Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч Ч.Болортуяа,  

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-дэд холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Б.Ч,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 14а тоотод оршин суух хохирогч Ч.Болортуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 42 инчийн Самсунг брэндийн Лед зурагтыг хулгайлж 372.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ч-дэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 14а тоотод оршин суух өөрийн охин Ч.Болортуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Самсунг брэндийн Лед зурагтыг хулгайлж 372.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бүр мөсөн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлийг хэлэх бол хүн байнга амьдрах орон байр гэдэгт хүн байнга амьдрах төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, амралт сувилалын газар, зуслангийн байр зэргийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Ч-ийн гэмт үйлдлийг дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлон тогтоогдсон байна. Үүнд:

           

Хохирогч Ч.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед нөхөр Отгонбаярын хамт ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Гэртээ ороход гэрийн зүүн хойд талд байдаг 42 инчийн хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй Самсунг маркийн Лед зурагт алга болсон байсан. ...цагдаа нар ирж шалгаад аав Б.Ч-ийг гэртээ согтуу унтаж байхад нь саатуулахаар авч явсан. ...11-р хорооны цагдаа дээр очиход таны аав Б.Ч танай гэрийн хаалганы цоожийг эвдээд зурагтыг аваад Хүнсний 4-р дэлгүүрийн орчимд байрлах ломбарданд тавьсан байна гэж хэлсэн. ...би аав Б.Ч-ээс асууж байгаад ломбардны бичгийг нь авч үзэхэд Хүнсний дэлгүүрийн орчим “SUPER 1” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Ч-д гэсэн нэрээр Самсунг 42 инчийн лед зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан бичиг байсан. ...би үндсэн үнэ 150.000, хүү 12.000 нийт 162.000 төгрөг төлж зурагтаа авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Амралтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 14а тоотод байрлах манай охин Ч.Болортуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгайч орж 42 инчийн зурагт, индүнкцэн плитка зэргийг хулгайлсан байсан. Тэгээд нөхөр Б.Чийг сэжиглэж цагдаад барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

             

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

           

Яллагдагч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин Болортуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод 42 инчийн Самсунг маркийн зурагтыг аваад Хүнсний 4-р дэлгүүрийн орчим 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад архи уусан. Би согтуу байсан болохоор охиндоо хулгай хийсэн талаараа хэлээгүй. Цагдаагийн газарт очоод хулгай хийсэн талаараа үнэнгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 дугаар хуудас/, 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 352 дугаар магадлалын хуулбар /хх-ийн 57-58 дугаар хуудас/, суллагдсан талаарх справка /хх-ийн 59 дүгээр  хуудас/, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаар хорих ялыг тэнссэн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

                                                                                                                                   

Шүүгдэгч Б.Ч нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ч гэм буруугаа хүлээж, хохиролд 162.000 төгрөг төлж барагдуулан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ. 

                                                                                                                                         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх шүүгдэгч Б.Ч-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ч.Болортуяа нь “...хохирлын мөнгө болох 162.000 төгрөг авсан тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 36.1, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Ч-эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ