| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/00138/И |
| Дугаар | 225/МА2025/00004 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 225/МА2025/00004
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 225/МА2025/00004 |
У.Чийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2024/00954 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У.Чийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Мд холбогдох
Таван тооны адууг нас, зүсээр нь, алга болсон болон үхсэн хоёр адууны төлбөрт 3,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч У.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ч /цахим/, түүний өмгөөлөгч Б.Баасанжав /цахим/, хариуцагч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Ч би найз Бгийн ах Д.Ц гэх хүнтэй 2019 оны 06 дугаар сараас эхлэн танилцсан. Д.Ц миний адуу малыг хараад чи адуу мал сайтай юм байна, Хөвсгөл тийшээ адуу зарвал ах нь чамд тусалж болно шүү гэж хэлсэн. Д.Ц ахад би 1 адуу, 3 бухан бяруу өгч мөнгө төгрөгийг нь аваад явж байсан, мөн өөрийгөө морь сайн уядаг гэж ярьж байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Д.Ц ахад зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага, зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн морь (соёолон морь) зэргийг би Д.Ц ахаар уяа сойлгыг нь тааруулж, наадамд уралдуулах гэж өгсөн юм. Тухайн үед ковидын улмаас баяр наадам болохгүй байсан бөгөөд тухайн үед Шсумын сургуулийн ой болно, би даагыг чинь уралдуулаад өгье гэхээр нь би морьдоо уралдуулах гэж өгч явуулсан. Хүрэн гүүний эцэг азарга нь манай ахын унаган азарга бөгөөд С аймгийн наадамд 3 удаа айрагдсан, сумдын наадамд 10 удаа айрагдсан нийтдээ 13 айрагдсан хурдан удамтай азарга байгаа юм. Энэ азарганы үр төл учир би хүрэн гүүг 6,000,000 төгрөгөөр үнэлнэ. Харин хүрэн гүүний төл болох тухайн үед даага байсан одоо соёолон насны хонгор морийг мөн хурдан удамтай Шсумын сургуулийн ойд 2020 оны 09 сарын 01-нд уралдаж 8-д давхисан гэж би Д.Ц ахаас сонсож байсан тул 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. 9 тоотой тамгатай хүрэн соёолон бол Төв аймгийн А сумын Бгэх хүний унаган адуу бөгөөд мөн хурдан удамтай, уг адууны төрсөн дүү нь улс аймгийн наадамд их сайн давхиж айрагдаж байсан тул би хурдан удамтай сайн давхих байх гэж бодоод 2020 онд аймгийн алдарт уяач Ц.С гэх хүнээс худалдаж авч байсан тул одоо энэ морийг 12,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би тухайн үед Д.Цт энэ гурван морийг худалдаагүй бөгөөд уяа сойлгыг нь тааруулгуулж, наадамд уралдуулах гэж өгсөн байсан.
....Д.Ц ахтай би морьдоо өгсний дараа уулзах холбогдох гээд чадаагүй удсан, надад охины гуйлга ирнэ надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлдэг байсан, би ойр тойрны хүмүүсээр дамжуулан холбогдох гэж их оролдсон боловч надад мөнгө төгрөг өгөөгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сарын үед миний Дорждавга Чинзоо гэсэн хаяг руу Д.Ц гэсэн хаягаас адуугаа тоо ёсоор, зүсээр нь ирж аваарай гэж мессеж бичсэн байсан. Би тэгээд удалгүй очиж адуунуудаа авъя гэж байтал Д.Ц ах 2021 оны 10 дугаар сард нас барсан.
...Би Д.Ц, Х.М нарт өгсөн морьдоо буцааж авмаар байна, би өөрийнхөө адууг хэн нэгэн хүнд зүгээр өгөх үүрэг байхгүй, тэгэхээр би Д.Цын эхнэр Х.Мгаас дээр дурдсан 7 тооны адуугаа бүгдийг нь буцааж шаардах эрхтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Д.Цт өгсөн адууг зарж үрээд олсон ашиг нь тэдний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэдэг нь тодорхой байх тул гэр бүлийн гишүүн болох Х.М адуунуудыг буцааж өгөх үүрэгтэй.
Иймд Х.Мгаас зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага (одоо соёолон морь), зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн соёолон (одоо их насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг 6 настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), сартай хээр эр сарваа ( одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь) нийт 7 тооны адууг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч У.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний 7 тооны адуу бүгд зарагдсан эзэнтэй болсон байгаа. Уг адуугаа адуугаар нь авах хүсэлттэй байгаа. Зарим адуу алга болсон. Шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн ханшаар тогтоогдсон хүрэн гүүг 2,000,000 төгрөг, хонгор даагыг 1,500,000 төгрөг, 9 тоо тамгатай хүрэн соёолонг 3,500,000 төгрөг, буурал духтай хүрэн хязааланг 3,000,000 төгрөг, хул сарвайг 1,500,000 төгрөг, саргүй хээр эр сарвайг 1,500,000 төгрөг, сартай хээр сарвайг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Сартай хээр сарвай алга болсон. Хүрэн гүү үхсэн гэж байсан. Бусад адуу бол бүгд байгаа гэсэн. Одоо мөнгөн дүнгээр нийт 14,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Хэрэв хариуцагч боломжтой бол адууг зүсээр гаргуулах саналтай байна... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Нэхэмжлэгч тал нийт 7 адуунд үнэлгээ гаргуулсан байгаа. Үнэлгээг гаргуулахдаа тухайн зарсан жилийн насаар нь үнэлгээг гаргуулсан. Тухайн үед ямар үнэтэй байснаар нь л нэхэмжилж байгаа. Шинжээч үнэлгээ гаргахдаа нийт 7 адуу 14,500,000 төгрөгөөр үнэлсэн. ...Талийгаач н.Ц болон Х.М нар бол гэр бүлийн гишүүд учраас шинжээчийн үнэлгээ болох 14,500,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. гэв.
Хариуцагч Х.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нийт 7 тооны адуу гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг адуунуудыг мэдэхгүй, хараа ч үгүй. Д.Ц гэдэг хүнтэй 1999 оноос гэр бүл болсон хэдий ч тогтвор суурьшилтай амьдраагүй, салж нийлж явсаар 2021 онд нас барсан. Бид хамт байх хугацаанд надад ийм адууны талаар ярьж байгаагүй, ер нь нэг их нээлттэй хүн биш, юмаа яриад байдаггүй, гэртээ байхаас байхгүй нь их учир энэ нэхэмжлэлийн шаардлага надад огт хамаагүй. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд бол уг хүнтэй наймаа хийгээгүй. Манай талийгаач л наймаа хийсэн. Яг ямар адуу ирснийг сайн мэдэхгүй. Миний мэдэж байгаа нь н.Эт нэг даагыг 1,000,000 төгрөгөөр зарж байсныг бол мэдэж байгаа. Би тэр дааганы мөнгөөс төгрөгийг л авсан. Тэгээд үлдэгдэл 900,000 төгрөгийг л талийгаачид өгөхөд У.Чт шилжүүлнэ гэж байсан. Манай нөхөр нас барахаасаа өмнө надад юу ч хэлж байгаагүй, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2024/00954 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч У.Чийн хариуцагч Х.Мгаас түүний нөхөр нас барагч Д.Цын нэхэмжлэгч Ц.Чоос уяж уралдуулах, боломжийн үнээр бусдад зарж борлуулахаар авсан гэх 5 (тав) тооны адууг зүсээр нь, үхсэн болон алга болсон 2 адууны үнэ 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 (дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.Ч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн. Гэтэл нас барагч Д.Цт өгсөн нэг адууны мөнгийг нь Х.М авсан баримт хавтаст хэрэгт авагдсан, энэ талаар хариуцагч өөрөө шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн. Үүнээс дүгнэвэл Д.Цын авсан адуунаас зарж орсон орлогыг гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байсан болох нь тогтоогдож байна. Мөн нэг адууг нь бусдын хүүхдийн найран дээр бэлэглэж байгаа нь мөн л гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэсэн үг юм. Эндээс дүгнэж харахад Д.Цын надаас авсан адууг захиран зарцуулахад хамтдаа буюу гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байгаа нь адууны үнэ төлбөрийг буцааж надад төлөх үүрэг Х.Мд үүссэн байна.
Анхан шатны шүүхэд би адууг зүсээр нь биш үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээгээр тооцож 14,500,000 төгрөгийг гаргуулъя гэж тодорхой хэлсэн. Гэтэл шүүх 5 тооны адууг зүсээр нь үхсэн болон алга болсон 2 адууны мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа мэтээр үндэслэлгүй дүгнэжээ.
Х.Мгийн эзэмшилд энэ адуу байхгүй байгаа нь түүнээс гаргуулахгүй байх үндэслэл болохгүй. Нэгэнт хүний эд хөрөнгийг авсан нь үнэн. Тэдний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэр бүлийн гишүүн болох Д.Ц адууг авсан нь нотлогдож байгаа, зарцуулалт нь тодорхой болсон, адууны үнэлгээ нь гарсан төлөх төлбөр нь тодорхой байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
Нас барагчийн тодорхой өв, эд хөрөнгө нь Х.Мд шилжсэн, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар холбогдох баримтгүй тул Д.Цын бусдын өмнө хүлээх үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
Учир нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө., 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;, 527 дугаар зүйлийн 527.1-д Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. 527.2-д Өвлөгч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй. 527.3-д Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ. 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хуулийн зүйл заалтаас харахад Х.М нь Д.Цын хууль ёсны өвлөгч мөн бөгөөд 3 сарын дотор татгалзал гаргаагүй бол өвийг хүлээн авсанд тооцогдож, өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд үүргийг хүлээхээр байх тул Х.Мгаас гаргуулах үндэслэлтэй байсан.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн эрхийг ноцтой хөндөж, хариуцагч өмгөөлөгчгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг дүгнэлт хэлэхгүйгээр хуралдааныг явуулсан.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 954 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч У.Чийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч У.Ч нь хариуцагч Х.Мд холбогдуулан таван тооны адууг нас зүсээр нь, алга болсон болон үхсэн хоёр тооны адууны үнэ 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 155/ШШ2024/00954 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч У.Чийн хариуцагч Х.Мгаас түүний нөхөр нас барагч Д.Цын нэхэмжлэгч У.Чоос уяж уралдуулах, боломжийн үнээр бусдад зарж борлуулахаар авсан гэх 5 тооны адууг зүсээр нь, үхсэн болон алга болсон 2 адууны үнэ 3,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч У.Чийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн эрхийг ноцтой хөндөж, хариуцагч өмгөөлөгчгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг дүгнэлт хэлэхгүйгээр хуралдааныг явуулсан гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас шүүх хуралдааны дарааллыг тогтоохдоо Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар сонсох, хариуцагчийн хариу тайлбар сонсох, талууд бие биеэсээ асуулт асуух, нэхэмжлэгчийн өмгөөлөгч талуудаас асуулт асуух, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэмэлт тайлбар сонсох, хариуцагч талд өмгөөлөгч оролцоогүй байгаа учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналыг сонсохгүй. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан тайлбар гаргах, шүүх шийдвэр гаргахаар завсарлах гэсэн дараалал тогтоож шүүх хуралдааныг явуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх үүргийг хуульчилсан ба энэ хуулийн 34.3.6-д үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх, 34.3.8-д эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй болохыг хуульчилсан.
Гэтэл шүүгч хариуцагч талд өмгөөлөгч оролцоогүй байгаа учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналыг сонсохгүй. гэж шүүх хуралдааны дараалал тогтоож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мэтгэлцэх зарчмаар хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн нэг тал өмгөөлөгчгүй оролцсон гэх байдал нь эсрэг талын өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчийн тайлбар гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул Иргэний хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч У.Чийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2024/00954 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 /хоёр зуун гучин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ