Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00177

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04924 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/05 тоот тогтоолоор үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Уг тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг үндэслэсэн байх боловч уг зөрчлийг нотолсон зүйлгүй, компанид ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Тодруулбал, хуульд сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хараат бус аудиторын 2023 оны 3 дугаар улирлын тайлан гэх баримт бичиг, түүнд заасан үндэслэлийг дурдаж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй.

Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 45,500,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэл алдсан буюу ашиг сонирхлын зөрчил бүхий хэлцэл байгуулсан буруутай үйлдэл гаргасан болох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хараат бус аудиторын 2023 оны 03 дугаар улирлын тайлангаар бүрэн тогтоогдсон тул Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний 4.2.20.3, 4.3.4-с заалт, Ханган нийлүүлэх үйл ажиллагааны журмын 3.5, 7.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дэх хэсэгт зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан *******г "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 45,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч "*******" ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "*******" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 385,450 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний 4.2.20.3, 4.3.4-с заалт, Ханган нийлүүлэх үйл ажиллагааны журмын 3.5, 7.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дэх хэсэгт заасныг зөрчиж ашиг сонирхлын зөрчил бүхий хэлцэл хийсэн болохыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хараат бус аудиторын 2023 оны 03 дугаар улирлын тайлангаар тогтоосон тул түүнийг ажлаас чөлөөлсөн.

4.2. *******гийн зөрчлийн үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс гомдол мэдээллийг хүлээн аваад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Гэвч хэрэг бүртгэлт үүссэн тогтоол ирсэн боловч хэргийг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар түдгэлзүүлээгүй бөгөөд эрүүгийн хэрэгтэй хамт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасны дагуу уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа гэж оролцогчийн зүгээс үзэж шүүгчээс татгалзсан боловч татгалзлыг хүлээн аваагүй буюу хуульд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийг шүүхээс хүлээн аваагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, оролцогчийн эрхийг хязгаарласан.

Мөн *******гийн зөрчлийг тогтоох, хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр нь үндэслэлтэй эсэхийг тогтоох үүднээс орen data хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас ******* ******** ХХК-ийн хувь эзэмшлийн мэдээлэлд үзлэг хийх тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй.

*******гийн цалингийн хэмжээ, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхээс буруу тогтоосон буюу нийгмийн даатгал төлж байсан лавлагааг бүрэн аваагүй, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар бэхжүүлээгүй, шүүхээр хэргийг шийдвэрлэж байхад ажилд орсон эсэхийг тогтоохгүйгээр хэргийг шийдэж 45,500,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.4. Шүүхээс хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2, 127.1-ийг баримталж шийдвэр гаргасан нь шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Энэ зохицуулалтыг хэрэглэхдээ онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй, гэрээний хугацаа дуусаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан боловч шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг зааж тайлбарлаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

******* ХХК нь *******г 45,000,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзэж шалгуулахаар цагдаад гомдол гаргасан нь хэрэгт хамааралгүй тул иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй. Мөн хариуцагч нь хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй.

Цахим баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн.

Шүүх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үр дүнг талууд дүгнээгүй, гэрээний хугацаа дуусаагүй байна гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа биш юм.

Хариуцагч тал онцгой нөхцөл бүхий гэрээг дүгнэлгүйгээр цуцалсан байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй үндэслэлээ хэрэгт нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад ашиг сонирхлын зөрчил бүхий хэлцэл хийсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтыг дүгнэлгүй орхигдуулсан, маргааны харилцаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлын зөрчил бүхий хэлцэл хийсэн болохыг тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож, 2 жилийн хугацаатай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан /1хх 5-9/.

 

3.2. "*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хараат бус аудиторын 2023 оны гаргасан 03 дугаар улирлын тайланд гүйцэтгэх захирал ******* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *******-тай зөвлөх үйлчилгээ 3 сарын хугацаатай авах гэрээ байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, тус компанийн актуарч ************ын хувьцаа эзэмшдэг ******** ХХК-тай 2023 оны 03-06 дугаар саруудад ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ханган нийлүүлэлтийн журам зөрчсөн гэж дүгнэсэн байна /1хх 83-91/.

Энд дурдсан зөрчлийн талаар гүйцэтгэх захирал *******д цахим хаягаар мэдэгдэж, хариу тайлбар авсан болох нь цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ******** мэдүүлгээр тогтоогдсон /1хх 128-134/.

 

3.3. Дээрх аудиторын тайлантай холбогдуулан *******" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/01 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирал ******* нь *******-тай ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн нь тогтоогдсон тул албан тушаалаас чөлөөлөх саналыг гаргасан /1хх 108/.

Улмаар *******" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/05 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, Нэр дэвшүүлэх цалин урамшууллын хорооны 2024/01 тоот дүгнэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Хараат бус аудиторын 2023 оны 3 дугаар улирлын тайлан, гүйцэтгэх захирал *******тай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 9.3.4.с заалтыг үндэслэн *******г ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан үндэслэлээр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ /1хх 10/.

 

4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй эсэхэд зохигч маргасан байхад анхан шатны шүүх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үр дүнг дүгнээгүй, гэрээний хугацаа дуусаагүй үндэслэлээр маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа хэзээ дуусгавар болох, гэрээг дүгнэсэн эсэхээс үл хамааран хөдөлмөр эрхлэх харилцааг цуцлах нь ажил олгогчийн эрх юм.

Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд дээрх зохицуулалт үйлчлэх болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасан билээ.

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалыг эрхэлж байсан буюу ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан байжээ.

 

4.2. *******" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/01 дүгээр тогтоолд заасан ажлаас чөлөөлөх дүгнэлтэд дурдагдаагүй, ************ нь *******" ХХК-нд актуарчаар ажилладаг үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг ******** ХХК-тай гэрээ байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоолд зөвхөн гэрээ байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан тул ******** ХХК-тай гэрээ байгуулахдаа ханган нийлүүлэх журам зөрчсөн эсэх нь энэ хэргийн маргааны хүрээнд хамааралгүй.

 

4.3. Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь *******-тай 3 сарын хугацаатай зөвлөх үйлчилгээг 45,000,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэйгээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хэдийгээр *******-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгчтэй хамааралгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй байх боловч тухайн компанийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой зөвлөх үйлчилгээг ******* үзүүлсэн байх ба *******, ******* нар нь *******-ийн хувьцаа эзэмшигчид, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ******* байна.

"*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хараат бус аудиторын 2023 оны гаргасан 03 дугаар улирлын тайланд заасан дээрх үйл баримт үнэн зөв болохыг ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө нотолсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь *******-тай өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан боловч тухайн ажлыг өөрийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, хувьцаа эзэмшдэг *******-ийн хувьцаа эзэмшигч *******аар хийж гүйцэтгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна.

 

4.4. Зохигчийн байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 9.3.4.с дэх заалтад албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг сонирхлын зөрчилдөөнтэй шийдвэр, хэлцэл хийсэн нь нотлогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Харин нэхэмжлэгч нь *******-тай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан, ажил олгогч нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул дээр заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн дараах гомдлыг хангахгүй.

 

5.1. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор ******* ХХК-ийн захирал нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд ажиллаж байхдаа байгууллагын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хэргийн маргааны зүйлд шууд хамаарахгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг уг үндэслэлээр түдгэлзүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Мөн дээрх хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулж 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээж аваагүй нь зөв болсон. Учир нь хариуцагчийн өмгөөлөгч нь урьд хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзсан байх ба холбогдох баримтыг гаргаж өгөх замаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргаагүй.

 

5.2. Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар хариуцагчийн гаргасан www.opendata.mn цахим санд буй *******-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, 45,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байх тул хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдэл үндэслэлтэй болжээ.

Харин захирамжийн дагуу www.opendata.mn цахим санд шүүхээс үзлэг хийгээгүй байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх ноцтой зөрчилд тооцогдохгүй байна.

Учир нь *******-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээллийн талаарх баримт "*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хараат бус аудиторын 2023 оны гаргасан 03 дугаар улирлын тайланд тодорхой тусгагдсан.

Энэ үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс баримтаар няцаагаагүйгээс гадна гэрч ******* холбогдох үйл баримтыг гэрчилж мэдүүлэг өгсөн байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04924 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 493,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ