн Р.Батбаярыг баруун өгзөгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.
Үүнд:
хохирогч Р.Батбаярын /хх-ийн 14-19/: “... Гэртээ эхнэр Ариунцацрал, түүний дүү Э, эхнэрийн найз Амарсайхан нарын хамтаар архи ууцгаасан. Архиндаа нилээд согтоод эхнэр Ариунцацралтайгаа маргалдаж “янхан банзал” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Дүү Э нь “миний эгчийг битгий доромжлоод бай” гэхээр нь би Этой муудалцаж “чамд хамаагүй” гээд хэрэлдэж байсан. Нэг мэдсэн чинь Э миний баруун талын өгзөг рүү хутгалчихсан. Эхнэр болон түүний дүү Э нарыг хэл амаар доромжилж хүний дургүй хүргэснээс болж өөрөө хутгалуулсан учраас Эыг шоронд орчих вий гэж бодсондоо “гадаа гудамжинд өөр хүнд хутгалуулсан” гэж худал мэдүүлэг өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Ариунцацралын /хх-ийн 32-34/: “...Нөхөр Батбаяр болон дүү Э, найз Амарсайхан нарын хамт архи уусан. Манай нөхөр намайг элдвээр хэл амаар доромжлоод, энэ үед миний дүү болох Э “битгий хүн хэл амаар доромжлоод бай” гэж хэлсэн.Тэр үед хэсэг зүүрмэглэж байхад юм унах шиг болоод чимээ гарахаар нь босоод харахад манай гэрийн шалаар их хэмжээний цус асгарсан байхаар нь гайхаад эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлгээр,
Б.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 45-48/: “...Хүргэн ах Р.Батбаярын бөгсөн тус газарт нь хутгалж гэмтэл учруулсан, хутгалсан хутгаа ахын жорлонд хийж хаясан. Авах боломжгүй болсон. Эмчилгээндээ зарцуулаарай гээд 150.000 төгрөг бэлнээр өгсөн. Хүргэн ахтайгаа эвлэрсэн...” гэх мэдүүлгээр,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Б.Батцэнгэлийн /хх-ийн 22/: “...
Р.Батбаяр 57 настай эрэгтэй, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр согтолтын
байдал ихтэй, баруун талын өгзөгний орчим зах ирмэг хурц, гаднаас дотогш
чиглэлтэй, шархнаас зүүн чиглэлтэй, гүн хутгалагдсан шархтай ирсэн...” гэх
жижүүр эмчийн тодорхойлолтоор,
Р.Батбаярын биед “баруун өгзөгт шарх” бүхий хурц ир ирмэгтэй зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3419 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 29/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад хутгалуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Эын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Эын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Р.Батбаяр нь “хохирлын мөнгө болох 150.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг нийт 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ