Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 639

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа;

улсын яллагч: Ж.Энх-Амгалан (томилолтоор);

өсвөр насны шүүгдэгч: О.С, түүний хууль ёсны төлөөлөгч О.Анужин, тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгончулууны Сэд холбогдох эрүүгийн 1909017650531 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Ганзам 20 дугаар сургуулийн 11В ангийн сурагч, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ................ регистерийн дугаартай, Тайж овогт Отгончулууны С.

 Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч О.С нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” нэртэй баарны ариун цэврийн өрөөнд иргэн Н.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: Өмнө нь болсон асуудлын талаар ярьсан тул одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Их гэмшиж байна гэв.

 

     Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 5/, өсвөр насны О.Сийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5455 тоот дүгнэлт /хх-ийн 10/, О.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 18-33/, хохирогч Н.Мөнхбатын хүсэлт /хх-ийн 38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч О.С нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Мийтинг” нэртэй баарны ариун цэврийн өрөөнд иргэн Н.Мөнхбатыг “муухай харлаа, намайг таньсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

     хохирогч Н.Мөнхбатын /хх-ийн 5/: “...2019 оны 05 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх “Мийтинг” бааранд найз Өнөболд, Сүхбат, Хуягаа нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бие засах өрөөнд бие засчихаад эргээд хартал өөдөөс 18 орчим настай, жинсэн яак өмссөн 175 см орчим өндөртэй залуу “чи намайг таньж байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад харсан чинь шууд намайг нэг удаа цохисон...Тэгээд бид нар бөөндөө баарны гадна гарсан чинь намайг цохисон залуу “чи намайг танихгүй байгаа юм уу” гэхээр нь “танихгүй байна” гэсэн чинь “яахаараа таньдаггүй юм” гээд дайраад байсан...ГССҮТ-д очиж үзүүлхэд миний хамар хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

өсвөр насны О.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16-17/: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны орой найз Баяндэлгэр болон байрны 2 ахын хамт  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх “Мийтинг” бааранд орсон. Тухайн бааранд 1 шил пиво ууж байгаад бие засах өрөө рүү орсон. ...Бие засах өрөөнд ороод бие засах гэтэл надад цохиулдаг залуу над руу муухай харсан. Би “яасан” гэж асуухад өөдөөс “яасан” гэж хэлсэн. Тэгээд би шууд нүүр рүү нь зүүн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

О.Сийн буруутай үйлдлийн улмаас Н.Мөнхбатын биед “хамрын нурууны хугарал” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5455 тоот дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан зодсоныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү О.Сийн хүнийг зодож эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч О.Сийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Н.Мөнхбатын “...хохиролд 250.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн нь хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

О.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан О.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Отгончулууны Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Сийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Сэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч О.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Сэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ