Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 33

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Ц.М нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б холбогдох,

       Гуравдагч этгээд: Иргэн Баргад овгийн Б.Б

      “Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М түүний өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.М нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, улмаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон нийт хүнээс 212 хүний санал буюу 51.5% авч тус багийн Засаг даргаар сонгогдсон. Ингээд Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоол гарч намайг тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга Ч.Бд уламжилсан. Гэтэл Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б нь хууль зүйн үндэслэлгүйгээр намайг тус багийн Засаг даргаар томилохоос татгалзсан, 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол гарч намайг тус багийн Засаг даргад томилуулахаар дахин сумын Засаг даргад өргөн барисан. Гэтэл сумын Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот албан бичгээр мөн тус багийн Засаг даргаар томилохоос татгалзсан хариу өгсөн. Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарснаас хойш одоо сар гаруй хугацаа өнгөрсөн байхад сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Бд даалгаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Гүнбүрд багийн ИНХ-ын хуралдаанд өөр багийн иргэд олноор оролцсон санал хураалтын дүнд нөлөөлсөн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалт зөрчсөн гэх гомдол хүсэлт гаргасан нэр дэвшигч Б.Боос сумын Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй мөн шүүхээс ямар нэгэн тайлбар шийдвэр ирээгүй тул Ц.Мыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан юм. Тухайн хуралдааны санал хураасан нэрсийн жагсаалт, саналын хуудас одоо болтол сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын өрөөнд битүүмжилсэн хэвээр байгаа ба цаашид Гүнбүрд багийн ИНХ-ын дарга тэргүүлэгчид хяналт хийж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шаардлагатай тохиолдолд өргөдөл гомдол гаргасан Б.Боос асууж тайлбар авахыг хүсэж байна.” гэжээ.

       Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 сарын 24-ны өдөр хуралдсан Гүнбүрд багийн ИНХ-ын хуралдаанд тухайн багийн өрхийн бүртгэлд байхгүй өөр багийн харъяат иргэд олноор оролцож ЗЗНДНТУТХ-ийн 23.10 дахь заалтыг зөрчсөн /санал өгсөн/ хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн багийн Засаг даргад 3 хүний нэр дэвшиж хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал аваагүй тул 2 хүний дунд дахин санал хураалт явуулахад эхний санал хураалтанд оролцсон иргэд /398/ оролцох байтал 411 хүн болж нэрсийн жагсаалтанд 13 хүний нэр нэмж бичигдсэн. Саналын хуудасны тоо зөрүүтэй мэдээлэгдсэн. Эхний санал хураалтанд оролцсон хүмүүсээс хэсэг хүмүүс яваад буцаж ирж санал өгөөгүй байхад нэрсийн жагсаалтанд бичигдсэн 398-аас бага байх ёстой. Гэтэл харин ч нэмэгдэж 20 гаруй саналын зөрүү гарч байгаа юм. Дээрхи асуудлаар би сумын ИТХурал, Засаг даргад бичгээр өргөдөл, гомдлоо гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй байгаа болно. Ер нь БИНХ-ын дотоод дэгт хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоолын төсөл боловсруулж түүнийгээ хуралд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэрлэж тогтоол хүчин төгөлдөр болдог зарчимтай. Гэтэл тухайн өдрийн хуралдаан нь ямар ч тогтоол шийдвэр гаргахгүйгээр шөнө 00 цаг өнгөрч байхад тооллогын комисс саналын хуудас нэрсийн жагсаалт зэргийг битүүмжлэн дахин хуралдуулахаар тараасан билээ. Гэтэл Гүнбүрд багийн ИНХ-ын №03, №04 тоот тогтоолыг хэн хаанаас гаргаад ирэв. Үнэний шүүгчид минь энэ мэт хууль бус үйл ажиллагааг дахин гаргуулахгүйн үүднээс нягтлан шалгаж, хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон Гүнбүрд багийн хуралд нэр дэвшсэн. Тухайн сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулагдсан гэж үзэж байна. Яагаад гэвэл хэсгийн хороог нийт ард түмэн өөрсдөө сонгож байгуулсан. Сонгуулийн хэсгийн хороо үүрэгт ажлаа гүйцэтгээд тооллогын комиссын тогтоолоо өргөн барьсан. Тооллогын комиссын тогтоолын дагуу Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б гэдэг хүн намайг Наранбулаг сумын Засаг даргад 2 удаа өргөн барьсан. Эхний удаа өргөн барихад намайг томилохоос татгалзаж байна гэсэн учраас би Наранбулаг сумын Засаг даргатай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уулзсан. Тэгээд намайг томилохгүй байгаа шалтгааныг асуухад “Б.Б гэдэг хүн шүүхэд гомдол гаргасан байгаа тул томилохгүй байгаа” гэсэн. Тухайн өдөр би Б шүүхэд гомдол гаргасан байна уу гэдгийг судлахад шүүхэд гомдол гаргаагүй байсан. Тэгээд Засаг даргын өрөөнд Б.Б, Болд бид дөрөв уулзсан. Би томилохгүй байгаа шалтгаан нь юу байна вэ? Б.Б та шүүхэд гомдол гаргаагүй байна шүү дээ гэж хэлэхэд Б.Б “би 2017 оны 01 дүгээр сарын 02-нд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Удахгүй шүүхийн шийдвэр гарах байх” гэсэн. Энэ хугацаа өнгөрсний дараа би 2017 оын 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын Засаг даргатай уулзаж “Б.Б гэдэг хүний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Шүүхэд ямар ч гомдол гаргаагүй байна. Та Б.Быг шүүхэд хандсан гэдгийг юугаар нотолж байгаа вэ?” гэж хэлсэн. Тэгэхэд намайг шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Би шүүхэд хандахаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Бтай утсаар ярьж томилохгүй байгаа шалтгааныг хэлэхэд энэ талаар судлаад хариу өгнө гээд хариу өгөөгүй. 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сумын Засаг дарга намайг дуудаж уулзсан. Би Засаг даргад “та намайг хэзээ томилох вэ? томилохгүй байгаа шалтгаан нь юу вэ? Хэрэв намайг томилох шийдвэр гаргавал би шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзахад бэлэн байгаа” гэж  хэлсэн. Тэгэхэд Засаг дарга маргааш хариу өгнө гэсэн. Би Засаг даргатай уулзаж намайг Гүнбүрд багийн Засаг даргаар томилох шийдвэр юу болсон бэ гэж асуухад “чи зүүдэнд орохгүй байна шүү дээ” гэсэн. Би үнэхээр ойлгоогүй. Дахиад хэд хоногийн дараа асуухад “чи зүүдлэгдэхгүй байна” гэж хэлэхэд би гайхаж Засаг дарга надаас өөр юм хүсээд байгаа юм болов уу гэж бодогдсон. Миний асуудлыг одоо болтол шийдэхгүй байгаа нь ямар нэгэн хувийн сонирхол байна гэж үзэж байгаа. Тухайн үед хурлын даргалагч нь Монгол Ардын намын гишүүн, өнгөрсөн 2012-2016 оны хооронд Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар ажиллаж байсан Б байсан. Энэ хүн Б.Бын удирдлага дор ажиллаж байсан. Яагаад ингэж үзэх болсон бэ гэхээр би гурван асуудал тавихад Б дэмжээгүй. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаднаас орж ирж байгаа хүний нэрийг бичих биш, багийн Засаг дарга нь сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргаж өг. Хэрэв байхгүй бол орон нутгийн сонгууль явагдсан нэрсийн жагсаалтаар явуул гэсэн. Тэгтэл Б.Б “тэгэх шаардлагагүй, би багийн иргэдээ мэдэж байна” гэж хэлсэн. Тухайн өдөр дөрвөн удаа сонгууль явагдсан. Намайг гадны хүн гэж байсан бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийг сонгож байхад энэ асуудлыг гаргаж ирэх байсан. Манай гэр бүлийн гишүүд ч мөн Гүнбүрд багт харъяалалтай байгаа. Намайг яагаад Гүнбүрд багийн иргэн биш гэж үзээд байгааг ойлгохгүй байна” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Мын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу өөрийг нь Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Ц.М нь Гүнбүрд багийн үндсэн харьяат иргэн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан болзол шаардлагыг хангасны үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гүнбүрд багийн Засаг даргад бие дааж нэр дэвшиж өрсөлдсөн. Нийт хуралд оролцсон иргэдийн 51.5 хувь буюу 210 хүний санал авч багийн Засаг даргаар сонгогдсон байгаа. Наранбулаг сумын 1 дүгээр багийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор нууц санал хураалт явуулж санал тоолох дүнг гаргах үүрэг бүхий тооллогын комиссыг байгуулсан. Тус комиссын даргад Б.О, нарийн бичгийн даргад Ч, гишүүдэд А, Р, Б гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комиссыг томилсон. Багийн даргын саналын хуудсыг дээрх 5 хүний бүрэлдэхүүнтэй санал тооллогын комисс тоолж дүн нэгтгээд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4 тоот тогтоол гаргаад 51.5 хувийн санал авч Гүнбүрд багийн Засаг даргын сонгуульд ялалт байгуулсан Ц.Мыг томилуулахаар багийн иргэдийн Нийтийн Хуралд уламжилсан. Санал хураалтын дүнд ямар нэгэн маргаан гараагүй. Хэрэгт авагдсан баримтаар Гүнбүрд багийн Засаг даргаар Ц.М ялалт байгуулж сонгогдсон нь тодорхой болсон. Наранбулаг сумын 1 дүгээр багийн ИНХуралдааны 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 03 тоот тогтоол гарсан. Гэтэл Наранбулаг сумын Засаг дарга Ц.Мыг томилохоос татгалзсан. Ингээд Наранбулаг сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 199 тоот албан бичгээр хариу өгч томилохгүй татгалзсан үндэслэлээ тайлбарласан байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 тоот тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар хуулинд заасан 15 хоногийн дотор Ц.Мыг дахиад Гүнбүрд багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас уламжилсан. Ингээд 2017 оны 01 сарын 10-ны өдөр Наранбулаг сумын Засаг дарга хариу өгөхдөө өмнө нь өгсөн хариутай адилхан байсан ба огноо нь өөр байсан. Хариуцагч нь Ц.Мыг Гүнбүрд багийн Засаг даргаар томилохоос татгалзах хуулинд заасан эрхтэй ч гэсэн хуулинд заасан үндэслэл журмын дагуу уг эрхээ хэрэгжүүлэх ёстой. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан хүнийг Засаг дарга өөрийн үзэмжээр, хувийн сонирхлоор ч юм уу, ямар нэгэн намын шугамаар томилохоос татгалзах үндэслэл байхгүй. Засаг дарга Ц.Мд удаа дараа өгөөд байгаа хариу бол Гүнбүрд багийн Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан Б.Б шүүхэд хандсан гэдэг үндэслэлийг хэлсэн. Гэтэл Б.Б өнөөдрийн байдлаар Гүнбүрд багийн Засаг даргын санал хураалт хууль бус болсон, дахин санал хураалт явуулах талаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа. Тэгэхээр сумын Засаг даргын татгалзаад байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юмаа. Сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь багийн даргын сонгуулийн маргааныг шийдвэрлэх субъект биш. Уг маргаан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй шууд шүүхэд хандах маргаан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас харахад хариуцагчийн зүгээс сонгуулийг хүчингүй болгуулах талаар ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гуравдагч этгээдээр татагдаж оролцож байгаа Б.Б уг сонгуулийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан бие даасан шаардлага гаргаагүй. Өнөөдөр сонгуулийн үйл явц, будлиантай явагдсан гэж үзсэн гэсэн ч Бын шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Сонгуулийн эцсийн дүн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Сонгуулийн үйл ажиллагаа явагдсанаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн байхад сумын Засаг дарга ямар ч үндэслэлгүйгээр Ц.Мын эрхийг зөрчөөд томилохгүй байгаа үйлдэл хууль бус гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан үүргээ сумын Засаг дарга биелүүлэхгүй байгаа. Иймд Ц.Мын эрх зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Бид өнөөдөр хамгийн гол нь санал хураалтын процессыг ярих шаардлагагүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас санал хураалтын дүнг нэгтгэсэн тогтоол, Ц.Мыг Гүнбүрд багийн Засаг даргаар томилохоор уламжилсан хурлын тогтоолууд хүчин төгөлдөр болсон. Гүнбүрд багийн Засаг даргыг сонгох санал хураалт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд Ц.Мыг томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Б.Б гэдэг хүн 16 жил уг албан тушаалыг хашсан  гэсэн ч насаараа томилогдоогүй. Ц.М өнөөдөр шударгаар өрсөлдөөд гарч ирсэн. Яагаад ялагдлаа шударгаар хүлээн зөвшөөрөөд суудлаа залуу хүнд тавьж өгч болохгүй байгаа юм бэ. Тухайн сонгуулийн талаар, тооллогын комиссын тогтоол, Ц.Мыг томилуулахаар уламжилж буй тогтоолыг үндэслэлгүй байна, уг сонгууль маргаантай явагдсан гэх талаар өнөөдөр хүртэл гомдол гаргаагүй. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэж тайлбараа ярих ёстой. Ц.Мыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар томилох үүрэгтэй. Ц.Мыг томилохгүй байх ноцтой зөрчил нотлогдохгүй, тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Тооллогын комиссын дүнг танилцуулсны дараа зөрчилтэй гэх асуудал яригдсан гэж гэрч Б.О хэлсэн. Хэдийгээр гэрч Б.О багийн Засаг даргын сонгуулийг дахин  явуулах нь зүйтэй гэж хэлсэн байсан ч тус багийн Засаг даргын сонгуулийг хүчингүй болгох эрхтэй субьект нь шүүх байгаа. Багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа” гэжээ.

       Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хуралд ажиглагчийн журмаар оролцсон. Хуралдаан явагдаж өнгөрөхөд багийн Засаг даргад нэр дэвшигч Б нь өөр багийн нэр бүхий хүмүүс орж ирж саналаа өглөө гэж гомдлоо хэлэхэд тооллогын комиссын дарга Б.О уг хурал хүчингүй боллоо гээд хуралдааныг дуусгасан. Дараа нь Б.Б “би шүүхэд хандаж байгаа тул батламжлахыг хойшлуулж өгнө үү” гэж өргөдөл өгсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-д заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд гэсэн байгаа. Гэтэл 15 хоногийн дараа ямар нэгэн хурал хуралдаагүй. Би эхний удаа татгалзаад дахин Гүнбүрд багийн ИНХ хуралдаж, сонгогдсон Засаг даргыг өргөн барьсан бол би ажлын 5 хоногт багтаан тус багийн Засаг даргыг батлах үүрэгтэй гэж ойлгож байна. Б.Бын надад гаргасан гомдол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заалтыг удирдлага болгосон. Б.Б өөр багийн иргэд сонгуульд оролцсон гэж гомдол гаргасан учраас үүнийг шүүх тогтоож байж намайг хууль бус шийдвэр гаргасан байна уу гэдгийг мэдэх боломжтой. Гүнбүрд баг намайг анх удаа томилохгүй буцаахад Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдах ёстой байсан. Тэгээд би ажлын 5 хоногт шийдвэрлэх байсан” гэжээ.

       Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хуралд манай багийн хүн амын өрхийн бүртгэлийн санд байхгүй өрхийн төлөөллүүд буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэд оролцно  гэсэн заалт зөрчигдсөн. Мөн дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д тухайн Засаг даргыг нэр дэвшүүлэх, огцруулах асуудал хэлэлцэх үед нийт өрхийн 50-с дээш хувь оролцоно гэсэн заалт зөрчигдсөн байдаг. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал нь уг шаардлагыг хангаагүй, өөр багийн нэр бүхий иргэдийг 2 дахь санал хураалтад олноор оруулж санал хураалтын явцад нөлөөлсөн. Тийм учраас би сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Тухайн өрхийн хүн амын бүртгэлд байхгүй иргэд олноор санал өгсөн, 2-р санал хураалтанд эхний багийн Засаг даргыг сонгох санал хураалтанд оролцсон 398 иргэн оролцох ёстой байтал 411 хүн санал өгсөн. 2 дахь санал хураалтанд ирээгүй иргэд эхний санал хураалтанд орчихоод 2-р санал хураалтанд ороогүй иргэд байсаар байтал 398-аас бага тоо гарах ёстой гэж үзэж байна. Би шүүхэд хандаж байгаа гэж Засаг даргад 26-нд өргөдөл өгсөн. Шууд шүүхэд хандахаа мэдээгүй учраас шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаагүй. Тухайн үед Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Эрдэнэ-Очир, Энхзаяа нартай уулзаж багийн Засаг даргын сонгууль будлиантай боллоо, би яах ёстой вэ гэж асуухад “сумын Засаг дарга тухайн багийн Засаг даргыг томилтол та үндсэн ажлаа хийж байна” гэж хэлсэн. Би гомдол гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 23.11 дэх зүйлүүдийг үндэслэж гаргасан. Тухайн багийн ИНХ анхан шатны нэгжийн хурал нь нэгжийн хурал байх ёстой. Нэгжийн хурал нь Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиас ангид юм аа. Сүүлийн санал хураалтын явцад өөр багийн иргэд орж ирж байсан. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ бүхнийг сайн нягтлан үзэж эцсийн шийдвэрээ гаргана уу “ гэжээ.

      Гэрч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Тухайн өдрийн сонгуулийн тооллогын комиссыг даргалсан. Энэ хугацаанд тооллогын дүн гараад тогтоолын төслийг боловсруулж уншиж танилцуулсан. Уг тогтоолыг уншиж танилцуулсны дараа өөр багийн иргэд оролцсон байгаа учраас сонгууль хүчингүй болж, хэрэв зөрчилтэй бол дахин сонгууль явуулна гэж хэлсэн. Тэгээд саналын хуудсын нэрсийн жагсаалт, тооллогын комиссын дүн зэргийг бүгдийг нь битүүмжилсэн. Тооллогын комиссын тогтоолын дүн танилцуулсан. Саналын дүнг нэгтгэхэд тухайн зааланд байсан нийт иргэдийн нүдэн дээр ил явагдсан учраас үнэн зөв гарсан гэж үзэж байна. Бид нар 6 хүний зөрүүтэй гарсан саналын хуудсыг хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Баяраа гэдэг хүн саналын хуудас хайрцганд хийхгүй гараад явж байсныг бид нар дуудаж саналын хайрцганд хийлгэж байсан. Энэ мэтчилэн саналын хуудсаа аваад гарсан хэдэн хүн байгааг бид сайн мэдэхгүй. Тэргүүлэгчдэд танилцуулаагүй. Хоёрт нэгэнт бүх бичиг баримтууд битүүмжлэгдсэн учраас хууль хяналтын байгууллага шийдвэрлэх байх гэж бодож саналын хуудас болон нэрсийн жагсаалтыг задалж тоолоогүй. Азбилэг, Чулуун гэдэг хоёр хүн санал хураалтын хуудсын нэрийг нь дугуйлж, тарааж байсан. Харин гарын үсэг зуруулаагүй. Санал хураалтын дүнг танилцуулсны дараа маргаан гарсан. Тэгээд би дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж хэлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.М нь тус шүүхэд “Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Бд даалгуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

      Наранбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой гомдлыг амаар аймгийн Засаг даргын тамгын газарт хандан гаргахад хариу өгөөгүй талаар нэхэмжлэгч М тайлбар гаргасан бөгөөд энэхүү тайлбар нь үндэслэлтэй болох нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын даргын 2/500 тоот албан бичгээр тогтоогдож байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргаж болох”-оор заасан байна. Шүүх дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд нэхэмжлэгч гомдлоо хуульд заасан хэлбэрээр гаргасан, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж үзсэн болно.

      Нэхэмжлэгч Ц.М “Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад ямар ч  хууль зүйн үндэслэлгүйгээр Наранбулаг сумын Засаг дарга намайг багийн Засаг даргаар томилохоос  татгалзсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан үүргийг сумын Засаг дарга биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.  

      Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга “Б.Б шүүхэд гомдол гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн багийн ИНХ-ын хуралдаанаас эцэслэн шийдвэр гараагүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбараа гаргажээ.

     Гуравдагч этгээд Б.Б “багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтын явцад Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчиж өөр багийн иргэдээс санал авсан” гэж маргасан байна.          

      Наранбулаг сумын 1-р багийн  ИНХ-ын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хуралдаж, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх ба Ц.М Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан болзол шаардлагыг хангасан гэж үзээд тус багийн Засаг даргад бие даан нэр дэвшин өрсөлджээ. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Ц.Мын иргэний үнэмлэхний лавлагаанаас үзэхэд тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт шилжин суурьшихаар бүртгүүлсэн байна.

      Түүнчлэн тус Хурлын хуралдаанаас нууц санал хураалт явуулан санал тоолох, дүн гаргах үүрэг бүхий тооллогын комиссыг Б.О, Б.Ч, Р.А, Д.Р, Го.Б  нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан ба уг бүрэлдэхүүн багийн Засаг даргын саналын хуудсыг тоолон дүнг нэгтгэн улмаар “санал хураалтын дүнгийн тухай” тогтоолыг  гаргаж, хуралдаан дээр танилцуулсан байна.

      Наранбулаг сумын 1-р багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтын ажиллагааг нэр дэвшигч Б.Б, Ц.М нарын дунд явуулсан байх бөгөөд санал хураалтын дүнгээр Ц.М 211 санал, Б.Б 191 санал  авсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхээс саналын хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

    Санал хураалтын дүнгээр уг хуралдаанд оролцсон иргэд төлөөлөгчийн 51.4 хувийн санал авсан Ц.Мыг 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тооллогын комиссын тогтоолыг үндэслэн багийн ИНХ-ын хуралдаанаас “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай тогтоол гаргаж, Ц.Мыг багийн Засаг даргаар томилуулахаар Наранбулаг сумын Засаг даргад санал болгоход тэрээр “багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Б нь шүүхэд гомдол гаргасан” гэдэг үндэслэлээр түүнийг томилохоос татгалзаж хариу 199 тоот албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  1-р /Гүнбүрд/ багийн ИНХ-ын даргад хүргүүлжээ.

     Сумын Засаг дарга ийнхүү татгалзах тухай шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй байгаа бөгөөд зөвхөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б.Бын өргөдлийг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл Наранбулаг сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн хуралдаанд өөр багийн иргэд оролцсон гэх баримт, шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх асуудлыг тодруулж шалгахгүйгээр татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Наранбулаг сумын Засаг даргын нэхэмжлэгч Ц.Мыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан татгалзал хууль бус байгаа нь багийн Засаг даргаар томилохгүй байгаа түүний эс үйлдэхүй хууль бус болох үр дагаврыг үүсгэсэн байна.

    Гэрч Б.Огийн мэдүүлгээс үзэхэд багийн Засаг даргын дахин санал хураалтын үр дүнг танилцуулсны дараа гуравдагч этгээд Б.Б “өөр багийн иргэд санал өгсөн” гэж маргасан байгаа бөгөөд тухайн хуралдаанаас “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай тогтоол, шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой бөгөөд маргааны үйл баримттай холбоогүй  асуудлаар буюу багийн ИНХ-ын хуралдааны үйл ажиллагааны /багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтын/ талаар болон  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчиж өөр багийн иргэдээс санал авсан” гэх гуравдагч этгээдийн маргасан асуудлаар дүгнэлт хийх боломжгүй юм.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  заасан хугацаанд гуравдагч этгээд Б.Б дээр дурдагдсан үндэслэлээр “ 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн багийн ИНХ-ын  хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй ба тухайн асуудлаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргаагүй нь 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн тооллогын комиссын болон багийн ИНХ-ын хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх нөхцлийг бүрдүүлжээ.

     2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Ц.Мыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай хуулийн хүчин төгөлдөр байхад дахин нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргах шаардлагагүй. Мөн  2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Наранбулаг сумын 1-р багийн ИНХ-ын хуралдааны “ Ц.Мыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай  04 тоот тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан журмаар гараагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болж чадаагүй байна.

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд багийн ИНХ-ын хуралдаанаас уг хуралдаанд оролцсон иргэд төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд /сумын Засаг даргад/ санал болгох, мөн багийн Засаг даргыг  сумын Засаг дарга 4 жилийн хугацаатай томилох асуудлыг тус тус зохицуулжээ.  

    Наранбулаг сумын Засаг дарга дээрх хуулийн заалтыг  хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны , ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Ц.Мыг Наранбулаг сумын 1-р  /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнийг Наранбулаг сумын 1-р Гүнбүрд багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Бд даалгаж шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас  70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд   олгох нь зүйтэй гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.2, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Наранбулаг сумын 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Наранбулаг сумын 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Бд даалгасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мын   улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас  70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд   олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ОЮУНГЭРЭЛ