Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/0060

 

 

“Ф” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                         М.Батсуурь

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа            

                                                             Г.Банзрагч

                                                             Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:                              Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШШ2024/0006 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, Ц.Д нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Ф” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” 179 дүгээр тогтоолын компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 24.2.3-т заасныг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул дор дурдсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах арга хэмжээ авахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд даалгаж; 2 дахь заалтаар “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын 2014 оны 187 дугаар тогтоолыг ... хүчингүй болсонд тооцжээ.

2.1.Нэхэмжлэгч компаниас “... Концессын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд нь газрыг ашиглах эрхийг нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй, Концессын гэрээний 3.1.3, 8.1.3-т зааснаар Засгийн газар ажлын талбайг станцын барилга угсралтын ажил бэлэн болгох нөхцөл бүрдүүлж, газрыг концесс эзэмшигчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал газрын асуудал шийдэгдээгүй, захиалагч тал үүргээ биелүүлэхгүй байсан учир түншлэл тарсан, улмаар манай компани шилжүүлэн авсан, холбогдох баримтууд байгаа, 2017 онд гэрээний тал хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулсан талаар албан ёсоор мэдэгдсэнээс хойш гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар Засгийн газраас гомдол, санал ирүүлж байгаагүй, Концессын гэрээний зохицуулалтын дагуу ямар нэг арга хэмжээ авалгүй шийдвэрлэсэн нь хууль бус, Концессын гэрээг цуцлах болсон үндэслэлийг мэдэгдээгүй, цуцлах мэдэгдэлд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дурдсан боловч ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн дагуу захиргаа өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй танилцах боломжийг олгох үүрэгтэй, тогтоолыг танилцуулаагүй, хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээ аваагүй, сонсох ажиллагаанд талуудыг оролцуулаагүй ...” гэж;

2.2.Хариуцагчаас “... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 18/13 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 23 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Дулаан V цахилгаан станц төсөл”-ийн концессын сонгон шалгаруулалтыг 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, нийт 34 компани оролцох сонирхол илэрхийлснээс 11 консорциум урьдчилсан шалгаруулалтад саналаа ирүүлсэн, тус 11 консорциумаас “И” ХXК, “С”, “П” ХХК, “Н” ХХК-ийн нэгдэл хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогчоор сонгож, уг консорциумын байгуулсан төслийн компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Ф” ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх олгосон.  “Ф” ХХК нь Концессын гэрээний И-д зааснаар концесс эзэмшигчийн байр сууринаас байгуулсан, тус зориулалтаар буюу концессын төслийг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан төслийн компани бөгөөд Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан концесс эзэмшигч биш, дээрх концесс эзэмшигч түншлэлийн “И” ХХК, “С”, “П” нар нь түншлэлээс гарч зөвхөн “Н” ХХК нь энэхүү төслийн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Концессын тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд зааснаар концессын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, түншлэгч тус бүрийн тухайн төслийг гүйцэтгэхэд шаардагдах санхүүгийн болон техникийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, бусад 11 консорциумаас хамгийн өндрөөр үнэлж, сонгон шалгаруулсан. Гэтэл тус түншлэл буюу консорциум нь тарснаар “Дулааны V цахилгаан станц төсөл”-ийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч, өнөөдрийг хүртэл гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаагүй ...” гэж;

2.3.Гуравдагч этгээд Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... Эрчим хүчний сайд концессын асуудал дээр Засгийн газрыг төлөөлөх эрх хэмжээтэй этгээд биш, нэхэмжлэгч компани нь 4 хувьцаа эзэмшигчтэйгээс 3 нь гадаадын компани 1 нь “Н” ХХК, анх төсөл Концессын тухай хуульд заасны дагуу уралдаант сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарч ирсэн, нэхэмжлэгч компанийн хэлбэрээр бус консорциум хэлбэрээр оролцсон, Концессын тухай хуульд заасны дагуу түншлэл хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд тухайн түншлэлийн удирдлагын баг, санхүүгийн чадавх, боловсон хүчин, ажлын туршлага зэргийг түншлэлийн гишүүн бүрийн хувьд харж үзэн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа, сонгон шалгаруулалт хийгдэж дуусаад концессын гэрээ байгуулагдаж хэрэгжилт явж байх үед төслөөс гарсан тохиолдолд концесс олгогчоос зөвшөөрөл авах ёстой, үүнийг Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.5-д хуульчилж өгсөн. Түншлэл хэлбэрээр оролцож тусгай зориулалтын компани байгуулж түүгээр орж байгаа тохиолдолд нэхэмжлэгч компани нь хувьцааны хяналтын багцаас дээш хувьцааг концесс олгогч буюу Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх хориотой. Шилжүүлж байгаа тохиолдолд Засгийн газрын санаачилгаар гэрээ цуцлах үндэслэл бий болно. Хэргийн материалаас үзэхэд хяналтын багцаар зогсохгүй хувьцааны 90 хувийг шилжүүлж авсан. Компанийн тухай хуульд заасны дагуу хяналтын багц нь компанийн нийт гарсан энгийн хувьцааны 33 хувь түүнээс дээш хувийг ойлгодог. Бодит байдал дээр 90 хувийг түншлэлийн 1 компани өөртөө шилжүүлж авсан. Энэ нь цаашид төсөл хэрэгжих боломжтой эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Эрчим хүчний сайдаас түншлэлийн гишүүд хувьцаагаа шилжүүлснийг асуудалгүй гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний сайд мэргэжлийн асуудал дээр зөвлөгөө өгөхөөс концессын асуудал нь зөвхөн эрчим хүчнийх биш эдийн засаг, санхүү төсвийн цогц арга хэмжээ байдаг. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яам төлөөлж гэрээ байгуулсан. Эдийн засаг, хөгжлийн яам албан ёсоор гэрээ хэлэлцээр хийх бүрэн эрхтэй этгээд юм. Концессын гэрээний 2.2-т заасан урьдчилсан нөхцөлүүдээс нэхэмжлэгч компани нийт 9 урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Засгийн газраас хангах урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч компанийн өөрсдийн урьдчилсан нөхцөлүүдийг бүрдүүлсний дараа хэрэгжүүлэх боломжтой нөхцөлүүд байдаг. Газрын асуудлыг Концессын гэрээний 3.1.3-т барилга угсралтын ажил эхлэхэд буюу ажлын талбайд нэвтэрч орох үед Засгийн газар газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна гэж заасан. Концессын төсөл шууд ажлын талбайд орж барьж эхлэхгүй. Барилга угсралтын ажил урьдчилсан нөхцөл болох шаардлагатай бүхий л баримт бий болж байж эхэлнэ. Үүнийг нэхэмжлэгч компаниас Засгийн газар газар чөлөөлж өгөөгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “ ... Засгийн газрын “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 179 дүгээр тогтоолын Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4.Нэхэмжлэгч Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах давж заалдах гомдлыг гаргажээ. Үүнд:

4.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй буюу шүүх хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй, бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй.

4.2.Энэхүү хэргийн сонсох ажиллагаатай холбоотой албан бичиг, уулзалтын тэмдэглэлүүд нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд 175-177 дугаар хуудас дах Төрийн худалдан авах ажиллагааны газар болон нэхэмжлэгчийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн уулзалтаас гарсан шийдвэрийг тусгасан хэсэгт “Концесс эзэмшигчээс Концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг хангах төлөвлөгөө эсхүл түүний төслийг эрх бүхий этгээдэд танилцуулах” тухай чиглэлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус компанид өгсөн байдаг. Ийнхүү чиглэлийн дагуу төлөвлөгөөг бэлтгэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүлээлгэн өгснийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас 15 хоногийн дараа буюу тус оны 8 дугаар сарын 25-ны өдөр Эрчим хүчний яаманд илгээж улмаас яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус төлөвлөгөөтэй холбоотой саналаа 9 дүгээр сарын 03-ны өдөр илгээсэн нь тусгагдсан байна. Эрчим хүчний яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн уг хариу саналд “2017 онд консорциум тарсан. Мөн 2009 оны Төслийн судалгаа нь өнөөдрийн байдлаар хуучирсан. Дахин судалгааг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилт, газрын маргаан, усан хангамж, үнс хаях газар, төмөр замын холболт зэрэг шийдвэрлэх шаардлагатай хүндрэлтэй олон асуудлууд байна. Концесс эзэмшигчийн хувьд байгалийн шингэрүүлсэн хийгээр ажиллах цахилгаан станцыг барих асуудлаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулан Эрчим хүчний яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагатай” гэсэн байдаг. Энэхүү албан бичигт тусгагдсан 2009 оны судалгаа хуучирсан хэмээсэн нь ор үндэслэлгүй зүйл бөгөөд 2012 онд төслийн байршлыг захиалагчийн зүгээс өөрчилсний улмаас концесс эзэмшигч нь өөрийн зардлаар бүх судалгааг хийж эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 7 дугаар сард байгаль орчны нэгдсэн үнэлгээг 2016 оны 6 дугаар сард тус тус батлуулсан нь хавтаст хэрэгт тусгагдсан байдаг.  

4.3.Ийнхүү концесс эзэмшигч өөрийн зардлаар хийсэн судалгааг байхгүй мэт ойлгуулсан албан бичгийг Эрчим хүчний яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газар хүлээн авснаас хойш 19 хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр концесс эзэмшигч “Ф” ХХК-д хариу мэдэгдсэн байдаг бөгөөд уг хариу албан бичигт “...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр илгээсэн байгалийн шингэрүүлсэн хийгээр төслийг хэрэгжүүлэх саналтай нь танилцлаа. Эрчим хүчний яамнаас уг саналын дагуу хэрэгжүүлэх тохиолдолд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулах, эрх бүхий этгээдээр (ШУТЗ) батлуулах шаардлагатай...” тухай албан бичиг ирүүлсэн. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлд заасны дагуу 2021 онд багтаан төслийг концессын гэрээний дагуу хэрэгжүүлж эхлэх арга хэмжээ авч ажиллана уу” гэсэн чиглэл нь бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй асуудал юм. Учир нь эрчим хүчний, нэн ялангуяа станцын төслийг техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нэгдсэн үнэлгээг 3 сар байтугай 3 жилийн дотор боловсруулахад хэцүү бөгөөд хангалттай хэмжээний цаг хугацаа, зардал мөнгө шаардлагатай байдаг. Жишээлбэл 2012 оны Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор төслийн байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ф” ХХК нь судалгааг эхнээс нь хийж техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нэгдсэн үнэлгээг батлуулахад 4 жил 2 сарын хугацааг зарцуулж консорциумаас нийт $11 сая, “Н” ХХК-с $1.1 сая буюу өнөөдрийн ханшаар 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Ийм байтал 2021 онд багтаан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нэгдсэн үнэлгээг батлуулан төслийг эхлүүл гэсэн чиглэлийг тус оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт тусгасан "бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй захиргааны акт" болох тул 47.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас Ф” ХХК-д өгсөн тус чиглэл нь илт хууль бус захиргааны акт болох тул 47.2 дахь хэсэгт заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болохоор байна.

4.4.Дээр тусгасан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээс хойш 3 сарын дараа буюу тус оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас А-1/2058 дугаар сонсох ажиллагааны тухай албан бичгийг Ф” ХХК-д хүргүүлсэн. Уг албан бичигт Концессын гэрээг бодитоор хэрэгжих боломжгүй болсон байх тул гэрээг дуусгавар болгох нь зүйтэй гэх эрх бүхий этгээдийн зүгээс үзэж байгаа тул санал тайлбараа 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ үү гэсэн. Ийнхүү 12 дугаар сарын 28-ны өдөр Ф” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт ДЦС-008/2021 дүгээр албан бичгийг илгээсэн байдаг бөгөөд уг албан бичигт “2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цахилгаан худалдах худалдан авах гэрээг байгуулсан. 2012 оны 191 дүгээр тогтоолоор төслийн байршил өөрчлөгдсөн тул судалгааг эхнээс нь хийж 4 жил 2 сарын хугацааг зарцуулж техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нэгдсэн үнэлгээг батлуулсан энэ хугацаанд консорциумаас нийт $11 сая, “Ньюком” ХХК-с $ 1.1 сая буюу өнөөдрийн ханшаар 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу ЭБЭ нь газар ашиглах асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд Концессын гэрээний 3.1.3, 8.1.3-т Засгийн газар нь “ажлын талбайг” Станцын барилга угсралтын ажилд бэлэн болгох нөхцөлийг бүрдүүлсэн буюу газрыг чөлөөлсөн байдлаар концесс эзэмшигчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэвч газрын асуудал өнөөдөр хүртэл шийдэгдээгүй тул төсөл хэрэгжиж эхлээгүй. Эрчим хүчний яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн а/4072 дугаар албан бичгээр “Н” ХХК-д “ДЦС-5” -ийн үндсэн түлшээр байгалийн хийг ашиглах нь оновчтой гэсэн чиглэл өгснийг үндэслэн бид өнөөг хүртэл холбогдох судалгааг хийсээр ирсэн. Биечлэн уулзах хүсэлтэй байгаа тул уулзалт зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ үү” хэмээн тусгаж албан бичгийн хавсралт 1-т Эрчим хүчний яамны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн а/4072 дугаар бичгийг хавсаргасан байдаг.

4.5.Дээрх 2021 оны 12 дугаар сарын 28-ны албан бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүлээлгэн өгснөөс тус газраас хариу ирээгүй тул “Ф” ХХК-ийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДЦС-003/2022 дугаар албан бичгийг илгээсэн байдаг хэдий ч тус газрын бичиг хэрэгт бүртгэгдээгүй гэдэг шалтгаанаар хавтаст хэрэгт авагдаагүй. Үүний дараа мөн газраас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Ф” ХХК-д “маргааш сонсох ажиллагаа болох тул биечлэн ирнэ үү” хэмээн утсаар мэдэгдэхэд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг үндэслэн албан бичгээр хариу тайлбараа өгөх хүсэлтийг тэр дор нь утсаар уламжилсан байдаг. Иймд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ф” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт ДЦС-004/2022 дугаар “Төсөл хэрэгжүүлэх газрын асуудлын талаар уулзалт хийх хүсэлт гаргах тухай” албан бичгийг илгээсэн хэдий ч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 3 дугаар сазын 04-ний өдөр А-1/442 дугаар албан бичгээр “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж концесс, ТХХТ-н асуудал Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах болсон тул 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс холбогдох баримт бичгийг шилжүүлж эхэлсэн. Иймд ДЦС-004/2022 дугаар албан бичгээр ирүүлсэн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн яаманд хандана уу” гэсэн хариуг өгсөн байдаг. Ийнхүү сонсох ажиллагаа хэрэгжиж дуусаагүй байх үед сонсох ажиллагааг хариуцсан захиргааны байгууллага өөрчлөгдсөн байхад тус ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэх үүргийг хүлээсэн Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс ямар ч ажиллагааг хийгээгүй бөгөөд улмаар 2 сарын дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор Ф” ХХК-ийн Концессын гэрээ болон Концесс эзэмшигчийн эрхийг цуцалсан байдаг.

4.6.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар  Ф” ХХК-д холбогдох уг хэрэгт захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааны явцтай холбоотой ямар ч тэмдэглэл хөтөлж, мэдээлэл бэлтгэж баримтжуулаагүй, түүнчлэн уг хуулийн 27.7 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж заасан байдаг ч холбогдох захиргааны байгууллагаас үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7, 24.2-т заасан захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хийх, 26 дугаар зүйлд заасан “захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах ажиллагааг хийгээгүй байна гэж үзэхгүй” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй байх тул уг шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШШ2024/0006 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд тусгасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх боломжийг олгож шийдвэрлэж өгнө үү.

4.7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд ... гэж дүгнэлт гаргав” гэсэн нь уг хэрэгтэй огтхон ч холбогдолгүй буюу өөр хэрэгтэй холбоотой үйл баримт авагдсан байж болзошгүйг дурдах нь зүйтэй гэжээ.

 

     ХЯНАВАЛ:

5.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын талаар:

6.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 18/13 дугаар зөвлөмжөөр “Улаанбаатар ДЦС-5” төслийг хэрэгжүүлэх тендерийн баримт бичгийг боловсруулах, төслийн сонгон шалгаруулалтын баримт бичигт эхний ээлжинд цахилгаанаар 3x150 МВт буюу 450 МВт, дулаанаар 600 Гкал/цаг-ийн хүчин чадалтай станцыг барьж байгуулахаар тусгагджээ.

7.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 187 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Дулааны V цахилгааны станц төсөл”-ийн концессын гэрээг “Ф” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх (BOT) нөхцөлөөр байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайдад зөвшөөрч, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Нийслэлийн Улаанбаатар хотод байрлах цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх 450 МВт-ын хүчин чадал бүхий “ДЦС-5” нэршилтэй байгууламжийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх тухай” концессын гэрээг байгуулжээ.

8.Уг Концессын гэрээний Нийтлэг үндэслэлийн “И”-д “Түншлэл нь “ДЦС-5” төсөлтэй холбоотой гэрээнүүдийг Концесс эзэмшигчийн байр сууринаас байгуулах тусгай зорилгоор “Ф” ХХК-ийг байгуулсан бөгөөд энэхүү Гэрээг байгуулах өдрийн байдлаар Концесс эзэмшигчийн анхны хувьцаа эзэмшигчид нь: “И” ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээд болох “Ж”; “С Корпорацийн дангаар эзэмшдэг охин компани болох “Б” ХХК; “П” ХХК; “Н” ХХК, эдгээрийг тус бүрт нь “Анхны хувьцаа эзэмшигч” хэмээн дурджээ.  

9.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1.4-т “Концессын гэрээ байгуулсан этгээдийн хувьцаа нь бусдад шилжсэн “Дулааны V цахилгаан станц барих төсөл” ...-ийн ажлыг 2021 онд багтаан эхлүүлэх хугацааг концесс эзэмшигчид өгч, заасан хугацаанд төслийг эхлүүлээгүй тохиолдолд концесс эзэмшигчийн эрх, үүргийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шилжүүлэх”-ээр тусгагдаж, эрх бүхий байгууллагаас холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж (албан бичиг хүргүүлэх, уулзалт зохион байгуулах), төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

10.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулах тухай” А-1/2058 дугаар албан бичигт “... “ДЦС-5” нэршилтэй байгууламжийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх тухай” концессын гэрээний “Нийтлэг үндэслэл” хэсгийн К-д заасан үндсэн нөхцөлүүд тодорхойгүй, 2.1-д заасан гэрээний бүх зүйл, заалтууд үйлчилж эхлээгүй, 2.2-т заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй ..., төслийг байгалийн шингэрүүлсэн хийн түлшээр хэрэгжүүлэх концесс эзэмшигчийн санал нь судалгаа, ТЭЗҮ хийгдэж шинээр төсөл хэрэгжүүлэхүйц нөхцөл байдал үүсгэхээр байгаа зэрэг нь концессын гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй болсон” тул гэрээг дуусгавар болгох нь зүйтэй гэж эрх бүхий этгээдийн зүгээс үзсэн, санал тайлбараа баримтын хамт ирүүлэх талаар дурдаж, “Ф” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ДЦС-008/2021 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.

11.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 179 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Дулааны V дугаар цахилгаан станц төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх тухай концессын гэрээг цуцлах арга хэмжээ авахыг даалгаж, 2 дахь заалтаар Засгийн газрын 2014 оны 187 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/684 дүгээр албан бичгээр “концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр Концессын гэрээг цуцалсан шийдвэр гаргасан талаар мэдэгджээ.

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх,

-Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан эсэх тухай байна.

12.Нэг.Концессын тухай (2010 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хувьцааны хяналтын багцаа худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэх”-ийг концесс эзэмшигчид хориглосон зохицуулалттай байна.

13.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дулааны цахилгаан станц-5 төслийг хэрэгжүүлэхээр 2011 онд төлөвлөгдөж, сонгон шалгаруулалтад явагдаж 2013 онд түншлэлийн хүрээнд үүсгэн байгуулагдсан нэхэмжлэгч компани шалгарч, Засгийн газрын 2014 оны 187 дугаар тогтоолоор “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концессын гэрээ байгуулах эрх олгож, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх” гэрээг байгуулсан, гэтэл уг гэрээний нэг тал нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр “хувьцаа”-г шилжүүлсэн нь дээрх хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчжээ.

14.Түүнчлэн Концессын тухай (2010 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” тохиолдолд эрх бүхий этгээдийн санаачилгаар Концессын гэрээг цуцлахаар хуульчилжээ.

15.Гэрээний 2 дугаар зүйлээр Гэрээний хугацаа ба урьдчилсан нөхцөлүүдийг тусгаж, концесс эзэмшигчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хийж гүйцэтгэх ажлыг тухай бүр нэрлэн заасан; эдгээр ажлыг гэрээнд заасан хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгч нотлоогүй, харин эсрэгээрээ концессын гэрээний зорилгыг өөрчлөх саналыг дэвшүүлж, захиргааны байгууллагыг “газрын асуудлыг шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

16.Тодруулбал, тус “ДЦС-5” төслийг анх “цахилгаанаар 3x150 МВт буюу 450 МВт, дулаанаар 600 Гкал/цаг-ийн хүчин чадалтай” станц барьж байгуулахаар төлөвлөгдөж, уг хүрээнд судалгаа, шинжилгээ хийгдэн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулж, концессын олгож, гэрээ байгуулагдсан, гэтэл нэхэмжлэгчээс “гэрээнд заагаагүй нөхцөлөөр судалгаа хийж, санал боловсруулсан” болох нь хэрэгт авагдсан Эрчим хүчний сайдын 2018 оны в/3077 дугаар албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдох буюу “ДЦС-5” төслийн цахилгааныг нүүрсээр бус “байгалийн шингэрүүлсэн хий” түлшээр ажиллуулах станц байгуулах санал, судалгааг гаргасан, энэ нь гэрээний үүргийг биелүүлээгүй буюу гэрээний урьдач нөхцөлийг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарах юм.

17.Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 179 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Дулааны V дугаар цахилгаан станц төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх тухай концессын гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. Учир нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний урьдач нөхцөлүүдийн зарим хэсгийг гүйцэтгээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болж, Засгийн газрын маргаан бүхий тогтоолоор гэрээг цуцлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Концессын тухай (2010 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т нийцжээ.

18.Хоёр.Тус маргаан бүхий тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газрын 2014 оны 187 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь эрх зүйн зөрчилтэй болжээ. Учир нь, тогтоолын 1 дэх заалтаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж цуцалсан атлаа 2 дахь заалтаар “анх концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн” нь үндэслэлгүй буюу 1 дэх заалтаар эрх олгож, гэрээ байгуулагдсан үйл ажиллагаануудаа хүлээн зөвшөөрч, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж гэрээгээ цуцалж байгаа атлаа 2 дахь заалтаар ерөөсөө гэрээ байгуулсан нь буруу гэж үгүйсгэсэн агуулгатай шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.

19.Иймээс маргаан бүхий Засгийн газрын 2022 оны 179 дүгээр тогтоолын 2 дахь заалтын ““Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын 2014 оны 187 дугаар тогтоолыг ... хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

20.Нэхэмжлэгч талаас “сонсох ажиллагааны талаар мэдэгдэж, тайлбар санал авах боломжоор хангаагүй” гэж маргах боловч хэрэгт авагдсан Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгаснаар тухайн үед концессын үйл ажиллагааг хариуцаж байсан Төрийн худалдах авах ажиллагааны газраас “... төслийг цаашид хэрэгжүүлэх, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлбар, санал авах, гэрээний урьдач нөхцөлийг хангаж ажиллагаа хийсэн зэрэг баримт ирүүлэх” зэрэг мэдэгдэл бүхий албан бичгүүдийг хүргүүлж, уулзалтыг зохион байгуулсан, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахтай холбоотой удаа дараагийн мэдэгдэл хүргүүлж байсан нь нотлогдох бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

21.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана”, 66.8-д “Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана” гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч Г.Батсүрэн оролцож, шүүх хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох бөгөөд шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн нэр, дүгнэлтийг техникийн алдаатай бичсэн боловч Үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгч, түүний дүгнэлтийг тусгаснаас үзвэл уг алдаа нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүйн зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

22.Концессын гэрээнээс учирсан хохирлын асуудлаар маргах эрхийг энэхүү тогтоолоор хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

23.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШШ2024/0006 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Концессын тухай (2010 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 179 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “... “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын 2014 оны 187 дугаар тогтоолыг ... хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                         Д.БАТБААТАР

                                                                                         Х.БАТСҮРЭН