Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 402

 

                                  

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч Ц.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020352 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, группт, ам бүл 3, эхнэр, Ц.Б

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл авч өгнө гэж иргэн Н.Уранчимэгээс 12.500.000 төгрөг хуурч авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Ц.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд

оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл авч өгнө гэж иргэн Н.Уранчимэгээс 12.500.000 төгрөг хуурч авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Н.Урчимэгт хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.  

          Шүүгдэгч Ц.Б-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Он сараа сайн санахгүй байна. Эхлээд ТҮЦ-ийн зөвшөөрөл аваад өг гээд 5.000.000 төгрөг өгч гуйсан. Би Баянгол дүүргийн зөвшөөрөл олгодог газраас зөвшөөрлийг нь авч өгсөн. Одоо хүртэл байгаа. Надад 5.000.000 өгсөн. Дахиад 2 ТҮЦ-ийн зөвшөөрөл олоод өг гэж гуйсан. Би таньдаг хүнээсээ асуухад аваад өгье гэсэн. Би 2 ТҮЦ-ийнх нь зөвшөөрлийг авч өгөөд тодорхой хэмжээний ашиг авсан. Түүнээс хойш миний биеийн байдал муудсан” гэв.

         

          Эрүүгийн 1909011590355 дугаартай хэргээс:  

          Хохирогч Н.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 07 дугаар сард манай нөхрийн таньдаг ах Ц.Б-тай танилцсан. Уг хүн нь манай нөхрийг түц ажиллуулдагыг мэдээд манай түц-ээр ойр ойрхон ирдэг болсон. Тэгээд манай нөхөр Ц.Б-т “ТҮЦ-ний зөвшөөрөл байхгүй гэдгээ хэлэхэд “зөвшөөрөл гаргаад өгч чадна, Нийслэлийн дүүргүүдээр таньдаг хүмүүс байна” гэж хэлсэн байсан. Ц.Б нь 2016 оны 07 дугаар сарын 28, 29-ний үед багшийн дээдийн түцэн дээр ирээд намайг машиндаа дуудаж уулзаад “би найзтайгаа ярьчихлаа, ахдаа паспортны хуулбараа өгчих, чиний нэр дээр түцний зөвшөөрөл гаргаад өгье” гэж хэлсэн. Би “Өргөө кино” театрийн түц машинаас лавлагаа авч өгсөн. Ц.Б бид хоёр ярилцахдаа түцний зөвшөөрлийг 5.000.000 төгрөг гэж тохиролцоод түцний зөвшөөрөл гарсны дараа мөнгөө өгнө гэж хэлсэн боловч Ц.Б нь удалгүй “Баянгол дүүрэг дээр найзтайгаа ярьчихлаа 500.000 төгрөгийн урьдчилгаа авчирч өг гэж байна, ахдаа энэ мөнгийг хурдан олж өг” гээд эхнэртэйгээ Багшийн дээд ирчихээд нэхээд байсан. Тэгээд би АТМ-с 500.000 төгрөг бэлнээр авч өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Б өөрийн нэр дээр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд “ТҮЦ” эрхлэх гэрчилгээ гаргуулж өгсөн. Тэгээд дараа нь би “одоо чиний нэр дээр яг ийм 2 гэрчилгээ гаргаж өгнө үнэн нь адил 5.000.000 төгрөг гэж тохиролцсон. Хоёр түцний мөнгө гэж нийт 12.500.000 төгрөг Ц.Б-т өгөхөд 2016 оны 10 дугаар сарын дундуур надад мөн хоёр ширхэг гэрчилгээ гаргаж өгсөн. ...гэрчилгээний дагуу хоёр “ТҮЦ” ажиллуулж эхлэхэд 2016 оны 12 дугаар сарын дундуур хорооны цагдаа ирээд гэрчилгээг хуурамч байна гэж хэлсэн. Иймд иргэн Ц.Б-т өгсөн 12.500.000 төгрөгийг төлүүлж миний гомдлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

          Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн “432” дугаартай “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ЭРХЛЭХ ГЭРЧИЛГЭЭ”-ний тамганы дардас нь бараар дардагдсан дардас байна. Гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурсан байна.

          Шинжилгээнд ирүүлсэн “115”, “457” дугаартай “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ, ЭРХЛЭХ ГЭРЧИЛГЭЭ”-нүүдийн тамганы дардас нь өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч байна. Гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурсан байна.

          Шинжилгээнд ирүүлсэн “115”, “457” дугаартай “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ЭРХЛЭХ ГЭРЧИЛГЭЭ”-нүүдийн хуурамч тамганы дардсуудыг “432” дугаартай гэрчилгээнээс хуулбарласан байна...” гэх 985 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг бусдыг хуурч залилан хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн 201725020352 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

          Өвчний түүх /хх-ийн 23-30, 82-86 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 58-72 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, тэтгэвэрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.       

          Шүүх шүүгдэгч Ц.Б-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй

бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

          Хохирогч Н.Уранчимэг нь “...Ц.Б-т ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

             Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                       

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ