Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01012

 

М.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1000 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Н.Байгаль, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тны Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал М.У-ыг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан атлаа Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Тны зохион байгуулалтын бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Тны зохион байгуулалтын бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэсэн нь үндэслэлгүй.

Банкинд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан таамаглах, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиглэл бүхий газар, хэлтэс, нэгж арилжааны банкинд үйл ажиллагаа явуулдаг. Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын нэр Эрсдэлийн удирдлагын газар гэж өөрчлөгдсөн нь тус газрын захирлын ажил, албан тушаалыг байхгүй болгох үндэслэл болохгүй. Тны ажилчдын хувьд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдэж 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдвэрчний эвлэлийг байгуулж холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь М.У-ыг даргаар сонгож ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд М.У- нь Тны үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульт ажлыг хийж гүйцэтгэсэн хэвээр байгаа. Гэтэл Т нь Үйлдвэрчний байгууллагын эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтаар хамгаалагдсан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны баталгааг зөрчиж М.У- болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халсан нь илтэд хууль бус гэж үзэж байна. Тны Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчдыг хөдөлмөрлөх эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлэх, хамгаалах боломжгүй болгож, ажил олгогчийн дураараа авирлах нөхцлийг бүрдүүлж байгаа болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Т” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Т” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батласан. Мөн ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 125 тоот тогтоолоор М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрлийг гүйцэтгэх захиралд олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан. Улмаар банкны үйл ажиллагааг тасралтгүй явуулах, Банкны нууцлалыг хангах зорилгоор Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/312 тоот тушаалыг үндэслэн М.У-ын ажлыг хүлээлцсэн. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалаар М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ТУЗ-ийн 118 тоот тогтоолоор батлагдсан Тны шинэчилсэн бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газар нь банкны зохион байгуулалтын бүтцээс хасагдаж, Эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулж, түүний харъяанд зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтэс хамаарч, Тусгай активын хэлтэс нь Хууль, эрх зүй хариуцсан захирлын харьяанд шилжсэн.

Түүнчлэн бүтцийн шатлалын хувьд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал нь өөрийг нь харъяалах шууд удирдлага буюу гүйцэтгэх захирлын орлогчид ажлаа тайлагнадаг байсан бол шинэ бүтэц зохион байгуулалтаар Эрсдэлийн удирдлагын газар нь Эрсдэл хариуцсан захирлын харъяанд орж, түүнд шууд ажлаа тайлагнаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр өөрчлөлт орсон. Мөн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын чиг үүргээс Бодлого зохицуулах чиг үүрэг нь Бүртгэлийн газарт шилжсэн зэргээр Тны зохион байгуулалтын бүтцээс Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажил, албан тушаалын ажлын байр хасагдсан болох нь нотлогддог.

М.У- нь Сонгинохайрхан дүүргийн Тны салбарын эрхлэгч байхдаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тны Улаанбаатар хотын салбар нэгжүүдийн үйлдвэрчний хороог байгуулж даргаар нь томилогдсон байдаг. Тны дотоод журамд зааснаар Улаанбаатар хотын салбар нэгжүүдэд Төв банкны буюу газар хэлтсүүд хамаарагддаггүй тул М.У- тухайн үйлдвэрчний эвлэлийн дарга байх, өөрийнхөө эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй” гэж заасан байна. М.У- нь дээрх хуулиар хориглосон үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Тны удирдлагад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон Хүний нөөцийн хороонд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ “М.У- миний бие Тинд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх болсон тул нэг сарын цалин 4 сарын тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Ажилтны тусгай нөхцөлтэй зээлийн 19 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд тэтгэмжээрээ тус зээлийг хаах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн аваад Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэх 3 дахь асуудал болгож, Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан М.У-ын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн хүсэлтийг хэлэлцсэн. М.У-ыг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, нэг сарын цалинг ирцийн бүртгэлээс үл хамааран тооцож олгох, Тусгай нөхцөлт орон сууцны зээлийн хүүг хэвээр үлдээхээр 100 хувийн саналтайгаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, М.У-ыг “Т” ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20 801 886 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261 960 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1000 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1000 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал нь гүйцэтгэх захирлын орлогч захиралд ажлаа тайлагнадаг байсан бол шинээр зохион байгуулагдсан Эрсдэл хариуцсан захирал нь мөн л гүйцэтгэх захирлын орлогч захиралд ажлаа тайлагнадаг нь хэвээр байна" гэж үзсэн нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хавтас хэрэгт авагдсан тус банкны ТУЗ-ын 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолын хавсралтаар Эрсдэл хариуцсан захирал нь Эрсдэлийн удирдлагын газар, Зээлийн бодлого зохицуулалтын газрыг шууд харъяалан удирдаж, уг харъяаллын хүрээнд тус газруудын үйл ажиллагааг хяналт тавих, оновчтой зөв зохион байгуулах, зээлийн эрсдэлийг тодорхойлох, банкны үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох, хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн бодлого боловсруулах, зохион байгуулах зэрэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, санал хүсэлттэй танилцах зэрэг чиг үүрэгтэйгээр бий болсон албан тушаал байтал үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаал гэж үзэж, дүгнэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болсон нь харагдаж байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаал эгүүлэн тогтоох” бөгөөд тус газрын захирал нь гүйцэтгэх захирлын орлогчид ажлаа шууд тайлагнадаг байсан, банкны шинэ бүтэц зохион байгуулалтаар бий болсон Эрсдэлийн удирдлагын газар, түүний захирал нь Эрсдэл хариуцсан захиралд, Эрсдэл хариуцсан захирал нь Орлогч захиралд ажлаа тайлагнадаг шат дараалласан тогтолцоо болж өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаал байх бөгөөд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Эрсдэл хариуцсан захирлын албан тушаал гэж үзэн эгүүлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, хуучин бүтцэд байсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газар нь Гүйцэтгэх захирлын орлогчийн харъяанд шууд харъяалагдаж байсан бөгөөд тус газар нь дотроо Зээлийн хэлтэс, Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтэс, Тусгай активын хэлтэстэй байсан. Тны шинэ бүтцээр байгуулагдсан Эрсдэлийн удирдлагын газар нь Эрсдэл хариуцсан захиралд шууд харъяалагдаж, тус газар нь дотроо Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтэс гэсэн хэлтсүүдтэйгээр байгуулагдсан байдаг. Харин Эрсдэл хариуцсан захирал нь Хууль, эрх зүй болон эрсдэл хариуцсан Орлогч захиралд ажлаа шууд тайлагнаж, Эрсдэлийн удирдлагын газар, Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газруудыг тус тус шууд харъяалан хяналт тавьж ажилладаг албан тушаалтан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлалгүйгээр Эрсдэл хариуцсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хэсэгт “...Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон шинээр бий болсон Эрсдэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн зорилго, чиг үүргийг хооронд нь харьцуулж үзэхэд найруулгын хувъд өөрчлөлт орсноос бус агуулга өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэгч М.У-ын хийж гүйцэтгэж байсан ажил, үүрэг хариуцагч байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болж, түүний ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэл, түүний шаардлагыг бүрэн шинжлэн судлаагүй байна. Бодит байдал дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл нэхэмжлэгч М.У- нь Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байдаг. Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалгын газрын захирал нь дараах удирлага зохион байгуулалтын чиглэлээр 3, Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын чиглэлээр 7, Зээлийн эрсдлийн удирдлагын чиглэлээр 6, нийт 16 чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан. ...Гэтэл шинэ бүтэц зохион байгуулалтаар байгуулагдсан Эрсдэлийн удирдлагын газар нь үүсгэн байгуулагдахдаа тусгай активын хэлтэс болон түүний хэрэгжүүлж буй чиг үүрэг нь Хууль, эрх зүйн газарт, Бодлого зохицуулалтын чиг үүрэг нь бүгд Бодлого зохицуулалт, хэрэг бүртгэлийн газарт тус тус шилжсэнээр үндсэн чиг үүргээс 2 чиг үүрэг нь байхгүй болсон байдаг. Харин Эрсдэл хариуцсан захирал нь Эрсдэлийн удирдлагын газар, Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрыг шууд харъяалан удирдаж, уг харъяаллын хүрээнд тус газруудын үйл ажиллагааг хяналт тавих, оновчтой зөв зохион байгуулах, зээлийн эрсдэлийг тодорхойлох, банкны үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох, хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн бодлого боловсруулах, зохион байгуулах зэрэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, санал хүсэлттэй танилцах зэрэг чиг үүрэгтэйгээр бий болсон албан тушаал байтал үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаал гэж үзэж, дүгнэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэтэл Эрсдэл хариуцсан захирал нь ерөнхийлөн удирдах чиг үүрэгтэй, шууд харъяалан удирдах хэлтэсгүй, мөн бие даасан албан тушаалтан юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын цалингийн хэмжээг буруу тооцсоныг Давж заалдах шатны шүүх залруулаагүйгээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 20 801 886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож... гэсэн тооцоолол алдаатай байсныг залруулаагүй. Бодитоор тогтоовол сарын цалин 4 900 000 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын цалингаа ажлын 22 хоногт тооцоод /4 900 000:22 хоног/ 222 727 төгрөг болж байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацааны цалин нь /ажлын 84 хоног 222 727 төгрөг/ 18 709 068 төгрөг болж байгаа юм. Хохирлын хэмжээг ингэж тооцсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийн тооцоололд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш бөгөөд шүүх бодит байдлаар хандаагүй гэдгийн хэлэх гэсэн санаа юм.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.У-ын хүсэл зориг болох 2 удаагийн хүсэлт, түүнийг хэлэлцсэн Тны Хүний нөөцийн хорооны шийдвэр түүнийг үндэслэн Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг харилцан зөвшилцөж цуцалсан дараах байдлыг зөв үнэлээгүй байна. Бодит байдал дээр М.У- нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бөгөөд тэрээр Тны удирдлагад 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдөр болон Тны Хүний нөөцийн хороонд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ “М.У- миний бие Тинд ЭУБЗГазрын захирлаар ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх болсон тул 6 сарын цалин 4 сарын тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Ажилтны тусгай нөхцөлтэй зээлийн 19.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд тэтгэмжээрээ тус зээлийг хаах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө үү.” гэсэн байдаг. Уг хүсэлтийг хүлээн аваад Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар Хэлэлцэх №3 дахь асуудал болгож Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан М.У-ын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн хүсэлтийг хэлэлцэж М.У-ыг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох..., Мэдэгдэх хуудаст заасан 30 хоногийн хугацааны цалинг ирцийн бүртгэлээс үл хамааран тооцож олгох, Тусгай нөхцөлт орон сууцны зээлийн хүүг хэвээр үлдээх”-ээр 100% саналтайгаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн харилцаа нь Иргэний эрх зүйн салбар харилцаа бөгөөд Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэгт хамаарагдах Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг талуудын хүсэл зоригт үндэслэгдсэн хэлцэл билээ. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсний дагуу ажилтны хүсэлт зоригийг ажил олгогч хүлээн авснаар хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийн нэг байсан юм. Дээр дурдсан байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь үндэслэлтэй төдийгүй хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч М.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Т” ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, ажилтны орон тоо хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласан гэж маргажээ.

Шүүх маргааны зүйлийн талаар буюу зохигчдын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэл, шалтгааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тухайлбал, хариуцагч “Т” ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсаны дүнд нэхэмжлэгч М.У-ын эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдсан болох нь тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн байна.  Нэхэмжлэгч М.У-ын эрхэлж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөнөөр уг орон тоог хасагдсан гэж үзэх боломжгүй юм.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1000 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН