Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/00110

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

******* тоотод байршилтай орон сууцны нийт талбайг 116.63 м.кв болохыг тогтоож, дутуу талбайн зөрүү үнэ 18,544,557 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр *******-иас ******* тоотын 122.3 м.кв талбайтай бүхий 3 өрөө орон сууцыг 400,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2. Дээрх худалдан авсан орон сууцны талбайг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******-иар хэмжүүлэхэд 116.63 м.кв гэж тодорхойлсон. Иймд 3 өрөө орон сууцны талбайн зөрүү 122.3-116.63=5.67 м.кв, 1 м.кв талбайн үнэлгээ 400,000,000:122.3 м.кв=3,270,645 төгрөг, талбайн зөрүү 5.67 м.кв х 3,270,645=18,544,557 төгрөг болж байна.

1.3. Иргэний хуулийн 10 зүйлийн 101.1-д зааснаар өмчлөлийн зүйлээ бодитой эзэмшиж, ашиглаж чадахгүй тухайлбал тухайн орон сууцны дулааны төлбөр тооцоог илүү м.кв-аар төлж ирсэн, захиран зарцуулах эрхээ эдлэхэд улсын бүртгэлд бүртгэгдсэн 122.3 м.кв-аас зөрүүтэй байдал үүсэж байна.

1.4. Иймд дээрх орон сууцыг нийт 116.63 м.кв талбайтай болохыг тогтоож, талбайн зөрүү 18,544,557 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь дүүргийн хорооны нутаг дэвсгэр, ******* зүүн талын байршилд -ын орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тухайн зураг төслийн дагуу 2006 оноос эхлэн барьж, эрх бүхий байгууллагуудын хяналтад ажлыг хариуцан гүйцэтгэж, 2008 онд ашиглалт оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн.

2.2. ******* нь -оос 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 122.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зохих төлбөрийг төлж худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан болно.

2.3. Тус барилгыг барьж байх үед орон сууцны м.кв-ыг тооцох арга, аргачлал одоогийнхтой адилгүй байсан бөгөөд тухайн байрыг худалдан авах үедээ ******* нь эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэх боломж бололцоотой байсан.

2.4. Иймд *******ийн нэхэмжилж байгаа талбайн зөрүү төлбөрийг төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-д *******ийн өмчлөлийн 3 орон өрөө орон сууцны нийт талбайг 116.63 м.кв болохыг тогтоолгож, талбайн зөрүүгээс илүү авсан 18,544,557 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. *******-ийн захирал ******* барилгын зураг үзүүлж энэ 3 өрөө орон сууцны нийт талбай нь 122.3 м.кв, манай нөхөр ******* нь ******* зэрэг хариуцлагатай ажил эрхэлж байсан бид ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолтой байр зарахгүй гэж байгаад л зарсан.

Тухайн үед *******-ийн захирал *******ы нөхөр ******* нь ******* зэрэг хариуцлагатай ажил эрхэлж байсан хүн барилгын зургийг яаж ч өөрчлөх эрхтэй байсан гэсэн үг. Би хардах эрхтэй. Ганц нэхэмжлэгч ******* ч биш өөр 15 айл яг ингэж *******, ******* нарт залилуулсан.

Энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-д зааснаар ******* нь 3 өрөө 122.3 м.кв талбайтай байрны доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан тул Иргэний хуулийн 255.1 заалтууд хамаарахгүй гэж үзэж байна.

4.2. *******-иар өөрийн орон сууцны нийт талбайг хэмжүүлэхэд талбайн зөрүү 5.76 м.кв гэж гарсан. Энэ талаар *******-ийн захирал *******д хэлэхэд хэмжүүлээд ирвэл төлж болно ш дээ уул нь барилгын зургаараа 122.3 м.кв гэж хариу хэлдэг.

4.3. Иргэний хуулийн 10 зүйлийн 101.1-д зааснаар өмчлөлийн зүйлээ бодитой эзэмшиж, ашиглаж чадахгүй тухайлбал тухайн орон сууцны дулааны төлбөр тооцоог илүү м.кв-аар төлж ирсэн, бусдад худалдах захиран зарцуулах эрхээ эдлэхэд улсын бүртгэлд бүртгэгдсэн 122.3 м.кв-аас зөрүүтэй байдал үүсч байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны нийт талбайг 116.63 м.кв болохыг тогтоож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуульд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авснаар талуудын хооронд талбайн зөрүүний асуудал яригдах ёстой байсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхээ алдсан гэдгийг үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэмжилтийн компаниас гарсан дүгнэлтийг авч, тухайн орон сууцны ашиглалтын зардлыг тооцсон цахилгаан болон дулааны цэвэр, бохир чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгааг аж ахуйн нэгжид мэдээллийг хүлээлгэн өгснийг үндэслэж, шийдвэр гаргадаг. Талуудын хооронд тухайн мэдээллийг үндэслэлгүй гэж маргасан зүйл байхгүй учраас заавал шүүхээр тогтоолгох шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны нийт талбайг 116.63 м.кв болохыг тогтоолгох, талбайн зөрүү үнэ 18,544,557 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас эд хөрөнгө доголдолтой талаар алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнээд, шийдлийг хэвээр үлдээнэ.

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

2012 оны сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр ******* нь *******орон сууцны барилгын 5 дугаар давхрын нийт 122.3 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай талбайг хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 400,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх-ийн 10-1 тал/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 122.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 5-6, 14 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойш 11 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******-иар хийлгэсэн орон сууцны талбайн хэмжилтээр орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй 5.67 м.кв-аар дутуу үндэслэлээр төлөгдсөн төлбөрөөс талбайн зөрүүд ногдох хэсгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

3.2. Худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд хэрэв гэрээгээр тохирсон тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол  худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан. 

Гэрээний зүйл болох орон сууц байршиж буй барилгыг улсын комисс 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 52/009 дугаартай акт гаргасан ба уг актад тус барилгыг 26/2005 зураг төслөөр 2006 оны 5 дугаар сараас барьж эхэлсэн талаар дурдаж, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 12-13 дугаар тал/

Харин ******* нь орон сууцны хэмжилтийг хийхдээ Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг баримталж, орон сууцны талбайг 116.63 м.кв гэж тогтоосон байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг батлагдахаас өмнө нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууц баригдаж эхэлсэн байх тул уг орон сууцны талбайг дээрх стандартаар хэмжих үндэслэлгүй бөгөөд тухайн үеийн байдлаар орон сууцыг хүлээн авсан гэж үзнэ.

4. Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн орон сууцны талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй доголдолтой эд хөрөнгө гэж шүүх дүгнэсэн нь алдаатай болжээ. Энэ үндэслэлээр орон сууцны талбайн зөрүү үнэ 18,544,557 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

5. Түүнчлэн, маргаан бүхий орон сууцны нийт талбайн хэмжээг 116.63 м.кв болохыг тогтоолгох шаардлага нь орон сууцны талбайн зөрүү үнэ 18,544,557 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болсон байх тул уг шаардлагыг анхан шатны шүүх бие даасан нэхэмжлэл гэж үзсэн нь буруу байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт худалдан авагчийн шаардлага гаргах эрхээ алдах зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж, зохих өөрчлөлтийг оруулна.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох 18,544,557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.ГАНДИЙМАА