Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 184

 

 
                                                                                                      Б.А, Т.Х, Б.Т

Д.О нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч С.Батцэрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Б.А, Т.Х, Б.Т, Д.О нарт холбогдох 2117000570009 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, С.Батцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

 

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Т.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Х.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, О.

 

Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна Д.Оыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна насанд хүрээгүй хохирогч А.А-ын баруун гарыг чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А, Б.Т нарт тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Хд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оод 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

шүүгдэгч Д.Оод оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарын гэм бурууг тогтоохдоо тус бүр “ бүлэглэн “ гэснийг хасч,

2 дахь заалтын эхэнд “Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж нэмж,

мөн заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Хыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт тус бүр 2 жил хорих ялаар “ гэж

тогтоох хэсгийн 3 дахь заалтын "... 5, ... 5 , ... 5 жил 6 сарын “ гэх хугацааг тус бүр “ ... 2” болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ш.Ганхуяг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, С.Батцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүхийн 10 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч нарын хэний үйлдлээс уг гэмтэл учирсан байж болох нь тодорхойгүй, ялгаж салгах боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрийн хохирогчийг цохисон үйлдлийн үйлчлэлийн хүчийг шинжээч болон шүүхээс тогтоон тодорхойлох боломжгүй байна” гэж дүгнэсэн атлаа “Ийм нөхцөл байдал нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд шүүгдэгч тус бүр тус тусдаа үүссэн санаа сэдэлтээр хэн нь ч гэмтлийг учруулсан байх боломжтой” гэх хийсвэр, таамаг төдий дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус дүгнэлт болсон төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн  бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байх тул Б.Аы өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар миний үйлчлүүлэгчийн тухайд хохирогчийн эрүү болон шанаан тус газарт 2 удаа цохисон болох нь хохирогч Д.Оын удаа дараагийн мэдүүлэг болон гэрчүүдийн тогтвортой мэдүүлгээр тогтоогддог. Хэрэг учрал гарах үед миний үйлчлүүлэгчийн баруун гарын долоовор хуруу бэртэлтэй, хавдартай байсан болох нь Б.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /4 дах хавтас, 103 дахь тал/ насанд хүрээгүй гэрч А.Анарын мэдүүлгээр мөн нотлогдон тогтоогддог. /1 дэх хавтас,35-36 дах тал/

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 708 дугаартай дүгнэлтэд “...Д.Оын биед тухайн үед тархины зүүн тал бөмбөлгийн дух зулай, чамархай хэсгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа болон аалзан хальсан доторх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж, мөн шинжээч эмч Б.Долгормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 1 удаагийн хүчтэй өшиглөлтөөс үүсэх боломжтой гэдгийг хэлсэн, гараар олон удаа цохих нь бас орно, энэ гэмтэл нь ясны биш тархины эдийг гэмтэл учраас тодорхойлох боломжгүй... шүүх эмнэлэг цохилтын хүчийг тогтоохгүй ” гэж тус тус дүгнэж, мэдүүлсэн байдаг.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл: Хохирогчийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн хүчтэй өшиглөлтөөс эсхүл гараар олон удаа цохих үед үүсэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогчийн тархинд цус харвах хэмжээний хүчтэй цохиогүй, мөн хэмжээний олон удаагийн үйлдэл хийгээгүй тул түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учраагүй, дээрх гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн баруун гарын бэртэл нь цохилтын хүчийг сааруулах зэргээр нөлөөлөх эсхүл эс нөлөөлөх эсэх талаар болон түүний 2 удаагийн цохилтын хүчний үйлчлэлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан эсэх, шалтгаант холбоо байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, миний үйлчлүүлэгчийг буруутгах шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй атал 2 шатны шүүх ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэж, миний үйлчлүүлэгчийг ялласан нь тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд хэргийн бодит байдал,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд тус тус нийцээгүй шийдвэр болсон. Харин Т.Хын үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон гэж үзэхээр байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарч үзэхийг хүсье. Үүнд:

1. Шинжээч эмч Б.Долгормаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэхдээ ийм гэмтэл авсан хүн гэмтэл авсан даруйдаа зовиур шаналгаа байгүй, энгийн хүн шиг байхгүй. Тэгэхээр тухайн хүнд ямар нэгэн зовиур илэрнэ. Илэрч байгаа асуудал нь ухаан алдах, толгой маш хүчтэй өвдөх зэрэг байж болно” гэх мэдүүлэг,

2. Б.Тийн удаа дараагийн “...Д.О ах бид 2 салсны дараа Д.О ах урагшаа гүйсэн, хойноос нь Т.Х “нааш ир” гээд хөөгөөд явсан. Бид хэд ногоон байшингийн үүдэнд гэрлийн доор хүүхдүүдээс юу болсныг асуугаад сууж байтал хэсэг хугацааны дараа Т.Х ирсэн, ирэхдээ подволк нь урагдаад цус болчихсон, тавчикаа солиод өмссөн, тавчик нь Д.Оых байх шиг байсан, нилээн амьсгаадчихсан ирсэн” гэх мэдүүлэг,

3. Хохирогч Д.Оын удаа дараагийн “...Түвшинтөгст зодуулсны дараа би зүүн урд зүг рүү зугтаасан ба байрны урд байдаг цагаан худгийн харалдаа Т.Х намайг гүйцэж ирээд хавирч унагаад миний дээр гарч суугаад толгой, нүүр лүү ээлжлээд цохиод байсан. Хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Т.Хд зодуулсны улмаас худгийн тэнд би ухаан алдаад унаад өгсөн байсан” гэх тогтвортой мэдүүлэг,

4. Насанд хүрээгүй гэрч Д.Оргилмаагийн “...Тэгээд Д.О ах зугтаагаад...цагаан худгийн зүг рүү гүйгээд явсан, араас нь Т.Х ах хөөгөөд явсан, тухайн үед би...араас нь дагаад явтал Д.О ахыг Т.Х ах түлхэж унагаж байгаад толгой, гар луу нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ж.Пүрэвжаргалын “...Би Д.Оыг миний дүү зугтаарай сүйд боллоо гэж хэлтэл Д.О ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү харанхуй руу ороод алга болсон. Д.Оын араас нөгөө танихгүй 3 залуу хөөгөөд явсан...дээгүүрээ хувцасгүй 2 залуу нь буцаад гүйгээд ирсэн, нэг цамцтай залуу нь Д.Оыг цаашаа хөөгөөд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

6. Т.Хын давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг араас нь очиход хохирогч эргэж хараад миний подволкноос татсан, тэр үед би хохирогчийг түлхээд...хоёулаа ойчсон, босохдоо ганц нэг цохисон байх, тэрнээс үүдэж хүнд гэмтэл авсан байх. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна, хохирогчийн ухаан алдтал цохисон хүн нь би” гэх мэдүүлэг,

7. Т.Хын Д.Оыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөл /5 дахь хавтас, 18 дахь тал/ зэргээр дээрх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн тухайд хохирогчийг 2 удаа цохисны дараа хохирогч нь Б.Ттэй ноцолдож зодолдсон, мөн урд зүг рүү зугтааж гүйсэн, цагаан худгийн орчимд Т.Хтай ноцолдож, зодолдсон зэргээр идэвхтэй үйлдэл, хөдөлгөөнийг удаан хугацаанд саадгүй хийж байсан ба тухайн үед хохирогчийн ухаан санаа эрүүл байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаачлан миний үйлчлүүлэгчийн цохилтын улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан тохиолдолд хохирогч гэмтэл авсан даруйд дээрх байдлаар идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх бодит боломж байхгүй байсан гэж үзэж байна.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, 2.3-т “Шүүгчдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...нотлох баримтыг...хууль ёсны гэж үзсэн... няцаан үгүйсгэсэн үндэслэл”. 2.4-т “Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт хэсэгт тусгана гэж,

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд засан бусад байдал/”, 1.2-т “Гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус хуульчлан тогтоосон. Гэвч 2 шатны шүүх дээрх хуульд зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн яаж, ямар сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрээр үйлдсэн эсэх, шүүгдэгч нарын хэний үйлдлээс хохирогчийн биед хэрхэн гэмтэл учирсан эсэх талаар ялгаж, салгаж дүгнэлгүйгээр хийсвэр, таамаг төдий дүгнэлтээр шүүгдэгч нарыг хамруулан ялласан нь тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мордон шалгах ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй талаар дээрх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Одончимэг, Ж.Пүрэвжаргал нарын нүүрэлдэж мэдүүлэх өгөх хүсэлтийн дагуу тэднийг гэрч Б.Т, насанд хүрээгүй гэрч А.Анар, насанд хүрээгүй гэрч Ш.Төгөлдөр, насанд хүрээгүй гэрч Б.Алтангэрэл нартай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан байдаг.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь хэсэгт хэргийн оролцогчийг тодорхойлсон ба гэрч нь дээрх хуульд зааснаар хэргийн оролцогч биш юм. /ялангуяа гэрч Д.Одончимэг, Ж.Пүрэвжаргал нар/

Түүнчлэн мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар хуульчлан тогтоосон бөгөөд дээрх хуульд зааснаар гэрч нь нүүрэлдэж мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргах эрх, үүрэггүй, гэрчийн хүсэлтээр дээрх ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэлгүй атал мөрдөгч нь хэргийн оролцогч биш этгээд буюу Д.Одончимэг, Ж.Пүрэвжаргал нарын хүсэлтэд үндэслэн гэрчүүдээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймээс дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй, миний үйлчлүүлэгчийг буруутгах шууд нотлох баримт байхгүй, миний үйлчлүүлэгч хохирогчийн биед хүнд гэмтэл учруулаагүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч С.Батцэрэн хэлсэн саналдаа “...  давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь зөв гэж үзэж байгаа. Харин гурван хүн тус тусдаа хүнд гэмтэл учруулсан мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг хүний үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ёстой. Шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогчийн тархины судас хагарч цус харвасан байдаг. Цаг хугацааны хувьд миний үйлчлүүлэгч хохирогчийг хамгийн түрүүнд шанаа тус газарт нь хоёр удаа цохисон. Түүний дараа хохирогч бусад хүмүүстэй зодолдох, гүйх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл саруул байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тархинд цус харвасан тохиолдолд ухаан алдах шинж тэмдэг илэрнэ гэсэн шинжээч эмчийн мэдүүлдэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь эргэлзээтэй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх үүнийг хүлээн зөвшөөрсөн буюу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэний үйлдлээс учирсан болох нь тодорхойгүй, тодорхойлох боломжгүй байна гэж дүгнэсэн. Хохирогч нь Т.Хд зодуулсны улмаас тухайн үедээ ухаан алдаж унасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч Ц.Гансүх хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Өөрөөр хэлбэл тодорхойлох боломжгүй гээд байгаа гэмтлийг миний үйлчлүүлэгч учруулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.Аыг цагаатгах боломжгүй гэж харж байгаа” гэв.

 

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...  шүүдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь хохирогч Д.Оыг зодож, толгойн тус газарт хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг гэж дүгнэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын зүгээс тухайн үед “хүүхдүүд дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогчийг зодохдоо үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан буюу бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн шинжийг үгүйсгэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Аы гомдлын хувьд “тухайн хэрэгт оролцсон оролцооны байдал, хохирогчийг цохисон үйлдэл оролцоо” зэргийг харгалзаж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрх хэмжээ нь шүүх бүрэлдэхүүнд байгаа учир үүн дээр прокурорын зүгээс тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хянуулахаар шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, С.Батцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.А, Т.Х, Б.Т, Д.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хуулиар нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог болно.

 

Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгийн 2 давхар цагаан байрны гадна Д.Оыг зодож, эрүүл мэндэд нь “... зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа болон аалзан хальсан доорх цус харвалт бүхий” хүнд хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.О нь согтуурхаж 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгийн 2 давхар цагаан байрны гадна насанд хүрээгүй хохирогч А.А-ын баруун гарыг чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан гэх үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А, Т.Х, Б.Т нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн бодит байдал нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийн ял оногдуулж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх нэг орон зайд үйлдэгдсэн боловч тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж, шүүгдэгч нарыг нэг цаг хугацаанд бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй гэж хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв ойлгож хэрэглэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, С.Батцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Говьсүмбэр аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, С.Батцэрэн нар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

 

                                                                     Б.БАТЦЭРЭН

 

                                                                     Ч.ХОСБАЯР

 

                                                                                           Б.ЦОГТ