Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1314

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 08                 Дугаар1314                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03856 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

Барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “ХХ” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Урд гарц болон авто зогсоол, үйлдвэрийн бүсэд ашиглаж буй эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2007 онд ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1698,4 м2 талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, 4680 м2талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг худалдаж авсан. Дээрх газар болон барилга нь бүхэлдээ “ХХ” ХХК-ийн эзэмшлийн газраар хүрээлэгдсэн тул бид үйл ажиллагаа явуулахын тулд хариуцагчийн эзэмшлийн газраар дамжин гарах хойд урд гарцыг ашиглаж байна. Урд гарцыг ажилтан албан хаагч, иргэдийг үйлдвэр, агуулах, барилга байгууламжид нэвтрүүлэх зориулалтаар, хойд гарцыг түүхий эд, бараа материал, техник тоног төхөөрөмж, машин техникийг нэвтрүүлэх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх зэрэг технологийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж байгаа болно. Гэтэл “ХХ” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 754 тоот албан бичгээр ирүүлсэн “үйлдвэрлэлийн зураг төсөл хийгдэж байгаатай холбогдуулан урд гарцыг хаахаар төлөвлөж байгаа, 2016 оноос хойд гарцаа төлөвлөж шийдвэрлэх” тухай мэдэгдлиийг ирүүлсэн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 314 дүгээр тушаалын 2-р хавсралтаар баталсан Үйлдвэрийн барилгын норм /БНбД 31-11-09/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 156 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн /GМР, GНР/ зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмжийн хүрээнд барилга байгууламжид тавигдах шаардлага ёсоор ажилчид үйлдвэрт орж, гарч буй хаалгаар түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, автомашин, техникийг нэвтрүүлэхгүй байх шаардлага, Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын норм /БНбД 21-01-02/ болон онцгой байдлын хууль тогтоомжийн хүрээнд үйлдвэрлэлийн барилга байгууламж нь 2-оос доошгүй гарц, хаалгатай байх шаардлагын хүрээнд компанийн урд болон хойд гарцыг хаах боломж байхгүй, одоо ашиглаж байгаа хэвээр байлгах талаар албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй юм. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс “ХХ” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гардаг хойд гарцанд хаалт хийн, байнгын харуултай болгож хэрвээ манай машин, техник хойд гарцаар орж, гарах тохиолдолд тухайн харуулаас зөвшөөрөл авч, хаалтыг нээлгэн нэвтэрч байгаа нь бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлан, зөрчиж байх ба цаашлаад уг гарцыг ашиглах боломжгүй болгох вий гэж үзэхэд эрхгүй хүргэж байна. Манай компани нь өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламж, газруудыг тохиролцож, үнийг төлснөөр “ХХ” ХХК-иас шилжүүлж авсан барилга байгууламж, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд буюу түүнд нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай гарцууд /урд болон хойд/, автомашины зогсоол зэргийг хугацааны туршид ашиглаж байхаар хэлэлцэж тохиролцож ийнхүү барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор хязгаартайгаар эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрт тооцож хэлэлцэж тохиролцсон хэмжээний төлбөр мөнгийг ч “ХХ” ХХК-д бүрэн төлсөөр ирсэн. Иймд барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор “ХХ” ХХК-ийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон автозогсоолыг урьдын адил ашиглах боломжийг хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгаж өгнө үү. Талуудын хооронд нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр ашиглаж байсан газраа ашиглах боломжгүй болоод байна. “ХХ” ХХК яах гэж үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан гэхээр өөрөө хангах үүргээ эчнээгээр хүлээх ёстой учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргасан. Сервитутаар хандахад 2 талын хүсэлтээр тул хангагдах боломжгүй байсан. “ХХ” ХХК-тай хамтран ойлголцох талаар хариу өгөөгүй тул гэрээ контракт байгуулах үндэсгүй. Сервитутаа шүүхийн журмаар тогтоолгоод, дараа нь бүртгүүлээд явах боломжтой гэж шүүхэд хандсан. Гэрээ байхгүй бол сервитут тогтоохгүй гэсэн заалт хуульд байхгүй. Хэн нэг этгээд хязгаар тавих гэж байгаа бол дуртай зөвшөөрөхгүй. Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл стратегийн ач холбогдолтой байж болно. Энэ газар дээр дан бидний ашиг сонирхол байна уу, өөр хэн нэгний ашиг сонирхол зөрчигдөж байгааг судлах нь ХХ ХХК-ийн үүрэг. Ингэж төлөвлөсөн тул шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Улс орны эрх ашгийг сүйдлэх зүйл болохгүй. ХХ ХХК-ийн газрыг авах гэж оролдоогүй, анх худалдан авах гэрээ хийхэд тохиролцсоноороо байгаасай. Нэг талын хүслийг болоод бусдын эрх ашгийг хөнддөг нийгэмд бид амьдраагүй. Газрын тухай хууль нь төр, иргэний, иргэд захиргаа хоёрын хоорондох харилцаа зохицуулсан байдаг тул энэ хуулиар зохицуулагдахгүй. Бидний өмчлөх эрх хязгааргүй, хуулийн хүрээнд хязгаарлагдаж болно. Иргэний хуулийн 106-д заасан өмчлөгчийн шаардлага байдаг. Онолоор ярьдаг зүйлийн хүрээнд хуульд заасан арга хэрэгсэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болоод байгаа үйлдлийг таслан зогсоолгох эрхтэй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн хүрээнд шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 151.1, 151.3-т зааснаар шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХХ” ХХК-д барилга байгууламжаа хэвийн ашиглах боломж бололцоог өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эрх хязгаарлахгүйгээр бүхэл бүтэн үйлдвэрийн газраар дамжуулан 2 гарц урд, хойд гарцыг үнэ төлбөргүй ашиглуулсаар ирсэнд нэхэмжлэгч баярлаж талархаж байвал зохистой байхад үл тоомсорлосон, дураар аашилсан үйлдэл гаргасаар байна. Компанийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхийг нэхэмжлэгчид тусгайлан олгоогүй. Энэ талаархи эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 151.1.1 дэх зохицуулалтаар сервитут бүхий талын эрх ашгийн үүднээс явган болон авто зам эрх нь хязгаарлагдсан өмчлөгч “ХХ” компанийн зөвшөөрлөөр сервитут үүснэ. Сервитут хэрхэн үүсэх талаар зохицуулалтыг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж тайлбарлах нь зүй ёсны асуудал юм. Хуульд императив байдлаар эрхийг шууд олгосон, нэг талын эрхийг шууд хэрэгжүүлэх зохицуулалт байхгүй. Үүний тулд 2 компанийн хооронд хүсэл зориг илэрхийлэгдэж гэрээний эрх зүйн харилцаанд орж, гэрээ байгуулсан байхыг мөн сервитут бүхий гэрээ гуравдагч этгээд буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Газрын албанд холбогдох сервитутын гэрээ бүртгэгдэж баталгаажсан байхыг шаардана. Энэ эрхийг бүртгүүлснээр тухайн хязгаарлагдсан өмчлөгчийн эсрэг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Дээрх эрх зүйн үйлдэл талуудын хооронд хийгдээгүй мөн гэрээ байгуулагдаагүй, сервитутыг бүртгэх төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн зүйлгүй нь бидний хооронд сервитут үүсээгүй болох нь нотлогддог. Иймээс ч нэхэмжлэгч нь “ХХ” компанийн газрыг хязгаартайгаар эзэмших эрх үүссэгүй, нэхэмжлэл гаргах эрх нь ч Иргэний хуулийн холбогдохзохицуулалтаар олгогдоогүй болно. Нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Сервитут нь гэрээний үндсэн дээр үүсч, гэрээний үндсэн дээр дуусгавар болдгоороо Иргэний хуулийн 138 дугаар зүйлээс ялгаддаг гол онцлог нь юм. Хэрэв талуудын хооронд сервитут байгууллагдсан бол мөн хуулийн 151.3 дахь зохицуулалтаар зайлшгүй төлбөр, шагнал тохирсон байхыг шаардах эрхтэй. Энэхүү тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй болно. “ХХ” компаниас “ХХХ” ХХК-ийн байгууллагын хойд гарцыг чөлөөтэй ашиглах тухай гарцаар чөлөөтэй нэвтрүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явагдах боломж нөхцлийг бүрдүүлсээр байгаа ба цаашид урд гарцыг хааснаар “ХХХ” ХХК-ийн үйл ажиллагаа алдахгүй нь тодорхой юм. Манай компанийн Стартегийн ач холбогдол бүхий УИХ, ЗГ, Хөгжлийн банкны “БҮК-1” төслийн үйл ажиллагаа нь барилгын материалын цогцолбор үйлдвэр байгуулах төсөл тул урд гарцыг хааж үйлдвэрийн зураг төсөл бүтээн байгуулалтын төлөвлөлт хийгдэж батлагдсан төдийгүй ажил эхэлсэн. Иймд “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Газрын тухай хуулиар төр иргэн хоёрын хоорондын харилцааг зохицуулсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ шүүхэд өгсөн. Газар өмчлөгч Нийслэлийн засаг дарга. Бусдын эзэмшлийн газар байгууламжид барилга барих бол Нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Иргэний хуулийн 151.1-д зааснаар шаардаад байна, 106, 90, 92 заасан өмчлөгч эзэмшигчид хамаарах уу. “ХХХ” ХХК өмчлөгч, эзэмшигч биш, ашиглах харилцаанд оролцож байгаа этгээд тул Газрын тухай хуулийн энэ заалт орж ирнэ. Хоёр өөр шаардлага гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх худалдсан газар нь одоогийн манай компанийн урд, хойд гарцтай ямар ч хамааралгүй газар ба “ХХХ” ХХК нь үйл ажиллагаагаа явуулахын тулд манай компанийн хойд гарцаар дамжин гардаг байсан юм. Үүний дагуу манай компани зүгээс “ХХХ” ХХК-тай хойд гарцыг ашиглуулж, газар ашигласан төлбөр, харуулын төлбөр авахаар тохирч хойд гарцыг ашиглуулж байсан. Харин бид харицагчийн ашиглаж байгаа хойд гарцын газар ашигласны төлбөр, авто машины зогсоол, харуулын төлбөрт жилд, нийт 33.854.232 төгрөг байхаар тохиролцсон юм. “ХХ” ХХК-ийн зүгээс 2015 оны 8-р сарын 06-ныөдөр “ХХХ” ХХК-д албан бичиг явуулж, урд гарцыг хаах болсныг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэл нь “ХХХ” ХХК-ийн ажил төрөлд нь цаашлаад өөрсдийнхөө байгууллагын гарцны асуудлыг шийдвэрлүүлэхийг сануулах зорилготой бөгөөд хойд гарцыг ашиглуулах боломж юм. Өөрөөр манай компанийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхийг тусгайлан олгоогүй бөгөөд “ХХ” компани нь өөрийн эзэсшлийн газрыг ямар төлөвтэй ашиглах нь газар эзэмшигчийн эрхийн асуудал юм. “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлдээ газрыг худалдан авсан гэх газрууд нь “ХХ” компанийн Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу эзэмшсээр өнөөдрийг хүрч байгаа эрхийн зөвшөөрөлтэй хууль ёсны газар юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар “ХХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс урд гарц болон автомашины зогсоолын газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү. Харин үйлдвэрийн бүсэд ашиглаж буй эзэмшил газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбарлахдаа хойд гарцаа ашиглаж болно гэсэн мөртлөө сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хойд зам гэдгийг хэрэглэхгүй үйлдвэрлэлийн бүсэд ашиглаж байгаа газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж ирж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн хүрээнд гаргасан тайлбараасаа зөрдөг. Энэ хариултыг өгч байсан учраас бид шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Зүүнээс баруун тийшээ сунаад гарсан барилга байгаа. Энэ байшингаа нэвтлээд зам гаргаад, хашаанаас гардаг ийм биелэгдэх боломжгүй шаардлага хэлсэн тул боломжгүй. Орц гарцгүй өөр хоёрдогч, гуравдагч компаниудын газраар дайрах нөхцөл байдал үүсэх юм. Хариуцагчийн эзэмшил газар гэдгийг бид үгүйсгээгүй, авсан хөрөнгөө зохистой ашиглах үүднээс хандсан. Сөрөг нэхэмжлэлээ томъёолсон байдлаас хандахад өөр өмчлөгчийн эрхийг хөндөх зүйл гарч байна. Иргэний хуулийн 106 зүйлээр шаардах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 151.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжийг хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг хариуцагч “ХХ” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “ХХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн “ХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ХХ” ХХК-ийн үйлдвэрийн бүсэд ашиглаж буй эзэмшил газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 70.200 төгрөг нөхөн төлүүлж, хариуцагчаас хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар хамтран давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан болоод талуудын хооронд бий болсон харилцаа, үйл явдлыг нэг мөр ойлголгүй бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж шүүх хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байдаг.

Процессийн зөрчлийн тухай. “ХХХ” ХХК нь хариуцагчаар “ХХ” ХХК-ийг татаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. “ХХ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийг гардан авч улмаар хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж ИХШХШТХуулийн 62.1.3-т заасан шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан бөгөөд “ХХ” ХХК гэж байхгүй нэхэмжлэл гардсан этгээд нь “ХХ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбрыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагчаа хэрхэн тодорхойлох нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал гэж манай өмгөөлөгч ХХХын хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч ИХШХШТХуулийн 66.1-д зааснаар хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд хариуцагчаар татсан “ХХ” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахгүйгээр “ХХ” ХХК-ийг ажиллагаанд оруулсаар ирсэн хугацаанд хариуцагчаар хүчээр оролцож байгаа “ХХ” ХХК нь энэхүү хэргийн хариуцагч биш гэдгийг шүүхийн шатанд нотлох баримтаар нотлож өгөөд зогсохгүй амаар тайлбар, хүсэлт гаргаж ирсэн. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш том алдаа гаргаж нэхэмжлэгчийн хариуцагчаа өөрөө тодорхойлж ирсэн этгээдийг бус шүүх өөрийн санаачилгаар “ХХ” ХХК-ийг татаж оруулаад зогсохгүй эцэстээ шүүхийн шийдвэр гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй “ХХ” ХХК-д сервитут тогтоож шийдвэр гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Нэхэмжпэгчид хариуцагчаа солих боломжтойг удаа дараа бичгээр, нотлох баримтаар тайлбарлаж ирсэнийг нэхэмжлэгч болон хэргийг шийдэж буй шүүх аль аль нь хүлээж авсангүй, эзэнгүй шийдвэр гарлаа гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй бөгөөд давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй нөхцөл байдал үүсч процессийн маш том алдаа гарлаа. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүхээс гарсан эрхийн актууд бүгд хэрэгжих боломжгүй эрхийн акт гарсан байдаг тухайлбал: Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж хариуцагч нь “ХХ” ХХК, шүүхээс нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамж “ХХ” ХХК, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж мөн “ХХ” ХХК зэрэг үйл баримтууд нь ямар ч эрх зүйн үр дагавар “ХХ” ХХК-д дагуулахгүй актууд байгаад зогсохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчид жинхэнэ хариуцагчаар солих саналыг удаа дараа гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа солиогүй солих хүсэлт гаргаж байгаагүй шүүхэд энэ талаар нэг ч баримт гаргаж өгөөгүй нь “ХХ” ХХК-ийг илт хууль бусаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь батлагдах юм. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан тухайд. Хариуцагч биш хүчээр хариуцагчаар татагдсан “ХХ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид, манай компанийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхийг “ХХХ" ХХК-д тусгайлан олгоогүй бөгөөд сервитут нь Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасны дагуу “...Эрх нь хязгаарлагдсан өмчлөгч “ХХ” ХХК-ийн зөвшөөрлөөр үүснэ. Нөгөө талаар хуульд императив байдлаар эрх олгосон, зөвхөн нэг талын эрхийг шууд хэрэгжүүлэх зохицуулалт мөн адил байхгүй болно. Харин нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл шаардлагаа тайлбарлахдаа “...Иргэний хуулийн 106-р зүйлд өмчлөгчийн шаардлага байдаг, ...өмчлөх эрхээ хэрэгжүүлхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох зорилгоор, иргэний хуулийн 151.1, 151.3-т зааснаар шаардлага гаргаж байна гэсэн тайлбрыг шүүх хуралдаанд тайлбарлаж байсан юм. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газар үл хөдлөх хөрөнгийг “ХХ” ХХК-ийн зүгээс хууль бусаар ашиглаж, эзэмшиж, өмчилж байсан үйлдэл эс үйлдэхүй өнгөрсөн хугацаанд байгаагүй өнөөдөр ч байхгүй харин нэхэмжлэгч нь “ХХ” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газрыг хууль бусаар 2012 оноос ашигласаар ирсэн гэдгийг шүүх тогтоосон байдаг.

Шүүх Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 буюу нэхэмжлэгчийн шаардлагын тухайд авч үзвэл хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах гэж хуулинд императив байдлаар сервитут тогтоолгох эрхийг хэрэгжүүлхэд зөвхөн хууль буюу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 151.1.1-д “хуульд” заасан тохиолдолд гэдэг нь ерөнхий утгаар буюу бусад хуулийг иш татан хэрэглэхээр зохицуулсан зохицуулалт байдаг. Гэтэл шүүх энэхүү заалтыг дангаар нь хэрэглэж нэхэмжлэлийн шаардлага хангаж байгаа нь дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Иргэний хуулийн 151.1.1-д сервитут хэрхэн үүсэх талаар Иргэний хүулийн бусад зүйл заалтыг иш татан хэрэглэж бусдын өмчлөх эрхийг хязгаарлахыг тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал Иргэний хуулийн 135.1, 136, 137, 138, Газрын тухай хуулийн 35.1.5-д зохицуулалт зэргийг иш татан хэрэглэх нь дээрх хуулийг зөв тайлбарлан хэрэглэх ёстой байтал шүүх илтэд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Нэг дэх шаардлагын тухайд: “ХХ” ХХК-ийн эзэмшил газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах, нэхэмжлэлийн шаардлага болно. Хоёр дах шаардлагын тухайд: Сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах нэхэмжлэлийн шаардлага болно. Шүүх нэхэмжлэгчийн хоёр шаардлагыг нэгтгэн шийдвэрлэж болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 151.3-т зааснаар “сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль, эрх зүйн үндэс мөн адил бий болоогүй байгаа.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд 2 өөр шаардлага гаргасан байсан. Тухайлбал нэхэмжлэгчээс сервитут тогтоолгох шаардлага нь хангагдсаны дараа Иргэний хуулийн 151.3-т заасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол тус тустай шийдвэрлэх хэрэг юм. Харин шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болсон гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч “ХХХ” XXК-ийн урд, гарц авто зогсоолын хэсгийн газрыг 2008 оноос хойш “ХХ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байсны хувьд тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй юм гэж буруу дүгнэлт гаргасан байна. Маргааны зүйл болж буй урд гарц, авто зогсоол нь “ХХХ”   ХХК-ийн эзэмшил газар биш хариуцагч “ХХ” ХХК-ийн эзэмшил газар юм. Шүүх хариуцагчийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байсны хувьд тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй гэж дүгнэжээ. Сервитут бүхий гэрээ нь талуудын хооронд заавал бичгээр
байгуулах бөгөөд, үүнээс гадна гуравдагч этгээд буюу үл хөдлөх эд хөрөнгийн
газарт бүртгүүлж байж талуудын хооронд сервитут бүхий гэрээ байгуулсанд
тооцогдож, иргэний эрх зүйн харилцаа бий болдог юм. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд сервитут бүхий гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа бол Иргэний хуулийн холбогдох заалт буюу Иргэний хуулийн 196.1.2-т заасан Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол “талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” зохицуулалт болон холбогдох бусад хуулийн шаардлага хангасан эсэхийг дүгнэж байж, ийнхүү дүгнэлт гаргах ёстой билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан

барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “ХХ” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч урд гарц болон авто зогсоол, үйлдвэрийн бүсэд ашиглаж буй эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх, 2012 оноос 2016 оны 4 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд газар ашигласны төлбөр болон харуулын зардалд 165 421 673 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “үйлдвэрийн бүсэд ашиглаж буй газар чөлөөлүүлэх” шаардлагаа татан авсан ба газар ашигласны болон харуулын төлбөр 165 421 672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчийг “ХХ” ХХК гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасны дагуу тус компанид холбогдуулан шүүх иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ХХХ” ХХК болон “ХХ” ХХК нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийн ашиглалттай холбогдуулан тайлбарласан байна.

“ХХ” ХХК-ийн оноосон нэр өөрчлөгдөн “ХХ” ХХК болсон гэх баримт хэрэгт авагдаагүй ба тус компанийн нэр хэвээр байгаа болох нь бүртгэлийн баримтаар тогтоогдсон, талууд энэ тухайд маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс хариуцагч нь “ХХ” ХХК гэж тайлбарласан байхад шүүх хэрэг үүсгэсэн захирамжид заасан хариуцагчийн нэрийг залруулалгүй маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Түүнлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж байгаа гэх газрын хэмжээ, байршил тодорхойгүй, шүүх хэргийн баримт, талуудын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан завтгөж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3.  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

  ШҮҮГЧИД                                                 А.МӨНХЗУЛ

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ