Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 225/МА2025/00005

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 225/МА2025/00005

 

 

 

Ж.Б, Ш.Онарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2024/00997 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Б, Ш.Онарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Гад холбогдох

1,608,800 (нэг сая зургаан зуун найман мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Мөрөн сумын иргэн хариуцагч О.Гад түүний хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг ХААН банкны 000 дугаартай дансаар шилжүүлж өгсөн юм. Тухайн үед тэрээр мөнгийг койнд байршуулж байгаад цаг хугацааны дараа буцаагаад өгчихнө гэж надад хэлсэн. ...Хариуцагч О.Г миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан атлаа буцааж өгөхгүй байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

...Иймд нэхэмжлэгч надад хохирол учруулсан хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Огийн Гаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 391,200 төгрөг миний данс руу койны хүү гэх утгатай орсон. Би тэрийг байх гэж бодож байна. Миний оруулсан мөнгөөр бүтнээр нь хариуцагч Платинкойн компаниас койн авсан эсэхэд эргэлзэж байна. ...Бидний шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөр шууд койн аваад над руу шилжүүлсэн бол хариуцагчтай ярих зүйл байхгүй. Гэтэл 800,000 төгрөгөөр л койн авахаар шилжүүлсэн байна. Үлдэгдэл мөнгийг нь хариуцагч өөрөө хэрэглэсэн байна. гэв.

Хариуцагч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би энэ хүнийг танихгүй бөгөөд огт харилцаж байгаагүй. Болсон явдал гэвэл миний бие 2022 оны хавар Платинкойн компанийн PLCU койнд бүртгэл үүсгэж хэрэглэж эхэлсэн. Тухайн үед өөрийн ойрын хүрээллийн цөөн хүнд санал болгож байсан. Ингээд хамт ажилладаг Б.Мд санал болгоход тэрээр хүлээж авсан бөгөөд хэд хоногийн дараа түүний найз бүсгүй Жийн М манай нэг эгч койн авъя гээд байна. Та бүртгэлийг нь үүсгээд гар утсанд нь суулгаж өгөөч гэж хандсаны дагуу Ш.Огэх хүн Б.Мгийн хамт надтай уулзаж бүртгэл хийлгэж, ХААН банк дахь миний дансанд 2 сая төгрөг шилжүүлснээр би крипто бирж дээрээс PLCU койныг худалдан авч өөрийн нь 000 е-майлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж өгөөд явуулсан. Үүнээс өөрөөр Отай харилцаагүй.

...Б.М Онартай уулзаад хамт байх үед Оминий дансны дугаарыг надаас авч миний дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэний данснаас шилжүүлснийг би мэдээгүй. Би Ш.О, Ж.Б нарт койны талаар огт санал тавьж байгаагүй. Ш.Огийн өөрийн нь хүсэлтийн дагуу өөрт нь бүртгэл үүсгэж койн биржээс худалдаж авч өгсөн болохоос би өөртөө 2 сая төгрөгийг нь ашиглаагүй. Учир иймээс би Ш.О, Ж.Б нарт мөнгө төлөх үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2024/00997 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О.Гаас 808,800 (найман зуун найман мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б, Ш.Онарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,000 (найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас 23,961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Г давж заалдах гомдолдоо ... Ж.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн ажиллагааны явцад Ш.Онь нэхэмжлэгчээр нэмэгдэж орж ирээд нэхэмжлэл гаргахдаа 2,000,000 төгрөгийг би койн худалдаж авах зорилгоор, олон улсын бирж дээр өөрийн нэр дээр цахим бүртгэл үүсгүүлж мөнгөө байршуулах зорилгоор 2,000,000 төгрөгийг Гад шилжүүлж улмаар миний нэрээр үүссэн койн бүртгэлийн дагуу гүйлгээнд орж эхэлсэн, хүү болох 391,200 төгрөгийг би авсан гэдгийг Онэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хэлж тайлбарлах болсон. Шүүх Ш.Огийн хүсэлтээр түүнийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан бөгөөд түүнийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахыг үндсэн нэхэмжлэгч зөвшөөрсөн эсэх нь ч тодорхой бус байдаг.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, гаргаж буй тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл нь бодит үнэнд нийцсэн байх ёстой гэх хуулийн шаардлагад нийцдэггүй. Өөр хоорондоо эрс зөрүүтэй байдлаар үнэн зөв эсэхэд нь эргэлзэхээр байгаа байдлыг анхан шатны шүүх мөн анхаарч үзэлгүй алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, алийг нь үгүйсгэж байгаа нь ч тодорхой бус байдлаар хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Платинкойн компанийн 0,005 PLCU койнд 000 хаягаар бүртгэл үүсгэж 2,000,000 төгрөгийн койн бүртгэж олон улсын бирж ашиглаж байршуулснаар Ш.Онь 391,200 төгрөгийг хүүлж авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрч тайлбарласан байдаг. ...Ш.Огийн 000 мэйл хаягаар Платинкойн компаний 0,005 PLCU койнд 2,000,000 төгрөг байршсан тэрээр уг мөнгөө өөрийн мэйл хаягаа эзэмшиж хүү, ашгаа хүртээд дэлхийн зах зээлд ашиглаж байгаа болох нь ойлгомжтой, тодорхой байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2024/00997 дугаар шийдвэрийн ...О.Гаас 808,800 төгрөгийг гаргуулж Ж.Б, Ш.Онарт олгосугай... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ж.Б нь койнд байршуулаад буцаагаад өгнө гэхээр нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч О.Гаас 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Ш.Ооролцож, нэхэмжлэлийн шаардлагыг 391,200 төгрөгөөр багасгажээ.

Хариуцагч О.Г Ш.Огэх хүн 2 сая төгрөг шилжүүлснээр крипто бирж дээрээс PLCU койныг худалдан авч, бүртгэл үүсгэж өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн 800,000 төгрөгийг койн авахад зарцуулсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдсон. Харин 1,200,000 төгрөгийг койн авахад зарцуулснаа холбогдох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр 1,200,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгоно.

Нэхэмжлэгч нар койны хүүд 391,200 төгрөг авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул төлвөл зохих 1,200,000 төгрөгөөс 391,200 төгрөгийг хасаж, хариуцагчаас 808,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:

Нэхэмжлэгч Ж.Б, Ш.Онар нь хариуцагч О.Гын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, харин хариуцагч уг мөнгийг бүгдийг нь койн авч өгөхдөө зарцуулсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар хариуцагч нь Платинкойн компаний 0,005 PLCU койн авч, 000 хаягаар бүртгэл үүсгэхдээ нэхэмжлэгч нарын шилжүүлснээс 800,000 төгрөгт койн авсан нь нотлогдсон. Харин үлдэх 1,200,000 төгрөгийг дээрх бүртгэл үүсгэхэд зарцуулсан гэх байдлаа холбогдох баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч О.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2024/00997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ