Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0032

 

      Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээд Ц.Б нарыг оролцуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хууль3-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.6-д тус тус заасныг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэр дэвшигчидтэй сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр тэдгээрийн нэгийг сонгон нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргах хүртэл тус Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд тухайн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч Ш.Б Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэртэй маргаагүй байхад маргаж байгаа мэт дүгнэлт хийж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албанд томилох хүнийг сонгон шалгаруулах зар, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажил нэгэнт дуусаж, шалгарсан хүнийг томилуулах санал хүргүүлсэн байхад тэр хүнийг хүлээж авахгүй өөр хүнийг томилсон маргаан бүхий актыг түр түдгэлзүүлсэн нь буруу гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад хүргүүлэх” гэж Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг заасан, мөн Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баталсан байна.

Уг журмын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Ш.Б, Ц.Б гэсэн 2 иргэн тэнцэж, Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай” 19 дүгээр тогтоолоор Ш.Б, Ц.Б нарыг тухайн албан тушаалд сонгон томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн байна.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33.б-д “Төрийн албаны салбар зөвлөл нь тус журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа 2-оос доошгүй иргэний нэрийг нэр дэвшүүлнэ” гэж зохицуулсан байхад Төрийн албаны салбар зөвлөлөөс зөвхөн Ш.Б-г маргаан бүхий албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/96 дугаартай албан бичгээр Ш.Б-г тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн талаар томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэхэд Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/70 дугаартай “Нэр дэвшигчээс татгалзах тухай” албан бичгээр Ш.Б-г уг албан тушаалд тавигдах мэргэшлийн шаардлагыг хангахгүй үндэслэлээр томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн, үүнийг томилох эрх бүхий этгээдээс дээрх журамд заасан эрхийн хүрээнд нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Гэтэл Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 37-д заасныг зөрчиж, тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцийн жагсаалтад орсон өөр иргэнийг нэр дэвшүүлэхгүйгээр Ш.Б-г дахин томилуулахаар мэдэгдэл хүргүүлсэн нь буруу байх боловч Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн ч Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлээгүй Ц.Бг маргаан бүхий албан тушаалд томилсон нь мөн журмын 36-д “...томилох эрх бүхий этгээд Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилох шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

Хариуцагчаас “...Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/96 дугаартай албан бичгээр Ш.Б-г тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ хавсралтаар нь Ц.Б-гийн шалгалтад тэнцсэн талаарх мэдэгдлийг хавсарган ирүүлсэн нь нэр дэвшүүлсэнд тооцогдоно” гэх боловч тус албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг мэдэгдсэн шинжтэй болохоос маргаан бүхий албан тушаалд томилуулахаар Ц.Б-г санал болгоогүй байна.

Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ш.Б-г томилуулахаар нэр дэвшүүлсэн, харин Ц.Б-г нөөцөд бүртгэсэн байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Дээр дурдсанчлан Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол нь Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлээгүй Ц.Б-г томилж, төрийн удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилох журмыг зөрчсөн байх хэдий ч энэ нь Төрийн албаны салбар зөвлөлийн журмын заалт хэрэгжүүлж ажиллаагүй үйл ажиллагаатай хамааралтай байх тул маргаан бүхий актыг шууд хүчингүй болгох боломжгүй байна.

Учир нь хариуцагчаас Ш.Б-г Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан “...мэргэшлийн шаардлага хангахгүй” үндэслэлээс үл хамаарч Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 37-д зааснаар томилох эрх бүхий этгээд Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосон иргэнийг томилохоос татгалзах бүрэн эрхтэй тул шүүхээс захиргааны уг эрх хэмжээнд халдаж, Ш.Б-г томилохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, томилох эрх бүхий этгээд Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн иргэнийг томилох ёстой тул Төрийн албаны салбар зөвлөлөөс Ц.Б-г нэр дэвшүүлээгүй учир шүүхээс маргаан бүхий актыг хэвээр үлдээх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд иргэнийг хуульд заасан журмын дагуу томилох ажиллагааг дахин явуулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул Төрийн албаны салбар зөвлөлийн хууль, журамд нийцүүлэн явуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд нөөцөд бүртгэгдэн дээр дурдсан журамд заасны дагуу салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн дундаас хариуцагч томилох, эсхүл томилохоос татгалзах, татгалзсан тохиолдолд салбар зөвлөл нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх эсхүл сонгон шалгаруулалт дахин явуулах эсэхийг шийдвэрлэх учир салбар зөвлөл дээр дурдсан журмыг зөрчиж, нөөцөд бүртгэгдсэн нэг иргэнийг нэр дэвшүүлсэн энэ тохиолдолд томилохоос татгалзагдсан нэр дэвшигчийг томилохыг даалгах, эсхүл нэр дэвшүүлээгүй иргэнийг томилсныг зөвтгөн дүгнэж шийдвэрлэх боломжгүй. Иймд захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой тул хариуцагч Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь холбогдох нөхцөл байдлыг тодруулан, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Харин анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

                ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН