Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 401

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,                                          Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мандахзориг,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б, түүний хууль ёсны төлөөлөгч С.Нямсүрэн, өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Өсвөр насны шүүгдэгч Н.М, түүний хууль ёсны төлөөлөгч В.Норжмаа, өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Н.М нарт холбогдох эрүүгийн 1809046040970 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Өсвөр насны шүүгдэгч Н.Б: Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн 11б ангийн сурагч, ам бүл 2, Н.Б,  

 Өсвөр насны шүүгдэгч Н.М: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн 12 жилийн 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч, ам бүл 4, Н.М,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны яллагдагч Н.Б нь Н.М-тай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 4 дүгээр сургуулийн гадна М.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад 

                                                                                         

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: 2018 оны 10 сарын 10-ны 13.00 цагийн орчим ангийнхаа 2 хүүхэдтэй автобусны буудал орох гэж явахдаа М.Базаррагчаатай таарсан. Зүүн нүдний эргэн тойрон улайсан байсан. Н.М араас нь явж байсан. Бага зэрэг ууртай харагдсан. Н.М-ын араас манай ангийн 5 хүүхэд явж байсан. Өнгөрөөд хэсэг явж байгаад эргэж хартал М.Базаррагчааа Н.М 2 зодолдож байсан. Би энэ хоёрыг салгах гээд М.Б-гийн зүүн шанаанд гарынхаа араар нэг цохьсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч В.Н мэдүүлэхдээ “...Манай хүүхэд айгаад энэ асуудлыг надад хэлээгүй байсан. 2018 оны 10 сарын 17-ны орчим буюу хэрэг болсноос 4-5 хоногийн дараа М.Базаррагчаагийн ээж утсаар ярьсан. Энэ талаар Н.М-аас асуухад танаас айгаад хэлээгүй юм гэж байсан. Аавдаа хэлэхэд аав нь ажил ихтэй байгаад ярилцаагүй байсан. Ар гэрийн анхаарал халамж сайн. Багштай нь улиралдаа нэг удаа ярьж асуудаг. Сурлагадаа сайн, гэрээсээ гараад байдаггүй. Өглөө хичээлдээ яваад үдээс хойш дүүгээ зөөдөг. Гэр хол учир 2 автобус дамжиж сургуульдаа явдаг. Нэгэнт манай хүүхэд зодоон хийсэн нь үнэн. Бурууг нь хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талыг төлж барагдуулна гэж бодож байна. 570.000 өгсөн. Түүний өмнө 70.000 өгсөн. Нийт 640.000 төгрөг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Б-гийн хууль ёсны төлөөлөгч С.Н  мэдүүлэхдээ “...Манай хүүхэд хичээлдээ сайн. Гар бөмбөгийн дугуйланд явдаг. Спорт урлагийн авъяастай. Тухайн өдөр манай ангийн хүүхэд хүүхэдтэй зодолдож байгаад гэмтээчихлээ. Би зодоонд оролцоогүй, та ээж аавтай нь утсаар ярьчих гэж хэлээд би ярьсан. Тэгэхэд гол нь Н.М гэдэг хүүхэд зодсон юм байна гэж байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мандахзориг мэдүүлэхдээ “...Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Он сарыг сайн санахгүй байна. 9 сарын үед хамрандаа гэмтэл авсан. Хамар тэгшлэх хагалгаа хийлгэсэн. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Н.М эхэлсэн дараа нь Н.Бтай нийлж зодсон. Н.Б хамар руу цохьсон гэж өөрөө хэлсэн. 2.280.000 хохирол гарсан. Н.М 570.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл мөнгийг Н.Бгаас нэхэмжилж байна. Н.М манай хүүхдийг хагалгаанд ороход эргэж тойрч байсан. Н.Бгийн хувьд гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 1809046040970 дугаар хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч М.Базаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд

өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4 дүгээр сургуулийнхаа гадаа 13 цагийн үед хичээлээ тараад автобусны буудал руу явж байтал миний урдаас зүс таних Мөнхбаяр гэх хүүхэд ирж байхдаа хошного Базараа гээд амандаа үглээд явж байсан. Тухайн үед миний урдаас Мөнхбаяр тулаад ирэхээр нь түүнийг түлхэхэд үл таних залуу “чи яахаараа үе тэнгийнхээ ах нарыг хүндэлдэггүй юм” гэж хэлэхээр нь “таныг яагаачгүй шүү дээ” гэж хэлсэн. Дараа нь Н.М намайг шууд цохиж эхлэхэд Н.Б хажуунаас орж ирээд зодсон. Н.М нүүр рүү маань 3-4 удаа гараараа цохиод нүдийг минь гэмтээсэн, харин Н.Б миний хамар руу баруун гараараа хүчтэй цохиж хамрыг минь хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 24 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 дүгээр сургуулиасаа 13 цагийн үед хичээлээ тараад явж байсан чинь манай сургуулийн 10 дугаар ангийн Базараа ганцаараа явж байсан. М.Базаррагчаагийн араас манай ангийн Н.М дагаад явж байсан. ...би явж байгаад эргээд хартал Н.М, М.Базаррагчаа хоёр зууралдаад муудалцаж байсан. ...би тэр хоёр дээр очоод салгах гэтэл Н.М М.Базаррагчаад зодуулж байх шиг харагдахаар нь М.Базаррагчаагийн нүүрэн тус газар руу нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 4 дүгээр сургуулиасаа 13 цагийн үед хичээлээ тараад ангийнхаа гурван охин, нэг бандитай 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр ангийнхаа Баярчимэг гэх охиныг автобусанд суулгачихаад цаашаа явж байсан юм. Тухайн үед би ангийнхаа Базар гэх охиныг яриад явж байсан чинь урдаас Базараа гэх хүүхэд алхаж ирээд намайг гараараа түлхээд хөлөөрөө нэг удаа өшиглөөд дараагаар нь наадах чинь доромжлоод байна  гэж манай ангийн хүүхдүүдэд хэлсэн....миний ардаас зуураад барихаар нь эргэж хараад Базараагийн гарыг нь бариад нэг удаа бүтэн эргүүлсэн чинь газар уначихсан. Энэ үед Базараа газраас босож ирэхээр нь түүнийг нүүр рүү нь 3-4 удаа зүүн гараараа цохьсон. Тухайн үед Базараа намайг цохих гэж оролдоод цохилт нь онож чадаагүй. Энэ үед манай ангийнхан сургуулиас гарч ирээд бид хоёрыг салгасан. Дараа нь Н.Б гэх манай ангийн хүүхэд найз охиныгоо автобусны буудал руу хүргэж өгөх гэж явж байгаад бид нар дээр хүрч ирээд Базараагийн нүүр рүү нь 1-3 удаа алгадаж байсан” гэх мэдүүлэг /хх-38 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Намуунзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Б 4 дүгээр сургуулиас найз охин А.Оюун-Эрдэнэ болон Ш.Оюун-Эрдэнэ гэх хүүхдүүдтэй хамт гарч ирээд Н.Мыг хараад түүнийг өмөөрч очоод М.Базаррагчааг “чи яагаад байгаа юм” гэж хэлээд нэг удаа нүүр рүү нь баруун гараараа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-42-43 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Базаррагчаа тухайн үед Н.М-ыг өшиглөх гэтэл Н.М түүний хөлийг нь бариад цохиж байсан. Дараа нь Н.Б Н.М-ыг өмөөрөөд М.Базаррагчаагийн нүүр рүү нь баруун гараараа нэг удаа алгадсан үйл явдал болсон” гэх мэдүүлэг /хх-46 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...манай ангийн Н.М, доод ангийн М.Базаррагчаа хоёр зам гараад хоорондоо шууд зодолдож эхэлсэн. Тухайн үед манай ангийн Санжаасүрэн гэх хүүхэд бид хоёр тэр хоёрыг салгаад Санжаасүрэн М.Базаррагчааг бариад би болохоор Н.М-ыг салгаж цааш түлхсэн. Тэгсэн чинь доод ангийн М.Базаррагчаа Н.Мын араас дайраад байсан чинь манай ангийн Н.Б сургуулиас гарч ирээд доод ангийн М.Базаррагчааг баруун гарынхаа алгаар нэг удаа алгадаад М.Базаррагчааг “чи одоо яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь манай ангийн М.Оюун-Эрдэнэ нь Н.Б-г татаад авсан...” гэх мэдүүлэг /хх-128 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Н.М М.Базаррагчаа хоёр хоорондоо ноцолдоод өшиглөлцөөд байсан. Үүнийг Н.Б хараад Н.Мыг М.Базаррагчаа цохиод байхаар өмөөрөөд М.Базаррагчаагийн баруун хажуу талаас хацар руу нэг удаа баруун гараараа болиулах гээд түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-31-32 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ангийн Н.Б нь Н.М-ыг зодуулж байна гэж бодоод Н.М-ыг өмөөрч очоод доод ангийн М.Базаррагчаагийн баруун хажуу талаас баруун гараараа нэг удаа нүүр рүү нь түлхээд хүзүүнээс нь барьсан чинь нэг үл таних ах ирээд тэд нарыг салгасан үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-34-35 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 12359 дугаар Дүгнэлтэд:

1.Базаррагчаагийн биед тархи доргилт, хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндиийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй./хх-50 дугаар хуудас/

Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүний гараар нүүрэн тус газарт нэг удаа алгадах үед үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн нүүрэн тус газарт алгадаад үүсэх боломжтой. Иргэн М.Базаррагчаагийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-138 дугаар хуудас/,

 

Хэрэгт Н.Б-гийн сургуулийн тодорхойлолт, оршин суух газрын тодорхойлолт,төрсний гэрчилгээний хуулбар, ангийн багшийн тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, өргөмжлөл, ял шалгах хуудас, Н.М-ын сургуулийн тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, анги удирдсан багшийн тодорхойлолт,сурь боловсролын гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэлүүд зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Өсвөр насны шүүгдэгч Н.М нь насанд хүрээгүй хохирогч М.Базаррагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж хүний халдашгүй байх эрх чөлөөнд санаатай халдсан, өсвөр насны шүүгдэгч Н.Б нь өөрийн найз Н.М-ыг өмөөрч хохирогчийн биед санаатай халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан хөнгөн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

          Өсвөр насны шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

         

          Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “...шинжээч баруун талаас алгадахад зүүн хамар хугарах боломжгүй гэж хэлсэн. Гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэгт зөрүү үүсдэг. Харин Н.Б болсон асуудлыг ямарч зөрүүгүй мэдүүлдэг. Дээрх байдлаас харахад Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан гэм буруугүйд тооцож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Насанд хүрээгүй хохирогч М.Базаррагчаа мэдүүлэхдээ...тухайн үед Н.М нүүр лүү маань 3-4 удаа цохиод нүдийг маань гэмтээсэн. Дараа нь Н.Б нь хажуунаас хүрч ирээд миний хамар луу баруун гараараа хүчтэй цохиж хамрыг маань хугалсан. Н.М нь миний хамар луу огт цохиогүй, хацар болон нүд рүү маань цохиж гэмтэл учруулсан” гэж мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Намуунзул “...Н.Б М.Базаррагчааг “чи яагаад байгаа юм” гэж хэлээд нэг удаа нүүр лүү нь баруун гараараа алгадсан” гэх мэдүүлгээр, насанд хүрээгүй гэрч Б.Бямбасүрэнгийн...“Н.Б Н.Мыг өмөөрөөд М.Базаррагчаагийн нүүр лүү нь баруун гараараа нэг удаа алгадсан үйл явдал болсон” гэх мэдүүлгээр, насанд хүрээгүй гэрч А.Жаргалсайханы...“ М.Базаррагчаа Н.Мын араас дайраад байсан чинь манай ангийн Н.Б сургуулиас гарч ирээд доод ангийн М.Базаррагчааг баруун гарынхаа алгаар нэг удаа алгадаад М.Базаррагчааг “чи одоо яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь манай ангийн М.Оюун-Эрдэнэ нь Н.Б-г татаад авсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Оюун-Эрдэнэ...“Н.М М.Базаррагчаа хоёр хоорондоо ноцолдоод өшиглөлцөөд байсан. Үүнийг Н.Б хараад Н.Мыг М.Базаррагчаа цохиод байхаар өмөөрөөд М.Базаррагчаагийн баруун хажуу талаас хацар луу нэг удаа баруун гараараа болиулах гээд түлхсэн” гэх мэдүүлэг,насанд хүрээгүй гэрч Э.Оюун-Эрдэнэ...“манай ангийн Баяндалай нь Мөнхбаярыг зодуулж байна гэж бодоод Мөнхбаярыг өмөөрч очоод доод ангийн Базаррагчаагийн баруун хажуу талаас баруун гараараа нэг удаа нүүр лүү нь түлхээд хүзүүнээс нь барьсан чинь нэг үл таних ах ирээд тэд нарыг салгасан үйл явдал болсон” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 12359 дугаар Дүгнэлтийн:

1.Базаррагчаагийн биед тархи доргилт, хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Гэх дүгнэлтээр, Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүний гараар нүүрэн тус газарт нэг удаа алгадах үед үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн нүүрэн тус газарт алгадаад үүсэх боломжтой” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож насанд хүрээгүй хохирогч М.Базаррагчаагийн мэдүүлгийг үгүйсгэх, өсвөр насны шүүгдэгч Н.Б-гийн мэдүүлгийг батлах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

          Иймд өсвөр насны шүүгдэгч Н.М-ыг өсвөр насны шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Н.Бг өсвөр насны шүүгдэгч Н.М-тай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

         

          Өсвөр насны шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Н.М, Н.Б нар ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, тэдгээрийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж хууль ёсны төлөөлөгчид хүмүүжүүлэх үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт Н.Б, Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б, Н.М нь хохирогч М.Базаррагчаад 2.307.000 төгрөг хохиролд нөхөн төлсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.7, 18.10, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                                                                        

1. Өсвөр насны шүүгдэгч Н.Б, Н.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн

3 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Б, Н.М нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М, өсвөр насны шүүгдэгч Н.Б нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч В.Н , С.Н  нарт даалгасугай.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Н.Б, Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч М.Базаррагчаад эмчилгээний зардал 2.307.000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Б, Н.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг тайлбарласугай.

              

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ТӨМӨРХҮҮ