Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00149

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/04621 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******-т холбогдох

Нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр *******тай ******* дүүргийн барилгын их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний санхүүжилтийг 716,620,294 төгрөгөөр тохирсон.

1.2. Энэхүү барилгын ажлын төсөл нь 2016 оны тендерийн бичиг баримтаар хийгдсэн байсан бөгөөд барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн магадлалын дүгнэлтийг үндэслэн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/126 тоот захирамжаар санхүүжилтийг 115,800,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ЗГХЭГ/202102015-НӨ тоот нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт санхүүжилтийг 832,420,294 төгрөгөөр тогтоосон.

1.3. Дээрх гэрээний дагуу барилгын их засварын ажлыг гүйцэтгэж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын комисс хүлээн авсан бөгөөд ажлын хөлс 832,420,294 төгрөгийг олгосон.

1.4. Барилгын их засварын ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт ажил хийх зайлшгүй шаардлага гарч, тоосгон хамар хана, хаалга, модон шал, халаалтын шугам хоолой задалж буулгах, керамик хавтан, чулуугаар шал, шалны хүрээ хийх, дотор хана шавардаж эмульсдэх, цахилгааны утас солих зэрэг гэрээнд заагдаагүй ажлын тоо хэмжээнд дурдагдаагүй ажлыг хөрөнгө оруулалтын газрын шийдвэрээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Нэмэлтээр хийсэн ажлын тоо хэмжээг  хөрөнгө оруулалтын газартай хамтран гаргаж, төсөв зохиолгож, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянуулахад 115,879,265 төгрөгийн нэмэлт ажлыг хийсэн болох нь тогтоогдсон.

Дээрх санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр магадлалын дүгнэлт, баталгаажсан төсвийг хариуцагч нарт хүргүүлсэн боловч 2023, 2024 оны улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэж өгөөгүй.

Иймд нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 115,879,265 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч*******-ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1.  газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.  2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/127 дугаар захирамжийн 2-д ...захиалагчийн хяналт тавьж ажиллахыг т даалгасан. Нэхэмжлэлд дурдсан ******* дүүргийн Тамгын газрын барилгын их засварын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн бөгөөд нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлыг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ******* нь Тамгын газартай 716,620,294 төгрөгийн үнийн дүнтэйгээр Тамгын газрын барилгын их засвар /Улаанбаатар, ******* дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ ажлыг 2016 оны төсвөөр тендер зарлагдсаны дагуу гүйцэтгэсэн бөгөөд үнийн өсөлтийн зөрүү 115,800,000 төгрөгийг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаар захирамжаар нэмэлтээр олгохоор шийдвэрлэж, гэрээний нийт санхүүжилт 832,420,294 төгрөгийг олгосон.

3.2. ******* нь нэмэлт ажлыг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хийж, 115,879,265 төгрөгийн төсвийг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр магадлал хийлгэхээр хүргүүлсэн байдаг. Нэмэлт ажлыг зөвшөөрөл олгож, Тамгын газраас Барилга хөгжлийн төв рүү албан бичиг явж магадлалаар баталгааждаг. Гэтэл Тамгын газраас нэмэлт төсөв батлуулах албан бичиг явуулаагүй бөгөөд төсвийн хэмжээ 115,879,265 төгрөгөөр нэмэгдэх тухай мэдэгдээгүй.

3.3. Мөн магадлалаар баталгаажсан төсөвт өртөгт тусгагдсан ажлаас барилгын дотор засвар, хана, шал, тааз зэрэг ажлуудыг хүлээж аваагүй, дутуу хийгдсэн бөгөөд эдгээр ажлын төсөвт өртөг нь 138,390,709 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч газар ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 738,547 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. ******* нь гүйцэтгэсэн нэмэлт ажлын талаар захиалагчид мэдэгдэж байгаагүй, мөн Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн боловч ямар ч зөвшөөрөлгүй, захиалагчийн шийдвэргүйгээр дур мэдэн хийлгэсэн байдаг. Энэ талаар гэрчээр мэдүүлэг өгсөн ******* хэрвээ нэмэлт ажил гарсан бол захиалагчид мэдэгдэж, мөн нэмэлт ажлын тоо хэмжээг захиалагч зөвшөөрснөөр Барилга хөгжлийн төв рүү албан бичгээр магадлал хийлгэхээр явуулдаг талаар мэдүүлдэг.

5.2. Мөн гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* нь 2016 оны төсвөөр тендерт шалгарч орж ирснээс зөрүү буюу нэмэлт ажил гарсан талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэ зөрүүтэй асуудал захиалагчаас шалтгаалахгүй бөгөөд тендерийн хуулийн дагуу шалгарч, захиалагчийн зүгээс тухайн маргаан бүхий төсөл арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгосон байхад анхан шатны шүүх дүгнэхдээ хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэхгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу ажлаа эхлэхэд нэмж хийх ажлууд гарч ирсэн. 2016 онд хийгдсэн төсвөөр 2021 онд буюу 5 жилийн дараа тендер зарласан байсан бөгөөд энэ 5 жилийн хугацаанд барилгыг ашиглах явцад нэлээн эвдрэл гэмтэл үүссэний улмаас зайлшгүй нэмэлт ажлууд гарч ирсэн. хөрөнгө оруулалтын газраас энэ ажлыг зөвшөөрч хийсэн, энэ ажлын хэмжээг хамтран баталгаажуулж, төсвийг батлуулсан. хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер, хяналт хийсэн инженерүүд нь бүгд гарын үсэг зурсан баримтуудыг хэрэгт өгсөн. Мөн тухайн үед хяналт тавьж байсан хяналтын инженер ******* гэрчээр оролцож, нэмэлт ажлын төсвийг Барилгын хөгжлийн төвд хянуулахаар албан бичиг төлөвлөж явуулсан гэдгээ хэлсэн. Энэ төсвийг бид хүсэлт гаргаж хянуулах боломжгүй, зөвхөн захиалагч албан бичиг ирүүлсэн үед магадлалаар төсвийг хянаж баталгаажуулдаг. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь төсвөө хянуулсан, нэмэлт ажил зөвшөөрөгдсөн байсан.

7. Давж заалдах гомдолд хариуцагч*******-ын гаргасан тайлбарын агуулга:

7.1. *******-ийн нэмэлт ажлын магадлалын төсөв нь манайхаас зөвшөөрөлгүйгээр магадлалд оруулсан. Бидний батлуулсан нь үнийн өсөлттэй холбоотойгоор санхүүжилтийн зөрүүг батлуулсан. Нэмэлт ажлын тоо хэмжээг манайхаас баталж өгсөн зүйл байхгүй. Манайхаас Барилгын хөгжлийн төв рүү магадлал хийлгэх албан бичиг явуулж, магадлал хийлгэдэг. Магадлал хийлгүүлэх албан бичиг манайхаас яваагүй. Тиймээс санхүүжилтийг олгох боломжгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон газар ОНӨААТҮГ-т холбогдуулан нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* нь *******-тай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ЗГХЭГ/202102015 дугаартай барилгын их засвар ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* дүүргийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, Тамгын газар нь ажлын гүйцэтгэлээр 716,620,294 төгрөгийн санхүүжилт олгохоор харилцан тохирсон. /хх-ийн 5-6 дугаар тал/

3.2. 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаартай захирамжаар төсөвт өртөг нь нэмэгдэж, зураг төсөл нь магадлалаар батлагдсан төслийг жагсаалтаар баталж, гүйцэтгэгчтэй нэмэлт гэрээ байгуулахыг даалгажээ. /хх-ийн 175 дугаар тал/

Улмаар, гэрээний талууд 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ЗГХЭГ/202102015-НӨ дугаартай нэмэлт гэрээ байгуулж, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 88-0053/2022 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн гэрээний үнийг 115,800,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт үнийг 832,420,294 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 157-167, 168-169/

3.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-197/2022 дугаартай дүгнэлтээр барилгын ажлыг хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан. /хх-10-12/

3.4. Дээрх гэрээнүүдийг байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу ажлын хөлс 832,420,294 төгрөгийг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь нэмэлт ажил, түүний төсвийг захиалагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэсэн эсэх, нэмэлт ажлыг бүрэн хийсэн эсэх асуудал болжээ.

4. ******* болон хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.1. Хэрэгт авагдсан гэрч *******ы мэдүүлэг болон бусад баримтуудаар *******-ийг гэрээгээр тохироогүй буулгалт, дотор болон гадна заслын 25 нэр төрлийн 115,879,265 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэсэн, уг ажлын тоо, хэмжээг захиалагч баталгаажуулсны үндсэн дээр төсвийг мэргэшсэн төсөвчнөөр хийлгэж, эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажсан байх тул нэмэлт ажлыг захиалагчийн зөвшөөрөлгүй хийсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нотлогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 22-39, 83-86/

Учир нь дээрх гэрээний захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж оролцсон асуудлаар талууд маргаагүй, энэ нь захиалагчийн барилгын үйл ажиллагаанд оролцох чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа хэлбэр бөгөөд энэ хүрээнд нэхэмжлэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн нэмэлт ажил, түүний тоо, хэмжээг баталгаажуулсан акт үйлдэж, уг актад тус газрын ахлах инженер *******, хяналтын инженер ******* нар гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн акт хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, нэмэлт ажил, түүний тоо, хэмжээг захиалагчийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ.

Ийнхүү хүчин төгөлдөр болсон нэмэлт ажлын тоо, хэмжээг тогтоосон актыг үндэслэн тэргүүлэх зэргийн мэргэшсэн төсөвчин тухайн ажлын төсвийн тооцоог хийж, үнийг 115,879,265 төгрөг гэж тогтоосон байх ба уг төсвийг зохиохдоо холбогдох норм, дүрэм, журмыг баримтлан боловсруулсан гэж эрх бүхий байгууллага болох Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 343/2022 дугаартай магадлалаар дүгнэжээ. Дээрх нотлох баримтуудаар тодорхойлсон нэмэлт ажлын үнийн асуудлаар хариуцагч ******* маргаагүй, уг баримтуудыг үгүйсгэж няцаасан баримт гаргаж өгөөгүй байх тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэмэлт ажлын үнийг 115,879,265 төгрөг гэж тогтоосон шүүхийн дүгнэлт талуудын зарчимд нийцнэ.

Мөн хариуцагч нар дээрх нэмэлт ажлын төсвийг хянуулахаар Барилгын хөгжлийн төвд хандаж байгаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.

4.2. Хэргийн 87 дугаар талд авагдсан ажлын тайлбар гэх баримтад ******* нь магадлалаар баталгаажсан төсөвт тусгагдсан 7 нэр төрлийн 138,390,709 төгрөгийн нэмэлт ажлыг дутуу хийсэн гэх боловч уг баримтыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, ажлын гүйцэтгэлийн актгүй, зөвхөн захиалагч тал гарын үсэг зурсан нэг талын баримтыг үндэслэн дээрх үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгээгүй гэж дүгнэхгүй.

Түүнчлэн, 2022.10.11-ний өдрийн 2022/138 дугаартай Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтээр их засварын ажлыг зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн тул байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах боломжтой гэж дүгнэж, улмаар 2022.12.02-ны өдрийн ЗТ-197/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр барилгын ажлыг хүлээн авсан, эдгээр баримтаар ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул шүүх энэ талаарх нотлох баримтыг зөв үнэлжээ. /хх-ийн 10-12, 171-173 дугаар тал/

5. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч тамгын газраас 115,879,265 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт нийцсэн.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/04621 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА