| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0066/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Улаанбадарах сумын харъяат, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Ч ХХК-д ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Т.Д-т холбогдох эрүүгийн 1920000000097 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Т.Д нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Ч ХХК-ний манаачийн гэртээ иргэн Д.А-тай архи ууж байх үедээ маргалдаж, хутгаар түүний нуруун тус газар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр А манайд ирсэн, бид багийн найзууд юм. Тэгээд 1 шил архи хувааж уусан, юм ярьж мах идэж сууж байгаад босохдоо баруун гартаа байсан хутгаараа А-н нурууны зүүн талын хэсэгт хатгачихсан. Санаатайгаар хутгалаагүй, бид марзганаад байцгааж байсан. Тэгээд л такси дуудаж эмнэлэгт очсон, өдий насанд ийм байдалд орсондоо найз нөхөд, гэр бүлийнхнээсээ санаа зовж байна. А хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би Ч ХХК-д ажилладаг, сардаа 640,000 төгрөгийн цалин авдаг, мөн тэтгэвэр авдаг тул торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой “ гэсэн мэдүүлэг
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 6-7/
Цагаан цэнхэр өнгийн хуванцар бариултай, нийт 25,5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 06 дугаар сарын 20-нд 08 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумын 3 дугаар баг хөдөө байдаг Ч ХХК-ны Эх үүсвэр 2 талбайн манаач хийдэг найз Д-нд очсон. Би энэ жил хар багын найзтайгаа уулзалдаагүй учраас зорьж очиж уулзаж амар мэндийг нь мэдсэн. Яаж найз дээрээ хоосон очихов гээд төвөөс дэлгүүрээс 1 шил 0,75 грамын Э архи авч очсон. Д-нд өөр хүн байгаагүй. Эхнэр нь сумын төв дээр байгаа гэж байсан. Ингээд бид хоёр борц идэнгээ 1 шил архи хувааж хоёулаа нилээн согтоод эхэлсэн. Д тоглоод борц идэж байсан хутгаараа ширвээд марзагнаад байсан. Би ч хутганы үзүүр хүрчихнэ гэж бодоогүй, Д ч намайг хатгачихна гэж бодоогүй. Маазраад байж байтал Д борц идэж байсан цэнхэр иштэй хутгаар ширвэхдээ миний зүүн дал орчим хатгах шиг болсон. Халуун оргиод явчихаар нь харуултал хутганы үзүүр орсон хэсгээс цус гарч эхэлсэн. Тэгээд цусыг тогтоох гээд юмаар жаахан дартал тогтох шинжгүй байсан учраас найзыгаа төвөөс дуудаж авахуулаад эмнэлэг орсон. Ингээд эмнэлэг дээр ирээд үзүүлтэл миний зүүн дал орчим судас тасарчихсан, цус нь тогтохгүй байсан юм билээ. Би найз Д-тоо ямар ч гомдол байхгүй, эмчилгээнд мөнгө төгрөг нэхэхгүй, намайг санаатай тэгээгүй, санамсаргүй хутгаар хатгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “ 1. Д.А-н биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/0342 тоот дүгнэлт /хх-ийн 19/
Шүүгдэгч Т.Д-н регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32/
Шүүгдэгч Т.Д нь ял шийтгэлгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Д нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ч ХХК-ний ажлын байрны манаачийн гэрт хохирогч Д.А-тай архи ууж, мах идэж байх үедээ баруун гартаа барьсан байсан хутгаараа хохирогч Д.А-н нурууны ар талын зүүн хэсэгт хутгалж, нурууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Т.Д-н дээрх үйлдэл буюу хохирогч Д.А-н биед хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 02/0342 тоот дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 6-7/, цагаан цэнхэр өнгийн хуванцар бариултай, нийт 25,5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/0342 тоот дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Д-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Уг гэмт хэргийг улмаас хохирогч Д.А-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Д-г бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цэнхэр өнгийн хуванцар бариултай, нийт 25,5 см урттай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цэнхэр өнгийн хуванцар бариултай, нийт 25,5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Д нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц