| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 142/2016/0095/Э |
| Дугаар | 000047 |
| Огноо | 2017-04-19 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 000047
Ц.Нямдоржид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Индексийн дугаар 142/2016/0095/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бүжинлхам
Шүүгдэгч Ц.Нямдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн
Нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар цагаатгах тогтоолтой Ц.Нямдоржид холбогдох, 201514000595 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1955 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, “Өрнөлт Сэлэнгэ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар баг 6-1 тоотод оршин суух,
- урьд 1980 онд Эрүүгийн хуулийн 76-9-р 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял,
- 1983 онд Эрүүгийн хуулийн 169а-р 6 сар баривчлах ял,
- 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 4/3 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 169-б-р 3 жил 6 сар хорих ял шийтгэгдэж 1985 оны 11 дүгээр сарын 19-нд тэнсэн суллагдсан,
- 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Хөтөл сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239-3-р 3 жил хорих ял шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овогт Цэвэгжавын Нямдорж.
Шүүгдэгч Ц.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн урд талын төв зам дээр Тоёото ланд круйзер 200 маркийн 11-88 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож туслах замаас төв зам руу орох хөдөлгөөн хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийн 7.7 “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд, явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж, өгнө” гэснийг зөрчсөний улмаас төв замын зүүн баруун чиглэлд явж байсан “Хьюндай Соната-6” маркийн 83-14 ОРО улсын дугаартай суудлын автомашины жолооч Ц.Баттулга эсрэг урсгалд явж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн 93-15 ОРО улсын дугаартай Краз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар жолооч Ц.Баттулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар цагаатгах тогтоолоор:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нямдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Ц.Нямдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3., 134 дүгээр зүйлийн 134.10.т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто машины хагарсан гэрэл ус шүүгч хуванцар сав зэргийг устгаж, Ц.Нямдоржийн 11-88 УБО улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг машины №00764922 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №352518 дугаарын В ангиллын жолооны үнэмлэхийг эзэмшигчид нь, амь хохирогч Ц.Баттулгын №381491 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх, 83-14 ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч М.Цогбадрахад тус тус буцаан олгож, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааны зүйл болох 3.000.000 төгрөгийг Ц.Нямдоржид олгох,
Ц.Нямдорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон 2016 сарын 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11/02 дугаартай Техникийн шинжээчдийн дүгнэлтийн 4 дэх заалт буюу “...Жолооч Ц.Баттулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км-ээс. хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн байна. Энэхүү заалтыг зөрчсөн нь тухайн осол гарахад нөлөөлж, ослоос учирч болох хохирлыг нэмэгдүүлсэн байна...” гэснийг үндэслэн, Ц.Баттулга тогтоосон хэмжээнээс дээш хурдтай явж байсан, хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр эсрэг урсгалд орж Краз автомашинтай мөргөлдсөнөөс зам тээврийн осол гарсан байна гэж үзсэн.
Гэтэл дээрх Техникийн шинжээчдийн 11/02 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалт Ц.Нямдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-р заалт буюу “Жолооч гарчаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд ...зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. Энэхүү заалтыг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгааныг бүрдүүлсэн байх магадлалтай. Мөн 4 дэх заалт жолооч зам тээврийн осол гаргахгүйгээр зорчино, нэгэнт осол болох үед ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэсэн үйлдэл хийх ёстой. Зам тавьж өгөх үүрэг бүхий автомашин нь давуу эрх бүхий автомашины урдуур гэнэт орж ирсэн үед жолооч Ц.Баттулга нь ямар үйлдэл хийх нь түүний самбаачлах хугацаа, тухайн үйл явцын үргэлжлэх хугацаа, саад хүртлэх зай, өөрийн жолоодож яваа автомашины хурдаас шалтгаална. Тухайн осол болох үед Ц.Баттулга зогсох арга хэмжээ авсан хавтаст хэрэгт авагдсан байна. Харин Ланд Круйзер автомашинаас зугтааж эсрэг урсгалд орох болон түүний араас мөргөхийн аль оновчтойг эргэцүүлэх хугацаа хангалттай байгаагүй гэж үзэж байна. Иймд жолооч Ц.Баттулга замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх боломжгүй ...Ц.Баттулга зогсоох арга хэмжээ авсан байна...” гэснийг хэрхэн үнэлж, ямар учраас үгүйсгэж, амь хохирогч Ц.Баттулгыг хурдаа хасах, зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэж байгаа талаар дурьдаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3.т заасан “...яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй...” гэсэн хуулийн шаардлага зөрчигдсөн.
Түүнчлэн цагаатгах тогтоолын үндэслэл болгосон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-7-р хуудас /, гэрэл зургийн үзүүлэлт /1-р xх-ийн 8-12, 28-29, 99-10, 105, 126, 143, 184-185-р хуудас/, хэрэг учрал болсон гэх газрын схем зураг /1-р хх-ийн 30-31-р хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 13-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25-р хуудас/ болон гэрч Л.Гаваагийн “...жип маркийн машин төв зам руу ороход би яг зөрж таарсан. Тэр үед жип машины ар талаас саарал өнгийн сонота-6 маркийн машин гарч ирээд миний машинтай урд талаараа мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122, 124-р хуудас/, гэрч О.Даваажаргалын “...камерыг нүдээр харахад жижиг тэрэг ачааны машинтай мөргөлдөж байгаа, наана нь жип машин туслах замаас жижиг тэрэгний урдуур орж байгаа харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 127-р хуудас / зэрэг баримтуудаар Ц.Нямдоржийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-г зөрчсөний улмаас жолооч Ц.Баттулга эсрэг урсгалд орж, краз маркийн авто машинтай мөргөлдөж, амь насаа алдсан байдал давхар нотлогдож байхад шүүхээс, дээрх баримтуудаар Ц.Нямдорж осолгүйгээр гарцнаас баруун гар тийш эргэх үйлдэл хийж төвд орж байрлалаа эзлэн хөдөлгөөнд оролцож байсан болох нь тогтоогдсон гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Түүнчлэн Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн “...төв зам руу орохдоо саарал жижиг тэрэг явж байгааг харсан, зайтай байсан би тэр үед урсгалдаа орсон байсан, тэр машин ирэхээс өмнө амжиж шахаар байсан... 50 метрээс доошгүй зайтай гэж бодож байна. Би өөрийн урсгалдаа ороод 10 гаруй метр явахад тэр чимээ гарсан...” гэсэн мэдүүлгүүд дээрх гэрч Л.Гаваа, О.Даваажаргал нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:
Цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Цэвэгжавын Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.
Үүнд : Орхон аймгийн Прокурорын газраас Ц.Нямдоржийг2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.Д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч эс зөвшөөрч “... Ц.Нямдоржийн үйлдсэн хэрэг тогтоогдсон..., цагаатгах тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү ...” гэсэн эсэргүүцэлийн дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн, судалж үзвэл:
-Ц.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Тоёото ланд круйзер 200” маркийн, 11-88 УБО улсын дугаартай авто мамшин жолоодож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр, "Эрдэнэт фүүдс" ХХК-ийн урд талын төв зам дээр туслах замаас төв зам руу орж хөдөлгөөнд оролцох үед түүний араас төв замын зүүнээс баруун чиглэлд явж байсан “Хьюндай Соната-6” маркийн, 83-14 ОРО улсын дугаартай автомашины жолооч Ц.Баттулга нь эсрэг урсгалд явж байсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн эзэмшлийн 93-15 ОРО улсын дугаартай, “Краз” маркийн автомашинтай мөргөлдөж улмаар жолооч Ц.Баттулга нас барсан байна.
Өөрөөр хэлбэл 2015-12-09 ны өдрийн 12 цагийн орчимд дээрх осол болсон гэдэг нь Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2015-1-14-ны өдрийн 02 дугаартай :
-Талийгаачид гавал тархины битүү гэмтэл: хүнхрээ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн талын 1-р хавирганы хугарал, дээд гурван шүдний булгаралт, доод хоёр шүдний ганхалт, доод уруул, эрүү, зүүн чихний дэлбээ хууларч урагдсан, зүүн өвдгөнд шарх, хүзүү, цээжний булчин, цээжний урд хэсэг, хоёр гарын сарвуу, баруун хөлийн шилбэнд зулгаралт зэрэг шинэ гэмтэл үүссэн...,
…гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд талийгаачийн бие эрхтэнд учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ.., цогцосноос авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй, талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй, АО /II/ бүлгийн цустай байна..., талийгаачид эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжгүй байжээ.., гэсэн дүгнэлт, / хх.ийн 101-104 хуудас/, болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.ийн 4-7 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож байна.
Харин дээрх үйлдэлд Ц.Нямдоржийн гэм буруу байгаа эсэх нь тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй, энэ талаарх зарим нотлох баримт эргэлзээ төрүүлж байна. Тухайлбал:
Цагаатгагдсан этгээд Ц.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мөн шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн :
...2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэт пүүдс” ХХК-д будааны тооцоо хийхээр очоод буцаад гарцаар гарч туслах замаас төв зам руу орох гээд харахад саарал жижиг тэрэг явж байгааг харсан бөгөөд ер нь бол 50 метрээс доошгүй зайтай байсан..., би тэр үед төв замын урсгалдаа ороод явж байхад миний машинтай “Краз” маркийн автомашин зөрсөн..., бараг 10 гаруй метр явсан байх тэгтэл ард тас хийх чимээ гарсан. ... Тэгээд зогсоод харахад ард осол болсон байсан..., Би гарцаар гараад дүрмийн дагуу явж байсан бөгөөд намайг төв замд нийлэхэд тэр машин нилээд зайтай харагдсан, надтай “краз” машин зөрсөн бөгөөд надтай зөрсөн машиныг мөргөсөн байсан..., би энэ осолд буруугүй, ... хэдийгээр би буруугүй ч гэсэн хохирогчид оршуулгын зардал бусад хохирлыг төлж барагдуулсан... гэсэн,
-Гэрч болох “Краз” маркын машины жолооч Л.Гаваа мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Тэр өдөр 12 цагийн орчимд би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн 93- 15 ОРО улсын дугартай, “Краз” маркийн машин жолоодож Дулааны цахилгаан станц өнгөрөөд явж байхад гурилын үйлдвэрийн харалдаа туслах замаас жийп маркийн хар өнгийн автомашин төв зам руу ороод явсан бөгөөд энэ үед би зөрж өнгөрсөн..., Тэр үед жийп маркийн автомашины ар талаас саарал өнгийн “Сонота-6” маркийн автомашин явж байгаад эсрэг урсгалд орж ирээд миний машиныг мөргөсөн...,
Тухайн үед гурилын үйлдвэрийн туслах замаас гарч ирсэн “жийп” автомашин “Сонота-6” маркийн автомашинаас өмнө төв зам руу ороход “Сонота-6” маркийн автомашин ард нь явж байгаад зогсоох арга хэмжээ авахгүй, хурдаа хасаагүй, урсгал сөрөөд миний урдаас явахаар нь би хурдаа хасаад зорчих хэсгийн баруун тал руу дарахад “Сонота-6 “маркийн автомашин шууд ирээд мөргөсөн..., Жийп машины араас “Сонота-6” маркийн машин хурдаа хасаагүй гүйцэт түрүүлэх гэж урсгал сөрж гарч ирээд миний машины урдуур явсан ослын дараа үзлэг явагдаж байхад тэнд “Сонота” маркийн машины тормозны мөр харагдаагүй... гэсэн, /хх.ийн 121-124-р хуудас /мэдүүлэг/,
Түүнчлэн хэргийн газарт хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.Баттулга, Ж.Бэхбат нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... тухайн өдөр хүнтэй уулзах гээд тэнд явж байсан учраас хөндлөнгийн гэрчээр оролцсон..., яг ослын газар очсон..., байцаагч эрх, үүрэг тайлбарлаж өгсөн.., “Соната 6” машины тормоз гишгэсэн мөр ажиглагдаагүй ...гэж мэдүүлсэн мэдүүлэгүүд /х.хийн 139,141.р хуудас/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.ийн 4-7 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт / х.хийн 8-12, 28-29, 99-100, 105, 126, 143, 184-185 хуудас/, хэрэг учрал болсон гэх газрын схем зураг/ хх.ийн 30, 31 хуудас /, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдуүвч / хх.ийн 13 хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх.ийн 125-126 хуудас/ зэргээс үзвэл тухайн үед Ц.Нямдорж нь гарцаас баруун гар тийш эргэх үйлдэл хийж, төв замд орж байрлалаа эзлэн замын хөдөлгөөнд оролцоод тодорхой хугацаа өнгөрсний дараа төв замаар явж байсан “Соната 6” машин эсрэг урсгалд орж урдаас ирж байсан “Краз” машиныг мөргөсөн болох нь тогтоогдож байна.
Мөн хэргийн газарт “Соната 6” машины тормозны мөр байсан эсэх нь тогтоогдоогүй, энэ үед бэхжүүлсэн фото зурганд “тормоз гишгэсэн” мөр гараагүй, жолооч Ц.Баттулга тухайн үед машинаа зогсоох арга хэмжээ авсан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна “Соната 6” машин хэрвээ урдаа машин явж байгааг мэдээд зогсоох арга хэмжээ авсан бол урд явж байгаа машинаа мөргөх эсхүл тормоз гишгэсэн мөр хангалттай үлдэх боломжтойгоос гадна урд явсан машин нь хөдөлгөөнд саад учруулаагүй байхад эсрэг урсгалд орж урдаасаа ирж яваа машиныг мөргөж осол гарсныг Ц.Нямдоржтой холбогдуулах боломжгүй.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Ц.Нямдоржийн буруутай үйлдлээс өөрөөр хэлбэл тэрээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс жолооч Ц.Баттулгын амь нас хохирсон гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хэрэгт хамааралтай байж болох нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1.Д заасныг баримтлан Ц.Нямдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй байна.
Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь;
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
Ц.ТУЯА