Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/00162

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04772 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 21/0052 дугаартай -ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, *******тоот 5 өрөө 138.47 м.кв бүхий орон сууц болох -г захиалж, 387,716,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр *******-ийн дансанд шилжүүлж төлбөр тооцоог бүрэн дуусгасан.

1.2. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд ******* нь ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00900 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01289 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

1.3. Ингээд гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул захиалсан орон сууцаа шаардахад өөр хүнд худалдсан гэх шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл уг орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байна.

1.4. Иймд ******* нь *******тай 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4311 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр *******-тай байгуулсан -ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний шаардах эрхийг *******д шилжүүлсэн тул *******тоот 5 өрөө 138.47 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч тал 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний 2.2-т зааснаар 387,716,000 төгрөгийг гэрээний 2.4-т заасан графикийн дагуу төлөх, гүйцэтгэгч ******* нь чанар, стандартын шаардлага хангасан орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 200,000,000 төгрөгийг төлсөн, үүнд маргаан байхгүй.

2.2. Харин нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 2021 оны 6 дугаар сарын 30, 2021 оны 9 дүгээр сарын 30, 2023 оны 12 дугаар сард төлөх төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд төлөөгүй тул энэ үндэслэлээр хариуцагч талаас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлээр гэрээг цуцалсан.

2.3. Энэхүү цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн авч, шүүхэд гэрээг дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2023 оны 3 дугаар сард хэргийг хянан шийдвэрлэсэн ба хариуцагч гэрээг цуцалсан нь үндэслэлтэй боловч гэрээг цуцлах журам зөрчсөн байна гэдэг шийдвэр гарсны дараа хариуцагчаас дахин 2 удаа мэдэгдэл хүргүүлж, маргаан бүхий гэрээг цуцалсан.

2.4. Гэрээг цуцалсан учир иргэн ийн нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн тул шаардлага бодитоор хэрэгжих боломжгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* тоотод байрлах, 5 өрөө 138.47 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,096,530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,096,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 2 жил 9 сарын дараа буюу дунджаар 1000 орчим хоногийн дараа төлбөрийг төлсөн байхад шүүхээс нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийг хууль болон гэрээг зөрчөөгүй мэтээр тайлбарлаж өмчлөгчөөр тогтоосон нь учир дутагдалтай.

Учир нь маргаан бүхий гэрээний талуудын эцсийн зорилго нь захиалагч орон сууцыг барьж бий болгоход урьдчилж хөрөнгө оруулан түүнийхээ үр шимийг тодорхой хугацааны дараа хүртэх, гүйцэтгэгч компанийн урьдчилан захиалга авч хөрөнгө татан төвлөрүүлж, уг хөрөнгийг барилгын ажилд зарцуулж, хэн алинд нь ашигтай байх боломжийг үүсгэх ёстой төлбөр байсныг шүүх анхаарч хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тал бүрээс харьцуулан үзсэний үндсэн бодит нөхцөл байдалд нийцүүлэн эргэлзээгүйгээр үнэлээгүй болох нь тогтоогддог.

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22/1119 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж гэрээг дангаар цуцалж байгаа болохыг мэдэгдсэн. 2022 оны 3 дугаар улиралд багтааж төлбөрийг төлж барагдуулаагүй, урьдчилан мэдэгдэж сануулсаар байхад гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир гэрээг дангаар цуцласан.

4.2. Гэрээг дангаар цуцалсан учир маргаан бүхий орон сууцыг иргэн ид 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 22/1026 тоот гэрээгээр худалдан борлуулж, тухайн иргэн нь төлбөрийг хугацаанд нь 100% төлж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, хүчин төгөлдөр болсон.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгчийн хүчин төгөлдөр үйлчлэх эрх нь иргэн ид үйлчилж байгаа төдийгүй тухайн эд хөрөнгийг түрүүлж өмчлөл, эзэмшилдээ авсан байдалтай амьдарч байна.

4.3. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлж эхлэхээс өмнө хариуцагч талаас уг хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэгдэх эсэхээс шалтгаалан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр болсонтой холбоотой нотлох баримтуудыг гарган өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан.

Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан тул маргааны зүйлийг захиран зарцуулалтад шилжилт хөдөлгөөн хийсэн байх боломжгүй гэж, мөн гуравдагч этгээдийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн тоот болон метр квадратын хэмжээ өөр байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий болж чадаагүй. Барилгыг улсын комисс хүлээн авч эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэхэд маргаан бүхий хөрөнгийн мэдээлэлд өөрчлөлт орсонтой холбоотой гэдгийг шүүх анзаараагүй.

Үүнээс үүдэн маргааны зүйлтэй холбоотойгоор ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

4.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хоцроож төлсөн төлбөр болон өмнө төлсөн байсан урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаан шилжүүлсэн буюу нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар хохироосон зүйл байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 онд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 3 жилийн дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэний дараа 3 жилийн өмнөх үнийн дүнгээр шижлүүлж авна гэж байгаа нь шударга бус байна.

4.5. Шүүгч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас бусад үе шатанд хэргийн оролцогчдод ялгамжтай байдлаар хандаж аливаа нөлөөллөөс хараат бус байж хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчмыг зөрчсөн, улмаар шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргахад огт шийдвэрлээгүй, мөн хүсэлтийн үндэслэлтэй холбоотой тайлбар хэлэх гэхэд шүүх хуралдааны дэг зөрчөөд байна..., хурлын дэг зөрчсөн гэх үндэслэлээр сануулга өгөхийн зэрэгцээ хүсэлтийг шүүх хуралдааны тэмдэглэл тусгаад хурлыг цааш үргэлжлүүлж тайлбар хэлүүлэхгүйгээр хариуцагч талын хараат бус, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.3, 92.6-т тус тус заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолоор гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас гэрээтэй холбоотой маргаан дууссан. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд өмчлөх эрхээ шаардах эрхтэй.

5.2. Гэрээний 3.1-т заасны дагуу орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2024 оны 9 дүгээр сард гарсан. Хариуцагч гэрээний үүргээ 3 жилээр хэтрүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сар гэхэд гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Анхан шатны шүүх хэргийг үндсэн маргааны хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ******* тоот 5 өрөө 138.47 м.кв бүхий орон сууц болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Хэргийн 4-5 дугаар талд авагдсан ******* болон ******* нарын хооронд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 21/0052 дугаартай -ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр ******* нь ******* тоотын 5 өрөө 138.47 м.кв талбай бүхий орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 387,716,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Харин хэргийн 104-106 дугаар талд ******* болон нарын байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 22/1026 дугаартай -ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр ******* нь ******* тоот 5 өрөө 145.25 м.кв талбай бүхий орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, гэрээний үнэ 562,370,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг гэрээний дагуу ид орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж хариуцагч байгууллага тайлбарлаж байх ба хэргийн 100 дугаар талд ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 142.13 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн гэрчилгээ авагджээ.

Хариуцагч байгууллага нь дээрх 2 гэрээний зүйл болох орон сууц нь нэг эд хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг ид шилжүүлсэн гэж тайлбарлан, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргажээ.

Тухайн хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ид олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.08.12-ны өдрийн 914 дугаартай лавлагаа болон хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцэхгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/14394 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулахгүй, эрхийг өөрчлөхгүй байхыг хариуцагчид даалгасан боловч уг захирамжид холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, биелэгдсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад уг захирамжийг үндэслэл болгон хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

3.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн үндэслэлээр тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа тохиолдолд энэхүү өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул маргаж буй орон сууц нь хаяг, байршлын хувьд гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцтай давхцалгүй нь тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.08.12-ны өдрийн 914 дугаартай албан бичигт ...******* блокын албан ёсны хаяг дугаарыг тодруулах шаардлагатай бөгөөд ******* 5 өрөө 138.47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. ... гэжээ. /хх-ийн 41 дүгээр тал/

Тус лавлагаанд хаягийг тодруулах шаардлагатай гэж дурдсан байхаас гадна маргаан бүхий орон сууц эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн боловч хэрэгт орон сууцнуудын болон давхрын зохион байгуулалтын зураг, ийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны улсын бүртгэлийн баримтууд авагдаагүй нөхцөлд дээрх лавлагаа нь талуудын маргаж буй орон сууцнуудыг өөр өөр эд хөрөнгө гэж дүгнэх шууд үндэслэл болохгүй.

Мөн хэрэгт авагдсан гэрээнүүд болон ид олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд орон сууцнуудын талбайн хэмжээ өөр өөр тусгагдсан нь тэдгээрийг нэг эд хөрөнгө биш гэж үзэх үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

4. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэж тусгагдсан байх ба харин гуравдагч этгээд оролцуулах хүсэлт шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

5. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,096,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.ГАНДИЙМАА